| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 186/2019/0799/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | прокурор Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 109
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
яллагдагч Д.С, түүний өмгөөлөгч С.Санжаажамц,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/3690 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Д.Ст холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн Дгийн С, 1984 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Булган аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;
Д.С нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 11 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн замд “Тоёота Приус” загварын ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ц.Бийн жолоодож явсан “Тоёота Ланд Круйзер-200” загварын ...УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зорчигч Н.Хын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Д.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.6.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэх зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан байдлыг гүйцэд тогтоогоогүй гэж үзэхээр байна. Учир нь, техникийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 381 дугаартай: “1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам орчны байдал тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөлтийн дараах байрлал, зорчих хэсэгт үлдсэн ул мөр, гэрчүүдийн мэдүүлэг, тээврийн хэрэгслүүдийн эвдрэл, осол хэрэг гарах үеийн бичлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9859 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд “Тоёота Приус-30” загварын ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 2. “Тоёота Ланд Круйзер-200” загварын ...УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Бэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн үндэслэлгүй байх ба уг осолд нөлөөлөхүйц эвдрэл, гэмтэлгүй зам байна” гэх дүгнэлт /хх.69/, Тээврийн цагдаагийн албаны 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй багийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 422 дугаартай: “1. “Тоёота Ланд Круйзер-200” загварын ...УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цэнгэл овогтой Бэ нь Замын хөдөлгөөний дүрмийн “10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 2. “Тоёота Приус-30” загварын ...УБД улсын дугаартай автомашины жолооч Д овогтой С нь Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол нь дээрх хоёр жолоочийн Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөнөөс үүдэн гарсан байх үндэслэлтэй” гэх дахин дүгнэлт /хх.75-76/ зэргээс үзэхэд Ц.Бэ, Д.С гэсэн хоёр жолоочийг уг зам тээврийн осолд буруутай гэж дүгнэсэн байхад зөвхөн нэгийг нь буюу Д.Сыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь учир дутагдалтай байна гэх үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зурагт “...замын өргөн 9.5 метр, Тоёота Приус-30 загварын ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн эсрэг урсгалд буюу өөрийн зорчин явах ёсгүй эгнээнд байрласан байгаа байдал”, гэрэл зургийн үзүүлэлтэд “...Тоёота Ланд Круйзер загварын ...УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “тасархай цагаан шугам” буюу “1.7 – тэмдэглэл” уулзвар, гарц дээрх хөдөлгөөний эгнээний хилийг тэмдэглэдэг тасархай цагаан шугам давсан байрлалд хөдөлгөөн эхэлж байхдаа мөргүүлсний улмаас зүүн урд талын дугуйн чирэгдсэн мөр зорчих хэсэг дээр үүссэн байгаа байдал, ослын үеийн дүрс бичлэгт, Тоёота Приус-30 загварын ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.С нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан тээврийн хэрэгслүүдийн хажуугаар, эсрэг урсгалаар явж буй байдал, харин Тоёота Ланд Круйзер загварын ...УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Бэ нь гарцаар замд нийлэх үедээ өөрт нь зам тавьж өгсөн хар өнгийн жижиг оврын тээврийн хэрэгслийн урдуур гарч зүүн гар тийш эргэх үйлдэл хийхээр хөдөлгөөн эхлэх үед урсгал сөрж ирсэн Тоёота Приус загварын тээврийн хэрэгсэл ирж Тоёота Ланд Круйзер загварын тээврийн хэрэгслийг мөргөж байгаа байдал дүрслэгдсэн, хохирогч Н.Хын “...жолооч нэлээн хурдтай яваад байсан. Шинэ буудлын уулзвар дээр хойноос ирж байгаа машинтай бараг мөргөлдөх шахаад зогссон. Тэгээд хоёр эгнээ замд зүүн гар тийшээ эргээд 1 дүгээр эгнээнд түгжирсэн автомашины хажуугаар явж байтал туслах замаас баруун гар талаас зүүн гар тийшээ эргэх гэж байсан Ланд Круйзер загварын ...УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Бийн “...2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн шинэ буудлын замд Ланд Круйзер загварын ... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон баруунаас зүүн чигт гудамжнаас буюу гарцаас гараад зам түгжрээтэй байсан. Тэгтэл суудлын хар өнгийн тээврийн хэрэгсэл “ор, ор” гээд надад зам тавьж өгсөн. Харахад эсрэг урсгалд ямар ч тээврийн хэрэгсэл байхгүй байгаа нь харагдаж байсан. Би замын тал хүртэл яваад эсрэг урсгалаа баруун гар тал руугаа харж шалгаад эргээд хартал Тоёота Приус-30 загварын мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалаар орж ирээд миний тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Тоёота Приус-30 загварын ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.С нь түгжрэл үүссэн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн удааширсан замд эсрэг урсгал сөрөн явж байхдаа Ц.Бийн жолоодон явсан Тоёота Ланд Круйзер загварын ...УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, өөрөөр хэлбэл тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол, хэрэг гарсан гэж үзсэн. Харин Тоётоа Ланд Круйзер загварын ...УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Бийн Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй гэж үзэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 27 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Хэдийгээр дээрх зам тээврийн ослын хэрэгт техникийн шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт гарч энэхүү дүгнэлтүүдэд зам тээврийн осолд холбогдсон хоёр жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн хэдий ч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т заасан “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй”, мөн хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т заасан “Шинжээчийн дүгнэлтийг ...прокурор, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй. ...” гэж тус тус заасныг баримталсан болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч С.Санжаажамц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөн гэж улсын яллагч дүгнэсэн. Гүйцэт түрүүлэх үйлдэл хийснийг хүлээн зөвшөөрч байгаа. Тус зам нь гүйцэт түрүүлэхийг хориглоогүй, ямар нэгэн гарц, тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан. Тухайн “Ланд-200” тээврийн хэрэгсэл нь явган хүний зам шууд хөндлөн гараад, брожурыг даваад замын баруун талаас орж ирсэн. Тухайн осол болсон замд гарц байхгүй гэдгийг Д.С мэдэж байсан учраас гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэл гарцаас биш явган хүний зам дээгүүр хөндлөн огтолж гарч ирээд брожурыг даваад дүрэм зөрчин зам руу орж ирсэн. Анхан шатны шүүх дээр би “хэргийн газрын үзлэгт байцаагч схем зураг дээр гарц гэж зурсан байсан. Гэхдээ гарцын өргөн байхгүй байсан” гэдгийг хэлсэн. Тэгээд би фото зургийг хартал брожур байгаа газраас цаана явган хүний зам харагдаж байгаа юм. Гарц байхгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэл гарцаас гарч ирээгүй учраас манай үйлчлүүлэгч гүйцэт түрүүлэх үйлдэл хийж тус машиныг мөргөсөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Яллагдагч Д.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Техникийн шинжээчийн 2 удаагийн дүгнэлт гарахдаа Ц.Бэ бид хоёрыг буруутгасан байдаг. Би гэмт хэрэгт анх удаа холбогдож байгаа болохоор сайн мэдэхгүй байсан. Бид хоёрыг буруутай гэж дүгнэсэн учраас хоёулаа шүүх дээр ирэх байх гэж бодож байсан. Гэтэл гэнэт намайг шүүх рүү шилжүүлээд Ц.Бийг шилжүүлэхгүй байхаар нь гайхсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлууд тогтоогдоогүй, ...Ц.Бэ, Д.С гэсэн хоёр жолоочийг уг зам тээврийн осолд буруутай гэж дүгнэсэн байхад зөвхөн нэгийг нь буюу Д.Сыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байна. ...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тодруулсан байна гэж үзэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Д.Ст холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийх боломжтой гэж үзсэн болно.
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/3690 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Ст холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Д.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ