| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2023/0701/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/718 |
| Огноо | 2023-07-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/718
2023 07 21 2022/ШЦТ/718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
Улсын яллагч Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгч А.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.Б-д холбогдох эрүүгийн 2309000001398 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Барилгын инженер мэргэжилтэй, Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д менежер ажилтай, Улаанбаатар хот, Х дүүргийн 1 дүгээр хороо, ** дүгээр хороолол, **-р байранд оршин суух хаягтай, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт А.Б- /РД: УИ********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 1а байрны 105 тоотод 2023 оны 05 дугаар сарын 19- ний өдөр хохирогч Э.Х-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2309000001398 дугаартай хэргээс:
Хохирогч Э.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15, 17-р хуудас/,
Гэрч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 22- ны өдрийн №6654 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 1а байрны 105 тоотод 2023 оны 05 дугаар сарын 19- ний өдөр хохирогч Э.Х-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Э.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед найз залуу Бтай уулзаад орой 20:00 цаг хүртэл манай гэр буюу Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 1а байрны 105 тоотод хоол хийж идэж хамт байж байгаад бид хоёр өөр өөр газар байж байгаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Зүү нэртэй бааранд манай найз У, Г, Б нарын хамт орсон бай найз залуу Б мөн адил найзын хамт уулзаж бааранд дотроо 2 шил виски захиалсан тэгээд тэр баарандаа ойролцоогоор 1 орчим цаг байж байгаад манай гэр рүү Гэрэлээ, Б болон Бгийн найз гээд нэг залуу хамт явсан. Манай гэрт очоод Гэрэлээ, Бгийн найз нь 30 минут орчим болоод яваад өгсөн. Тэгээд Б бид 2 хоёр хамт байж байхад Төрмөнх найз манай гэрт ирсэн юм тэгсэн Төрмөнх Б хоёр хоорондоо муудалцаад байхаар нь би болиулах гэж оролдсон боловч үгэнд орохгүй байхаар нь та хоёр манай гэрээс яв гэж хэлсэн чинь Б над руу уурлаж дайрсан миний биед халдсан...", "...Б чи муу миний гутлыг авч шиддэг яадаг муу пизда вэ гэж хэлээд миний хоолойноос боож унтлагын өрөө рүү орж хананд шахаж зогсож байгаад миний толгойны баруун дээд хэсэг рүү 4-5 удаа гараараа их хүчтэй цохисон. Тэгэхээр нь би доошоо суухад миний үснээс зулгааж унтлагын өрөөнөөс гаргаж гал тогооны өрөө рүү орж миний баруун талын хацар хэсэгт юмаар цохисон би тухайн үед юугаар цохисныг мэдээгүй...миний баруун талын хацар Б-д цохиулснаас болж маш том хэмжээний сорвитой болсон. Тухайн сорвийг Монгол Улсад эмчилж хэвийн болгох боломжгүй тул Солонгос улс руу явж гэж хэлсэн. Тийм болохоор би Солонгос улсад очиж эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 17-р хуудас/,
Гэрч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хараагүй намайг байхад тэр 2 хэрүүл хийгээд байх шиг байсан. Тийм асуудал болсон талаар маргааш нь Бгаас сонссон. Надад Б хэлэхдээ тэр эмэгтэйгийнхээ нүүрийг нь маажсан гэж хэлж байсан. Би уг нь тэр айлын том өрөөнд нь орж үргэлжлүүлээд уух санаатай ганц хоёр пиво ууя гэж бодоод байж байсан чинь тэр хоёр өөр өрөөнд орж хэрэлдээд байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 22- ны өдрийн №6654 дугаартай "...Э.Х-ийн биед баруун хацрын шарх, баруун дээд, доод зовхины зулгаралт, хүзүүний цус хуралт, баруун гарын долоовор, дунд, ядам Хурууны үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 38- 39-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсний улмаас хохирогч Э.Х-ийн биед хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдав.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргаангүй хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцож байна. Тиймээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаас дурдъя. Миний үйлчлүүлэгчийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдож байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгааг авч үзнэ үү. Мөн хохирогч эмчилгээний зардал баримтаар нэхэмжлээгүй хэдий ч А.Б нь өөрийн үйлдэлд дүгнэлт хийж хохирол төлбөрт 10.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь ам бүл 4. Бага насны 2 хүүхэд эхийн хамт амьдардаг. Ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох эс бол хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг үндэслэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжуудын аль нэгийг хэрэглэх байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргав.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч А.Б нь хохирогчид 10.000.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 53, 54, 70 дугаар хуудсуудад авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Х нь эмчилгээний зардалд 15.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар нотлох баримтаа ирүүлээгүй байх тул эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч А.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шүүгдэгч А.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Н-ийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх тухай саналыг хүлээн аваагүй болно.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Х нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС