Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/334

 

2023           3            30                                   2023/ШЦТ/334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2023/0309/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч: Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч А.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т-д холбогдох эрүүгийн 2202006130050 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, *** ХХК-ийн махны үйлдвэрт мах шулаачаар ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.Т (РД:)

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4-р хороо, усан оргилуурын орчимд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг JWH-018 /ADB-BUTINACA/ агууламжтай 3 мл сэтгэцэд нөлөөт бодисыг Г.М-с 600.000 төгрөгөөр худалдан авч, биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед найзуудтайгаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ анх мансууруулах бодис хэрэглэсэн. Хар тамхи хэрэглэхэд баар цэнгээний газар байгаа мэт мэдрэмж төрдөг. Би маш их гэмшээд сургалтанд хүртэл суусан. Би мансууруулах бодисыг хоёр удаа л хэрэглэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, би дахиад хар тамхи хэрэглэхгүй. Би Шилмэл Стандарт” гэх компанийн махны үйлдвэрт мах шулаачаар ажилладаг бөгөөд захуудаар явж мах шулдаг, сард 3-4 сая төгрөг олдог гэв.

Хавтаст хэргээс:

Ц.Т-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 15-18 дахь тал)

Ц.Т-н биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай: LSD /диэтиламид лизергиний хүчил/, МЕТ метамфетамин, AMP амфетамин "... ТНС марихуан, илэрсэн..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал)

Гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 9 дүгээр сард Балдан нэртэй 40 орчим насны эрэгтэй хүнтэй покер тоглоод 10 сая төгрөгийн оронд электрон тамхины шингэн авсан. Тэр хүн надад хэлэхдээ энэ тамхины шингэн бусад шингэнээ бодвол хүчтэй үнэтэй зарагддаг гэж хэлсэн. Тэгээд би М-тэй холбогдоод надад ийм зүйл байна. Энийг худалдан борлуулах боломж байгаа юу гэж асуусан. Тэгээд хүмүүст зарж эхэлсэн. Тухайн тамхины шингэнийг зарахдаа Мишээл хүмүүстэй холбогдоод надад хаана, хэн авах гэж байгаа талаар хэлдэг. Тэгэхээр нь би тэр хавьд нь очоод тамхины шингэнийг үлдээгээд үлдээсэн газрынхаа талаар М-д хэлдэг байсан ба мөнгөө М бэлнээр авдаг байсан... Ойролцоогоор 10 сая орчим төгрөгийн электрон тамхины шингэн зарсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 166 дахь тал)

Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд худалдаж авсан дроп гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ц.Т, Ганбилэг гэх хоёр хүнд байнга зарж борлуулдаг... Би хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ц.Т-тэй гэрийн гадаа уулзаад мөнгө төгрөгөө яаж өгч авах талаар ярилцаад Дроп тавьсан газрынхаа бичлэгийг өгч явуулсан.... Яг хэдэн төгрөгийн ашиг олсон талаараа сайн мэдэхгүй, ойролцоогоор 2 сая төгрөг олсон... Х-с дропыг 1 мл грамм хэмжээтэйг нь 170,000 төгрөгөөр худалдаж аваад цааш нь Ц.Т, Г нарт 200,000 төгрөгөөр зардаг, тэгээд би худалдсан мөнгөө өөрийн эзэмшлийн Богд банкны 8100*** тоот данс, мөн Хаан банкны 5429*** тоот данснуудаар тус тус авч өөрийн данснаас бэлэн мөнгөөр гаргаж Х-д мөнгийг нь бэлнээр өгдөг... Би 2022 оны 9 сараас Хишигбаяраас дроп авч зарж байгаа уг дропыг Х  хаанаас яаж олж авсан талаар мэдэх зүйл байхгүй. Х  надад өгөхдөө 1 мл граммын хэмжээтэйг тариурт хийгээд бэлдчихсэн өгдөг... 2022 оны 09 сард Х-тэй тааралдаад Х  надад хүчтэй вепний шингэн байна, зарах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд намайг зарж өгөөд тодорхой хувь авч болно гэхээр нь би зөвшөөрөөд уг дропыг худалдах болсон... Ц.Т, Г  нар над руу утсаар холбогдоод шингэн авъя гэхээр нь би Х-тэй холбогдож шингэнээ аваад эсвэл би өөрөө байгаа газарт нь хүргэж өгдөг, заримдаа тодорхой газар тавьж тэрийгээ Ц.Т, Ганбилэг нар руу бичлэг зураг явуулдаг. Ц.Т, Г  нар мөнгөө миний данс руу эсхүл бэлнээр өгдөг... Би дроп шингэнийг тугалган цаасан дээр дуслыг дусаагаад доороос нь асаагуураар халааж ууршаад гарсан утааг нь хуйлсан мөнгөн дэвсгэртээр сорж хэрэглэсэн. Дуу чимээ жаахан чанга сонсогдож, нүд бага зэрэг улайх өөрчлөлт өгсөн энэ байдал нь 20-30 минут үргэлжлээд гардаг...” гэсэн мэдүүлэг(1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дахь тал)

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5712 дугаартай: “... "1" гэж дугаарласан 1 мл-ын тариуртай шаргал өнгийн шингэн зүйл /3ш/ тус бүрээс JWH-018 /ADB-BUTINACA/ илэрсэн. JWH-018 нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад хамаарна. Шаргал өнгийн шингэний хэмжээ 3 мл орчим байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 218-220 дахь тал)

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5701 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ... “Ц.Т ЕЙ98090411 11-р сар 12” гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин /MET/ илэрсэн... Тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МЕТ/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын жагсаалтад хамаарна..." гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 233-236 дахь тал)

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дугаартай: "...Ц.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Т сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна..." гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал)

Яллагдагч Ц.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зүс таних дүү М рүү залгаж "шингэнээс чинь авъя" гэж хэлсэн. Тэгсэн чинь М  за гээд над руу 5429**** дугаартай данс явуулахаар нь би тухайн данс руу эхнэр М-н эзэмшлийн 540**** дугаартай данснаас 600,000 төгрөг явуулсан. Тухайн үед би 1 мл граммыг нь 200,000 төгрөгөөр бодож нийт 600,000 төгрөг явуулсан. Тэгээд М-н хэлсний дагуу оройн 22 цагийн үед над руу явуулсан бичлэгээс нь харж байгаад Их дэлгүүрийн усан оргилуурын хажуугаас очиж 1 мл граммын тариуртай 3 ширхэг шингэнийг авсан. Тэгээд цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

шүүгдэгч Ц.Т нь 2022.11.11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр  хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн  урд талын усан оргилуурын орчимд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг JWH-018 /ADB-BUTINACA/ агууламжтай 3 мл сэтгэцэд нөлөөт бодисыг Г.М-с 600.000 төгрөгөөр худалдан авч, биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Ц.Т нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон, хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд Ц.Т-д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Ц.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон тэдгээрийн түүхий эдийг худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Ц.Т нь бусдад төлөх хохирол, төлбөргүй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон тэдгээрийн түүхий эдийг худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Т-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал нь: “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч өнөөдрийг хүрсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгааг шүүх харгалзан үзнэ үү. Ц.Т нь ам бүл 3 ба нэг бага насны хүүхэдтэй, мөн эхнэр нь 2 сартай жирэмсэн байгаа. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд нийгмээс тусгаарлавал амьдрал нь доройтох эрсдэлтэй байгаа юм. Тиймээс миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргажээ.

Монгол улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид 2008 онд тус тус нэгдсэн орсон бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хариуцлага хүлээдэг болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Т нь хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис буюу хар тамхийг хууль бусаар олж авч, хэрэглэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай хэмжээнд нотлогдон тогтоогдсон бөгөөд түүний эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилтай, түүний гэр бүлийн байдал зэрэг шүүгдэгчийн хувийн байдал болон хэргийн нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж үйлдсэн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 мл-ийн тариуртай шаргал өнгийн шингэн зүйл 3 ширхгийг шийтгэх тогтоол хүчин Ц.Т болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Т-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон тэдгээрийн түүхий эдийг худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ц.Т-д тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, ажил үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дээр дурдсан хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Ц.Т-д анхааруулсугай.

5. Тэнсэгдсэн ялтан Ц.Т-д хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 мл-ийн тариуртай шаргал өнгийн шингэн зүйл 3 ширхэг /хар тамхи түүнийг татах зориулалт бүхий хэрэглэгдэхүүн/-ийг шийтгэх тогтоол хүчин Ц.Т болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ц.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР