| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 188/2019/1192/Э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | прокурор Д.Нямбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 110
Ц.Дид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Нямбат,
шүүгдэгч Ц.Д,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/1211 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Дийн давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Цын Д, 1989 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:.../,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн 2 жилийн хорих ял болгон өөрчилж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;
Ц.Д нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “...” авто вокзалын гадаа Ж.Сгийн 319.030 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс болон биет 362.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 681.030 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дийн цагдан хоригдсон 36 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Даас 446.030 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Сд олгуулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Д гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэмт үйлдэлдээ маш их гэмшиж, 681.000 төгрөгийн хохирлоос 235.000 төгрөгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг би өөрөө ажил хийж олж өгсөн. 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр энэ хэрэгт холбогдсон. Гэхдээ 2019 оны 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл би “Ганц зам” Төрийн бус байгууллагын байранд амьдарч 2019 оны 4 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл сүмийн байшинг үнэ төлбөргүй барилцан, улмаар цалинтай ажил хийх нөхцөлөөр хангуулан 2019 оны 8 дугаар сараас 10 дугаар сар хүртэл өөрөө хөдөлмөрлөж хохирогчид 235.000 төгрөгийг өгсөн. Намайг хор уршгийн төлбөрийг арилгаагүй гэсэн байсан. Энэ нөхцөл байдлыг ойлгоогүй тул тайлбарлах боломж надад олдоогүй юм. Үлдсэн хохирлыг би өөрөө хөдөлмөр эрхэлж хохирлыг барагдуулах болно. Би хохирлыг бүрэн гүйцэд төлж барагдуулах чин хүсэлтэй, бүрэн итгэлтэй байгааг минь ойшоосонгүй. Намайг оргон зайлсан гэж үзэх нь аргагүй боловч миний зүгээс оргох санаа байгаагүй. Одоо миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгвөл үлдсэн хохирлыг 1 сарын дотор төлж барагдуулна. Мөн дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Ажил хөдөлмөр эрхлэн, нийгэмд хувь нэмэр болно. Иймд оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Ц.Д нь мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан тул хэргийг түдгэлзүүлсэн. Эрэн сурвалжлах ажиллагаагаар олсон. Тэгээд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Ц.Д нь орон гэргүй, архины хамааралтай этгээд юм. Баянхошуунд байрлах “Есүс”-ийн сүмд үнэгүй амьдардаг. Тус сүмээс зуны хугацаанд ажил хийлгэсэн байсан. Тэгээд захиралтай нь холбогдож, түүний цалин болох 235.000 төгрөгийг хохиролд дансаар шилжүүлж өгсөн боловч хохирол бүрэн барагдаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “...” авто вокзалын гадаа Ж.Сгийн 319.030 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс болон биет 362.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 681.030 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ж.Сгийн “...Намайг ачаагаа дүүдээ өгөх үед ардуур ягаан өнгийн хос цүнхний жижиг цүнхийг нь тэр залуу аваад явсныг миний урдаас хараад машинд сууж байсан залуу хэлсэн. ...Цагаан оосортой ягаан өнгийн хар цүнх байсан ба эмэгтэй пүүз, бэлэн 362.000 төгрөг, 4 хайрцаг тамхи, хөөрөг дайлан, гоёлын шармал ээмэг 4 хос, крем, пүдр, цамц, кофены аяга, нүүрний тос, үнэртэй ус зэрэг эд зүйлс байсан...” гэх /хх 6-9/,
шүүгдэгч Ц.Дийн яллагдагчаар өгсөн “...тухайн үед согтуу байсан болохоор болсон үйл явдлын талаар санахгүй байгаа. Камерын бичлэгийг үзээд өөрийгөө хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдсэн. Бичлэг дээрх хүн би мөн” гэх /хх 65/ мэдүүлгүүд,
“Дамно” ХХК”ийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 19-192 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 15/,
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 28/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Мөн түүний бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд тухайн зүйлд зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Дийн гаргасан “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ц.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/1211 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ