Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0721

 

 

 

Ц.Өын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:  Хариуцагч Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга М.Ч

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.Ө

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Ө, хариуцагч М.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 122/2025/0013/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар шийдвэрээр:

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Өын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын “Ц.Өд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга М.Ч би Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 122/ШШ2025/0018 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

2.1.Анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Өын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ " тус захиргааны хэрэгт авагдсан үйл баримт болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, үнэлээгүй байх тул уг шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шалгуурыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

Тодруулбал: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг /8/-д Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-д зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахдаа шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдолд бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, холбогдох нотлох баримтад дүн шинжилгээ хийн дүгнэлт гаргаж, зөрчил гаргасан албан хаагчид дүгнэлтийг танилцуулж, тэмдэглэл үйлдэн баталгаажуулах үүрэгтэйг хууль, журмаар зохицуулсан боловч дээрх ажиллагааar явуулаагүй байна..." гэжээ. Харин миний бие Сүхбаатар аймаг дахь Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга буюу удирдах албан тушаалтны хувьд " ...Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2-д заасан эрхийн хүрээнд..." Ц.Өын гаргасан сахилгын зөрчлийн шинжтэй үйлдлийн талаарх мэдээлэл, холбогдох баримтыг үндэслэн шалгалт явуулж улмаар холбогдох зөрчлийг шийдвэрлэх зорилгоор оролцогчид урьдчилан мэдэгдэж тайлбар гаргах боломжоор нь хангасан, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл, цаг ашиглалтын бүртгэл зэрэг баримтыг үндэслэн бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэр гаргасан талаар хэлж мэдүүлсэн, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх анхаарч үзээгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2.2. Анхан шатны шүүх тус шийдвэрийг гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасан Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана..." гэсэн заалтыг огт биелүүлээгүй байна.

 Тухайлбал: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг /9/-д Ц.Өд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулах захиргааны шийдвэр гаргах сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэн биечлэн уулзаж тэмдэглэл үйлдсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар хариуцагч талаас гаргаж өгсөн гэх боловч ..." үндэслэх хэсэг /10/-д"... дээрх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл буюу нөхцөл байдлыг тогтоох, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-д заасан сахилгын зөрчил шалгах ажиллагааг хийсэн гэж дүгнэх боломжгүй..." гэж үзсэн нь шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой байх, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагыг хангаагүй болно.

Түүнчлэн энэхүү нөхцөл байдлын хүрээнд анхан шатны шүүхээс үндэслэх хэсэг/5,6/-д хэргийн хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2-д зааснаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоох шийдвэрлэх эрх хэмжээтэй байна гэх атлаа үндэслэх хэсэг /10/-д Захиргааны ерөнхий хууль болон дээрх журмаар сахилгын зөрчил шалгах ажиллагааг хийсэн гэж дүгнэх боломжгүй гэж хэт ерөнхий байдлаар бичсэн нь ойлгомжгүй байна.

Иймд гомдолд дурдсан дээрх үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзэж Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 122/ШШ2025/0018 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Ц.Өаас “Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргад холбогдуулан гаргажээ.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Монголын Залуучуудын холбооны Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны салбарын ажлыг 2019 онд авч 2021 оноос эхлэн өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдаж явсан бөгөөд энэ байгууллага нь улс төрийн байгууллага биш болно. Төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, цалгардуулсан зүйл байхгүй, би чөлөө аваагүй, ажлын өдөр ажлаа орхиж явсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан тушаалын агуулга, хууль зүйн үндэслэл нь миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг унагаж, тухайн хугацаанд авах ёстой байсан урамшуулал, нэмэгдэл зэргийг хууль бусаар хязгаарласан.” гэж тайлбарласан.

3.Хариуцагчаас “...Ц.Өд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/17 дугаар тушаалын гаргаж сонсох ажиллагааны мэдэгдлийг өгсөн. 2019 оны 36/32 дугаар тогтоолоор баталсан журамд зааснаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан шалган тогтоох эрх хэмжээ байгаа” гэж маргажээ.

4.Маргаан бүхий Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар[1] “...Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3.1, 1.3.2, 1.4, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны А/101 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.1, 12.4 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Өыг “албан үүрэгтэй хариуцлагагүй хандсан, албан хаагчийн үйл ажиллагаандаа удирдлага болгох зарчмыг баримтлаагүй, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэж үзэн “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах”   сахилгын шийтгэл оногдуулсан байна.

5.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.1.1-т “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах”, 48.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, ... тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.” гэжээ.

6.Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 36/32 тоот “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-д Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж шалган тогтооно” гэж заасан.

7.Хууль, журмын дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч төрийн албан хаагч Ц.Өыг томилсон эрх бүхий албан тушаалтан хариуцагч Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоож, улмаар сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шийдвэрлэх эрхтэй гэж үзэхээр байна.

8.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Өыг “хууль болон холбогдох дүрэм журамд заасан албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаандаа удирдлага болгох зарчмыг баримтлаагүй, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэх зөрчлийг гаргасан гэдгийг шалган тогтоохдоо Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4, 2.5, 2.6-д заасан ажиллагааг явуулсан гэж үзэхээр байна.

9.Тодруулбал, Уг журмын 2.4-т “Энэ журмын 2.1-д заасан гомдол, мэдээлэл, баримтын дагуу шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ”, 2.4.1-т “гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах” 2.4.2-т “шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар, тодруулга авах”, 2.4.3-т “шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах”, 2.4.5-т “цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах”, 2.5-т “Шалгагч сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дараах дүгнэлтийн аль нэгийг гаргаж, албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна”, 2.6-д “Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргана.” гэж заажээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж зохицуулсан.

10.Хариуцагчаас дээрх хууль, журамд заасан зөрчлийг шалгах ажиллагааг явуулж, дүгнэлт гаргаж, сонсох ажиллагаа явуулсан гэдэг нь “Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо”-ны даргын ажил үүргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Даваа гаригийн 11 цаг 25 минутад хийсэн талаарх лайв бичлэгийн фото зураг[2], Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдэл бүхий албан бичиг[3], Сонсох ажиллагааны хурлын тэмдэглэл[4], мөн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 79 дүгээр хариу тайлбар ирүүлэх талаар мэдэгдсэн албан бичиг[5], байгууллагын ирцийн бүртгэлийн дэвтрийн хуулбар[6] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

11.Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагаас шууд лайв нэвтрүүлэг, ажлын цагийн бүртгэлийн хуудас, нэхэмжлэгчийн өөрийнх нь “би өөртөө чөлөө олгоод явсан тохиолдол бий” гэх тайлбар зэрэг баримтад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр нэхэмжлэгчийг төрийн бус байгууллагын ажлыг албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн албан үүрэгтэй хавсран гүйцэтгэхдээ ажлын цагаар хийсэн, мөн өөртөө чөлөө олгон ажил тасалсан нөхцөл байдлыг шалган тогтоосон. Ийнхүү шалган тогтоосны үндсэн дээр “хууль болон холбогдох дүрэм журамд заасан албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаандаа удирдлага болгох зарчмыг баримтлаагүй, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэх сахилгын зөрчлийг гаргасан гэсэн дүгнэлт гаргаж, уг дүгнэлтээ нэхэмжлэгчид сонсох ажиллагааны журмаар танилцуулахаар урьдчилан мэдэгдэл хүргүүлж, улмаар сонсох ажиллагааны явцад сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлийн талаар танилцуулж, нэхэмжлэгчтэй ярилцлага хийж тэмдэглэл үйлдэн, уг тэмдэглэлээ баталгаажуулсан, мөн сонсох ажиллагаанд хариу тайлбар ирүүлэх талаар нэхэмжлэгчид хугацаа тогтоож албан бичиг хүргүүлжээ.

12.Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан “нөхцөл байдлыг шалган тогтоох" үүргээ хэрэгжүүлсэн, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан баталсан 2019 оны 36/32 дугаар журмын 2 дугаар зүйлд заасан холбогдох нотлох баримтыг цуглуулж, албан хаагчийн сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах, дүгнэлтийг танилцуулах, тэмдэглэл үйлдэн баталгаажуулах зэрэг зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

13.Иймд анхан шатны шүүхээс хариуцагчийг “шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг бүрэн цуглуулж, зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоож, баримтад дүн шинжилгээ хийн, дүгнэлт гаргаж, зөрчил гаргасан албан хаагчид дүгнэлтийг танилцуулж, тэмдэглэл үйлдэн баталгаажуулах үүрэгтэйг хууль, журмаар зохицуулсан боловч дээрх ажиллагааг явуулаагүй” гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

14.Харин хариуцагчийн “Ц.Өын гаргасан сахилгын зөрчлийн шинжтэй үйлдлийн талаарх мэдээлэл, холбогдох баримтыг үндэслэн шалгалт явуулж улмаар холбогдох зөрчлийг шийдвэрлэх зорилгоор оролцогчид урьдчилан мэдэгдэж тайлбар гаргах боломжоор нь хангасан, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл, цаг ашиглалтын бүртгэл зэрэг баримтыг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан, зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хийсэн” гэх гомдол үндэслэлтэй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1, 48.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Өаас Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                         Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 6 дахь тал

[2] Хэргийн 23 дахь тал

[3] Хэргийн 24 дэх тал

[4] Хэргийн 25-26 дахь тал

[5] Хэргийн 27 дахь тал

[6] Хэргийн 28 дахь тал