Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/368

 

 

 

 

 

 

  2023           4            07                                         2023/ШЦТ/368                 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Б.Сарантуяа,

Шүүгдэгч Т.Ж , түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЖ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Т ы Ж т холбогдох эрүүгийн 2309000000103 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ж  нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв шуудангийн замын эсрэг талд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр машин дотор З.Д тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамрын яс, таславчийн хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.Ж  нь ...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв шуудангийн замын эсрэг талд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр машин дотор З.Д тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамрын яс, таславчийн хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч З.Д н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгууллагын шинэ жилд оролцоод байж байхад найз охин Л , Л ы А , М  нар нь намайг үл таних залуугийн машинтай ирж аваад манай гэр рүү явсан. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Төв шуудангийн замын эсрэг талд авто зам дээр явж байхад би өөрийн найз охин Л г машин барьж явж байсан үл таних залуутай хардаж дургүй хүрээд би бууя гэж хэлэхэд намайг үл таних залуу нь буулгахгүй байсан болохоор би араас нь куртикнээс татахад үл таних залуугийн куртик нь урагдчихсан, машин барьж байсан үл таних залуу нь машинаа зогсоогоод машинаас буугаад чи пизда минь яах гээд байгаа юм бэ гэж хэлээд миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

 

Гэрч Е.Л ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байхад 23 цаг 40 минутын үед манай найз залуу З.Д  над руу залгаад гэр лүүгээ харьж чадахгүй байна, намайг ирээд аваач гэж хэлсэн. Тэгээд би өмнө нь манай гэрийн хажуу өрөөг түрээсэлж байсан гэх зүс таних Ж  гэх нэртэй залууг фейсбүүкээр холбогдож дуудсан. Тэгээд Ж  болон манай төрсөн дүү Е.А , хажуу өрөө түрээслэж байгаа А  нартай хамт Ж ын машинд сууж яваад Баруун 4 замаас найз залуу З.Д г авсан. Тэгээд дараа нь би найз залуу З.Д , А эй хамт арын суудал дээр, урд манай дүү Е.А  суусан байдалтай буцаад гэр лүгээ явж байхад 2022 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах зам дагуу буюу Төв шуудангийн урд талын зам дээр машин дотор манай найз залуу З.Д  машинаас бууя, машинаа зогсоочих гэж хэлсэн. Харин Ж  зогсохгүй яваад байхаар нь найз залуу З.Д  уурлаад Ж ын өмссөн куртикнээс нь татсан. Тэгтэл Ж  машинаа зогсоогоод куртикээ тайлаад улмаар машинаасаа буугаад Д г буугаад ир, одоо гадаа үзье гэж хэлсэн. Энэ үед би найз залуу З.Д г гарнаас нь татаад буулгаагүй юм. Тэгтэл баруун ард хаалгаар Ж  З.Д г баруун гараараа 2 удаа цохисон. Би хаашаа нь цохисон талаар хараагүй. Цохисны дараа найз залуу З.Д н хамраас цус гарсан, дараа нь амнаас нь цус гарсан ба уруулын доод 1 үүдэн шүд болон түүний зүүн талд байрлах бас нэг шүд нь хугарч унасан байсан. Тэгээд цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

 

Гэрч Е.А ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Төв шуудангийн замын урд явж байхад Д  нь Ж ийн куртикнээс нь татаад би чамд бууя гэж хэлээд байгаа юм бишүү гэж хэлэхэд Ж  нь машинаа зогсоогоод машинаас бууж машины хойд хаалгыг онгойлгохоор нь би машинаас буугаад машин тойрч очиход Д  ахын шүд нь хугарч, хамраас нь цус гарсан байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 389 дугаартай “...З.Д гийн биед хамрын яс, таславчийн хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 шүдний хугарал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/,

 

Хохирогчоос ирүүлсэн хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 33-42 дугаар тал/,

 

Шүүгдэгч Т.Ж ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв шуудангийн замын урд талд машин дотор явж байхад З.Д  нь намайг машинаа зогсоо гэж хэлэхэд бусад хүмүүс битгий зогсоорой гэж хэлэхээр нь би зогсохгүй явж байхад миний араас татсан. Би уурлаж машинаа зогсоогоод машинаас бууж З.Д г машинаас буу гэж хэлэхэд буухгүй байсан. З.Д  нь намайг цохих гэж оролдоод оноогүй. Би зөрүүлж нэг удаа нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь гэмтэл учруулсан. Би З.Д н хохирлыг барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Гэм буругаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн  31-32 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Т.Ж  нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...манай дүү А  дуудахаар нь оюутан тул туслах гээд 13 дээр А , Л , А  гэх хүмүүс гарч ирээд миний машинд суугаад Баруун 4 замаас хүн авна гэхээр нь хөдлөөд очиход Д  буюу  хохирогч гэх залуу араас таксидаж ирсэн байдаг. Эндээс бүх үйл явдал эхэлсэн ба тухайн хүмүүсээс согтуу байсан. Гэтэл намайг монгол гэж бодсон юм байлгүй, Д  намайг цохичих уу гээд яриад байсан. Тэгж байгаад Д  миний куртикнаас татаад миний араас намайг боосон. Би шууд машинаа зогсоогоод бууж очоод машины хаалгыг онгойлгоод буу гэж хэлэхэд Д  намайг цохих гэсэн боловч гар нь зөрөөд намайг цохиж чадаагүй. Би хохирогчийг зүгээр байхад нь цохиогүй, намайг боогоод бас цохих гэж оролдсон тул би цохисон. Харин намайг хамар руу нь цохисноос болоод цус гарсан нь үнэн. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Т.Ж  нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв шуудангийн замын эсрэг талд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр машин дотор З.Д тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамрын яс, таславчийн хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байна. Мөн хуульд мөрдөгч шинжээч томилох эрхтэй ба цаашлаад шөнийн цагт хэрэг бүртгэгдсэн бол хойшлуулшгүйгээр ажиллагаа явуулаад оролцогч нараас мэдүүлэг авах эрхтэй. Үнэхээр шүүгдэгч аргагүй хамгаалалт хийсэн бол тогтоолтой танилцаад гомдол хүсэлтгүй гэж бичихгүй байсан байх. Шүүгдэгч анх мэдүүлэг өгөхдөө буугаад цохисон талаараа маш тодорхой мэдүүлсэн байгаа, өмгөөлөгч нь яаж үйлчилгээ үзүүлээд байгааг  ойлгохгүй байна. Гэтэл шүүгдэгч нь бас хүн хохирчихоод байхад намайг шүүх гэм буруутай гэж үзвэл хохирол төлнө гэж яриад байгааг ойлгохгүй байна. Хэргийг 60 хоногоор хойшлуулаад хийх ажиллагаа байхгүй байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгөөс: ...Хэргийн материалтай танилцахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчигдсөн байна. Миний үйлчлүүлэгч хохирогч өөрийг нь боосон тул цохисон гэх мэдүүлгийг удаа дараа мэдүүлсэн байх боловч үүнийг шалгаж нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Цаашлаад энэ хэрэг дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй байж гэрч нарыг шөнийн цагаар байцаасан, яллагдагчийг бас шөнийн цагаар байцаасан нөхцөл байдал байна. Шинжээч томилохдоо хэргийн оролцогч нарт тайлбарлаж өгөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчсөн ноцтой зөрчил байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлд аргагүй хамгаалалт гэж байгаа. Хүний биед хэн нэгэн халдахад хүн өөрийн биеийг хамгаалах эрхтэй бөгөөд үүнийг гэмт хэрэг гэж үзэх үндэсгүй. Энэ талаар мөрдөгч прокурор шалгаж тогтоогоогүй байх бөгөөд нэг талын гэрч нараар баримт үйлдүүлээд хүнийг гэм буруутайд тооцуулах гээд зогсож байна. ...Шинжээч томилоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд зааснаар шинжээчийг томилоод хэргийн оролцогч нарт танилцуулаад эрх, үүргийг танилцуулах ёстой байсан бөгөөд энэ талаарх ямар ч ажиллагаа хийгээгүй байгаа нь хавтаст хэргийн материалаас харагдаж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт нэгээгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 болон 6 дахь хэсэгт зааснаар хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийх боломжтой байгаа. Тиймээс хуралдааныг хойшлуулах эсхүл, миний үйлчлүүлэгчийг цагаатгах нөхцөл байдал байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 389 дугаар дүгнэлтээр хохирогч З.Д н биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Ж ийн хохирогч З.Д н биед халдаж цохиж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Т.Ж ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгөөс: ...Миний үйлчлүүлэгч хохирогч өөрийг нь боосон тул цохисон гэж мэдүүлдэг. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “аргагүй хамгаалалт” гэж үзэж байна. ...Хүний биед хэн нэгэн халдахад хүн өөрийн биеийг хамгаалах эрхтэй бөгөөд үүнийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. Иймд цагаатгаж өгнө үү...” гэж мэтгэлцсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “...өөрийн ...амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй...” гэж заасан.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын өгсөн тайлбар, мэдүүлэгтэй танилцахад машин дотор хохирогч З.Д  нь шүүгдэгч Т.Ж ийн өмсөж явсан гадуур хувцас /куртик/-наас татаж урсан, машинаас буусны дараа шүүгдэгч хохирогчийн биед халдаж цохисон үйл баримт тогтоогддог.

Үүнээс дүгнэхэд хохирогчийн хууль бус үйлдэл таслан зогсоогдсон байхад шүүгдэгч Т.Ж  нь хохирогчийн эрүүл мэндэд халдаж байгааг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл аргагүй хамгаалалт нь  гэмт халдлагаас хамгаалахын тулд хийгдсэн байдаг бөгөөд хүч хэрэглэсэн довтолгоон эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байх учиртай.

Харин хохирогчийн уг зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байхаас гадна шүүгдэгч Т.Ж т эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болж байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ...шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү... гэх хүсэлтийг шүүх хүлээж авах үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх шийдвэр гаргах боломжтой байна гэж үзсэн болно.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч З.Д  нь хэрэгт 2.168.000 төгрөгийн баримт, мөн ... ХХК-ийн ...З.Д  нь 990.000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлов... гэх албан бичиг зэргийг ирүүлсэн байна.

Шүүх хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан “Med Trauma” эмнэлгийн дүрс оношлогооны 140.000 төгрөгийн, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийн баримтыг тус тус нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж, шүүгдэгч Т.Ж ээс 148.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Д д олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч З.Д  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зардал, мөн цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Т.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Хохирлын хувьд 148.000 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэж байна. Харин цаашид гарах зардлыг хохирогч нэхэмжлэх байх. Ял оноохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасанчлан хэргийг хөнгөрүүлэх нөхцөл, гэмт хэргийн шинжийг харгалзан үзэх ёстой. Энэ хэрэг нь хохирогчийн буруутай үйлдлээс үүдэлтэй, мөн тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү. Шүүгдэгч маргаж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл биш. Тиймээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оноож өгнө үү. Торгуулын ялыг миний үйлчлүүлэгч төлөх бодит боломж байгаа бөгөөд холбогдох баримтыг шүүхэд гарган өгсөн... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Ж ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Ж ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 34 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 36 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Т.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Т.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч Т.Ж  нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчид учирсан хохирлыг төлөөгүй байхад шүүхээс түүнд “торгох ял” оноох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэх шударга ёсны зарчимтай зөрчилдөх тул өмгөөлөгчийн ялын саналыг хүлээж аваагүй болно.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Т ы Ж ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж ийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Ж ээс 148.000 /нэг зуун дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч З.Д д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Д  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зардал, мөн цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Ж т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТСАЙХАН