Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2025/0714

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Д, Н.У нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Ү

Нэхэмжлэгч: Д.Д, Н.У

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/298, А/307 дугаар тушаалуудын иргэн Д.Д, Н.У нарт холбогдох хэсгийн заалтыг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0645 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 128/2021/0012/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Д, Н.У нар нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/298, А/307 дугаар тушаалуудын иргэн Д.Д, Н.У нарт холбогдох хэсгийн заалтыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0645 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх хүндэтгэн үзэж шалтгаантай эсэхэд дүгнэлт хийгээгүй. 2019 оноос эхэн 2023 оны 01 дүгээр сар хүртэл дэлхий нийтээрээ Ковид-19 цар тахлын нөхцөлд байсан. Үүнээс үүдэн аялал жуулчлалын салбар дэлхий даяар уналтад орсон. Аялал жуулчлалын салбар уналтад орсон учир тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан эсэхэд шүүхээс бодит дүгнэлт хийгээгүй. Үүнд цаг хугацааны хувьд 2 жилийн хугацааг гэрээ байгуулснаас хойш, эсвэл 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу шинэ хууль мөрдөж эхэлсэн хугацаанаас хойших хүртэл хугацааг тоолж буй эсэхэд дүгнэлт хийгээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой Улсын Дээд шүүхийн 2008 оны тайлбар бий. Үүнийг тайлбарлах болсон шалтгаан нь захиргааны байгууллага өөрийн дур зоргын зүгээс 2 жилийн хугацааг тооцон газар эзэмшигчийн эрхэнд халдсан бодит нөхцөл байдал байсан тул Захиргааны хэргийн танхимаас дүгнэлт гарган хуулийн зүйл заалтыг тайлбарласан. Анхан шатын шүүх үүнд дүгнэлт хийлгүй хүндэтгэх үзэж шалтгаан гэдгийг өөрийн үзэмжээр барилга байгууламж бариагүй буюу ашиглаагүй гэж үндэслэн захиргааны актыг хүчин төгөлдөр байна гэж үзсэн нь үндэслэлгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Д, Н.У нар нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/298, А/307 дугаар тушаалуудын иргэн Д.Д, Н.У нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Х”, “У” нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар иргэн Д.Д, Н.У нарт тус бүр 3.0 га газар ашиглах зөвшөөрөл олгож, 2015/641, 2015/642 дугаартай гэрчилгээ олгожээ.

3.2. Мөн сайдын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/574 дүгээр тушаалаар дээрх газруудын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай сунгаж, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас Д.Д, Н.У нартай “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” гэрээ байгуулсан үйл баримтууд тогтоогдож байна.

3.3. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/298, А/307 дугаар тушаалуудаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Д, Н.У нарын газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор энэхүү маргаан үүсжээ.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус заасан.

4.1. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэл, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх ёстой.

4.2. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

5. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрт “... хэрэгт цугласан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газраа зориулалтын дагуу ашиглахын тулд тодорхой, бодитой, идэвхитэй үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдохгүй байна, нэхэмжлэгч нар нь аялал жуулчлалын төслөө хэрэгжүүлэхийн тулд тодорхой бодитой зардал гаргасан баримтууд байхгүй, аялал жуулчлалын баазын зураг төслөө холбогдох байгууллагаар батлуулсан зүйл байхгүй” гэж дүгнэх боловч хэрэгт дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоож нотлосон баримтууд авагдаагүй байна.

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/298, А/307 дугаар тушаалын үндэслэлээ “...Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны саналыг үндэслэсэн, нэхэмжлэгч нар нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь агаар сансрын зураг болон нөхцөл байдлыг тогтоосон ажиллагаа зэргээс тодорхой харагддаг тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн” гэж тайлбарлах боловч газраа зориулалтын дагуу ашигласан эсэх талаарх сансрын зураг болон нөхцөл байдлыг тогттоосон гэх баримт хэрэгт байхгүйгээс гадна санал хүргүүлсэн Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу тайлбар хүргүүлэх тухай” 182 дугаар албан бичигт “... сонсох ажиллагааны тайлбар, түүний дараа ирүүлсэн баримт бичгийг үндэслэн хамгаалалтын захиргаанаас тухайн иргэний газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдээгүй гэж үзсэн” гэснээс үзвэл газар ашиглах эрхийг хүчингүй болгосон үндэслэл бүрдсэн эсэх талаарх хариуцагч болон хамгаалалтын захиргааны байгууллагын тайлбар хоорондоо зөрүүтэй, анхан шатны шүүх энэ талаар тодруулах ажиллагаа хийгээгүй байна.

5.2. Түүнчлэн нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон бөгөөд нэхэмжлэгч нараас уг газар дээр хашаа барьсан, байшингийн торх босгосон, гэр барьж аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байсан гэх фото зургууд хэрэгт өгсөн хэдий ч уг хөрөнгүүд  нь маргаан бүхий газрууд дээр байрлаж байгаа эсэх нь тодорхойгүйн зэрэгцээ хариуцагчаас 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн хугацааг хэдэн оноос эхэлж тооцсон нь тодорхойгүй гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүйтэй холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй, шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага болон тухайн орон нутгийн захиргааны хэргийн шүүхээр дамжуулан даалгавар гүйцэтгүүлэх замаар маргаан бүхий газарт үзлэг хийлгэж бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0645 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ