Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1078

 

 

 

 

 

 

    2023        8          9                                    1078     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

              шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

              улсын яллагч Ц.Сайнхүү,

              шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

              Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн 2306 01154 2194 дүгээр хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, .....

              Холбогдсон хэргийн талаар:

             Шүүгдэгч Б.О нь 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны хойд талын автобусны буудлын ТҮЦ-ийн хажууд хохирогч О.Бямбадоржтой үл ялих зүйлээс шалтгаалан хэрүүл маргаан үүсгэж, улмаар газарт унагаах, нүүрэн тус газар нь мөргөх, чулуугаар цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зулайн хуйх, духанд шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

              Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

              /хавтаст хэргийн 7 дахь тал/

              Хохирогч О.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай охин Амарзаяа нь 1000 оюутны байрны хойд талын автобусны буудал дээр ТҮЦ-нд суудаг ба 2023 оны 01 сарын 27-ны орой 19 цаг 40 минутын орчимд хоол хийгээд ТҮЦ рүү нь орсон чинь дотор нь биерхүү, бүдүүндүү 30-40 орчим насны зүс таних Оогий гэдэг залуу зогсож байсан ба “намайг юу байна” гэхээр нь би “юм алга даа” гэсэн чинь ТҮЦ-нээс гараад явсан, 10 гаруй минутын дараа орж ирээд “чи муу гуйлгачин энд юу хийж байгаа юм бэ” гэж хэлээд цохих гээд байхаар нь би заамдсан чинь намайг зөрүүлж заамдаад бид хоёр ТҮЦ-ээс гараад хоёр ТҮЦ-ийн голоор оруулаад намайг боож байгаад хамар руу нэг удаа мөргөчихөөр нь манараад газар унаад өгсөн ба нэг харсан чинь миний дээр гарч суугаад толгой руу 2 удаа чулуугаар цохисон. 3 дахь удаагаа цохих гэхээр нь би чулууг нь арай гэж барьж аваад байж байтал манай охин ТҮЦ-ээсээ гарч ирээд бид хоёрыг салгасан. Миний дух хэсэгт 3 оёдол, толгойн орой хэсэгт мөн оёдол тавьсан, хамар руу мөргөсний улмаас хамар хавдсан, бага зэргийн битүү байдалтай байна.” гэх мэдүүлэг,

              /хавтаст хэргийн 12 дахь тал/

              Гэрч Б.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад нэг мэдэхэд хоорондоо барилцаад авчихсан аав “чи согтуу юу хийж яваа юм” загнаад Б.О нь “би найз дээрээ ирсэн юм” гээд маргалдаад байхаар нь хүний ТҮЦ-ийн лангуу эвдчих гээд байхаар нь гарч маргалдацгаа гэсэн. Тэр хоёр гадагшаа гарсан. Би тэр үед нэг их зүйл бодоогүй байж байтал гэнэт гадаа тар няр гээд юм дуугарсан тул гараад харахад Б.О манай аав Бямбадоржийн дээр гараад суучихсан, гартаа чулуу барьчихсан хоорондоо булаацалдаад байсан. Тэгээд би салгах гэсэн боловч дийлээгүй. Би арай гэж салгаад харахад манай аав Бямбадоржийн духан дээр язарсан юм шиг, цус гарчихсан бас хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд босож ирээд цагдаа дуудаад цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг,

              /хавтаст хэргийн 14 дэх тал/

             

              Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1975 дугаар:

              “1. О.Бямбадоржийн биед зулайн хуйх, духанд шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,

              /хавтаст хэргийн  21-22 дахь тал/

 

              Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

              /хавтаст хэргийн 45 дахь тал/

 

              Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг болно.

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

               Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

             Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Б.О нь 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны хойд талын автобусны буудлын ТҮЦ-ийн хажууд хохирогч О.Бямбадоржтой үл ялих зүйлээс шалтгаалан хэрүүл маргаан үүсгэж, улмаар газарт унагаах, нүүрэн тус газар нь мөргөх, чулуугаар цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хуйх, духанд шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.     

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           Шүүгдэгч Б.О нь 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны хойд талын автобусны буудлын ТҮЦ-ийн хажууд хохирогч О.Бямбадоржтой үл ялих зүйлээс шалтгаалан хэрүүл маргаан үүсгэж, улмаар газарт унагаан, нүүрэн тус газар нь мөргөх, чулуугаар цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зулайн хуйх, духанд шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх7/, хохирогч О.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “намайг боож байгаад хамар руу нэг удаа мөргөчихөөр нь манараад газар унаад өгсөн ба нэг харсан чинь миний дээр гарч суугаад толгой руу 2 удаа чулуугаар цохисон. 3 дахь удаагаа цохих гэхээр нь би чулууг нь арай гэж барьж аваад байж байтал манай охин ТҮЦ-ээсээ гарч ирээд бид хоёрыг салгасан.” гэх /хх12/, гэрч Б.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б.О манай аав Бямбадоржийн дээр гараад суучихсан, гартаа чулуу барьчихсан хоорондоо булаацалдаад байсан. Тэгээд би салгах гэсэн боловч дийлээгүй. Би арай гэж салгаад харахад манай аав Бямбадоржийн духан дээр язарсан юм шиг цус гарчихсан бас хамраас нь цус гарчихсан байсан.” гэх мэдүүлгүүд /хх14/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1975 дугаар  дүгнэлт /хх21-22/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь хохирогч О.Бямбадоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

              Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-ыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

              Иймд шүүгдэгч Б.О “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

              Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Бямбадорж нь гэм хорын хохирлыг нэхэмжлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирол төлбөр нэхэмжлэхгүй, намайг зодсон асуудалд гомдолтой”  гэсэн болно.

              Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан.

 

             Шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлөх, уг хугацаанд 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

              Шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлөх, уг хугацаанд 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч О.Бямбадорж гэм хорын хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

              5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

              6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОДОНТУУЛ