Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0402

 

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0402

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д ХХК

Хариуцагч:   Улаанбаатар хот дахь Гаалийн газар,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

2. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай шийдвэр, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П, Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д ХХК нь Япон улсаас 2010 онд үйлдвэрлэсэн М20-00******* дугаартай Nissan Vaniette маркийн тусгай зориулалтын бага оврын ачааны автомашиныг дуудлага худалдаагаар авч Монгол Улсад оруулж ирсэн. Гэтэл Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-ийн 2020 оны 03 сарын 05-ны өдрийн шийдвэрт ...Тухайн Nissan Vaniette микро автобусны бичиг баримтыг шалгаж үзэхэд 6 суудалтай гэж заасан байна. 6 суудалтай гэдэг нь үнэн. Nissan Vaniette маркийн микро автобусны БТКС-ын кодыг тодорхойлж өгнө үү.. гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-д барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан системийн тухай олон улсын конвенцийн 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй М20-00******* арлын дугаартай Nissan Vaniette маркийн тусгай зориулалтын бага оврын ачааны автомашин хамаарахгүйг анхаараагүй.

Уг тээврийн хэрэгслийн экспортын гэрчилгээнд машины ангилал нь бага оврын автомашин, машины төрөл нь тахир дутуу хүний тусгай зориулалттай /531/ автомашин хилээр орж ирсэн. Уг тээврийн хэрэгсэл нь даацын нумтай, цонх нь онгойдоггүй, импортлогчид энэхүү төрлийн автомашиныг ачааны автомашины ангиллаар гаалийн бүрдүүлэлт хийдэг. Япон Улсаас экспортлохдоо ч авто машины ангиллаар гаалийн бүрдүүлэлт хийгддэг. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, хиймэл эд эрхтэн, тэдгээрийн анги, гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.12-д зөвхөн тахир дутуу тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүртэй эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө жолоодох, удирдлага нь зөвхөн гар ажиллагаатай, дээрхийн адил бүрэн тоноглогдон үйлдвэрлэгдсэн, тусгай зориулалттай автомашиныг нэг хүнд нэг удаа гаалийн татвар чөлөөлөгдөх бараанд тооцогдохоор байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.1-т 3ахиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасан байдаг. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б нь 2020 оны 03 сарын 05-ны өдөр шийдвэр гаргахдаа
нэхэмжлэгч Д ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарт
мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана, 27.3.1-т сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл тусгахаар заажээ. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.-т заагдсан ажиллагааг хангаагүй. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-ийн 2020 оны 03 сарын 05-ны өдрийн шийдвэр нь Захиргааны өрөнхий хуулийн З7 дугаар зүйлийн 37.1, 4 дүгээр зүйлийн 4.2.6, 43 дугаар зүйлийн 43.1-т тус тус заасанчлан захиргааны актыг сонсох, мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага хариуцах үүргээ биелүүлээгүй. Сүүлд нь гаалийн татвараа төл, суудлын машин байна гэх зэрэг асуудал яригдах үед нь мэдсэн. Дээрх захиргааны актууд нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хурээнд гадагш чиглэсэн, эрх зуйн үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр гэж үзэж байна.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн Б.А болон Д ХХК-ийн зүгээс
гомдлыг Гаалийн ерөнхий газраас хянан шийдвэрлэхдээ Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж татгалзсан хариуг албан бичгээр өгсөнд гомдолтой байна.
Учир нь барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан системийн тухай олон улсын конвенцийн 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашинд М20-00******* арлын дугаартай Nissan Vaniette маркийн тусгай зориулалтын бага оврын ачааны автомашин хамаарахгүй. Гэтэл Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-2/1634 дүгээр албан бичгээр хууль бус захиргааны актыг хүчингүй болгохын оронд хэвээр үлдээсэн тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээрх ачааны автомашинтай адилхан даацын нум, кузов бүхий 500 орчим автомашин Монголд импортлогдож, ачааны автомашинд хамаарах үндэслэлээр онцгой албан татвар төлөгдөөгүй байхад зөвхөн нэхэмжлэгч миний импортолсон тээврийн хэрэгслийг суудлын автомашинд хамааруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Гаалийн бүрдүүлэлт Д ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн, Япон Улсаас Nissan Vaniette маркийн автомашиныг гаалиар оруулж ирэхдээ иргэн Б.А-ийн нэр дээр дээрх автомашин орж ирсэн. Дээрх хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч Б.А миний Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан өмчлөх эрх зөрчигдөж, Япон улсаас худалдан авсан ачааны автомашин одоог хүртэл гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй, бусдад худалдан борлуулж, бизнесийн үйл ажиллагаа эрхэлж чадахгүй өнөөдрийг хүрлээ.

... Дэлхийн улс оронд өндөр үнэтэй суудлын авто машиныг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэрэглэх тухай төсөв байхгүй. Ачааны машиныг тоноглож тусгай зориулалтын дагуу болгож хөгжлийн бэрхшээлтэй болгохоор томилсон байгаа. Үүн дээр миний машинтай ижилхэн зөндөө олон машин байгаа. Яг миний машинтай ижилхэн 500 болон түүнээс дээш байна.

... Бүрдүүлэлтийн албан нь яг энэ машинууд ачааны машин мөн байна гэсэн. Үйлдвэрлэлт нь ачааны машин учир бүрдүүлэлт хийхээр болоод журмын дагуу бүрдүүлэлт хийсэн. н.Б гэх байцаагчийн тухайд бүрдүүлэлт хяналт гэж хоёр зүйлээр дамжих ёстой. Бүрдүүлэлт нь зөвшөөрөөд хяналт нь бол зөвшөөрөөгүй. Энэ авто машин бол суудлын авто машин гэсэн байгаа. н.Б болон дарга нар нь суудлын авто машин гэж үзсэн. н.А даргатай 14 удаа утсаар ярьж цаг авах тухай гуйсан. Харамсалтай нь үгүй гэж хэлсэн.

... Олон улсын стандартыг тухайн компанийн инженерүүд ярьдаг болохоос нэг газраас нөгөө газар луу зөөх хориотой байгаа. Албан ёсоор Гаалийн ерөнхий газар шүүхэд бичгээр явуулах буюу өгөх боломжтой. Энэ төрлийн машинтай адилхан яг ижилхэн татвар төлсөн машин байна уу? гэхэд уучлаарай ганц ч төлөөгүй. Улмаар бусад машин татвар төлсөн үү гэдэг зүйл байна. Шударга байсан тул хохино гэсэн байгаа

... Иймд нэхэмжпэгч Д ХХК-ийн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-н 2021 оны
0З сарын 05-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2020 оны 04 сарын 17-ны өдрийн гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай шийдвэр, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож,
хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын даргын 2020 оны 04 сарын 29-ны өдрийн 02-2/1634 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү. Гаалийн ерөнхий газрыг хариуцагчаар татахаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн ерөнхий тухай хуульд мэдүүлэгч гэж гаалийн байгууллагад бараа тээврийн хэрэгсэл зэргийг мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгч компани гаалийн байгууллагад тусгай хамгаалалттай машинаар бүртгэгдсэн байгаа. Улмаар ачааны машин гэж мэдүүлсэн. Ачааны машин мөн биш үү гэдгийг хянаж шалгаад тодруулах шаардлагатай үндсэн дээр тодруулаад явсан. Ингээд машиныг үзэхэд авто машин 6 хүний суудалтай байгаа. Суудал бүр зорчигчийн тав тухыг хангасан байсан. Арын хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй хүн буудаг хэсэгтэй байгаа. Тээврийн хэрэгсэл нь дотроо нэг салонтой. Жолооч болон ачааны хэсэг хоёр хоорондоо адилхан. Арын хаалга нь гүйж онгойгоод хоёулаа шилэн цонхтой. Арын хаалга нь болохоор өргөж онгойдог мөн шилэн цонхтой. Салон хэсэг нь гэрэлтүүлэгч болон агааржуулагчтай байна гэж тодорхойлсон байгаа. Хүн тээвэрлэх болон ачаа ачих нэг бүхээгтэй авто машиныг суудлын авто машин гэнэ гэж Улсын Дээд шүүхийн тайлбар бий. Ачаа тээвэрлэхээс илүү хүн суух зориулалттай байгаа. Мөн машинд хаалт ерөөсөө байхгүй. Цонх нь шилэн биш төмөр байх ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй байсан. Улмаар ачаа биш суудлын авто машин байгаа. Дүгнэлтийн тухайд онцгой албан татвартай машин мөн байна гэж гаргасан. Мэдүүлэгчийн талаар хуульд тодорхой заасан. Мэдүүлэгч нь гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх ёстой. Эрх үүргийн дагуу анхнаасаа мэдүүлгээ мэдүүлээгүй. Машин бол 6 хүний суудалтай. Анхнаасаа зөв буруу талаар гаалийн хуулиа бариад машин мөн, биш гэдгийг хараад явах ёстой. 38.1.12-д зөвхөн тахир дутуу тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүртэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө жолоодох, удирдлага нь зөвхөн гар ажиллагаатай, дээрхийн адил бүрэн тоноглогдон үйлдвэрлэгдсэн, тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа байна гэж заасан. Жолоочоос гадна 5 хүний суудалтай машин байгаа. Бүхээг болон зорчигч ачаа ачих төхөөрөмж нар нь тусдаа юм. Хүн суух машин нь тусдаа тэвштэй байгаа. Вандан сандал огт байхгүй. Урт нарийхан сандлыг вандан сандал гэдэг. 6 хүний дундаж ачаа арай давамгайлж байгаа. Энэ бол үзүүлэлт байгаа. Салондоо агааржуулагчгүй. Хэрвээ агааржуулагчтай гэж бичих юм бол онцгой татвар төлнө гэдгийг мэдэж байгаа. Гаалийн мэдүүлэгчийн тухай хуульд болохоор бараа шалгах, тоолох бүрэн эрхтэй гэж заасан. Мөн орчуулгын товчоог буруу гаргасан нь энэ хүний санаатай үйлдэл юм гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машины тухайд А загварын Монгол Улсад нэлээн их орж ирдэг хуучин машин юм. Дотроо суудлын болон ачааны машины гэсэн хосолмол загвартай байгаа. Хосолмол загвартай машиныг яг аль нь вэ? гэдгийг тодорхойлохын тулд маш их ажил хийсэн. Улсын Дээд шүүхийн тайлбар хүртэл гарсан байдаг. Барааг тодорхойлох, кодлох, уялдуулах системийн дагуу бүх улс оронд энэ маргаан байгаа. Онцгой албан татвар төлөх үү? Ачааны машины уу? гэдгийг тодорхойлохын тулд конвенцийн тайлбараас хараад нотолж байгаа. Тахир дутуу хүний машин мөн адил конвенцийн дагуу харахад суудлын авто машин гэж байгаа. Сүүлд машиныг тоноглоод янзлаад ирсэн байж болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Д ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаартай мэдүүлгээр Япон улсаас импортолсон Ниссан Ванетте/Nissan Vanette/ маркийн автомашиныг Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан систем/цаашид БТКУС гэх/-ийн 87.04.31.00 кодод хамаарах ачааны автомашины ангиллаар хилээр нэвтрүүлэхээр мэдүүлжээ[1][1].

Уг барааны гаалийн бүрдүүлэлтийн явцад гаалийн улсын байцаагч Б.Б нь уг автомашинд үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн ...Ниссан ванетте маркийн микро автобусны БТКУС-ын кодыг тодорхойлуулахаар Улаанбаатар хотын гаалийн газарт хүргүүлсний дагуу тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарны 17-ны өдрийн Гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай шийдвэр-ээр Монгол Улсын нэгдэн орсон Барааг тодорхойлох, кодлуулах, уялдсан системийн тухай 1983 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн олон улсын конвенц, БТКУС-ийн тайлбар бичгийн автомашины шол зориулалт, дотоод тоноглолд үндэслэн зүйл 87.03-ын Хөнгөн тэрэг, гол төлөв хүн тээвэрлэх зориулалтаар зохион бүтээгдсэн тээврийн хэрэгсэл гарчигт хамаарах хүн ба ачаа аль алиныг тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгт тээврийн хэрэгсэл болохыг тодорхойлов, гаалийн улсын байцаагч Б.Б-ийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдвэрлэжээ[2][2].

Дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдлыг хянаад Гаалийн ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-2/1634 тоот албан бичгээр ... уг тээврийн хэрэгслийг ачааны автомашин гэх үндэслэлгүй байна. ...Улаанбаатар хотын гаалийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахаас татгалзаж байна гэсэн хариуг өгсөн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч Ниссан ванеттэ маркийн автомашин нь конвенцийн 87.03.00 ангиллын хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашинд хамаарахгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр тээвэрлэхэд зориулалт бүхий ачааны хэсэгтэй тул БТКУС-ийн 8704 ангиллаар мэдүүлсэн нь хууль зөрчөөгүй гэх агуулгаар маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас мэдүүлэгч нь гаальд үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд барааг Улсын Дээд Шүүхийн тайлбарын дагуу Монгол улсын нэгдэн орсон конвенцийн 8703 ангиллаар мэдүүлэхийг шаардсан нь хууль тогтоомжид нийцсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн газрын даргад холбогдуулж Гаалийн ерөнхий газрын гаалийн бүрдүүлэлтийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-2/1634 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж байгаагаа бичсэн байх боловч шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа-г гаалийн бүрдүүлэлт гэж тодорхойлсон байх ба мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар гаалийн улсын байцаагч нь  гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх эрхтэй байна.

Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-с 2020 оны 03 дугаар сарын 05-ны гаалийн хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгсэлд өдөр үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн тээврийн хэрэгслийн ангиллын кодыг тодорхойлуулахаар шилжүүлсэн шийдвэр нь хуулийн дээрх зохицуулалтад заасан гаалийн бүрдүүлэлт, хяналтын үйл ажиллагааны нэг хэсэг гэж үзэхээр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан захиргааны актад хамаарахгүй.

Учир нь гаалийн улсын байцаагч Б.Б нь энэхүү тэмдэглэлээр нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхүйц аливаа шийдвэрийг гаргаагүй, зөвхөн тээврийн хэрэгслийн гадаад харагдах байдал, тоноглолуудыг үзэж тэмдэглэсэн, улмаар БТКУС-ын аль ангилалд хамаарах талаар шийдвэр гаргуулахаар эрх бүхий этгээдэд шилжүүлсэн байх тул уг тэмдэглэлээр гаргасан хүсэлтийг захирамжилсан агуулгагүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-н 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Улаанбаатар хотын Гаалийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарны 17-ны өдрийн Гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай шийдвэр нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаалийн хилээр нэвтрүүлэхээр мэдүүлсэн Ниссан Ванетте маркийн автомашиныг БТКУС-ийн 87.03 кодод хамаарах тээврийн хэрэгсэл болохыг тодорхойлсноороо нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд мэдүүлгийн кодоо өөрчлөх, улмаар татвар нэмж төлөх эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн захирамжилсан шинжтэй захиргааны акт байна.

Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т суудлын автомашинд онцгой албан татвар ногдуулахаар заасан байх ба уг заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд Шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар тогтоолд Суудлын автомашин гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон Барааг тодорхойлох, кодлуулах уялдсан системийн тухай 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон Улсын конвенцийн 8703 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно. Түүнчлэн автомашины үндсэн онцлог шинжийг хадгалж буй бүрэн бус суудлын автомашин болон суудлын автомашины анхны зориулалтыг өөрчилсөн тээврийн хэрэгсэл мөн үүнд хамаарна гэж тайлбарлажээ.

Барааг тодорхойлох, кодлуулах уялдсан системийн тухай 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон Улсын конвенцийн 87.03 ангилал нь Хөнгөн тэрэг, гол төлөв хүн тээвэрлэх зориулалтаар зохион бүтээгдсэн бусад моторт тээврийн хэрэгсэл (Зүйл 87.02-т зааснаас бусад), авто-фургон болон уралдааны автомашин гэсэн гарчигтай байх ба 8703.22 кодод цилиндрийн багтаамж нь 1000см3-аас их боловч 1500см3-аас ихгүй суудлын автомашин хамаарахаар заажээ[3][3].

Конвенцийн 87.02 кодод 10 буюу түүнээс дээш хүн тээвэрлэх зориулалттай моторт тээврийг хэрэгсэл хамаарч байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаалийн хилээр нэвтрүүлэхээр мэдүүлсэн Ниссан ванетте маркийн автомашин нь бага оврын, нэг бүхээгтэй, нийт 6/жолоочийн хэсэгт 2, бүхээгийн хэсэгт 4/ хүний хүний суудалтайгаар үйлдвэрлэгдсэн болох нь гаалийн улсын байцаагчийн хийсэн үзлэг болон экспортын гэрчилгээнд бичигдсэнээр[4][4] тогтоогджээ.

Дээрхээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллагаас уг тээврийн хэрэгслийг БТКУС-ын 8703.70 ангилалд хамаарах, улмаар онцгой албан татвар ногдох суудлын автомашин гэж тодорхойлсныг буруутгах боломжгүй байна.

Учир нь уг тээврийн хэрэгсэл нь бодит байдал дээрээ нэг бүхээгтэй, жолоочийн болон бүхээгийн хэсэгт тус бүр 2 суудалтай байх боловч урд хэсэгтээ жолооч болон зорчигч, бүхээгийн хэсэгтээ 4 хүртэлх зорчигч, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэргэнцрийг тээвэрлэх боломжтойгоор, салхины шилтэй, бүхээгтээ агааржуулагчтайгаар үйлдвэрлэгдсэн байх тул уг тээврийн хэрэгслийг анхнаасаа хүн тээвэрлэх зориулалтаар үйлдвэрлэгдсэн гэж үзэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг автомашиныг 6 хүртэл хүний суудалтайгаар үйлдвэрлэгдсэн, бүхээгийн 2 суудлыг авсан тухайгаа хүлээн зөвшөөрөх атлаа ...Амьдрал практикийн зүйл ярьж байна. 6 хүний суудалтай гээд бичихэд хориглох зүйл байхгүй. Хойноо 4, урдаа 2 суудалтай, ... бодит байдлаар урьд нь хоёр хүн, бусад нь хөгжлийн бэрхшээлтэй хүн суухаар байгаа, ... бүхээгийн бүх суудлыг авахаар замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл өгөх эсэх нь эргэлзээтэй гэх зэргээр зөрүүтэй тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн суудлын автомашин биш байтал онцгой албан татвар төлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Барааг тодорхойлох, кодлуулах уялдсан системийн тухай 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон Улсын конвенцийн Ачаа бараа тээвэрлэх моторт тээврийн хэрэгсэл гэсэн гарчигтай 87.04 кодод хамаарах ачааны машин юм гэж маргах боловч Д ХХК-ийн гаалийн хилээр нэвтрүүлэхээр мэдүүлсэн Ниссан Ванетте загварын автомашин нь Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтыг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн тайлбарын ... суудлын автомашины анхны зориулалтыг өөрчилсөн тээврийн хэрэгсэл мөн үүнд хамаарна гэсэн хэсэгт хамаарч болохоор байх тул ачааны автомашин гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, Ниссан Ванетте маркийн Ван загвар/нэгдмэл нэг бүхээгтэй/-ын автомашины бүхээгийн хэсгийн суудлуудыг авсан тохиолдолд, тухайлбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан хэрэглэгчийн хүсэл зоригоос хамааран 2, 4 хүний суудалтайгаар хэрэглэх, эсхүл ачаа ачих зориулалтаар ч ашиглаж болохоор байх боловч уг машиныг үйлдвэрлэгч анхнаасаа 6 хүртэл хүний суудлын автомашины зориулалтаар үйлдвэрлэсэн гэж үзэхээр байх тул суудал авсан тохиолдолд зориулалтыг нь өөрчилсөн суудлын автомашинд тооцогдоно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ачааны машины дэлхийн стандартын дагуу уг машин нь ачааны автомашинд тооцогдоно гэх боловч Олон улсын стандартыг тухайн компанийн инженерүүд ярьдаг болохоос нэг газраас нөгөө газар луу зөөх хориотой байгаа гэж өмнөх тайлбараа үгүйсгэсэн, мөн олон улсын болон Монгол Улсын хэмжээнд мөрдүүлэхээр тогтоосон тодорхой стандарт, баримт бичгийн нэр огноо, нэр зааж тайлбарласангүй.

Иймд нэхэмжлэгчийн ачааны автомашин гэж үзнэ гэсэн тайлбарыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.12-т зөвхөн тахир дутуу тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүртэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө жолоодох, удирдлага нь зөвхөн гар ажиллагаатай, дээрхийн адил бүрэн тоноглогдон үйлдвэрлэгдсэн, тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа гаалийн татвараас чөлөөлөхөөр заажээ.

Ниссан Ванетте маркийн автомашины экспортын гэрчилгээнд автомашины зориулалтыг тусгай гэж тэмдэглэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс суудлын автомашин л биш гэх нэг үндэслэлээ хуулийн дээрх зохицуулалтад үндэслэн анхнаасаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний тээвэрлэхэд зориулсан тоноглолтой, үүнийг илэрхийлсэн тэмдэглэгээтэй гэж тайлбарлах боловч хэн гэдэг иргэнд зориулж импортолсон талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүйн дээр, гаалийн мэдүүлэгт анхнаасаа энэ агуулгаар мэдүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлдээ бусдад худалдан борлуулж, бизнесийн үйл ажиллагаа эрхэлж чадахгүйгээр өмчлөх эрх зөрчигдсөн гэж бичсэн болон хуулийн дээрх зохицуулалт нь тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа гаалийн татвараас чөлөөлөх агуулгатай байх тул бусдад худалдах зорилгоор импортолсон тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх гаалийн бүрдүүлэлтэд хэрэглэхгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-иас Улаанбаатар хотын Гаалийн газарт холбогдуулан гаргасан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай шийдвэр, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан Д ХХК-иас Улаанбаатар хотын Гаалийн газарт холбогдуулан гаргасан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-н 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ