Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК, Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, тоот

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоолыг хүчингүй болгож, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Б, магадлагч-татварын улсын байцаагч М.Г, хуулийн хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцлоо.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Э ХХК-нь 2013 онд байгуулагдсан. 2013 оноос хойш 2019 оны санхүү тайлан татвар ногдох орлого дээр хяналт шалгалт зохион байгуулж явуулсан. Улмаар 7 сарын 02-ны өдрийн шийтгэлийн хуудаст гомдол гаргасан. Гомдлыг хугацаа өнгөрсөн гэж үзээд хүлээж авах боломжгүй гээд амаар тайлбарласан байдаг. Иймд гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацааг хүссэн. Тус хүсэлтийг шийдвэрлээгүй буюу хуульд заасан хугацааг хэтрүүлсэн. Хүсэлт өгснөөс хойш буюу 1 жилийн дараа хүсэлтийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзээд хүлээж авах үндэслэлгүй гэж тогтоол гаргасан. 82 тоот тогтоол нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д заасны дагуу хуульд заасан хугацаанд хариуцагч тал биелүүлээгүй. Жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх үндэслэлгүй байна гэж үзээд 82 тоот тогтоол гаргасан. Нэхэмжлэгч компани нь 1 хүний 100 хувийн өмчлөлийн компани байгаа. Яагаад хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасан бэ? гэхээр үүсгэн байгуулагч нь биеийн эрүүл мэндийн улмаас тус актыг хүлээж авч гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан. Үүнтэй холбоотой баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн.

... Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д итгэмжлэлээр төлөөлж байгаа этгээдийн бүрэн эрхийг оролцогч тодорхойлно гэж заасан. н.Ж нь н.Г гэдэг хүнд эрх олгохтой холбоотой хуулийн зохицуулалт байгаа. н.Г гэдэг нь татварын актыг гардаж авсан уу?, аваагүй юу? гэдэг зүйл байгаа. Акттай холбоотой гомдол гаргах асуудлын талаар эрх олгосон уу? гэдэг зүйлийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Акт нь өөрөө 1 тэрбум гаруй төгрөгийн асуудал байгаа. Энэ нь өөрөө бага үнийн дүн биш. Актын талаар үндэслэлтэй талаар тодруулах шаардлагатай байгаа тул Татварын маргаан таслах зөвлөлөөр оруулах шаардлагатай юм. Ямар ч гомдол гаргах эрхгүйгээр тус актыг хүлээн зөвшөөрөх болж байна. Улмаар нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Татварын алба нь хүний эрх хууль ёсны ашиг сонирхол хамгаалах болоод хуульд заасан зарчимд нийцэхгүй байна.

Хариуцагчийн тайлбараар хугацаа сэргээхтэй холбоотой асуудал шүүхээр шийдвэрлэсэн. Бид нар шинэ хуулийн дагуу анх удаа энэ ажлыг хийсэн гэж байна. Энэ ажлыг хийж байсан туршлага байхгүй. Татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх нь тайлбараар нотлогдож байгаа. Нөгөө төлөөлөгч болохоор актад гомдол гаргасан. Гаргасан гомдлыг хугацаа хэтэрсэн талаар анхааруулаад түүний дагуу хугацаа сэргээлгэх байдлаар гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан. Хэрвээ хэтрүүлсэн гэж үзэж байгаа бол зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас илэрсэн тогтоогдох юм бол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага 3 сарын дотор нөхөн сэргээх буюу гомдлыг шийдвэрлэсэн захиргааны байгууллагад гаргана гэж байгаа. Магадлагч анхааруулж хэлсний дагуу хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргасан. Хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасны төлөө гомдлыг өөрчилж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэл байхгүй. Мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т 3 сарын дотор хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэнэ гэж байгаа. Гомдол хэлэлцэхгүй байсан гэдэг тайлбар үндэслэлгүй байна. Хугацаа сэргээлгэхтэй холбоотой хүсэлтийг гомдлын хуралдааны хуваарьт оруулах нь алдаатай үйл ажиллагаа явагдсан байна. 1 жилийн дараа шийдвэрлээд хугацаандаа гомдлоо гаргаагүй гаргаж өгсөн баримт нь хүндэтгэн үзэх хангалттай баримт биш гэж үзэж байгаа нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу захиргааны байгууллагыг зөвтгөх үндэслэл байхгүй байна. Хугацаа сэргээгээд явах боломжтой. Учир нь жилийн дараа гомдлыг хэлэлцсэн. Аль аль талаа бодсон ч гэсэн хэн хэндээ санал гомдол байхгүй. Маргаан таслах зөвлөл нь хүсэлтийг шийдвэрлэхдээ хурлаар авч хэлэлцэн гэж байгаа. Хэдийгээр хурлаар авч хэлэлцэх хэдий ч тус журам хуульд нийцээгүй бол хуулиар хориглоно. Тухайн гомдлыг шийдвэрлэх явцад захиргааны байгууллага 3 сарын дотор сэргээнэ гэж байгаа.

Хариуцагч болохоор аль болох хугацааг сэргээх байр суурьтай байсан гэж байна. Утсаар болохоор ярихдаа хугацаа сэргээх талаар бид нар ажиллаж байна гээд татвар төлөгчид хүлээлт үүсгэж байгаа. Шийдэхгүй байж байгаад жилийн дараа шийдвэрлэхэд хурлаар ороод татгалзсан гэж хэлдэг. Бидний анх удаа хийж байгаа ажил гэж явцгүй зүйл ярьж хандмааргүй байна. Хүсэлтийг хурлаар орлуулахгүй тусад нь шийдвэрлэх боломж байсан. Журам өөрөө хуульд нийцэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө гэж заасан. Улмаар хариуцагч нь жилийн дараа тогтоол гаргасан байна. Энэ нь хариуцагчийг зөвтгөх үндэслэл биш байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайд итгэмжлэл түүнийг нотолно. Компаниар олгосон итгэмжлэл н.Г-д байхгүй. н.Г эрх бүхий албан тушаалтан мөн гэдэг зүйл нотлох баримтаар байхгүй. Нягтлан гэж тайлбарлаж байгаа. Гэтэл нягтлан гэж нотолсон баримт байхгүй. Улмаар хууль ёсны төлөөлөгч мөн үү гэдэг өөрөө эргэлзээтэй юм. Татварын актын тухайд бага мөнгө биш. Төлөөлөх эрхгүй этгээд байхгүй байхад тус этгээдээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Түүнийгээ болохоор зөвтгөж тайлбарлаж байна. Актаа Маргаан таслах зөвлөлөөр хэлэлцүүлж болох байсан. Хэлэлцүүлэхэд ямар нэгэн эрх ашиг хөндөгдөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бол зөвшөөрсөн байр суурьтай оролцсон. Одоо болохоор зөвтгөөд байна. Мөн эрх олгогдоогүй этгээдэд актыг гардуулсан. Хөөн хэлэлцэх хүсэлттэй холбоотой асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй. Жилийн дараа шийдвэрлэж болохгүй. Эдгээр нөхцөл байдалд бухимдалтай байна. Маргаан таслах зөвлөлийн дарга хурлаар оруулна гэж шийдсэн учир бид нар яаж ч чадаагүй гэж байна. Хурлаар шийдэх байсан ч хугацаандаа орох боломжгүй байсан гэдэг нь танай байгууллагыг хуульд заасан үүргээс чөлөөлөх юм уу? Татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой. Хуульд магадалгаа нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн зүйл хуульд байхгүй. Өөрсдийгөө зөвтгөсөн зүйл яриад байна. Үндэслэлтэй юм бол Маргаан таслах зөвлөлийн хурлаар оруулах хэрэгтэй. Иймд нэхэмжлэгч Э ХХК-ийн Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гаргасан гомдол гаргах эрхийг сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 82 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах өгнө үү. гэв..

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Маргаан таслах зөвлөл 2 жил хуримтлагдсан дарааллын дагуу гомдлыг хэлэлцсэн. Дараагийн нэг шалтгаан бол 2019 оноос эхэлж шинэ татварын хууль хэрэгжээд гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг Маргаан таслах зөвлөлийн ажлын хүрээнд оруулж өгсөн. Өмнө нь бол шүүхээр шийдэгддэг байсан. Үүн дээр нухацтай хандаж баримтууд хуулийн шаардлага хангаж байгаа юу? гэдэг зүйлийг харсан.

...2020 оны 8 сарын 01-ний өдрөөс 10-ны хооронд эмнэлгийн магадлагаа ирүүлсэн боловч шинжилгээний хариу болон эмчийн үзлэг, тэмдэглэл гэх зүйл хуульд зааснаар таарахгүй байгаа тул сэргээхгүй байх үндэслэлтэй юм. Тус баримтуудыг шүүхэд өгсөн байгаа. 2020 оны 8 сарын 08-нд нэхэмжлэгч тал Маргаан таслах зөвлөлд гомдол өгсөн. Маргаан таслах зөвлөл ямар хариу өгсөн бэ? гээд баримтаа шүүж үзэхэд 2020 оны 7 сарын 02-нд гардаж аваад улмаар 2020 оны 8 сарын 08-нд гомдол гаргасан нь хугацаа хэтрээд байгаа. Энэ гомдлыг тухайн үед Маргаан таслах зөвлөлийг даргалж байсан дарга хурлаар хэлэлцүүлнэ гэсэн. Энэ цохолтын дагуу сүүлд хуралдаад 82 дугаар тогтоол гаргаад хүргүүлсэн.

...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны байгууллага алдаатай үйлдэл хийсэн гэж байна. Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн томилогдоогүй байхад хууль бусаар ажиллаж болохгүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол нэмж тодруулаад баримтаа өгөөрэй гэсэн. Шаардлага хангаж байсан бол гомдол гаргах хугацаа сэргээх боломжтой байсан. Гэвч та бүхэн эхнийх нь байсан тул та хэд ажлаа хийж чадахгүй байсан гэдэг зүйл яриад байна. Үүнийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн байгууллагыг доромжилж байна. Баримтаа та нар бүрдүүлж өгөөгүй. Баримтаа бүрдүүлж өгсөн бол асуудлыг шийдвэрлэж болох байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн үед хуралдаанд оролцож байгаагүй. Иймд ингэж ярьж болохгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гомдлоо хугацаандаа гаргасан эсэх нь эргэлзээтэй. Хэрэв гомдлыг хугацаандаа гаргаагүй юм бол хүндэтгэх үзэх шалтгаантай баримтууд нь нотлогдсон эсэх талаарх гомдол байгаа. Татварын төлөгч шийтгэлийн хуудсыг 2020 оны 7 сарын 02-ны өдөр хүлээж аваад 2020 оны 8 сарын 08 ны өдөр гомдол гаргасан гэхээр 30 хоногоор хэтэрсэн байгаа тул буцаах гэж байсан. Улмаар гомдлын шаардлагыг ойлгоод 2020 оны 10 сарын 22-ны өдөр хугацаа сэргээх байдлаар гомдлоо гаргасан. Гомдлын шаардлага өөрчилсөн буюу өмнөх шийтгэлийн хуудсанд гаргасан зөрчил дээр биш хугацаа сэргээх хүсэлтийг авч хэлэлцээд шийдвэрээ гаргасан. Гардаж авсан хугацааны хувьд шалгасан байцаагч н.М, н.Э нарын 2019 оны 7 сарын 02-ны өдөр ээлжийн амралт олгох буюу мэдэгдэх хуудас байгаа. Тус баримтыг мөн шүүхэд хүргүүлсэн. 2020 оны 10 сарын 19-ний өдрийн 15 болон 14 цагт гомдол болон баримтаа ирүүлнэ үү? гээд 2 хуудас баримтыг хүргүүлсэн. н.Х цахим хаягийг мөн адил хүргүүлсэн. Утсаар хуралдааны зар хүссэн тухай мэдэгдэл байдаг. Энэ цаг хугацаанд баримт гаргаж өгөх боломжоор хангасан баримтууд байгаа.

...Манай зөвлөлийн хуралдааны журамд ирүүлсэн баримтын хүрээнд шийднэ гэж заасан. 7 сарын 02-ны өдрийн актаас хойш 3 сарын дотор хэрэгжүүлэх ёстой заалтыг хэрэгжүүлбэл 10 сарын 02 дотор байх ёстой. Манайх 10 сарын 22-ны өдрийн өргөдлийн хүлээж аваад хэлэлцсэн байгаа. Хүндэтгэх шалтгаантай асуудлаа 30 хоногийн дотор гаргаж өгсөн бол бид нар хуулийнхаа дагуу шийдэх байсан. Тус асуудлаа өөрөө шийдээгүй нь гомдол гаргагчийн өөрсдийнх нь асуудал юм. 10 сарын 02-нд байх ёстой гомдлыг бид нар 10 сарын 22-нд авч хэлэлцээд өнөөдөр нэхэмжлэл дээр хариу тайлбар хийгээд энэ хуралдаан явж байгаа. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй. 2020 оны 8 сарын 08-ны өдөр хурлаар авч хэлэлцээд гомдлын шаардлага өөрчлөгдөөгүй байсан болохоор гомдол шийдвэрлэх хуулийн дагуу утсаар мэдэгдээд таны эрх зүйн байдлыг дордуулахгүй тулд та гомдлын шаардлагаа өөрчилж өгөөрэй гэсэн. 2020 оны 10 сарын 22-нд эхэлж өөрчилж өгсөн гомдлыг хуралдаанаар хэлэлцэх гээд илүү маш сайн нягталж үзэх гээд байсан нь захиргааны байгууллагын алдаатай хууль зөрчсөн зөрчил биш гэж үзэхгүй байна. Итгэмжлэлийн тухайд гомдлоо гаргаж байгаа бол гомдлын хүрээнд нотлох баримтаа дэмжээд холбоотой бүх нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Өөрөө болохоор хүсэлт гаргасан гэж байгаа. Энэ болохоор Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж байгаа. Улмаар гомдлыг хурлаар шийдвэрлэнэ гэдэг нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан гомдлыг татвар төлөгчийн гомдлын хүрээнд хянан шалгаж, шийдвэр гаргана гэж заасан.

...Гомдол шийдвэрлэхдээ хүлээж авсан цаг хугацааны дарааллаар шийдсэн нь захиргааны байгууллага нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Татвар төлөгчийг өөрийг нь дуудаж бүх санхүүгийн материалыг авч байна. Татвар төлөгч өөрөө тухайн Татварын ерөнхий хуульд зааснаар татвараа төлөх үүрэгтэй гэж заасан. Үүргээ биелүүлээд татварын хяналт шалгалтад материал өгөх нь өөрийнх нь эрх үүрэгт байгаа. Тус үүргийн дагуу эрхээ хэрэгжүүлээд гаргасан. Хяналт шалгалт хийж гүйцэтгээд тухайн үеийн хуулиар шийтгэлийн хуудас ногдуулсан. Шийтгэлийн хуудсаар хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зурсан. 30 хоногийн дотор хандах эрх, үүрэг нь байсан. Татвар төлөгч өөрийн үүргээ биелүүлээгүй байж энэ асуудал бий боллоо. Нотлох баримтын хүрээнд өвчтэй байсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоолыг хүчингүй болгож, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 230291422 тоот актаар Э ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулж, 0291422 тоот шийтгэлийн хуудсаар 14,569,4314,195.8 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч Ч.Г нь мөн өдөр гардан авсан болох нь тус дүүргийн Татварын хэлтсээс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн 3/380 дугаартай албан бичгээр тогтоогдов[1][1].

Э ХХК-иас 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/53 тоот албан бичгээр 0291422 тоот шийтгэлийн хуудас-ыг эс зөвшөөрч гомдол гаргасныг нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн даргаас хугацаа анхаарах, буцаах гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгч зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 02/034 тоот албан бичгээр Тус компанийн захирал Ц.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 01-ээс 10 хүртэл өвчтэй, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул ... хугацааг сэргээж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ[2][2].

Улмаар Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл/цаашид маргаан таслах зөвлөл гэх/-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоолоор ...хүндэтгэн үзэх шалтгаан нь нотлогдохгүй, хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлтийг 20 хоногоор хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ[3][3].

 

Э ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шийтгэлийн хуудаст гаргасан гомдол болон хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэхээр гаргасан хүсэлтдээ ...шийтгэлийн хуудсыг 2019 оны 07 дугаар сарын 10-өдөр гардаж авсан гэж бичсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэлгүйгээр гомдлоо гаргасан эсэх тухай маргаан биш, зөвхөн хүсэлтийг хангахаас татгалзсан тухай маргаж байгаа гэж тайлбарласан.

Тэрээр дээрх 82 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч буй үндэслэлээ компанийг төлөөлөх эрхгүй этгээдээр шийтгэлийн хуудас, актыг гардуулсан тэмдэглэлд гарын үсэг зуруулсан байгааг анхаараагүйн дээр Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасан хугацааг хэтрүүлсэн, мөн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримтыг гаргаж өгсөн байхад гомдол гаргах хугацааг сэргээхээс татгалзсан нь хууль бус бөгөөд татвар төлөгчийн гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн гэх агуулгаар тайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас холбогдох татварын маргаан таслах зөвлөл байгуулагдаагүй байснаас Захиргааны ерөнхий хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь хариуцагчаас хамаараагүй, мөн хүсэлт гаргагч нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтуудыг ирүүлээгүй тул хүсэлтийг хангахаас татгалзсан нь хуульд нийцсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заажээ.

Э ХХК нь шийтгэлийн хуудаст гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтээ дээрх хугацааны дотор гаргаагүй, 20 хоног хэтрүүлсэн болох нь тогтоогдож байх боловч тус компанийн шийтгэлийн хуудаст гаргасан гомдлыг хариуцагч захиргааны байгууллагаас буцаагаагүй, хүлээн авахаас татгалзсан аливаа шийдвэр гаргаагүй байх тул хуульд заасан хугацааг хэтрүүлж хүсэлтээ гаргасанд нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Э ХХК-иас 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан гомдолд маргаан таслах зөвлөлийн даргаас хугацаа анхаарах, буцаах гэж цохсон боловч буцаагаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн гэсэн тайлбараар тогтоогдож байх тул маргаан бүхий актыг хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах хугацааг 20 хоногоор хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр гаргасан нь буруу юм.

Хэрэв хариуцагч нь Э ХХК-ийг хугацаа сэргээх хүсэлт гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзвэл, уг хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэх эрхгүй, харин хүсэлтийг хүлээн авахаас татгалзахаар байсан байна.

Гэтэл хариуцагч нь хуульд заасан хугацаа хэтрүүлсэн хүсэлтийг хүлээн авч, улмаар хүсэлтийг шийдвэрлэсэн атлаа маргаан бүхий 82 дугаар тогтоолд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь заалтыг баримталсан нь агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт боловч маргаан бүхий актын шийдлийг өөрчлөх хангалттай үндэслэл болохооргүй байна. Учир нь:

Э ХХК-иас татварын улсын байцаагчийн 0291422 тоот шийтгэлийн хуудаст гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтдээ тус компанийн захирал Ц.Ж-д Э******* эмнэлгийн эмчийн ...2019 оны 08 дугаар сарын 01-ээс 10-ны өдрийг хүртэл эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэх шалтгаанаар өвчтэй байсан тул ажлаас чөлөөлсөн тухай магадалгаа[4][4]-г хавсаргаж хүргүүлсэн байх ба энэхүү магадалгаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал/хуучин нэршлээр/-ын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журам-ын 4.5-д Эмнэлгийн магадалгаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадалгаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

Мөн нэхэмжлэгчээс нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлд болон шүүхэд захирал Ц.Ж-ийн өвчтэй байсан гэх эмнэлгийн картад бичигдсэн үзлэгийн тэмдэглэл, шинжилгээ өгсөн баримт зэргийг ирүүлсэн боловч эдгээр баримтад бичигдсэн хугацаа нь нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаатай давхцахгүй байх тул Татварын ерөнхий хууль/2008/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д өвчтэй, эмчилгээ ийлгэж байгаа, өвчтөн асарсан... зэрэг тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, эмчийн магадалгаанд бичигдсэн үзлэг нь эмнэлгийн үзлэгийн картад бичигдээгүй, шинжилгээ хийлгэсэн бусад баримтаар давхар нотлогдохгүй, захирал Ц.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 01-ээс 10-ны хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй байх тул маргаан таслах зөвлөлд гомдлоо гаргах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлогдоогүй гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч нь маргаан бүхий актаар Э ХХК-ийн шийтгэлийн хуудаст гомдол гаргах хугацааг сэргээхээс татгалзаж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ...Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх, 47 дугаар зүйлийн 47.17-д Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан татвар төлөгч нь энэ хуулийн 47.15, 47.16-д заасан хугацаанд магадлагч татварын улсын байцаагчийн шаардсан нотлох баримтыг ирүүлээгүй бол ирүүлсэн нотлох баримтын хүрээнд гомдлыг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан эрх хэмжээнд нийцсэн шийдвэр болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж буй Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй, хэтрүүлсэн гэсэн үндэслэл нь маргаан бүхий актыг хүчингүй болгох хангалттай нөхцөл биш гэж үзнэ. Учир нь хариуцагч захиргааны байгууллага нь хуульд заасан хүсэлтийг шийдвэрлэх 3 сарын хугацааг хэтрүүлсэн нь буруу боловч энэ нь тухайн байгууллагын тухайн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаарсан гэж үзэхээргүй, маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах үйл явц болон үйл ажиллагааны ачаалалтай байдлаас хамаарсан болох нь нийтэд илэрхий үйл баримтын зэрэгцээ, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн байх тул уг үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

Хэрэвзээ нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллага нь хуульд заасан хугацаанд түүний хүсэлтийг шийдвэрлэхгүй байна гэж үзвэл, хуульд заасан журмын дагуу гомдол, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс актыг бодит байдал дээр 07 дугаар сарын 10-ны өдөр гардаж авсан, компанийг төлөөлөх эрхгүй этгээдэд шийтгэлийн хуудсыг гардуулсан тул актыг мэдэгдсэн гэж үзэхгүй гэж тайлбарлан маргах боловч эдгээр үндэслэл нь гомдлыг хүлээж авахаас татгалзаж, маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй гэх маргааны хувьд дүгнэгдэхээс бус гомдол гаргах хугацаа сэргээх хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийн үндэслэлд хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл, Э ХХК нь шийтгэлийн хуудсыг 2019 оны 07 дугаар сарын 02-нд биш 10-нд гардаж авсан бөгөөд гомдлыг мөн оны 08 дугаар сарын 08-нд гаргасан тохиолдолд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байсан байх боловч тус компани нь шийтгэлийн хуудсыг гардуулсан баримтад үндэслэн магадлагчаас гаргасан хугацаа хэтэрсэн байна, сэргээлгэх хүсэлтээ гаргах боломжтой гэсэн саналыг хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэн байх тул маргааны бүхий акт гарахаас өмнөх цаг хугацаанд өрнөсөн нөхцөл байдлыг нотлох баримтыг шүүх цуглуулахгүй, улмаар дүгнэлт хийх боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.17-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоолыг хүчингүй болгож, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ