Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 899

 

 

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/00899

 

 

Д.Н-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/00270 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Ц-д холбогдох,

 

Хамтран ажилласан болохыг тогтоолгож, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон 1.595.639.592 төгрөгийн ашгийн 50 хувь болох 797.819.796 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Н-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Хишигсүрэн, Б.Минжүүрдорж

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Энхчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1997 оноос Говь-Алтай аймгийн захаас өлөн авч Улаанбаатар хотын Буянт эх компанид худалддаг байсан. Тэр үед М.Ц- нь хөлсний хүн ажиллуулах боломжгүй байсан, бид 2000 оноос хамтарч эхэлсэн. Би Улаанбаатар хотын цайз зах шиг түүхий эдийн склад барихаар санаа гаргаж, бид 2002 онд түүхий эдийн склад барьж өөрсдийн ажлын байртай болсон. н.Сүхбаатар газрын бичиг хөөцөлдсөн тул түүний нэр дээр гэрчилгээ нь гарсан гэж М.Ц- хэлж байсан.

2003 оноос эхлээд Говь-Алтайн Хаан банкинд М.Ц-д харилцах данс нээгээд түүхий эдийн мөнгө хийдэг болсон. Би хятадуудтай танил байсан тул 2003 оноос хойш нэг ч удаа алдагдалд орж байгаагүй. М.Ц- энэ бизнест мөнгө оруулаагүй ба түүхий эд ав гээд мөнгө явуулж байсан тул Цэнгэлмаа тооцоо барьж, би бараагаа борлуулдаг байсан. 2005 оноос Сүхбаатарыг түүхий эдийн агуулахад сард 500.000 төгрөгийг цалин өгөхөөр болоод ажилд авсан. 2005 онд М.Ц- элэгний цирроз өвчтэй болсон тул би хамт амьдарч байсан ба Бээжингийн цэргийн эмнэлэг рүү 2 удаа эмчилгээнд явуулсан. Бээжин явахад М.Ц- нь манай Сүхээ ах түүхий эдийн складад зогсоод арьс нэхий аваад зогсож байг гэхэд би зөвшөөрч, ахад нь складаа үлдээж байсан. 2005 онд дансандаа ахыгаа хамтран эзэмшигч болгосон байсан. Сүхбаатар бол энэ бизнест нэг ч төгрөг оруулаагүй.

М.Ц-гийн 2003 оны дансны хуулгыг харахад надаас болон Д.Алтангэрэлээс мөнгө байнга шилжүүлж байсан нь харагдах бөгөөд уг мөнгөөр түүхий эдийн бизнес хийж байсан. 2003 онд М.Ц- байшинд амьдарч байсан. Манай аавын найз жолооч ах байраа зарна гэхээр нь би асууж сураглаж байгаад тэр байрыг авч өгсөн. М.Ц-гийн ээж нь нас барж, аав нь гэрт амьдардаг байсан тул түүнд байр авч өгч байсан. Тэгээд М.Ц-гийн ах н.Сүхбаатарт бас 2005 оны 05 дугаар сарын 06-нд байр авч өгсөн. Би 2007 онд Жуковт байр авсан, М.Ц-д түүхий эдийн мөнгийг явуулдаг болж эхэлсэн. Тэгээд 2007 онд түүхий эдийн мөнгөнөөс 77.0 сая төгрөгөөр Ланд 105 машин авсан. М.Ц-гийн охинд Кристал таунд байр авч, 2010 онд 27.0 сая төгрөгөөр Ниссан дуалис гэсэн машин авч өгсөн. 2013 онд түүхий эдийн “Өгөөж” төвд дахиад өөр түүхий эдийн газар барих гэж байхаар нь 5.0 сая төгрөгөөр худалдаж аваад, Танан Алтай төвийг барьсан. Тэгээд намайг хотод байхад мөн ахтайгаа нийлээд хамтран гэрчилгээ гаргуулсан байсан. н.Сүхбаатар нь газрын албанд таньдаг хүнтэй гэж хөөцөлдөж байгаад тус газарт үйлчилгээний зориулалтаар барилга барихаар авсан тул 2013 оны 04 сард үйлчилгээний барилга барьсан.

2010 онд “Кашмер холдинг” ХХК-д ноолуур зараад тэр мөнгөнөөс 2010 онд Кристал таунд 4 өрөө байрыг шилжүүлж авсан байдаг. Мөн л миний хийсэн мөнгөнөөс авсан байдаг. 2010 онд Эмээлтэд түүхий эдийн агуулах авахаар болж, би 46.800.000 төгрөг өгч, миний нэр дээр шилжүүлэх гэхэд байгууллагын үл хөдлөхийн хурлын протокол байхгүй тул танд шилжүүлж болохгүй гэсэн. 2013 онд М.Ц- надтай тус агуулахыг булаацалдаад надтай муудалцаж намайг цохиж гэмтэл учруулсан тул цагдаад өгсөн. М.Ц-гийн гуйснаар эрүүгийн гомдлоо буцааж авсан. Бид хамтарч ажиллах хэвээрээ гэж бодож байтал мөнгөнөөс болоод дахин маргаан гарч, шүүх цагдаагийн байгууллагаар явж эхэлсэн.

Эмээлтэд ойрхон 5 шард байр авахаар болоод засвар хийж байтал хэрүүл зодоон болонгуут дүүгээ оруулаад луйвардаад авсан. Одоо дүү нь амьдарч байгаа. Би М.Ц-д өөрийн нэр дээрх гар утасны дугаарыг 10 гаруй жил хэрэглүүлсэн ба дугаарыг сольж барьж байсан тухай шүүхийн шийдвэрт дурдсан байдаг. Мөн аймгийн ченжээс гэрчийн мэдүүлэг авуулсан.

2003 оны М.Ц-гийн дансны хуулгаас анх ямар байсан талаар харагдана. Говь-Алтай аймгаас мах оруулж ирж зарсан ашиг энд ороогүй байгаа. Надаас М.Ц-д 2013 он хүртэл хэдэн төгрөг шилжсэн талаар Монгол банкны шинжээчээр дүгнэлт гаргуулахад 4.222.000.000 гэж байсан. 2003 онд Цэнгэлмаад 5315055243 тоот харилцах дансыг анх нээсэн, 2005 онд 5515045149 гэж хугацаагүй хадгаламжийн данс болгосон.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 797.819.796 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1993 оноос бизнес эрхэлж, 1993-1995 онд ганзагийн наймаанд явж байгаад 1995 оноос гурилын наймаа хийсэн. Би 1995 оны дундаас түүхий эд авч, худалддаг байсан ба 1998 оны 12 сард Д.Н-тэй танилцаж байсан. Тухайн үед би Д.Н-д 3.0 сая төгрөг өгч, Д.Н- өлөн аваад Улаанбаатар хотод ирээд “Буян тэч” ХХК-нд авчирч өгсөн. Тэгэхэд 1.500.000 төгрөгийн ашиг олсон байсан. Ингээд би Говь-Алтай аймаг буцсан. Түүнээс хойш хамтраагүй байж байтал Д.Н- 1999 онд ажил хайж ирсэн ба тухайн үед н.Тодгэрэл ажиллаж байсан. Эхлээд Д.Н-д түүхий эд өгч явуулахгүй, би дандаа цуг явдаг байсан. Эмээлтэд хүний бэлтгэсэн ачааг буулгахыг мэдэхээс яаж бэлтгэх, яаж мөнгө болгодог талаар Д.Н- юу ч мэдэхгүй.

Ингээд 1993 оноос хойш ганзгын наймаа хийж, 1998 онд амьдрал дээшилж байсан. Д.Н- бол түүхий эд хэдэн төгрөгөөр авдаг, хэрхэн бэлдэж ачуулдаг талаар огт мэдэхгүй, одоо ч түүхий эд хэрхэн авдаг талаар мэдэхгүй. Тэгээд намайг түүхий эд өгөх гээд явахад хамт явья гээд дагаад явдаг байсан. Хятадууд анх данс гэж байхгүй бүх мөнгөө бэлэн өгдөг байсан. Тэр түүхий эдийн мөнгийг нэг хоёр хоногтоо өгөхгүй байх тул Д.Алтангэрэл ахад нь та аваад шилжүүлчээрэй гэж захиж үлдээж байсан. Тухайн үед миний мөнгийг араас шилжүүлж явуулж байсан.

Би Бээжинд эмчилгээ хийлгэхэд Д.Н- хамт явж 10.0 сая төгрөг хамт үрсэн. Би Д.Н-н хүүхдүүдийг багаас нь мэдэх тул том охиныг нь анагаахад сургасан. Би байрандаа Д.Н-г 1999 оны намар оруулж байсан боловч бичиг баримт нь сүүлд нь нэр шилжсэн. Мөн тэр складыг Д.Н- бариулаагүй. Бас байр авч өгсөн л гэх юм, тийм юм бол надад биш өөрийн ах, эгч нарт авч өгөхгүй яасан юм. 5 шард байр авсан гэж байна. Манай дүү байр аваад бид хамтдаа Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөхөөр цуг явж байсан. Намайг Кристал таунд байр авахад мөн л дагаад явж байсан.

 2002 оноос 15 удаагийн 1.0 тэрбум гаруй зээлийг Хаан банкнаас би авч 64.0 сая төгрөгийг хүүнд төлсөн. Энэ хүүнээс Д.Н- нэг ч төгрөг төлж байгаагүй. Энэ мөнгөнд Д.Н-гийн хөрөнгө гэж нэг ч төгрөг байхгүй. Ашиг л яриад байна, зарлага бас гардаг. Хаан банкны тэрбум төгрөг 11 жил эргэлдсэн. н.Ариунболд, н.Дарьсүрэн нарын мөнгө эргэлдэж би хөл дээрээ босож мөнгө олсон.

Миний дансны хуулганд хэдэн зуун өөр хүний мөнгө төгрөг, банкны мөнгө орж гарсан байхад тэр мөнгийн орлого, ашиг гээд тал нь минийх гэж хэлж байна. Намайг байж байгаад нэг Улаанбаатарт ирэхэд Д.Н-н бөөн өр л угтдаг байсан. Д.Н- надад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй, барьцаанд юм тавьж үзээгүй, татвар, цалин хөлсийг төлж үзээгүй. Тиймээс би энэ нэхээд байгаа мөнгийг огт хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Н-н хариуцагч М.Ц-тай хамтран ажилласан болохыг тогтоолгож, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон 1.595.639.592 төгрөгийн ашгийн 50 хувь 797.819.796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 320.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Н-гээс нөхөн гаргуулж шинжээч Монголбанкинд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.139.325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 128.418 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч Д.Н-гээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Нэхэмжлэл гаргаад үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх хүсэлт гаргасныг шүүгч хангаж захирамж гаргасан. Гэтэл хуулийн хугацаа дууссан байхад хариуцагч захирамжид гомдол гарган хүчингүй болгуулсан. Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарт нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй. Түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй /6хх 203/. Монгол банкны шинжээчид эрх, үүрэг тайлбарлахдаа зөвхөн нэг л шинжээчид тайлбарласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний нотлох баримтаар өгсөн бичлэг /CD/ хэрэгт аваагдаагүй. Хэргийн 3 хавтасны 77 талд авагдсан Д.Н-н дансны хуулгыг гаргуулах захирамж хэрэгт авагдаагүй. Шүүгч н.Оюунтуяа нь гэрч асуух асуултыг эсрэг талын өмгөөлөгч Х.Энхзаяатай хамт бэлдэж байсан. Шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлт, Д.Н-н дансны хуулга, гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлээгүй. Шүүх хуралдааны эхний өдөр нотлох баримт шинжлэн судлах шатанд хурал завсарлахаас өмнө “маргааш шүүх хуралдаан үргэлжилж, таны хувийн тэмдэглэлийг шинжлэн судална” гэсэн боловч судлаагүй. Шийдвэр гарахаас өмнө зөвлөлдөж байхад хариуцагчийн өмгөөлөгч 2 удаа дээд давхар луу гарч  шүүгчтэй уулзаж байсан нь шүүгчид нөлөөлсөн гэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч тал хамтран ажиллаж байснаа нотолж, олсон ашиг тодорхойлсон бүртгэл хөтөлсөн хувийн тэмдэглэлүүд, М.Ц-гийн дансны хуулга, Д.Н-н дансны хуулга, болон бусад баримт материалыг гаргаж өгсөн ба шүүх хуралдаанар хэлэлцүүлсэн. Хариуцагч тал татгалзалаа нотолсон ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Хариуцагч нэхэмжлэгчийн дансанд 2005 оны 08 дугаар сарын 08-нд 2.000.000 төгрөг, 2005 оны 09 дүгээр сарын 01-нд 20.000.000 төгрөг, 2007 оны 04 дүгээр сарын 12-д 300.000 төгрөг, 2007 оны 08 дугаар сарын 25-нд 5.000.000 төгрөг, нийт 27.300.000 төгрөг шилжүүлсэн боловч ямар зориулалтаар шилжүүлсэнээ нотлоогүй юм. Гэтэл шүүх хариуцагч нэхэмжлэгчийн ажлын хөлс, урамшуулалд 446.352.500 төгрөгийн эд хөрөнгө, мөнгө өгсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч хамтын үйл ажиллагааны ашиг байсан гэж тайлбарласан мэтээр гуйвуулсан байх ба хариуцагч 446.352.500 төгрөгийн эд хөрөнгө, мөнгийг өгсөн нь баримтаар нотлогдоогүй. Хурлын тэмдэглэлд энэ талаар бичигдээгүй болно.

Нэхэмжлэгч Д.Н-, хариуцагч М.Ц-тай 2003-2013 оны 8 дугаар сар хүртэлхи хугацаанд үйл ажиллагаагаа нэгтгэн хамтран ажиллаж байсан ба 2 дугаар хавтаст хэргийн 89,91,97-108,110,114-115 дахь талд авагдсан үл хөдлөх хөрөнгүүд нь 2002-2013 оны 08 дугаар сарын хооронд буюу нэхэмжлэгч хариуцагчийг хамтран ажиллаж байх хугацаанд бий болсон хөрөнгө бөгөөд нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээний үр шим болсон үл хөдлөх болон эд хөдлөх хөрөнгүүдийг ийнхүү дур мэдэн захиран зарцуулсаныг шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч М.Ц-гийн нэр дээр байх хамтын бизнесийн орлогоо бүртгэх зорилго бүхий Хаан банкны 5315091441, 531055243 тоот дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулж хэрэгтэй танилцахдаа мэдсэн байдаг. Нэхэмжлэгч Д.Н- дээрхи шалтгааны улмаас хөрөнгүүдийг дундын өмчлөлд бүртгэхийг, өөрийн нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй явдал нь нэхэмжлэгчийг хариуцагчтай хувь хураамжаа нэгтгэж, ашиг олох зорилгоор хамтран ажилласан гэж үзэх үндэслэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч, хариуцагч нар ажил үүргийн хуваарийг шүүх хуралдаанд тайлбарласан, нэхэмжлэгч мөнгө санхүү, борлуулалт хариуцдаг тухай нотлох баримтууд болох энгийн бүртгэлийн дэвтэр, мөн “Ханбогд Кашимер" ХХК, "Эм Ди Си Пи" ХХК БНХАУ-ийн иргэдээс олгож байсан мөнгө Д.Н-н харилцах дансанд орж байсан баримтуудыг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч М.Ц- нь Д.Н-н дансанд мөнгө шилжүүлж байсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх талууд харилцан мөнгө шилжүүлж байсан, нэхэмжлэгч өөрийн дансаар болон бэлнээр хариуцагчид байнга мөнгө шилжүүлдэг байсан явдал нь зохигчийг хамтран ажиллаж байсныг шууд илэрхийлэх нотлох баримт болохгүй юм гэж үзсэн байна. Гэтэл "Дабль аксиом аудит " ХХК хараат бус аудиторын тайланд Д.Н-гээс М.Ц-гийн ХААН банкны 531505243, 5315091441 тоот дансанд 2003-2013.8.23 өдөр хүртэл 19.084.628.200 төгрөгийн орлого шилжүүлсэн болохыг тогтоосон байдаг. Хамтран ажиллаж байгаагүй бол энэ уг орлогыг шилжүүлэхгүй байсан.

2013.10.31 гэсэн М.Ц-гийн гар бичмэл, Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаах тасагт М.Ц-гийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгүүдийг шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримт, тайлбарууд нэхэмжлэгч, хариуцагч нар 2003-2013 оны 08 дугаар сарын хооронд зохигч хамт ажиллаж байсныг нотолсон баримтууд ба хариуцагч үүнийг эсэргүүцээгүй гэж шүүх дүгнэсэн боловч энэхүү хамтын ажиллагаа нь хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээний харилцаанаас өөр, хуульд заасан хамтран ажиллах гэрээний шинжтэйгээр хамтын үйл ажиллагааг 10 жил явуулж байснаа нэхэмжлэгч нотлоогүй гэж шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсгийн заалт нь хамтран ажиллах гэрээг бичгээр хийсэн нөхцөлд хамаарах байхад уг заалтыг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй.  

Шүүхийн шийдвэр бүхэлдээ эргэлзээтэй, бодит байдалд нийцээгүй, нэг талаас нэхэмжлэгчийг хариуцагчтай хамтран ажилласан нь нотлогдоогүй, нөгөө талаас хамтран ажилласан нотлогдож байна, шийдвэрийн төгсгөл хэсэгт хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээний харилцаанаас өөр, хуульд заасан хамтран ажиллах гэрээний шинжтэйгээр хамтын үйл ажиллагааг 10 жил явуулж байснаа нэхэмжлэгч нотлоогүй гэж гурван өөр байдлаар хууль зүйн дүгнэлт гаргасан.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 50 000 000 төгрөгийн хэмжээнд хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч М.Ц-д холбогдуулан хамтран ажилласан болохыг тогтоолгох, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон 1.595.639.592 төгрөгийн ашгийн 50 хувь болох 797.819.796 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Д.Алтангэрэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 118785 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, Д.Алтангэрэлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулжээ. /2хх 243 дахь тал/

 

Д.Алтангэрэл нь 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай итгэмжлэлийг Б.Минжүүрдоржид олгосны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулжээ. /2хх 239, 246 дахь тал/

 

            Гуравдагч этгээд Д.Алтангэрэл нь бие даасан шаардлага гаргаагүй боловч хэргийн материалтай танилцаж, маргааны үйл баримтад тайлбар гаргах эрхтэй. Гэтэл гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна.

 

            Харин Д.Алтангэрэлээс Д.Н-д олгосон итгэмжлэл нь Д.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй хэрэгт оролцохоор заасан байх бөгөөд энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаагийн хувьд олгосон итгэмжлэл биш байх тул Д.Н-г Д.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэхгүй, анхан шатны шүүх зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг шалгах үүргээ хэрэгжүүлэлгүй. /5хх 223 дахь тал/ Харин Б.Минжүүрдоржид олгосон итгэмжлэл нь Д.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй, М.Ц-д холбогдох иргэний хэрэгт оролцохоор заасныг уг хэрэгт оролцох итгэмжлэлийг олгосон гэж үзэх боломжтой байна.

 

2. Шүүх хуралдаан даргалагчийг томилсон захирамж хэрэгт авагдаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан шүүх хуралдааны даргалагчийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гарган томилох нь “шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх” зарчмыг хэрэгжүүлэх нэг гол нөхцөл болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган тогтоож, Ерөнхий шүүгч албажуулах хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байна.

 

3. Түүнчлэн шүүх хуралдааны үргэлжилсэн хугацаа, нөхцөл байдал тодорхой бус байна. Шүүх хуралдааны тэмдэглэлийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр огноолсон боловч “16 цаг 30 минутад хийв” гэсэн бичилтээс үзвэл хэдийд эхэлсэн нь тодорхой бус байх бөгөөд 01 сарын 18-ны өдөр дууссан гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр энэ талаар зохигчид тайлбарлахдаа шүүх хуралдаан өмнөх өдөр эхэлсэн гэж тайлбарласнаас үзвэл мөн сарын 17-ны өдөр эхэлсэн гэж эсхүл, 16-ны өдөр эхэлсэн гэж дүгнэхэд тодорхой бус. Шүүх хуралдааны тэмдэглэлийг тухайн шүүх хуралдаан дууссан өдрөөр огноолсноор хэдийд эхэлсэн, хэдийд дуусгавар болсон нь тодорхой болох юм. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шүүх хуралдааныг тасралтгүй үргэлжлүүлэх зарчимд нийцүүлэн өдрийн цагаар шүүх хуралдааныг явуулж, шөнийн 22 цаг болсон тохиолдолд шүүх хуралдаан завсарласан эсэх нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна.

 

4. Анхан шатны шүүх зохигчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааны бус цагт буюу 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр Ч.Дагиймаа, Г.Жамбалдорж, Л.Оюунчимэг, О.Содномпил, Д.Оюунбилэг, Б.Дашжамц, Б.Батбаясгалан, Д.Батсайхан, Д.Тодгэрэл нарыг асуусан бөгөөд гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /3 хх 114-125 дахь тал/-д шүүгч Н.Оюунтуяа байлцсан гэх боловч гарын үсэг зурагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан тэмдэглэлд ажиллагаа явуулсан этгээд гарын үсэг зурж баталгаажуулахтай нийцээгүй тул анхан шатны шүүх нотлох баримт зохих ёсоор бүрдүүлсэн гэж үзэхгүй.

 

5. Нэхэмжлэгч 2003-2013 оны М.Ц-гийн Хаан банкны дансанд Д.Н-гээс орлого хэлбэрээр шлжүүлсэн мөнгөн орлогын динамик өсөлтийг гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлт /3хх 226-227 дахь тал/ гаргасныг анхан шатны шүүх 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12324 дүгээр захирамж /3хх 233-235 дахь тал/-аар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, Монголбанкны хяналт, шалгалтын хэлтсийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулжээ. /4хх 6-11 дэх тал/

 

Мөн нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг дутуу хийсэн гэж үзэж ажиллагааг гүйцэд хийлгүүлэхээр нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт /4 хх 33 дахь тал/ гаргасныг анхан шатны шүүх 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 7220 дугаар захирамжаар хүлээн авч, Монголбанкны хяналт, шалгалтын хэлтсийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулжээ. /4 хх 71-74 дэх тал/

 

Анхан шатны шүүх нэг шинжээчид эрх, үүргийг нь тайлбарласан байх ба шинжээч Г.Түмэнжаргалд эрх үүргийг нь тайлбарлан өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гардуулан өгч, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар бүх шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлаж, эс биелүүлбэл зохих хүлээх хариуцлагыг нь танилцуулах ажиллагааг хийгээгүй нь хуулиар тогтоосон нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөн гэж үзнэ. /4хх 6, 79 дэх тал/

 

            Уг ажиллагаа бүрэн хийгдээгүй тохиолдолд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасныг /4хх 76, 5хх 155, 158 дахь тал/ анхан шатны шүүх хангаагүй нь нотлох баримт зохих ёсоор бүрдсэн гэх боломжгүй, уг шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/00270 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                           Н.БАТЗОРИГ

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА