| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2023/1019/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1049 |
| Огноо | 2023-08-01 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1049
2023 8 01 2023/ШЦТ/1049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,
улсын яллагч Н.Ганчимэг /томилолтоор/,
шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О холбогдох 2206 05991 2311 дугаар хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
0
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О нь 2022 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “О ” хотхоны байранд үйл ажиллагаа явуулдаг “GS-25” сүлжээ дэлгүүрийн менежерээр ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан 6.986.787 төгрөгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч О шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би ЖиЭс-25 салбар дэлгүүрийн үйл ажиллагаа хариуцсан менежер юм. Манай Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, О хотхонд байрлах салбар дэлгүүрийн менежер болон О нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдрийн хоорондох орлогын мөнгийг банкинд тушаалгүйгээр дур мэдэн авч явсан. Иргэн О нь мөнгө авч явснаас хойш ямар нэгэн холбоогүй алга болсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Иргэн О нь манай салбар дэлгүүрт 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажиллаж байгаа. Өмнө нь Шинэ- Амгалан салбарт туслах менежерийн ажил хийж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
Шүүгдэгч О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЖиЭс 25 сүлжээ дэлгүүрийн менежер хийж байхдаа дэлгүүрийн орлогын мөнгөнөөс 6.986.787 төгрөг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн. Би тухайн үед хувьдаа завшсан мөнгийг спортын бооцоонд тавьж алдсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
“О ” ХХК-ын итгэмжлэл (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),
“О ” ХХК болон О нарын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ЕА2022050509 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, ажил, албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас),
“Их Монгол хөлөг Аудит” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн аудитын шинжилгээний тайлан (хавтаст хэргийн 35-62 дугаар хуудас),
Хохирол барагдуулсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 64-67 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 88, 92-93, 94 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О нь 2022 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “О ” хотхоны байранд үйл ажиллагаа явуулдаг “GS-25” сүлжээ дэлгүүрийн менежерээр ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан 6.986.787 төгрөгийг завшсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас), шүүгдэгч О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас), Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), “О ” ХХК-ын итгэмжлэл (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), “О ” ХХК болон О нарын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ЕА2022050509 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, ажил, албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас), “Их Монгол хөлөг Аудит” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн аудитын шинжилгээний тайлан (хавтаст хэргийн 35-62 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О нь “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасны дагуу хохирогч “О ” ХХК-д учирсан 6.986.787 төгрөгийг шүүгдэгч О нь төлж барагдуулжээ.
Харин Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуульчилсан.
Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заажээ.
Хэрэгт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “О ” хотхоны байранд үйл ажиллагаа явуулдаг “GS-25” сүлжээ дэлгүүрт аудитын үнэлгээ гаргасан “Их Монгол хөлөг Аудит” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн аудитын шинжилгээний тайлан болон үнэлгээний аудитын үйлчилгээний төлбөр 3.300.000 төгрөгийг “О ” ХХК төлсөн баримт авагдсан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгч О дээрх мөнгийг нэхэмжилж байгаа гэж шүүхэд мэдэгдсэн байна.
Шүүгдэгч О холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд 3.300.000 төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гарсан болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч О 3.300.000 төгрөгийг гаргуулан “О ” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, О уг саналыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ооныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О 3.300.000 төгрөгийг гаргуулан “О ” ХХК-д олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй, “О ” ХХК-д учирсан 6.986.787 төгрөгийг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ