Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0356

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:             М овгийн Г.Л,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М овгийн Г. Э

Хариуцагч:   Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн  дугаар хороо, Зүүн нарангийн  дүгээр гудамж тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай М овгийн Г.Л-ийн 337 м.кв газрын хэмжээг 437 м.кв хэмжээтэй болгон өөрчлөн бүртгэж гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж гэрчилгээг засварлахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, гуравдагч этгээд Б.Ж, түүний өмгөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

1. Баянгол дүүргийн дугаар хороо, Зүүн нарангийн  дүгээр гудамж а болон  тоот хашааны талбайн хэмжээ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2009 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд 18******* дугаартай 437 м.кв талбайтай газар нь нэгж талбарын 18******* дугаар бүхий 622 м.кв талбайтай давхар зураглагдан бүртгэгдсэн байсан тул тухайн давхацсан байсан 100 м.кв газрыг 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Газар худалдах худалдан авах гэрээ-ээр Р.Р-ийн үнийн саналын дагуу 200.000 төгрөгийг нотариатын хажууд бэлэн төлж худалдаж авсан. /Учир нь ******* тоот хаягт байрлах газрын түүхийг харвал Г.Э нь О-с Баянгол дүүргийн Засаг даргын 200.03.10-ны өдрийн 80 дугаар захирамжаар 437 м.кв газрыг шилжүүлж авсан бөгөөд Г.Э нь 2010.07.29-ний өдөр Г.Л-руу 437 м.кв газрыг шилжүүлсэн юм. Г.Л 437 м.кв газрыг өмчилж авах хүсэлтийг гаргатал Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газрын кадастрын зургийн бүртгэл газар дээрх байрлалтайгаа зөрүүтэй байна гэсэн хариу өгсөн юм. Тиймээс 65 болон ******* тоот газрууд давхацсан гэдгийг мэдээд 65 тоот газрын өмчлөгч Р.Р-тэй худалдах худалдан авах гэрээ хийсэн юм/.

2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.1.1-д үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бол эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой тул Г.Л-ийн итгэмжлэлийн дагуу Г.Э 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах мэдүүлгийг, газар худалдах, худалдан авах гэрээ, ******* тоот 437 м.кв хэмжээтэй кадастрын зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт хавсарган өргөдөл гаргасан. Гэтэл улсын бүртгэлийн байцаагч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.7, 11.9, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6.2.3, 8.2.3-р заалтуудыг биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т заасан захиргааны байгууллагаас эс үйлдэл гаргасан буруутай үйл ажиллагаа байна. Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн буюу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй зэрэг хууль зүйн үндэслэлийн дагуу Улсын бүртгэлийн газарт Г.Л-ийн гэр бүлийн хэрэгцээнд 100 м.кв газрыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөлийг хангаж байна.

3. 2018.05.14-ний өдөр Р.Р өөрийн өмчлөлийн кадастрын зургийн дагуу 522 м.кв хэмжээтэй газрыг 622 м.кв газар гэж Б.Ж луу шилжүүлсэн бөгөөд энэ хүсэлтийг Баянгол дүүргийн улсын бүртгэгч хүлээн авч өмчлөх эрхийг шилжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24.1 Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2 бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.5 Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй, 25.1.4 гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах, 26.1 Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж тус тус заасныг зөрчсөн шийдвэр гаргасан тул Б.Ж-ны гэр бүлийн хэрэгцээний 3 дугаартай газрын хэмжээ алдаатай бичигдсэн, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн зэрэг үндэслэл үйл баримтаар тогтоогдож байгаа тул газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөлийг хангаж байна.

4. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Г.Л-с Р.Р-т өөрийн худалдаж авсан газрыг өмчлөх хүсэлтийг улсын бүртгэлийн газарт гаргахыг гэрээний үүргээ биелүүлэхийг 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн удаа дараа хандаж байсан бөгөөд тухайн үед 100 м.кв газрыг өмчлөх эрхийг шилжүүлэх гэтэл газраа барьцаанд тавьчихсан авахаараа шилжүүлээд өгье гэж хэлдэг байсан юм. Учир нь 65 тоот газар 2014.10.22-ны өдрөөс 2017.11.02-ны өдрийг хүртэл Б.Ч гэдэг хүнд зээлийн барьцаанд, 2017.11.29-ний өдрөөс 2018.05.14-ний өдрийг хүртэл “Б” ББСБ-ын барьцаанд тавьсан байсан бөгөөд газрыг зээлээс чөлөөлмөгц Б.Ж-д худалдсан байсан. Газрыг Р.Р худалдах хүртэл Г.Л-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байсан бөгөөд учир нь Р газрыг нь зээлээс чөлөөлөөд л шилжүүлж өгнө гэж хэлдэг юм. Мөн эхний зээлдэгч Б.Ч, Г.Э таньдаг байсан тул зээлээс газрыг чөлөөлөхөөр хэлээрэй гэж хэлсэн байсан учир хүлээцтэй хандсан. Гэтэл газрыг худалдсан гэдгийг мэдээд Б.Ч-с асуухаар залгатал нас барчихсан гэж охин нь утсыг аваад зээлээс газраа чөлөөлсөн болохыг мэдсэн юм. Ингээд өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхээр 2018 оны 06 дугаар сард Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлын хариуд ... өмчлөх эрх шилжихээс урьдчилан сэргийлж гомдолд хавсарган ирүүлсэн газар худалдах худалдан авах гэрээг тухайн үед Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21.2-т заасны дагуу урьдчилан тэмдэглэл хийлгэх боломжтой байсан байна, та энэ асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн. Энэ нь улсын бүртгэгч 65 болон 65 а тоот газрын мэдээллийн нэгдсэн санд урьдчилан тэмдэглэл хийж авах ёстой байсан захиргааны үйл ажиллагааны алдааг нотолж байна.

Мөн 2018 оны 6 сард Р.Р-ийн зээлийн барьцаанаас газраа чөлөөлөөд 100 м.кв газрыг чөлөөлж өгье гэж хууран мэхэлж, залилсан гэж үзэн цагдаагийн байгууллагад хандсан боловч, 2018.06.29-ний өдрийн 2576 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай прокурорын тогтоол гарсан. Тиймээс Б.Ж-тэй ярихад мөнгө нэмж өгөөд газраа шилжүүлж аваарай, миний хөл хугарсан тул явж чадахгүй байна гэсэн, хэсэг хугацааны дараа хүүхдээсээ асуугаад хэлье гээд тухайн үед хугацаа алдсан бөгөөд эргээд хариу өгөхдөө боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Тиймээс 2019.03.15-нд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч шүүхээс 2019.03.22-ны өдөр хариуцагч Р.Р-ийн хаяг тодорхойгүй, түүнийг шүүхэд дуудаж ирүүлэх, хуульд заасан бусад ажиллагаа хийх боломжгүй байдлыг үүсгэж байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна гэсэн хариу өгсөн. Тухайн үед Р.Р өөрийн ээж малтай, мал төллөх ажлын үеэр туслаач гээд Өвөрхангай аймгийн Хархорин суманд амьдардаг ээждээ туслаад 2019 оны сүүлээр Улаанбаатар хотод ирсэн юм. Ингээд иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн талаар асуугаад өөрийн өмгөөлөгч Ц-ээс асууж тодруулахад өмгөөлөгч хийхээ больсон байсан тул хугацаа алдсан. Учир нь өмгөөлөгч Ц-д шүүхэд гаргах нэхэмжлэлд хавсаргах бичиг баримт, нотлох баримтууд байсан бөгөөд бичиг баримтаа авч чадахгүй хугацаа алдаад 2020 оны 06 сард Монголын хуульчдын холбоонд хандаж байж бичиг баримтуудаа олж авсан юм. Ингээд 2020.08.11-нд Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргаж 2020.10.09-нд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч улсын бүртгэлийн газраас өнөөдрийг хүртэл хууль зөрчсөн шийдвэр гаргасаар байгаа бөгөөд Г.Э 2018 онд 65 тоот газрын 100 м.кв газрыг худалдан авсан нотлох баримтыг өгч тухайн газарт тусгай тэмдэглэл хийлгэсэн байтал хамтран өмчлөгчийг нэмүүлж, газраа барьцаалж зээл хүртэл авсан байгаа захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас миний өмчлөх эрх зөрчигдсөн зөрчил өнөөдрийг хүртэл арилаагүй, өөрийн эрхийг сэргээн тогтоолгох боломжтой байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй хэмээн үзэж байна, шүүх хүсэлтийг харгалзан үзнэ үү.

Маргааны зүйл болох 65 болон ******* тоот газрын давхардсан гэх 100 м.кв газар нь 437 м.кв хэмжээтэйгээр 2009 онд Г.Э-ийн эзэмшилд шилжсэн бөгөөд Р.Р нь 2011 онд 65 тоот газрыг өв залгамжлалын улсын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа хавтас хэргийн 100 дугаар хуудас, 100 м.кв газрыг худалдах худалдан авах гэрээний дагуу хууль ёсны шударга тэргүүн ээлжид өмчлөн авах эрхтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тиймээс Баянгол дүүргийн 1 дугаар хороо, зүүн наран 11-р гудамж, 65 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Б.А, Б.Ж нарын 3 дугаартай газрын өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн газрын хэмжээ, тус газрын кадастрын зурагт бичигдсэн хэмжээ зөрүүтэй, улсын бүртгэлийн газрын алдаатай үйл ажиллагаа байх тул Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2, 24.5, 25.1.4, 26.1-ийг үндэслэн, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 18.1-ийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т заасны дагуу эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.

Мөн улсын бүртгэлийн газар Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.7, 11.9, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6.2.3, 8.2.3-р заалтуудыг биелүүлээгүй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.2.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн буюу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан татгалзал нь хууль бус эс үйлдлийн улмаас өнөөдрийг хүртэл Г.Л-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Г.Л-ийн гэр бүлийн хэрэгцээнд 100 м.кв газрыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг даалгаж өгнө үү.

... Р.Р болохоор ажил дээр мөнгө авчирч өгсөн гэж байгаа. Барьцаанд байсаар байгаад газрыг авч чадаагүй. Анх өгсөн мэдүүлэг дээр зарахдаа энэ газар танайх шүү гэсэн. Мэдүүлгүүд зөрөөд байгаа. Дандаа худлаа яриад байгаа ... Кадастрын зураг зөрүүтэй байхад өмчлөлд бүртгэсэн байгаа. Түүнийг хүчингүй болгох үндэслэлтэй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын түүхээс аваад үзэхэд 2007 онд анх 622 м.к газраар байсан гээд 2009 онд Г.Эгэдэг хүний нэр дээр 437 м.кв газраар шилжсэн байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.1.1-д үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөж байгаа бол эрхийн бусад бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой гэж зааж өгсөн. Г.Э 2015 оны 3 сарын 23-ны өдөр Г.Л-ийн итгэмжлэлийн дагуу улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахдаа мэдүүлгийг 65А тоот болон 437 м.кв хэмжээтэй кадастрын зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт өргөдөл гаргасан. Хариуцагчаас тайлбар хэлэхдээ холбогдох нотлох баримтын бүрдэл хангаагүй гэж буцаасан гэсэн боловч бичгээр ямар нэгэн хариу өгөөгүй. Ямар баримт дутуу гэдэг талаар тайлбарлаагүй. Тухайн үед болон одоо ч гэсэн хүчин төгөлдөр хуулийн дагуу урьдчилсан тэмдэглэгээ хийх боломжтой байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.7, 11.9, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6.2.3, 8.2.3 дах заалтуудыг биелүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 37.3-д заасан захиргааны байгууллагаас эс үйлдэл гаргасан буруутай үйлдэл байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.2-т хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаар бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж зааж өгсөн. Энэ заалтыг зөрчсөн буюу хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй талаар улсын бүртгэлийн газарт нэхэмжлэгчийн гэр бүлийн хэрэгцээний 100 м.кв газрыг өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгаж өгнө үү. Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль, Газрын тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн өмчлөх эрх үүсэх үндэслэл нь худалдах, худалдан авах гэрээ эхэлсний үндсэн дээр үүсэхээр заасан бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар тухайн үед үл хөдлөх хөрөнгийн эрх дуусгавар болж эрх хүлээн авагч нь улсын бүртгэлийн газарт холбогдох нотлох баримт болон худалдах, худалдан авах гэрээ, кадастрын зургийн хамт хавсаргаад улсын бүртгэлд бүртгүүлэх хууль зүйн үндэслэл байгаа.

2018 оны 5 сарын 14-ний өдөр Р.Р өөрийн өмчлөлийн кадастрын зургийн дагуу 522 м.кв хэмжээтэй газрыг 622 м.кв гэж Б.Ж руу шилжүүлсэн бөгөөд улсын бүртгэлийн буруутай үйл ажиллагааны улмаас Б.Жн гэдэг хүн хохирч байна. Хариуцагч өмчлөх эрх шилжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24-д заасны дагуу захиргааны байгууллага өөрөө шийдвэр гаргахдаа шийдвэрийн үндэслэлийг өөрөө судалж тогтоох ёстой гэж заасан. Шаардлагатай ажиллагаа хийж нотлох баримт цуглуулах болон үнэлэх үүргийг захиргааны байгууллага өөрөө хүлээдэг байгаа. Тус газар нь 622 м.кв газраар гараад 2015 онд тус газар нь худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн гэж хариуцагчид мэдэгдсэн. Боломжит нөхцөл байдлаар мэдэгдсэн байгаа. 2018 онд энэ асуудлаар улсын бүртгэлийн байгууллагын даргад гомдол гаргасан. Гомдлыг болон гомдлын хариутай хамт хавсаргаж өгсөн байдаг. Гэтэл хариуцагч шүүхээр хандаж шийдвэрлээрэй гэсэн байдаг. Захиргааны байгууллага иргэнийг хохироохгүй урьдчилсан тэмдэглэгээ хийх ёстой. Өмчлөх эрхийг шилжүүлэхэд ерөөсөө судалж мэдээгүй байна. Өмчлөх эрх шилжсэн иргэнд ерөөсөө мэдэгдээгүй. Тайлбар гаргах боломжийг олгоогүй. Сонсох ажиллагаа явуулахгүй өмчлөх эрхийг Б.Ж-ны нэр рүү шилжүүлсэн байна. Ийм учраас Б.Ж-ны гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 361821 дугаартай газрын хэмжээ алдаатай бичигдсэн. 2015 онд 622 м.кв газар нь 522 м.кв газар болж өөр болсон. Кадастрын зургийг үндэслээгүй байна. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг улсын бүртгэлийн байгууллага зөрчсөн гэх үйлдэл тогтоогдож байгаа учир газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангах үндэслэл байна. Маргааны зүйл болох 100 м.кв газар нь Г.Э-ийн өмчлөлд шилжсэн байгаа. 65 тоот газрыг шилжүүлж авсан нь газар худалдах, худалдан авах гэрээний дагуу хууль бус болох нь тогтоогдож байна. 65 тоот хаягт байрлах газарт улсын бүртгэлийн алдаатай зүйл байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2, 24.5, 25.1.4, 36.1 дэх заалтыг үндэслэн мөн Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журмын 18.1 дэх заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. Улсын бүртгэл газар нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.7, 11.9, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хөтлөх журмын 6.2.3, 8.2.3 заалтуудыг биелүүлээгүй. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хөтлөх журмын 8.2-т заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээж авах, татгалзахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн буюу хүлээн авахаас татгалзсан татгалзал нь хууль бус үндэслэл тогтоогдож байх бөгөөд захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.3.1-д заасны дагуу улсын бүртгэлийн газарт нэхэмжлэгчийн гэр бүлийн хэрэгцээнд зориулж 100 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах нэхэмжлэлийн үндэслэл гаргаж байна.

Г.Э нь улсын бүртгэгчтэй очиж уулзахдаа тэмдэглэгээ газар дээр хийлгэсэн гэж байгаа. Тэмдэглэгээ хийсэн байхад дараагийн хүн рүү шилжсэн ... 2018 онд хийлгээд н.Э гэдэг хүнд өгч байсан. Би нэрийн буруу хэлж байсан байж магадгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: н.Э гэж бүртгэгч байхгүй. Нэрийн андуураад байгаа юм болов уу? н.О гэж байсан. Тэмдэглэгээтэй холбоотой асуудлыг нэхэмжлэлд дурдахдаа 2015 онд мэдүүлэг гаргасан гэж тайлбарлаад байгаа. 2015 онд үйлчилж байсан хууль 2003 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль гэж яваад байгаа. 2003 оны хуулийн 14.1.1-д зааснаар мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотолсон баримт гаргаж өгөх гэж заасан. 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5-д улсын бүртгэгч дараах эрх үүрэгтэй гэж заасан. 11.5.3-д нотлох баримт нь холбогдох хуулийг зөрчсөн бол улсын бүртгэгч бүртгэхээс татгалзана гэж заасан. 2015 онд гаргасан мэдүүлэг, хүсэлтээс улсын бүртгэлийн байгууллага татгалзсан. 100 м.кв талбайг худалдсан гэх мэдүүлэг орж ирсэн. Тэр тохиолдолд талууд худалдсан гэдэг дээр маргадаггүй бол хоёр тал хүсэлтээ гаргаад улмаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулах байсан. Урьдчилсан тэмдэглэгээг манайх авах ёстой юм шиг тайлбарлаад байх шиг байна. Талууд бол хамтарсан байдлаар мэдүүлэг гаргана гэж хуульд заасан байдаг. Өнөөдрийн байдлаар урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлтээ ирүүлээгүй байгаа. Бүртгэгдсэн эрх нь 622 м.кв байгаа нь хэн нэгэн этгээдийн зөрчсөн асуудал биш байна. Бүртгэлийн хувьд хуульд нийцэж байна. Амьдралын хувьд талууд 100 м.кв газрыг худалдсан нөхцөл байдал байж болно. Тэр үедээ үнэн зөв бүртгэл гаргаж өгсөн бол бүртгэх байсан. Нотлох баримт дутуу гаргасан учир манайх татгалзсан байна. Хэн нэгэн этгээд гомдол гаргасны төлөө бид нар тусгай тэмдэглэгээ хийхгүй. Эрх зөрчигдсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны мэдүүлэг нь 2018 оны хуулиар тайлбарлаад байгаа талаар ойлгохгүй байна гэв.

Гуравдагч этгээд Ү ББСБ-ын төлөөлөгч С.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... Маргаан бүхий 100 м.кв газар нь Ү ББСБ-ын харилцагч Х овогт Б.Ж-ны өмчлөлд байгаа нь Улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байсныг үндэслэж Ү ББСБ нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тоот зээл, барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд бүртгүүлж зээл олгосон.

Манай банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа харилцагч Б.Ж-ны Баянгол дүүргийн хороо, зүүн наран гудамж, тоот, бүртгэлийн дугаартай, 622 м.кв өмчлөх газрын 100 м.кв газартай холбоотой маргаан гарсан байна.

Иргэний хуулийн 153.1-д зааснаар манай банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Б.Жаргалсайханы өмчлөлийн газраар тэргүүн ээлжид үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

Иймд захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт манай байгууллагын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тусган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ном ёсоор нь хуулийн дагуу шилжүүлж авсан. Р.Р анх 100 м.кв газар танай газар гэсэн. Г.Э мэдсээр байж барьсан. Надад 200,000 төгрөг авчирч өгсөн. Энэ юу вэ? гэхэд үүнийг авч бай учрыг нь би өөрөө хэлнэ гэсэн. Газрыг тэгшлээд Г.Э-т зарсан юм шиг байсан. Жалга байсан болохоор тэр хэсэг газрыг надад үлдээсэн гэж хэлж байсан. 622 м.кв газар гэж худалдаж авчхаад одоо хассан гэдгийг ойлгохгүй байна гэв.

Гуравдагч этгээд Б.Ж нарын өмгөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрчийг мэдүүлэг авах ажиллагааны үед Р.Р нь худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байгаа гэсэн. 100 м.кв газраа худалдсан гэж үзэхгүй байна. Өөрсдөө мэдүүлэг өгсөн гэсэн. Өөрсдөө сайн дураар орж ирээд 200,000 төгрөг авах уу? гэсэн. Тэгээд үгүй гэхэд манай ширээн тавиад явсан гэж мэдүүлж байгаа. 622 м.кв газрыг н.Ж-д мөнгөөр газрыг худалдсан гэж мэдүүлсэн. Нотлох баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь өмнө өгсөн мэдүүлгээр зөрөөд байна. 200,000 төгрөгийг Р.Р гэрт нь оруулж өгсөн гэж байсан мөртлөө дэргэд өгсөн гэж яриад байхын. Худал мэдүүлэг өгч болохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байгаа. Б.Ж-д бүртгэсэн газрыг хуулийн дагуу шилжүүлж бүртгэл явагдсан. Тухайн газрыг хуульд заасны дагуу бүртгүүлэх боломжтой байсан мөртлөө бүртгүүлээгүй. Мөн кадастрын зургийг хэн ч хаана ч хийлгэж авч болно. Р.Р болохоор өөрсдөө дур мэдэж 200,000 төгрөг өгсөн гэж байгаа. Нэхэмжлэгч өөрөө дур мэдэж байшин бариад явсан. Р.Р болохоор газар эзэмших эрх хүчин төгөлдөр болохгүй гэж хэлж сануулж байсан. Эрхийг шилжүүлэхдээ Захиргааны хуулийг зөрчсөн гэж яриад байна. Энэ нь бол хууль зүйн үндэслэлгүй байна.

Б.Ж өмчлөгч мөн гэдгийг хуулийн дагуу баримтуудаар үндэслэж гэрчилгээ олгож бүртгэсэн байдаг. Урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх боломж байсан. Иргэний хуулийн 185.4-д Урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ гэж заасан. Урьдчилсан тэмдэглэлийг хийлгэсэн гэж байгаа бол хуульд заасны дагуу өөрөө нотлох баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй. Улсын бүртгэлд хүсэлтээ гаргаад хэрвээ баримт байгаа бол хавсаргах ёстой. Амаар хийлгэсэн гэж байгаа бол нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хуульд заасны дагуу Б.Ж нь нэхэмжлэгчээс өмнө хуулийн дагуу бүртгэсэн байгаа. Өөрсдөө өмчлөгч зөвшөөрөхгүй байгаа тул бүртгэхээс татгалзсан нь хуулийн дагуу байна. Бүгд хамт очиж мэдүүлгийг гаргах байгаа. Мэдүүлгийг гаргаж урьдчилсан тэмдэглэлийг хийлгэх ёстой. Энэ тухай улсын бүртгэлийн дарга тоот дээрээ тодорхой заасан байгаа. Улсын бүртгэлийн тухай хуулийн 31.3-д урьдчилсан тэмдэглэл хийлгэх бол хамтран гаргах бөгөөд мэдүүлгийн холбогдох нотлох баримтаар хавсаргана гэж заасан. Гэтэл ийм зүйл байхгүй байгаа. Энэ бол хүчин төгөлдөр бус байна. Улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.3-д хуульд заасны дагуу мэдүүлэг дутуу эсвэл мэдээлэл нь зөрүүтэй бол улсын бүртгэгч бүртгэхээс татгалзана гэж заасан. Үүнийг дагуу хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй. Б.Ж-ыг бол удаа дараа дарамталж байсан. Сүүлдээ 1,500,000 төгрөг өгнө гээд байсан. Үүн дээр эргэлзээ төрөөд байгаа. Үнэхээр хуулийн дагуу газар нь хасагдаад бүртгүүлсэн бол мөнгө төгрөг өгөх шаардлага байхгүй байгаа. Амаараа газрыг шилжсэн гэж яриад кадастрын зураг хийлгэсэн гээд байгаа. Кадастрын зураг хийлгээд газар эзэмших эрх нээгдэхгүй. Дур мэдэж бусдын газар дээр байшин барьсан. Б.Ж-ны эрх ашиг өнөөдрийг болтол ноцтой зөрчигдөж байна. Нөхөх төлбөрийн асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэхээр байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгчээс өмнө нь иргэний хэргийн шүүхэд Г.Ц гэх өмгөөлөгчийг аваад баримт тэнд байсан учир хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө боломж байгаа. Хуульд заасны дагуу хүсэлт гаргаад хэргийн материалд авагдсан баримтаа хуулбарлаад эрхээ тогтоолгох боломжтой. Одоо болохоор баримтыг авч чадаагүй гэж байна. Хуульд заасны дагуу авах боломж байгаа. Б.Ж 1,500,000 төгрөг аваагүй болохоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна. Энэ бол хуульд заасан үндэслэл биш юм. Эд хөрөнгийн өмчлөгч гэж тогтоогдохгүй байгаа учир нь согтуу байхад хийсэн зүйл ярьж байгаа. Хоёр гэрээ хийгдсэн гэж үзэхэд худалдагч хэд хэдэн этгээдэд худалдсан бол хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч эзэмшилдээ авах давуу эрхтэй. Гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэгчээс өмнө эзэмшилдээ авсан. Улмаар өмчлөх эрх үүссэн байгаа. Үүний дагуу газраа худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр мөнгөөр худалдсан нь байгаа. Тус эд хөрөнгийн өмчлөлд шилжээгүй байхад эзэмшлээ шилжүүлэх давуу эрх үүсэж байгаа. Б.Ж эзэмшилдээ аваагүй байсан бол нэхэмжлэгчид ингэж авах эрх үүсэх юм. Хуульд заасны дагуу улсын бүртгэгчийн эс үйлдэхүй нь буруутай учир шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж чадахгүй байна. Эс үйлдэхүй гэдгээ мэдэхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-с анх Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс холбогдуулан Баянгол дүүргийн дугаар хороо, Зүүн наран гудамжны тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай М овгийн Г.Л 337 м.кв газрын гэрчилгээний дугаартай, 18 нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13.2.2-ийг үндэслэн газрын хэмжээг 437 м.кв хэмжээтэй болгон өөрчилж эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж гэрчилгээг засварлахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа тодруулсан ба шүүх хуралдаанд сүүлийн байдлаар Баянгол дүүргийн дугаар хороо, Зүүн наран гудамжны  тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай М овгийн Г. Л-ийн 337 м.кв газрын хэмжээг 437 м.кв хэмжээтэй болгон өөрчлөн бүртгэж гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж гэрчилгээг засварлахыг даалгах гэсэн агуулгаар тодруулсан тул шүүх энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Баянгол дүүргийн  дугаар хороо, Зүүн нарангийн гудамж, тоот хаягт байрлах 337 м.кв газрыг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00******* тоот гэрчилгээг Г.Л-д олгожээ[1][1].

Дээрх газрын хөрш зэргэлдээ орших тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэлтэй 622 м.кв газар нь 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Д.М, Г.У нарын өмчлөлд анх удаа бүртгэгдэж, дараа нь Д.М, Т.Н, Ч.Д, Р.Р нарын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдэж байсан байна[2][2].

Улмаар Р.Р болон Б.Ж нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дээрх 622 м.кв газар нь гуравдагч этгээд Б.Ж-ны өмчлөлд шилжсэнийг, 2020 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн хэлцлээр Б.А-ыг тус газрын хамтран өмчлөгчөөр нэмснийг, мөн оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ү ББСБ-ын барьцаалсныг тус тус бүртгэжээ[3][3].

Гуравдагч этгээд Б.Ж, Б.А нарын өмчлөлийн 65 тоот хаягт байрлах 622 м.кв газрын зүүн хэсгийн 100 м.кв газарт нэхэмжлэгч Г.Л-ийн амины орон сууцны байшингийн зарим хэсэг/байшингийн ар ханын хэсэг/ байрлаж байгаа тухайд, түүнчлэн 65 болон ******* тоот хаягт баригдсан хашаанууд нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдэд бичигдсэн талбайн хэмжээгээр баригдаагүй тухайд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд маргаагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

- ******* тоот хаягт байрлах газрын өмчлөгч Б.Л нь 65 тоот хаягт байрлах газрын тухайн үеийн өмчлөгч болох Р.Р-тэй Газар/100 м.кв/ худалдах, худалдан авах гэрээ-г 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсны дагуу Б.Л-ийн өмчлөлийн газрын хэмжээг 437 м.кв талбайтай байхаар Баянгол дүүргийн Газрын албаны мэргэжилтнээс кадастрын зураг үйлдэж, энэхүү өөрчилсөн зураг нь газрын кадастрын мэдээллийн сангийн 2015 оны 03 сарын архивын зурган мэдээлэлд бүртгэгдсэн болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын лавлагаагаар[4][4],

- нэхэмжлэгч Б.Л нь 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн өмчлөлийн газрын хэмжээ 437 м.кв болж нэмэгдсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс мэдүүлэг гаргасан байх боловч Улсын бүртгэлийн байгууллагаас өмнө бүртгэгдсэн газар өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах тохиолдолд газрын хэмжээ хасагдаж буй болон нэмэгдэж буй 2 өмчлөгч хоёулаа хамтарсан мэдүүлэг гаргаж ёстой талаар тайлбарлаж мэдүүлгийг буцаасан[5][5],

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 7/483 дугаартай албан бичгээр ... 65 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрх шилжсэн бүртгэл нь хууль журмын дагуу холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хийгдсэн бүртгэгдсэн байна. Өмчлөх эрх шилжихээс урьдчилан сэргийлж гомдол хавсарган ирүүлсэн газар худалдах, худалдан авах гэрээг тухайн үед ... хуульд заасан журмын дагуу урьдчилсан тэмдэглэл хийлгэх боломжтой байсан байна...[6][6] гэсэн хариуг нэхэмжлэгч Г.Л-д өгсөн боловч тэрээр уг албан бичгийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлээгүй үйл баримтууд тогтоогдов.

Хамгийн сүүлд Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1673 тоот албан бичгээр ...65 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр Б.А, Б.Ж нар бүртгэлтэй байх бөгөөд газрын хэмжээг 622 м.кв гэж тусгасан байна... гэсэн хариуг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-т тус тус өгснийг үндэслэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч Г.Л нь 100 м.кв газар худалдах, худалдан авах гэрээг 2014 онд Р.Р-тэй байгуулж хариуцагч захиргааны байгууллагад мэдүүлгээ гаргасан байхад холбогдох бүртгэлийг хийхгүй байгаа нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан газрын хэмжээг 437 м.кв хэмжээтэй болгон өөрчлөн бүртгэж гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж гэрчилгээг засварлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдүүлэг гаргасан цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд мэдүүлгээ гаргаагүй тул бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан хууль тогтоомжид нийцсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар заасан байх ба уг харилцааг нарийвчлан зохицуулж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журам-ын 5 дугаар зүйлийн 5.2- эд хөрөнгийн зарим хэсгийг шилжүүлэн авсан гэрээ хэлцлийн эрхийг тухайн эд хөрөнгийн анхны бүртгэлээс хасалт хийж, өөрчлөлт оруулсны дараа бүртгэхээр заасан байжээ.

Харин 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж буй Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан байх ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдүүлгийг бүртгэхээс татгалзах үндэслэл байна гэж үзвэл улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчид энэ хуулийн 13.5-д заасан хугацаанд хариу мэдэгдэнэ гэж заасан байх ба Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журам-ын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэх харилцааг журамласан зургаадугаар зүйлийн 6.2.3-т өмчилж авсан газрын зарим хэсгийг шилжүүлсэн тохиолдолд өөр этгээдэд шилжиж байгаа болон тухайн өмчлөгчид үлдэж байгаа газрын кадастрын зургийг гэрээнд хавсаргасан тохиолдолд  гэрээ, хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх шаардлагыг хангасан гэж үзэж бүртгэлд өөрчлөлт оруулахаар заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлууд болон хууль тогтоомжийн холбогдох заалтыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгч Г.Л-ийн гаргасан мэдүүлгийн дагуу түүний өмчлөлийн газрын хэмжээг өөрчлөн бүртгэхээс удаа дараа татгалзсан нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчдын маргаж буй газрын өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн байсан байх тул хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь нэгэнт бүртгэгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулах талаарх хууль тогтоомжийн зохицуулалтыг баримтлах тул Г.Л******* нь эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдүүлэг гаргахдаа 65 тоот хаягт бүртгэлтэй 622 м.кв газрын хэмжээнд хасагдсан өөрчлөлтийг оруулсан кадастрын зургийг хавсаргах, улмаар өмнө бүртгэгдсэн газрын хэмжээнд гэрээнд заасан хэмжээгээр хасалт хийсэн бүртгэл хийгдсэний дараа өөрийн өмчлөлийн газрын хэмжээндээ өөрчлөлт оруулахаар мэдүүлэг гаргах боломжтой байна.

Гэтэл нэхэмжлэгч Б.Л нь тоот хаягт байрлах газрын тухайн үеийн өмчлөгч болох Р.Р-тэй байгуулсан Газар худалдах, худалдан авах гэрээ-г үндэслэн өөрийн өмчлөлийн газрын хэмжээг 437 м.кв талбай болгож бүртгүүлэхээр 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэг гаргахдаа Р.Р-ийн өмчилж байсан газрын хэмжээг багасгаж үйлдсэн зургийг хавсаргаагүй байх ба маргаж буй 65 тоот хаягт байрлах нэгж талбарын 18******* дугаар бүхий 622 м.кв газар нь газрын кадастрын зурган мэдээллийн санд анх 2006 оны 09 сард бүртгэгдсэн, газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй, харин Г.Л-ийн өмчлөлийн 337 м.кв газар нь дээр гэрээний дагуу 437 м.кв талбайтайгаар өөрчлөгдөн бүртгэгдэх 2015 оны 03 дугаар сарын мэдээлэлд давхар зураглагдан бүртгэгдсэн болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 1/672 тоот лавлагаагаар тогтоогдов[7][7].

Мөн тухайн үед маргаан бүхий 65 тоот газрын өмчлөгчөөр бүртгэлтэй байсан Р.Р нь Г.Л-тэй 100 м.кв газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь нотариатчийн бүртгэлийн дэвтэр бичигдсэнээр тогтоогдож байх боловч эрхийн улсын бүртгэлд мэдүүлэг гаргаагүй нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Р.Р улсын бүртгэлийн байгууллага дээр хамт очоогүй. ...Хүчээр чирч очилтой биш. Улсын бүртгэлийн байгууллагаас хоёулаа хамт ирэх ёстой гэсэн гэх тайлбар болон гэрч Р.Р-ийн шилжүүлж болохгүй байгаа гэх мэдүүлгээр тогтоогдож байна[8][8].

Мөн маргаан бүхий 65 тоот хаягт байрлах 622 м.кв газар нь Б.А, Б.Ж нарын өмчлөлд бүртгэлтэй байх ба гуравдагч этгээд бөгөөд Б.А-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ээс 100 м.кв газрыг Г.Л-жийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн.

Энэ тохиолдолд хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага нь хууль болон хуульчилсан актаар тогтоосон журмыг баримтлах үүрэгтэй тул Р.Р-ээс өмчлөлийн газрынхаа хэмжээг багасгасан болох мэдүүлэг гаргаагүйд, түүнчлэн нэхэмжлэгчээс Р.Р-тэй байгуулсан гэрээний дагуу холбогдох зургийг гаргаж хүргүүлээгүй, түүнчлэн гуравдагч этгээдүүдээс өөрийн өмчлөлд бүртгэгдсэн газрын эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй байгаад улсын бүртгэлийг байгууллагыг тус тус буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар хандах тухай бүрд маргаан бүхий газар нь бусдын зээлийн барьцаанд бүртгэгдсэн байдаг байсан тул боломжгүй байсан, барьцаанаас чөлөөлсөн өдрөө Б.Ж-д шилжүүлсэн хэмээн тайлбарлах ба энэ ч эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаартай эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Энэ тохиолдолд мөн хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага нь бүртгэлд өөрчлөлт оруулах эрхгүй, харин нэхэмжлэгч Г.Ж нь урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх боломжтой байсан боловч тэмдэглэгээ хийлгээгүй болох нь түүнээс шүүх хуралдаанд гаргасан 2018 оны бичиг баримтаа өгөхдөө үүнийг тэмдэглэж авч болох уу гэхэд болохгүй гэсэн гэсэн тайлбараар тогтоогдов.

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийлгэх тухай мэдүүлгийг Р.Р болон Г.Л нараас хамтарч гаргахаар байх бөгөөд Р.Р-ээс Улсын бүртгэлийн байгууллагад очсон, мэдүүлэг гаргасан үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 онд н.О гэдэг бүртгэгч худалдах, худалдан авах гэрээг тэмдэглэж авлаа гэсэн гэж тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Р.Р нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ газраа зарсан гэж ойлгоогүй гэж тайлбарласан болон нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын Р.Р, Г.Л нарын хооронд газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, байгуулагдаагүй гэх маргаанд хариуцагч захиргааны байгууллага төдийгүй, захиргааны хэргийн шүүхээс дүгнэлт хийх үндэслэлгүй тул хэргийн оролцогчид нь 100 м.кв газрын өмчлөлийн маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э-ийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн дугаар хороо, Зүүн нарангийн дүгээр гудамж тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай М овгийн Г.Л-ийн 337 м.кв газрын хэмжээг 437 м.кв хэмжээтэй болгон өөрчлөн бүртгэж гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж гэрчилгээг засварлахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ