| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 119/2025/0022/З |
| Дугаар | 221/МА2025/0709 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2025/0709
Ц.Эгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д
Нэхэмжлэгч: Ц.Э
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11-р хорооллын Г хэсэг ** тоот хаягт байрлалтай 1122 м.кв талбайтай нэгж талбарын 6102743761 дугаартай газрын зориулалт өөрчлөх талаар гарсан 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл”-ийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3-р хуралдааны шийдвэрээр иргэн Ц.Эд холбогдох хэсгийг хэрэгжүүлж, захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11-р хороолол Г хэсэг ** тоот хаягт байрлах 1122 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай газрын зориулалтыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөх захирамж гаргахыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Засаг дарга нарт даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 037 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 119/2025/0022/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Э нь Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11-р хорооллын Г хэсэг ** тоот хаягт байрлалтай 1122 м.кв талбайтай нэгж талбарын 6102743761 дугаартай газрын зориулалт өөрчлөх талаар гарсан 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл”-ийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3-р хуралдааны шийдвэрээр иргэн Ц.Эд холбогдох хэсгийг хэрэгжүүлж, захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11-р хороолол Г хэсэг ** тоот хаягт байрлах 1122 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай газрын зориулалтыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөх захирамж гаргахыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Засаг дарга нарт даалгах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 037 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 60 дугаар зүйлийн 60.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус заасныг баримтлан Ц.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь гомдолдоо “... Маргаан бүхий газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 07 дугаар сарын 04-ний 05 дугаартай “Барилгажилтын төсөл батлах тухай” тогтоолоор “амины орон сууц”-ны зориулалтаар төлөвлөгдөж батлагдсан байгааг харгалзан үзэх нь зүйтэй.
Иргэн Ц.Э нь Газрын тухай хуулийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай газрыг олгосон зориулалтын дагуу эзэмшихээр гэрээ байгуулсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, хууль тогтоомжийг зөрчин зөвшөөрөлгүй барилгын ажил явуулсан нь нотлогдсон.
Аймгийн Засаг болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд шийдвэр гаргах эрх, үүрэгтэй. Анхан шатны шүүхээс Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөлийн шийдвэрийг голчлон үндэслэл болгон авч үзсэн. Гэвч уг шийдвэр нь өөрөө 75 хувийн саналаар дэмжигдсэн байгаа. Газрын тухай хуульд Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл ажиллана, зөвлөлийн шийдвэрийг албажуулна гэсэн зохицуулалт байхгүй. Гагцхүү Газрын тухай хуульд заасан захирамжлах эрх нь зөвхөн Засаг даргад байгаа учраас Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөлийн шийдвэр нь эцсийн шийдвэр биш юм. Иймд уг шийдвэрийн дагуу шийдвэр гаргах үүргийг хуулиар хүлээхгүй гэж үзэж байна ...”,
3.2. Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д гомдолдоо “... Иргэн Ц.Эий маргаан бүхий газартай холбоотой Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2012 онд баталсан тогтоолоор “Эрдэнэт хотын орон сууцны 11 дүгээр хорооллын барилгажилтын төсөл”-ийг нотлох баримтаар авч хянаж үзээгүй, мөн дээрх шийдвэрийн үндэслэл болж байгаа “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл”-ийг хууль ёсны эсэхийг тодруулалгүй нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг шийдвэрлэсэн.
Гэтэл дээрх ижил байршилд газар эзэмшиж байгаа гэх иргэн М.Э газарт барилгажилтын хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдаагүй. Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах гэж заасныг үндэслэн шийдвэрлэж ирсэн.
Барилгажилтын төсөл батлах тухай гэсэн тухайн хэсгийн хэсэгчилсэн амины орон сууцны зориулалтаар төлөвлөсөн төлөвлөгөөг нотлох баримтаар авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн учраас нотлох баримтыг дутуу үнэлж, дутуу цуглуулсан гэж үзэж байгаа. Бусад иргэний асуудалтай холбоотой тухайн иргэний асуудлыг шүүх орхигдуулсан байна гэж үзсэн атлаа шийдвэрлэгдсэн иргэний газар дээр батлагдаагүй зүйл байдаг. Нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн учраас шүүхийн шийдвэрийн 1 дүгээр хэсгийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.Эгээс “Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11-р хорооллын Г хэсэг ** тоот хаягт байрлалтай 1122 мкв талбайтай нэгж талбарын 6102743761 дугаартай газрын зориулалт өөрчлөх талаар гарсан 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөлийн 2023 оны 03 дугаар хуралдааны шийдвэрийн иргэн Ц.Э надад холбогдох хэсгийг хэрэгжүүлж, захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11-р хороолол Г хэсэг ** тоот хаягт байрлах 1122 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай газрын зориулалтыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөх захирамж гаргахыг Орхон аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Засаг дарга нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Ц.Э миний бие амины орон сууцны зориулалттай нийт 1122 м.кв газрыг нэгтгэж үйлчилгээний зориулалттай барилга барих хүсэлтэй байх тул газрын зориулалтыг өөрчилж өгнө үү” гэж, мөн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “тус газарт 60 айлын орон сууц барих хүсэлтэй тул газар эзэмших зориулалтыг өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдөл, хүсэлтийг Орхон аймгийн Засаг дарга болон Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус гаргасан үйл баримт тогтоогдож байна.
4. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өргөдөл, гомдол гаргах эрх” гээд 1-д “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах”, 5-д “төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” 3-д “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”, 4-т “өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах” гэж тус тус заасан.
4.1. Анхан шатны шүүх “... Хэрэв захиргааны байгууллага газрын зориулалтыг өөрчлүүлэхээр гаргасан Ц.Эгийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол энэ тухайгаа үндэслэл бүхий байдлаар түүнд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасанчлан шударга ёс, тэгш байдлыг хангаагүй гэж дүгнэхээр байна ... Нэгэнт аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалт, газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар Ц.Эгийн хүсэлтийг Амины орон сууцны зориулалттай газрыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөхийг 75 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэсэн байх тул аймгийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Ц.Эгийн хүсэлтийг шийдвэрлэх эрхтэй ... шүүх шийдвэр гаргахыг хариуцагчид шууд даалгасан шийдвэр гаргах үндэслэлгүй...” гэж зөв дүгнэсэн атлаа “...хариуцагчид даалгах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэж дүгнээд хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцээгүй байна.
4.2. Маргаан бүхий газрын эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөх талаар нэхэмжлэгчээс удаа дараа хүсэлт гаргасан байх бөгөөд шийдвэр гаргах эрх бүхий этгээд уг хүсэлтүүдийг шийдвэрлэж, хариу өгөөгүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүх нөхцөл байдлыг дахин тодруулж шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу.
4.3. Тодруулбал, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...иргэн Ц.Э миний эзэмшиж буй Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11-р хороолол Г хэсэгт байрлах 1122 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай газрыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөх хүсэлтийг 75 хувийн саналаар дэмжиж, зориулалтыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийг иргэн Ц.Э надад огт мэдэгдээгүй бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02/1356 дугаартай албан тоотоор Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу Газрын зориулалт өөрчлөх тухай захирамжийн төслийг Засаг даргад хүргүүлж, улмаар Орхон аймгийн Засаг дарга газрын зориулалт өөрчлөх тухай захирамж гарган албажуулах ёстой байсан боловч энэхүү ажиллагааг ямар нэгэн үндэслэл, шалтгаангүйгээр хийлгүйгээр өнөөдрийн хүрсэн” гэж тайлбарлан маргасан бол, хариуцагчаас “...Газрын тухай хуульд аймгийн Засаг даргын дэргэдэх Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл болон тус Зөвлөлөөс гарсан шийдвэр, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль зүйн үр дагавар, энэ талын харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй бөгөөд тус Зөвлөлийн шийдвэрийг захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй ... Ц.Э нь газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл, зориулалтыг зөрчсөн” гэж хэмээн хүсэлтэд хариу өгөхөөс татгалзжээ.
4.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.
4.5. Нэхэмжлэгч Ц.Эг газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл, зориулалтыг зөрчсөн гэх хариуцагчийн татгалзсан тайлбар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарах бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан газрын зориулалт өөрчлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус гэж дүгнэхээр байна.
4.6. Тодруулбал, хариуцагч аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, ... хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “... газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан байна.
5. Түүнчлэн Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалт, газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар нэхэмжлэгч Ц.Эгийн амины орон сууцны зориулалттай газрыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөхийг 75 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан газар эзэмших зориулалт өөрчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болох нь дээрх байдлаар тогтоогдсон, харин шүүх газрын зориулалтыг өөрчилсөн захирамж гаргахыг хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй.
5.1. Учир нь аймгийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан газрын харилцааны талаарх бүрэн эрхийн хүрээнд газар эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэх эрх хэмжээтэй тул нэхэмжлэгчийн гаргасан Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооллын Г хэсэг ** тоот хаягт байрлалтай 1122 м.кв талбайтай нэгж талбарын 6102743761 дугаартай газрын зориулалт өөрчлөх хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд буюу зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Орхон аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 037 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.3.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооллын Г хэсэг ** тоот хаягт байрлалтай 1122 м.кв талбайтай нэгж талбарын 6102743761 дугаартай газрын зориулалт өөрчлөх талаар гарсан 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөлийн 2023 оны 03 дугаар хуралдааны шийдвэрийн иргэн Ц.Эд холбогдох хэсгийг хэрэгжүүлж, захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчээс гаргасан газрын зориулалт өөрчлүүлэх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Орхон аймгийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ