Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2025/0705

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Тгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Л.Одбаатар

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч Ж.Т

 

Нэхэмжлэгч: Ж.Т

Хариуцагч: Увс аймгийн Нийгмийн даатгалын газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Тэтгэврийг дахин шинэчилж тогтоохгүй байгаа нь хууль бус тул өндөр насны тэтгэврийг зөвөөр тогтоохыг Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж, анх тэтгэвэр буруу тогтоосон тул зөвтгөж хохирол гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0032 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 124/2025/0026/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Тгаас Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Тэтгэврийг дахин шинэчилж тогтоохгүй байгаа нь хууль бус тул өндөр насны тэтгэврийг зөвөөр тогтоохыг Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж, анх тэтгэвэр буруу тогтоосон тул зөвтгөж хохирол гаргуулах”-аар маргасан.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0032 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3, 22 дугаар зүйлийн 22.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2018.11.02/-ийн 1 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /2023 он/-ийн 20 дугаар зүйлийн 20.1, 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг тус тус баримтлан Ж.Тгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч Ж.Т дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Миний бие 1989 оны 6-р сарын 23-ны өдрөөс 2009 оны 12 сарын 31-нийг хүртэл нэгдсэн эмнэлэгт тасралтгүй 20 жил ажиллаж, хүүхэд 3 нас хүрээгүй учраас би нэгдсэн эмнэлгийн захиргаанд өргөдөл өгч 2012 оны 1 сарын 1-нээс 2013 оны 6-р сарын 23-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө авсан. 2012 онд төлсөн шимтгэл байхгүй. 2013 оны 1 сарын нэгнээс 6 дугаар сарын 23-ныг хүртэл төлсөн шимтгэл байхгүй. 2013 оны 6-р сарын 23-ны өдрөөс эхлэн цалингүй чөлөөг дууссаны үндэслэлээр хуучин хийж байсан ажилдаа буцан оров. 2013 онд 6 сарын цалин, 2014 онд 12 сар, 2015 онд 12 сар, 2016 онд 2 сар ажиллаад хамт олны хэл аманд хавчигдаж ажлаас гарав. Миний бие хөдөлмөрийн хортой хүнд нөхцөлд ажилласны улмаас харшлын гаралтай астма өвчтэй болж 2012 оноос эхлэн Улаанбаатар хотын харшлын эмч болон уушигны эмч нар харшлын гаралтай гаралтай астма гэх оношоор баталсан. Би шүүхдээд, ажилд орсон боловч намайн буцаан аваагүй учраас би тахир дутуугийн группт орох санал тавихад намайг сэтгэл мэдрэлийн өвчтэй нөхөртэй учраас адилхан чи өвчтэй гэдэг утгаар доромжилж сэтгэцийн оношоор группт оруулсан байна.

3.2. Нэгдсэн системээр ороод тэтгэвэр тогтоолтын хуулгыг авахад дээрх жилүүдийг он, сар, өдрөөрөө бичээд тэтгэвэр бодсон дүр эсгэсэн байсан. Тэтгэврийн хуулиа баримталж тогтоох гээд өчнөөн өргөдөл, хүсэлт өгсөн боловч нийгмийн даатгалын хэлтэс хангаж өгөөгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Энэ хүний тэтгэврийг дахин нэг бодох нь зүйтэй байна” хариу ирсэн боловч Увс аймгийн Нийгмийн даатгалын газар нь дахин бодохоос татгалзаж, хууль баримталж өгөөгүй. Би хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласны үндэслэлээр 50 нас хүрч, 20 жилээр миний тэтгэврийг бодох хуулийн заалттай байхад 20 жил дотроосоо 6 жилээр бодсон бол миний тэтгэвэр ийм 310,000 төгрөг болох үндэслэлгүй байсан. Би өөр харьяаллын нийгмийн даатгалын байцаагч бүрээс тус бүрчлэн ороод, тэтгэврийн хуулийг асуухад хөдөлмөрийн хортой хүнд нөхцөлийг хуулийн дотроо 20 жилээр тэтгэвэр тогтооно. Таны хүссэн 6 жилийн цалинг хооронд нь үржүүлээд гарсан хувийг Засгийн газрын гаргасан тогтоолын 5.3 -ыг баримтлан хөдөлмөрийн хортой хүнд нөхцөл ба газар доор ажиллагчдын тэтгэвэр тэтгэмжийг халамжийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний тогтоолоор тогтооно гэж заасан байдаг. Засгийн газрын тогтоолын заалт нь хүссэн 6 жилийн цалинг хооронд нь үржүүлээд 72-т хуваагаад, 55-60 хувийг олгоно гэсэн заалттай байдаг байсан байна.

3.3. Миний нийт ажилласан жил 25 жил, 6 сар, 6 хоног байсан. Тэтгэвэр тогтоолгосон хуулийг үзэхэд төрүүлсэн хүүхэдтэй байхад, хүүхэд төрүүлээгүй гэж бичсэн. 2020 онд төрүүлсэн болон өргөн авсан 1 хүүхэд бүрчлэн 1,5 жил нэмнэ гэсэн хууль гарсан боловч надад Увс аймгийн Нийгмийн даатгал хэрэгжүүлж өгөөгүй. Миний тэтгэврийг хууль бус тогтоосон гэдэг нь нийгмийн даатгалын тэтгэвэр тогтоолтын хуулга нь өөрөө баталж байхад анхан шатны шүүхийн шүүгч Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоолтын жилийг хянаагүй, миний эсрэг шүүх хурал хийсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийг уншихад тэтгэврийг байцаагч Бгийн хянадаг, бид нарын тэтгэврийг хууль баримтлан үнэн зөв тогтоосон гэдэг нь худлаа байна, тэтгэврийн байцаагч А хариу тайлбартаа тайлбарласан тайлбар нь хуулийн хүрээнд бус байна. Тэтгэврийн байцаагч Батмөнхийн хариу тайлбар ба бодсон тэтгэвэр нь хуулийн хүрээнд бус байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ямар ч үндэслэлгүй бөгөөд миний нэхэмжлэлийг хуулийн хүрээнд хянаагүйд гомдолтой байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй хийж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын байцаагч нартай нийлж, миний тэтгэврийг хуулийн хүрээнд тогтоож, бүх хохирлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг зөв үнэлсэн боловч нийгмийн даатгалын хууль тогтоомжийн зүйл заалтыг хэрэглэхдээ алдаа гаргасан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Ж.Тгаас Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Тэтгэврийг дахин шинэчилж тогтоохгүй байгаа нь хууль бус тул өндөр насны тэтгэврийг зөвөөр тогтоохыг Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж, анх тэтгэвэр буруу тогтоосон тул зөвтгөж хохирол гаргуулах” нэхэмжлэл гаргасан.

3.1. Ингэхдээ, шаардлагын үндэслэлээ “... Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хортой нөхцөлд 25 жил 6 сар 1 хоног ажилласан ба 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 50 нас хүрэхэд өндөр насны тэтгэврийг 313,000 төгрөгөөр тогтоож хохироосон, ажилласан 6 жилээр боддог байхад 5 жилийн дунджаар тооцож, тэтгэврийг доод хэмжээгээр тогтоох санаатай оролдлого байсан, аймгийн Нийгмийн даатгалын газарт удаа дараа хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй, миний төрүүлсэн 1 хүүхдийг тооцоогүй, сүүлийн 6 жилийн цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтоох ёстой” гэх зэргээр тодорхойлж маргасан.

3.2. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Ж.Тгийн өндөр насны тэтгэврийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс олгохоор хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тооцож, 313,000 төгрөгөөр тогтоосон. Засгийн газрын тогтоолын дагуу 2020, 2022, 2023, 2024 онуудад тэтгэврийн доод хэмжээнд нийцүүлэх, итгэлцүүрээр шинэчлэн тогтоох зэргээр тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн нь хууль зөрчөөгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

4. Маргааны үйл баримтын тухайд;

4.1. Ж.Т нь 1969 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс F07, F20 зэрэг ердийн өвчний оношоор хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байжээ.

Улмаар 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 50 насанд хүрч, хүсэлт гаргаснаар өндөр насны бүрэн тэтгэврийг хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр, шимтгэл төлсөн хугацааг 25 жил 6 сар 6 хоногоос бодож 313,000 төгрөгөөр тогтоож, 5 дугаар сарын 01-ний өдрөөс олгожээ.   

4.2. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, итгэлцүүрээр шинэчлэн тогтоохтой холбоотой Засгийн газрын тогтоолын дагуу 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 350,000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 500,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 555,500 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 655,500 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 694830 төгрөг болгон нэмэгдүүлсэн.

4.3. Ж.Тгаас гаргасан тэтгэврийг дахин тогтоолгох өргөдөл гомдлын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 02/28 дугаар албан бичгээр “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 29.3-д заасны дагуу сүүлийн 20 жилийн доторх аль өөрт ашигтай дараалсан таван жилийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгох дундаж цалинг тооцож, тэтгэврийг өөрчлөн тогтоох нь зүйтэй” гэх чиглэлийг хүргүүлсэн.

4.4. Үүний дагуу аймгийн Нийгмийн даатгалын газраас Ж.Тгийн өндөр насны тэтгэврийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шинэчлэн тогтоохдоо 1060 төгрөгөөр нэмэгдүүлж, 695,890 төгрөг болгожээ.  

5. Энэ хэргийн хувьд, нийгмийн даатгалын байгууллага нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг буруу тогтоох, тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоохоос татгалзах зэргээр хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргаж түүний эрхийг зөрчсөн эсэх, 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо шимтгэл төлсөн хугацаанд төрүүлсэн нэг хүүхдийг тооцох үндэслэлтэй эсэх маргааны гол зүйлд дүгнэлт өгч, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэх шаардлагатай.

6. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “... өндөр насны тэтгэврийг цалингийн дунджийн 45 хувиар тогтоох хуулийн зохицуулалттай тул аймгийн Нийгмийн даатгалын газраас 2019 онд Ж.Тгийн өндөр насны тэтгэврийн хэмжээг 313,100 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нөхцөлд цалингийн 60 хувиар тогтоох хуулийн зохицуулалтгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

7. Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

7.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 5 дугаар зүйлийн 1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "хөдөлмөрийн хөлс" гэх/-ын 45 хувиар тогтооно”, 2-т “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно”, З-д “Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ” гэж,

7.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2017.02.02-ны өдөр/-ийн 1 дүгээр зүйлд  “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг: “5.Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно”, 5 дугаар зүйлд “Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дугаар … зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, …эхлэн тус тус дагаж мөрдөнө” гэж,

7.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодно”, 29 дүгээр зүйлийн 29.3-д “Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө дараалсан зургаа, долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний хүсэлтэд үндэслэн энэ хуулийн 20.1-д заасны дагуу нэг удаа өөрчлөн бодно” гэж  тус тус заасан.

8. Даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоохтой холбоотой энэ хэсгийн 7.1-д заасан хуулийн зохицуулалтыг, хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тодорхойлогдох маргааны үйл баримттад холбогдуулан тайлбарлавал, 2019 онд нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоохдоо түүний шимтгэл төлсөн дурын дараалсан 6 жилийн цалингийн дунджийн 45 хувиар тооцож, шимтгэл илүү төлсөн 5 жил 6 сарын хугацаанд 8.25 хувь, хөдөлмөрийн чадвар алдсан нэг жилийн 1 хувийг тус тус нэмж, олгох тэтгэврийн хэмжээг бодсон нь үндэслэлтэй болжээ.

9. Харин төрүүлсэн хүүхэд тутамд шимтгэл төлсөн хугацааг 1 жил 6 сараар нэмэгдүүлэн тооцох тухай энэ хэсгийн 7.2-т заасан хуулийн зохицуулалт нь Ж.Тг өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш буюу 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн учраас энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

10. Энэ хэсгийн 4.3, 4.4-т заасан үйл баримтаас үзэхэд, нэхэмжлэгчээс гомдол гаргасантай холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс түүний өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоосон (тооцооллын хувьд 1060 төгрөгөөр нэмэгдсэн) байх тул Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын хувьд нэхэмжлэгч Ж.Тгийн өндөр насны тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоохоос татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

11. Анхан шатны шүүх дээрх байдлаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдлийн хувьд зөв бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн зүйл заалтыг бичиглэлийн хувьд алдаатай тусгасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

12.  Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хянуулахаар, хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлснээс хойш Ж.Т нь “...тэтгэврийн хувийн хэргийг буцаан авч өндөр насны тэтгэврийг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газраар бодуулах” хүсэлт гаргаж, хэрэгт хавсаргасан нотлох баримтыг дахин хуулбарлаж ирүүлсэн бөгөөд давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтыг хүлээн авч, үнэлээгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0032 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хууль баримталсан хэсгийг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2017.02.02-ны өдөр/-ийн 5 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 29 дүгээр зүйлийн 29.3” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Тгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Л.ОДБААТАР

 

 

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ