Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00073

 

 

А.Жаргалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00642 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 884 дүгээр магадлалтай,

 

А.Жаргалмаагийн нэхэмжлэлтэй,

Хас банк ХХК-д холбогдох,

 

Орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, П.Отгонтуул нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч А.Жаргалмаагаас Хас банк ХХК-д холбогдуулан орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь ...өнөөдрийн байдлаар 572,676,299 төгрөгийн үлдэгдэлтэй буюу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй учраас банкны барьцааны эрх дуусгавар болоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00642 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3 дах заалтад зааснаар нэхэмжлэгч А.Жаргалмаагийн хариуцагч Хас банк ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Хас банк ХХК болон Мон вакуум цонх ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 5001017119 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006752 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 61 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Хас банк ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 884 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/0642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, П.Отгонтуул нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Магадлалын үндэслэх нь хэсэгт Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.04-ний өдрийн 101 /ШШ2016/05036 дугаартай шийдвэрээр 2013.04.03-ны өдрийн 157002590 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2013.10.14-ний өдрийн 5001017119 дугаартай Зээлийн шугамын гэрээ-тэй буюу тусдаа 2 гэрээтэй холбоотой шаардлагыг хамтатган шийдвэрлэсэн, 2013.10.14-ний өдрийн 5001017119 дугаартай Зээлийн шугамын гэрээ-ний үүргийг хариуцагч нар биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх заалтад барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно гэж заасны дагуу 2013.10.14-ний өдөр Хас банк ХХК болон А.Жаргалмаа нарын хооронд байгуулагдсан 5001017119-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ гэх нэртэй гэрээний дагуу үүссэн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзнэ гэсэн байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.04-ний өдрийн 101/ШШ2016/05036 дугаар шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 4/46 дугаартай албан бичгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Тус шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөр өнөөдрийг хүртэл бүрэн төлөгдөөгүй, банкны эрх ашиг хөндөгдсөн хэвээр байгаа болно. Мон вакум цонх ХХК болон А.Баясгалан нар нь шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2013.10.14-ний өдрийн 5001017119-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээний үндсэн гэрээ болох 2013.10.14-ний өдрийн 5001017119 дугаартай Зээлийн шугамын гэрээ-ний дүнгээр буюу 80,000,000 төгрөгөөс тооцож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл нь эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу 70,200 төгрөгөөр улсын тэмдэгтийн хураамжийг тооцох үндэслэлтэй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч А.Жаргалмаа хариуцагч Хас банк ХХК-д холбогдуулан орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээснийг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

7. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч А.Жаргалмаа өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006752 дугаартай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 61 тоот хаягт байрлах, 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Мон вакуум цонх ХХК, А.Баясгалан нарын Хас банктай 2013.10.14-ний өдөр байгуулсан 80,000,000 төгрөгийн үнэ бүхий Зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Баталгаат ипотекийн гэрээ байгуулжээ.

 

Зээлдэгч Мон вакуум цонх ХХК, А.Баясгалан нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.04-ний өдрийн 101/ШШ2016/05036 дугаар шийдвэрээр зээлдэгч нараас 2 зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд 716,868,274.71 төгрөгийг гаргуулах, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийг төлж барагдуулсан, энэ талаар хариуцагч маргаагүй үйл баримт тогтоогджээ.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: ...барьцааны эрх нь тухайн барьцааны эрхийг үүсгэж буй үндсэн шаардах эрхтэй салшгүй холбоотой, ...барьцааны эрхийг үүсгэж буй зээлийн гэрээний үүрэг биелэгдснээр барьцааны эрх дуусгавар болсон тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3.-т зааснаар барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй... гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

9. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

10. Тухайлбал, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч буюу барьцаалагч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1.-д барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болно, 160.3.-т барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

11. Нэхэмжлэгч А.Жаргалмаа өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгч Мон вакуум цонх ХХК, иргэн А.Баясгалан нарын Хас банктай байгуулсан 2013.10.14-ний өдрийн Зээлийн шугамын гэрээ-гээр авсан 80,000,000 төгрөгийн гэрээний үүрэгт барьцаалсан бөгөөд дээрх зээл төлөгдөж дууссан талаар зохигч маргаагүй тул тухайн хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болсон гэж дүгнэн, Хас банк ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

12. Хариуцагч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгдөж дуусаагүй тул барьцааны эрх дуусгавар болоогүй, ...шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон... гэжээ.

 

12.1. ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.04-ний өдрийн 101/ШШ2016/05036 дугаар бүхий шийдвэрийн дагуу маргаж буй хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, ...Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, маргаан бүхий хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, ...тус шүүхийн шийдвэрт заасан төлбөр өнөөдрийг хүртэл бүр төлөгдөөгүй, банкны эрх ашиг хөндөгдсөн хэвээр байгаа тул барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж үзэхгүй... гэжээ.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.-д зааснаар барьцааны эрх нь зөвхөн тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй салшгүй холбоотой салгаж үл болох эрх.

 

Нэхэмжлэгч А.Жаргалмаа өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг 2013.10.14-ний өдрийн 5001017119 дугаартай Зээлийн шугамын гэрээний дагуу олгосон 80,000,000 төгрөгийн гэрээний үүрэгт барьцаалсан тул хариуцагчийн барьцааны эрх дээрх гэрээний үүрэгтэй холбоотой.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/05036 дугаартай шийдвэрээр ...зээлдэгч Мон вакуум цонх ХХК, А.Баясгалан нараас нийт 716,868,274.71 төгрөгийг гаргуулан Хас банкинд олгуулахаар шийдвэрлэхдээ 2013.10.14-ний өдрийн 5001017119 дугаартай Зээлийн шугамын гэрээний дагуу олгосон 80,000,000 төгрөгийн гэрээний үүрэгт 88,847,296.54 төгрөгийг гаргуулахаар, ...нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгагдсан... бөгөөд 2013.10.14-ний өдрийн 5001017119 дугаартай Зээлийн шугамын гэрээний үүрэг дуусгавар болсонтой хариуцагч маргаагүй тул зээлдэгч нарын нийт төлбөрийг барагдуулсны дараа барьцаанаас чөлөөлнө гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

12.2. ...Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасны дагуу 70,200 төгрөгөөр улсын тэмдэгтийн хураамжийг тооцох байтал 80,000,000 төгрөгөөс тооцож байгаа нь үндэслэлгүй... гэжээ.

 

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 557,950 төгрөг төлсөн үндэслэлээр анхан шатны шүүх шийдвэрийн 2 дахь заалтаараа дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.-т хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах, ...-д дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана, 7.1.2.-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг гэж заажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх ба нэхэмжлэгч нь орон сууцыг өөрөө өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд гагцхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэх агуулгатай нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг эд хөрөнгийн бус шаардлага гэж үзэж, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнийг барьцаалагдсан хөрөнгийн зээлийн гэрээний үнийн дүнгээр буюу 80,000,000 төгрөгт тооцож, улсын тэмдэгтийн хураамж төлснийг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамж илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгохоор зохицуулсан тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн илүү төлсөн хураамжийг буцаан олгуулах, хариуцагчаас эд хөрөнгийн бус нэхэмжлэлд тооцох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

13. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 884 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00642 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...60.1., гэсний дараа 58 дугаар зүйлийн 58.1., гэж нэмж, ...7.1.1. гэснийг ...7.1.2. гэж, ...хариуцагчаас 557,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг ...хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 487,750 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос гаргаж, нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, П.Отгонтуул нарын гомдлын заримыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Хас банк ХХК-иас 2020.05.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД