Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 920

 

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/00920

 

 

Ш.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/00398 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “УХБ” ХХК-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Батжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “УХБ” ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хамгаалагчаар ажилд орсноос хойш ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэл авахаар зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б/630 тоот тушаалаар ажлаас халлаа гэсэн болно. Ажлаас халж байгаа үндэслэлээ асуухаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэснээс өөр зүйл хэлээгүй.

Би нийт хамгаалагч нараас авдаг биеийн хүчний норматив болон мэдлэгийн шалтгалт авахад унаагүй. Ажил олгогч намайг тарган байна, турах шаардлагатай гэдэг байсан бөгөөд анх ажилд орохдоо одоогийнх шигээ л махтай байсан.

Ажил олгогч байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн бөгөөд ажлаас халсан явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажиллаагүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Г-а нь УХБны Гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/393 дугаар тушаалаар “Туршилтын ажилтан”-аар томилогдож, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/504 дугаар тушаалаар “Хамгаалалтын ажилтан” албан тушаалд үндсэн ажилтнаар томилж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 369 дугаар “Хөдөлмөрийн гэрээ”-г талууд харилцан тохиролцож 1 жилийн хугацаатай байгуулан ажиллуулж байсан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс “Хөдөлмөрийн гэрээ”-г харилцан тохиролцож дахин 1 жилийн хугацаатай сунган байгуулан ажиллуулсан.

Ажил олгогч нь Ш.Г-ьн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон тул мөн өдрийн Б/630 дугаар тушаалаар гэрээг дуусгавар болгосон.

Иймд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/630 дугаар тушаал хуульд нийцсэн, үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Ш.Г-ьн УХБинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ш.Г-ыг “УХБ” ХХК-ны хамгаалалтын албаны хамгаалалтын ажилтаны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “УХБ” ХХК-аас 2.048 төгрөгийг гаргуулж Ш.Г-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны Ш.Г-ын нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг “УХБ” ХХК-ны удирдлагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 6.794 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хариуцагч УХБ нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн бөгөөд тус хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтад гэрээний хугацааг 12 сар байх тухай тодорхой заасан бөгөөд тус нөхцлийг нэхэмжлэгч Ш.Г-а хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1, 23.2.2-т хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох тохиолдлуудыг хуульчилсан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, заавал хугацаагүй байгуулах үүрэгтэй мэтээр дүгнэх боломжгүй.

УХБны Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/630 дугаар тушаалд "ажлаас халах" агуулга дурдагдаагүй бөгөөд Ш.Г-ыг ажлаас халаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-тзаасан "ажлаас халах" буюу ажил олгогчийн саначлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах явдал "хөдөлмөрийн гэрээ хуульд заасан үндэслэлээр дуусгавар болох" буюу тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т зааснаар "хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон" байдлаас ялгаатай, нэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн маргаан, харин нөгөө нь Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдаагүй шинжээрээ иргэний эрх зүйн гэрээний маргаан болох юм.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэлийн үндэслэл Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлд заасанчлан "ажил олгогчийн санаачилгаар" ажлаас буруу, үндэслэлгүй халагдсан явдлыг тодорхойлж байна уу эсхүл 2 талын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний аль нэг нөхцөл хуульд нийцсэн эсэх талаар маргаж байна уу гэдгийг анхаарахгүйгээр "буцааж ажилд нь оруулна" гэх байдлаар үндэслэл тайлбаргүйгээр шийдвэрээ гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн тайлбарыг мөн шүүх анхаарч үзээгүй, түүнд дүгнэлт өгөөгүй.

Шүүх ажлаас үндэслэлгүй халсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ маргаан бүхий УХБны гүйцэтгэх захирлын Б/630 дугаар тушаалын аль зүйл заалт ямар хуулийн заалтыг зөрчсөн талаас үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэт нэг талыг барьж, хуулийн дагуу гарсан тушаальг үндэслэлгүйгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны болоод үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ш.Г-а нь хариуцагч “УХБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“УХБ” ХХК-ны гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/393 дугаар тушаалаар Ш.Г-ыг хамгаалалтын албанд хамгаалалтын туршилтын ажилтнаар томилж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/504 дугаар тушаалаар хамгаалалтын албанд хамгаалалтын үндсэн ажилтнаар томилж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 369 дугаартай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан ажиллуулж, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс уг гэрээг харилцан тохиролцож дахин 1 жилийн хугацаагаар сунган ажиллуулсан, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/630 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

 Хариуцагч байгууллагаас тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 231.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг тус тус удирдлага болгож, үндэслэлийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэж тодорхойлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан боловч тус зүйлийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан тул анхан шатны шүүхээс байнгын ажлын байранд хариуцагч байгууллага хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсныг буруутгасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах талаар заасан нь талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд гэрээ байгуулагдсаныг үгүйсгэх агуулгыг илэрхийлэхгүй. Талууд гэрээндээ ажлын байрны онцлог нөхцлөөс шалтгаалан гэрээг хугацаатай байгуулж байгаа талаар шалтгаанаа гэрээний 3.1 дэх хэсэгт тодорхой заасан байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан харилцан итгэлцэл, шударга ёсны зарчмыг зөрчсөн хүчин төгөлдөр бус нөхцөл гэж үзэхгүй.

 

            Талууд хөдөлмөрийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаагаар байгуулж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар уг гэрээний хугацаа дуусахад талууд цуцлах санал тавиагүй бөгөөд уг гэрээг анх заасан хугацаа буюу 1 жилийн хугацаанд сунгагдаж, гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болохоор байна.

 

            Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалд нэхэмжлэгчийн гомдолд тайлбарлан зааж байгаагаас өөр үндэслэл, өөр ямар нэгэн субьектив хүчин зүйлийн улмаас хөдөлмөрийн гэрээ дууссан гэдгийг заагаагүй, гэрээний хугацаа дууссан гэдгийг заасан байх тул “УХБ” ХХК нь ажилтан Ш.Г-атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/00398 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай Ш.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “УХБ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА