Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1133

 

        

 

    2023      8            29                                         2023/ШЦТ/1133

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Цэцэгмаа /томилолтоор/,

шүүгдэгч Б , түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00594 1991 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.                  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

0

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б  нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 26 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Г гэрт хууль бусаар нэвтэрч хэтэвч, Хулан маркийн гар утас, пүүз 4 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 3.162.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гадаа чимээ гарахыг сонсоод босоод очтол хашааны гадна аав нэг хүнийг барьчихсан зогсож байсан. Тэгээд юу болсон бэ, яасан бэ гэж асуутал ээж болох Цэрэндолгор гэрт цагаан малгайтай хүн, хар куртиктэй хүн яваад байна гэж аавыг сэрээсэн байсан. Аав сэрээд хартал нэг хүн гараад явж байх шиг болохоор нь хойноос нь гараад тухайн хүнийг бариад авсан байсан. Тухайн үед манай гэрээс юм алга болж уу гээд үзтэл манай ээжийн Хулан 21 маркийн гар утас алга болсон байсан. Тухайн хүнээс утас хаана байна гэж асуутал, би аваагүй, би таксины мөнгө авах гэж ирсэн юм аа, танайхруу сая нэг залуу орсон тэр хүнээс мөнгөө авах гэж ирсэн юм аа гэж хэлсэн. Гэвч тухайн залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн машингүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Ээжийн гар утас, хэтэвч хоёр алга болсон байсан. Гар утсыг нь тэр шөнөө хашаан дотроос олсон. Хэтэвчийг нь хулгайчаар гаргуулан авхуулсан байгаа. Дараа нь би аавийн гэрийг сайтар шалгахад миний өөрийн АНУ-аас авч ирсэн Жордан 1 загварын 3 хос пүүз, Гарнет 2 загварын ногоон өнгийн нэг хос пүүзнүүд байхгүй болсон байсан. Би алдагдсан эд зүйлсээ 4.300.000 төгрөгөөр үнэлж байна. Алдагдсан зүйлээ төлүүлмээр байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн оршин суух хаягандаа унтаж байтал шөнийн 03 цагийн үед эхнэр Цэрэндолгор намайг сэрээгээд гэрт дотор хүн явж байгаад гэрээс гараад явчихлаа гэж хэлсэн. Би босоод араас нь гартал миний өөдөөс нэг согтуу залуу гараад ирсэн. Тэгэхээр нь би чи юу хийж яваа юм гэтэл тэр залуу таксины мөнгө авья гэсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм гэж хэлээд гэртээ дагуулж ороод юу авсан гэж асуусан. Тэгтэл манайх эхнэр Цэрэндолгор гар утсаа хайгаад байсан. Би гар утас руу нь залгатал дуудаж байсан. Тэгээд гэрээсээ гараад хашааны гадаа хайж байтал эхнэрийн гар утас олдсон. Тэгээд тухайн согтуу залууг хулгай хийчихлээ гэж сэжиглээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс манай эхнэрийн хэтэвч, хүү Г ын пүүзнүүд, өөр зүйл алга болоогүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

Гэрч Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн оршин суух хаягтай унтаж байтал шөнийн 3 цагийн үед сэрсэн чинь миний хажуу талаас нэг хар цамцтай, саарал малгайтай эрэгтэй хүн өрөөний хаалгаар гараад явахыг хартал, манай гэрийн гал тогооны өрөө рүү ороод хаалга хаасан. Би нөхөр хүү хоёрыг юм бол уу гэж бодоод дуудтал манай нөхөр Бат-Эрдэнэ миний хажууд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

Б ийн мөрдөн шалгах ажиллагаан гэрчээр өгсөн: “...тэгээд би нэг уулздаг эмэгтэй найзынхаа гэр лүү орох гэж байгаад айл андуураад орсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

Хүний биед үзлэг хийсэн: “... С.Б өмсөж явсан гадуур хувцасны гадна талаас гараар тэмтэрч үзлэг хийхэд саарал өнгийн оосортой 3 ширхэг түлхүүр, 100 дэвсгэрт 7 ширхэг зэрэг байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

Хэрэгт бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/25 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Х.Насанбатын тэмдэглэл (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

Хохирол барагдуулсан гэх гар бичмэл, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 54, 55 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 59-69 дүгээр хуудас),

Б ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 97-104 дүгээр хуудас), БХИС-ийн Дипломын хуулбар, өргөмжлөл, үнэмлэх, магадлах комиссын шийдвэр, дурсамж, зураг зэрэг (нийт 15 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б  нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 26 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Д гэрт хууль бусаар нэвтэрч хэтэвч, Хулан маркийн гар утас, пүүз 4 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 3.162.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б  нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 26 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Г гэрт хууль бусаар нэвтэрч хэтэвч, Хулан маркийн гар утас, пүүз 4 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 3.162.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/25 дугаар шинжээчийн дүгнэлтээ хохирогч Г эзэшлийн эд зүйлсийг 3.162.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинж, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

Харин дээрх гэмт хэргийг үйлдэхдээ “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн тохиолдолд хохирлыг хэмжээ шаардахгүй ба хүн амьдрах орон байр буюу хүний орон байрны халдашгүй байдлын хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд хууль бус нэвтрэлт үзэхийг хэлнэ.

Шүүгдэгч Б  нь Г гэрт хууль бусаар нэвтэрч Fuerdanni улаан хүрэн өнгийн хэтэвч, Хулан-21 маркын гар утас, Air Jordan-1 элгэн ягаан өнгөтэй, Air Jordan-1 цагаан, хар өнгөтэй, Air Jordan-1 улбар шар өнгөтэй, Garnet-2 ногоон өнгөтэй зэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийг хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд “Яллах дүгнэлт”-д гарсан хохирогчийн нэрийг “А” гэж “мөрдөгч”-ийн нэрээр бичсэнийг техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэж зөвтгөн бичсэн болохыг, цаашдаа анхаарвал зохихыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г Fuerdanni улаан хүрэн өнгийн хэтэвч, Хулан-21 маркын гар утас, Air Jordan-1 элгэн ягаан өнгөтэй, Air Jordan-1 цагаан, хар өнгөтэй, Air Jordan-1 улбар шар өнгөтэй, Garnet-2 ногоон өнгөтэй зэрэг эд зүйлсийг 3.162.000 төгрөгөөр үнэлжээ.

Хавтаст хэргийн 54-55 дугаар хуудаст 2.500.000 төгрөгийг хохирогч хүлээж авсан гэх гар бичмэл авагдсан байх бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол, саналгүй шүүх хуралд суухгүй” гэсэн байх тул шүүгдэгч Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Б эд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх бүрэн боломжтой гэж харж байна. Нэг жилийн хорих ял оногдуулаад хөнгөрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хохирол төлбөр хангалттай төлсөн. Хохирогч гомдол саналгүй. Эдгээрийг харгалзан хөнгөрүүлэх ямар боломж байна бүгдийг харгалзан үзнэ үү. Мөн эхнэртэй болоод удаагүй. Залуу хүнд цаашид итгэх хүлээлгэх, залуу хүн хоригдоод явчихвал бие холдвол сэгэл холдоно. Шүүх энэрэнгүй ёсны зарчмаар хандаж өгнө үү. Ээж, дүү нартаа нэмэр болоод явдаг. Б харилцаа хандлага, хувийн байдал, аливаа зүйлийг ойлгох, хүнийг хүндлэх зэргийг өмгөөлөгчийн зүгээс хувь хүний талаас нь мэднэ. Ээж, аавыг нь мөн мэднэ. Хувь хүний талаас сайн мэднэ. Уг нь их зөв хүүхэд байгаа. Яаж явж байгаад ийм зүйлд орсныг мэдэхгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг хөнгөрүүлээд хорихоос төрлийн арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлтэй байсан. Одоо бол нэгэнт шийдэгдсэн тул хамгийн бага доод хязгаараар оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч нарт тус тус хохирол төлбөрийг барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацааагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Б эд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б эд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б эд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Б эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ