Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/892

 

 

 

 

 

   2023         06          22                                  2023/ШЦТ/892

                                                                                               

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалмаа,

           иргэдийн төлөөлөгч Б.Батчимэг,

улсын яллагч М.Оюунбат,

           шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, урьд

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Н.Б /регистрийн дугаар АА00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өлгийн 28 дугаар гудамжны 00 тоот хашааны гадна иргэн М.Бтэй "Архи авч зугтаалаа" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар ахуйн хэрэглээний тонгорог хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан, хохирогч М.Б биед “Зүүн суга орчимд нэг удаа, нурууны зүүн, баруун дал хэсгийн орчимд хэд хэдэн удаа хутгалсны улмаас биед нь зүүн суганы хураагуур судас, далны доорх хураагуур судас, далны нуруун доорх булчингийн хальс, том бөөрөнхий булчинг гэмтээсэн зүсэгдсэн шарх, хоёр дал, зүүн бугуйд зүсэгдсэн шарх бүхий” гэмтэл учруулж  “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би буруу зүйл хийснээ ойлгож хүлээн зөвшөөрч байгаа гэм бурууд маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн  01 дэх тал/,

Хохирогч М.Б өгсөн "...2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 08 цагийн үед "Тайж" дэлгүүрээс Э, Б нартай хамт архи аваад 204 дүгээр байрны орцонд орж архи уусан. Тэгээд 10 цагийн орчимд тэр байрнаас гарч яваад дээшээ өгсөөд "Хос" дэн буудлын хажуугаар зам дагаад алхаж байсан. Тэр үед хар куртик, хар саравчтай малгайтай, хар нүдний шилтэй залуутай тааралдсан. Тэр залуу намайг хутгалдаг Н.Б байсан. Б Н.Быг дуудаад юм яриад байсан. Тэгээд тэр хоёр юм ярьж байгаад хамт уухаар болоод 204 дүгээр байрны хойд талд архи уусан. Тэгээд архинаас бага зэрэг үлдсэн байсныг Өлгийн 28 дугаар гудамжны мухарт байдаг төмөр хашааны дэргэд суугаад архи уусан. Бид нарын ууж байсан архи дуусаад Н.Б "дахиад архи уумаар байна, би дахиад архи авъя, нэг нь хамт явах уу" гэхээр нь би хамт явъя гээд дагаад явсан. Гудамжны доод талд байсан "Тайж" дэлгүүрт орж архи авсан бөгөөд Н.Б тооцоо хийгээд үлдсэн. Би архийг нь аваад түрүүлээд гарсан. Би дэлгүүрээс гараад шууд Булгантамирын хашаанд буюу Өлгийн 28 дугаар гудамжны 343-6 тоотод очсон. Гудамжинд Т, Б, Э нар байсан болохоор би дуудаад "Булгантамирын хашаанд орж архиа ууя" гээд дагуулаад орсон. Н.Бын хашаанд бид нар архиа уугаад эхэлж байхад Н.Б хашааны хаалга онгойлгоод намайг гараараа даллаад дуудаад байсан. Би Н.Быг хараад наашаа ороод ирээ гээд гараараа даллаад дуудахад орж ирээгүй. Би хашааны гадаа очиход Н.Б "чи архи авч зугтаасан" гэх мэтийн зүйл яриад байхаар нь би чиний архийг авч зугтаагаагүй, чи өөрөө алга болчхоод, харамлаад байвал аваад яв л даа" гээд нэг удаа түлхсэн. Гэнэт Н.Б баруун халааснаасаа хар өнгийн жижиг эвхдэг хутга гаргаад ирэхээр нь би гайхаад наадах чинь юу юм бэ, чи намайг нээрэнгээсээ хутгалах гээд байгаа юм уу гэхэд над руу хутгаараа шууд дайрахаар нь би гараараа хаасан. Тэгэхэд миний зүүн гарын бугуй хэсэгт зоочихсон. Би гараа татаад автал шууд намайг тэвэрч аваад баруун гараараа 3-4 удаа миний нуруу хэсэгт цохих шиг болсон. Тэгээд би доошоо хартал газарт цус дусалж байсан. Би тэгээд тэр дороо унасан бөгөөд бага багаар явсаар байгаад хашааны хаалга нээгээд Эод намайг хутгалчихлаа гэж хэлсэн Тэгээд намайг босгоод зам руу ойртсон. Н.Б намайг хутгалчхаад зүгээр алхаад яваад өгсөн. Н.Б нүдний шилээ зарим үед авч байсан бөгөөд нэг нуд нь цагаан байсан...." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 32-38 дахь тал/,

Гэрч Ж өгсөн "...2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 08 цагийн үед 205 дугаар байрны гадаа сааданд Э ах, Э, Э, Ажуу ах нар ирээд архи уусан. ...Тгийн гэрийн гадна архи ууж байхад үл таних хар хувцастай залуу ирж хамт архи уусан. Тэгж байгаад М.Б хашаа руу ороод гарч ирэхдээ М.Б хутгалуулчихсан ирсэн..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Гэрч Ц.Эын өгсөн "...Б, М.Б, Ж бид нар манай найз Тгийн гэрийн гадна хашаан дотор 2 шил архи уусан. Тэгээд М.Б хашаанаас гараад явсан ба орж ирэхдээ бие, хувцас нь цус болчихсон ирсэн М.Б гаднаас орж ирэхдээ хар малгай, хар нүдний шилтэй, хар хувцастай залуу хутгалчихлаа гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 44 дэх тал/

Гэрч Т өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цаг 50 минутын орчимд М.Б гэх хүн түргэнээр хүргэгдэн ирсэн бөгөөд ирэхдээ согтуу цээжний ард есөн тооны хутгалагдсан шархтай, мөн зүүн шуунд хутгалагдсан шархтай ирсэн. Цээжний зуун талд суга руу хавж хатгасан шархнаас цус алдаад тогтохгүй байсан тул яаралтай хагалгаанд орсон. Бусад шарх нь цээжинд нэвтрээгүй, зүүн шууны шарх гүн байсан тул хагалгаанд орсон. Цээж хэсэгт нэвтэрсэн 4 тооны шарх байсан бөгөөд суганд хавж дээш нэвтэрсэн шарх хүнд байсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 46-47 дахь тал/

Гэрч Т өгсөн “...Тухайн өдөр 10 цагийн орчим М.Б манай гэрийн хаалгыг тогшихоор нь би хашааны гадна гарч очиход Т. Э, Б нар хар хувцас, хар малгай, хар нүдний шилтэй эрэгтэй хүнтэй хамт манай гудамжны буланд архи ууж байсан. Би 12 цагийн орчим гэрээсээ гараад найз Хандармааг таксинд суулгаж өгөх гээд гарахад манай хашааны буланд Болор- Эрдэнэ цустайгаа холилдоод хэвтэж байсан ба хажууд нь Т, Э, Б нар байсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

Гэрч Т өгсөн "...Цайз 116 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад "Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Од авто угаалгын баруун талд суга хэсгээс нь цус алдсан эрэгтэй хүн хэвтэж байна" гэх дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу 12 цаг 37 минутад очиж шалгахад 40-50 орчим насны эрэгтэй цэнхэр өнгийн нимгэн хантаазтай хэвлий болон нуруу хэсэгтээ цус мэт улаан өнгийн зүйл болсон байдалтай баруун хажуу талаараа хэвтсэн байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

Гэрч Т “...Тус өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Хос" буудлын хажуугаар явж байхад тус буудлын хойд гудамжны төв зам талдаа явган хүний зам дээр баахан хүмүүс бөөгнөрсөн байсан бөгөөд би гайхаад яваад очиход М.Б хутгалуулсан гээд цус алдаад хэвтэж байсан. Тэгээд түргэний машин ирээд аваад явсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 56 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4581 дугаартай:

1. М.Б биед зүүн суганы хураагуур судас, далны доорх хураагуур судас, далны нуруун доорх булчингийн хальс, том бөөрөнхий булчинг гэмтээсэн зүсэгдсэн шарх, хоёр дал, зүүн бугуйд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх зүүн суганы хураагуур судас гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1647 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 81-88 дахь тал/,

Шинжээч эмч Т өгсөн “...Зүүн суганы хураагуур судас гэмтээсэн шарх нь түргэн тусламж үзүүлээгүй бол үхэлд хүргэх аюултай шарх байсан бөгөөд хагалгаа хийсэн учир амь насыг аварч чадсан. Энэ гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа бөгөөд бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-23 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-28 дахь тал/,

Хохирогч М.Б Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, /хавтаст хэргийн 97-128 дахь тал/,

Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "...Дэлгүүрт ороод өөртөө байсан мөнгөөрөө архи, ундаа зэргийг аваад дээшээ өгсөж байхдаа 3 хүнтэй таарсан бөгөөд нэг хүнийг нь хамт архи уух уу гэхэд тэгье гээд урд байсан 9 давхрын хойно очиж архи ууж байгаад зам дагаад яваад нэг гудамжинд очиж тус гудамжны мухарт бид 4 үлдсэн архиа уусан. Эхний шилтэй архиа ууж дуусгаад би дахиад архи авъя, хамт явчих гээд өндөр нуруутай, бор царайтай эрэгтэйн хамт өмнө архи авсан дэлгүүртээ ороод архи аваад тооцоогоо хийж байхад тус архийг нөгөө эрэгтэй аваад түрүүлээд гараад явсан. Би араас нь мөнгө шилжүүлэхийг хүлээгээд хэсэг байж байгаад гарахад нөгөө эрэгтэй байгаагүй ба өмнө ууж байсан гудамжны мухарт очиход хамт архи ууж байсан хүмүүс байхгүй байсан. Нөгөө эрэгтэй байн байн орж гараад байсан ногоон хашаанд очиход хамт архи ууж байсан хүмүүс харагдсан ба би айлын хашаанд хамаагүй ороод яах вэ гээд нөгөө эрэгтэйг нааш ир гээд гараараа далласан. Нөгөө эрэгтэй хашааны гадаа гараад ирэхээр нь "яагаад миний архийг аваад явж байгаа юм бэ, архи аваад зугтаачихдаг яадаг писда вэ, хүн сэтгэл гаргаад архи аваад өгөөд байхад" гэх мэтээр хэлэхэд нөгөө эрэгтэй би чиний архийг авч зугтаагаагүй, чи өөрөө ирэхгүй удаад байсан биз дээ, орж архинаасаа уувал уу гээд миний цээж хэсэгт 1 удаа түлхсэн. Тухайн үед миний уур ихээр хүрсэн байсан учраас куртикнийхээ баруун халаасанд хийсэн байсан хутгыг баруун гараараа халаасан дотроо дэлгэж байгаад гаргаж ирээд хутгалах гэхэд гараараа хаачихсан ба тухайн үед гарыг нь зүсэх шиг болсон. Тэгээд шууд нөгөө эрэгтэйг тэвэрч аваад цээжний ар хэсэгт нь олон удаа хутгалсан. Тэгээд тэр эрэгтэйг тэнд нь орхиод шууд буудаллаж байсан буудал руугаа явсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142-143 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

  • Иргэний үнэлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 161 дэх тал/,
  • Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 101 дэх тал/,
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 170 дахь тал/
  • Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, /хавтаст хэргийн 172 дахь тал/
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /хавтаст хэргийн 173 дахь тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн өгсөн

  • Хохирогч М.Б бичгээр гаргасан хүсэлт,
  • Хохирол, төлбөр төлсөн баримт зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай , түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

  Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өлгийн 28 дугаар гудамжны 343 тоот хашааны гадна иргэн М.Бтэй "Архи авч зугтаалаа" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар биедээ авч явсан ахуйн хэрэглээний тонгорог хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан, хохирогч М.Б гар, цээж нуруу хэсэгт нь хэд хэдэн удаа хутгалж, хохирогчийн  эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт тусгагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгчийн шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... дэлгүүр хамт явсан эрэгтэй хашааны гадаа гараад ирэхээр нь "яагаад миний архийг аваад явж байгаа юм бэ, архи аваад зугтаачихдаг яадаг писда вэ, хүн сэтгэл гаргаад архи аваад өгөөд байхад" гэх мэтээр хэлэхэд нөгөө эрэгтэй би чиний архийг авч зугтаагаагүй, чи өөрөө ирэхгүй удаад байсан биз дээ, орж архинаасаа уувал уу гээд миний цээж хэсэгт 1 удаа түлхсэн. Тухайн үед миний уур ихээр хүрсэн байсан учраас куртикнийхээ баруун халаасанд хийсэн байсан хутгыг баруун гараараа халаасан дотроо дэлгэж байгаад гаргаж ирээд хутгалах гэхэд гараараа хаачихсан ба тухайн үед гарыг нь зүсэх шиг болсон. Тэгээд шууд нөгөө эрэгтэйг тэвэрч аваад цээжний ар хэсэгт нь олон удаа хутгалсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 142-143 дахь тал/,

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...   Гудамжны доод талд байсан "Тайж" дэлгүүрт орж архи авсан бөгөөд Н.Б тооцоо хийгээд үлдсэн. Би архийг нь аваад түрүүлээд гарсан. Би дэлгүүрээс гараад шууд Булгантамирын хашаанд буюу Өлгийн 28 дугаар гудамжны 343-6 тоотод очсон. ...   Н.Б хашааны хаалга онгойлгоод намайг гараараа даллаад дуудаад байсан. Би Н.Быг хараад наашаа ороод ирээ гээд гараараа даллаад дуудахад орж ирээгүй. Би хашааны гадаа очиход Н.Б "чи архи авч зугтаасан" гэх мэтийн зүйл яриад байхаар нь би чиний архийг авч зугтаагаагүй, чи өөрөө алга болчхоод, харамлаад байвал аваад яв л даа" гээд нэг удаа түлхсэн. Гэнэт Н.Б баруун халааснаасаа хар өнгийн жижиг эвхдэг хутга гаргаад ирэхээр нь би гайхаад наадах чинь юу юм бэ, чи намайг үнэнээсээ хутгалах гээд байгаа юм уу гэхэд над руу хутгаараа шууд дайрахаар нь би гараараа хаасан. Тэгэхэд миний зүүн гарын бугуй хэсэгт зоочихсон. Би гараа татаад автал шууд намайг тэвэрч аваад баруун гараараа 3-4 удаа миний нуруу хэсэгт цохих шиг болсон. Тэгээд би доошоо хартал газарт цус дусалж байсан. Би тэгээд тэр дороо унасан ..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 32-38 дахь тал/,

Гэрч Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Тгийн гэрийн гадна архи ууж байхад үл таних хар хувцастай залуу ирж хамт архи уусан. Тэгж байгаад М.Б хашаа руу ороод гарч ирэхдээ М.Б хутгалуулчихсан ирсэн..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Гэрч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...  М.Б хашаанаас гараад явсан ба орж ирэхдээ бие, хувцас нь цус болчихсон ирсэн М.Б гаднаас орж ирэхдээ хар малгай, хар нүдний шилтэй, хар хувцастай залуу хутгалчихлаа гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 44 дэх тал/

Гэрч Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... М.Б гэх хүн түргэнээр хүргэгдэн ирсэн бөгөөд ирэхдээ согтуу цээжний ард есөн тооны хутгалагдсан шархтай, мөн зүүн шуунд хутгалагдсан шархтай ирсэн. Цээжний зуун талд суга руу хавж хатгасан шархнаас цус алдаад тогтохгүй байсан тул яаралтай хагалгаанд орсон. Бусад шарх нь цээжинд нэвтрээгүй, зүүн шууны шарх гүн байсан тул хагалгаанд орсон. Цээж хэсэгт нэвтэрсэн 4 тооны шарх байсан бөгөөд суганд хавж дээш нэвтэрсэн шарх хүнд байсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 46-47 дахь тал/

Гэрч Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...  Би 12 цагийн орчим гэрээсээ гараад найз Хандармааг таксинд суулгаж өгөх гээд гарахад манай хашааны буланд Болор- Эрдэнэ цустайгаа холилдоод хэвтэж байсан ..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4581 дугаартай “... М.Б биед зүүн суганы хураагуур судас, далны доорх хураагуур судас, далны нуруун доорх булчингийн хальс, том бөөрөнхий булчинг гэмтээсэн зүсэгдсэн шарх, хоёр дал, зүүн бугуйд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх зүүн суганы хураагуур судас гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

Шинжээч эмч Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Зүүн суганы хураагуур судас гэмтээсэн шарх нь түргэн тусламж үзүүлээгүй бол үхэлд хүргэх аюултай шарх байсан бөгөөд хагалгаа хийсэн учир амь насыг аварч чадсан. Энэ гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа бөгөөд бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 70-71 дэх тал/, болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

Шүүгдэгч Н.Б нь хохирогчийн зүүн суга орчимд нэг удаа, мөн нурууны зүүн, баруун дал хэсгийн орчимд хэд хэдэн удаа хутгалсны улмаас нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбарт: “-Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно.

Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

Хутга” нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Н.Б нь зэвсэг хэрэглэж, хохирогч М.Б эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Б нь хохирогч М.Б зүүн суга орчимд нэг удаа, мөн нурууны зүүн, баруун дал хэсгийн орчимд хэд хэдэн удаа хутгалсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

Иймд шүүгдэгч Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Н.Быг “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Хэрэг гарах болсон шалгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч, хохирогч нар нь архины хамааралтай, архидан согтуурсан үедээ ялимгүй зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Н.Б нь хохирогч М.Бд шүүхийн шатанд өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь түүний дансны хуулга, хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлтүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн хохирогч М.Б нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар шүүгдэгч Н.Баас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Н.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж хорих ялыг шүүх хөнгөрүүлж шийдвэрлэж болохоор тусгасан.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол,  хор уршгаас үүдэн гарсан зардалд 500.000 төгрөг нэхэмжилснийг нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд саад учруулаагүй, шуурхай явуулах нөхцөл боломж бүрдүүлж гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаагүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан хүнд гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэж дүгнэсэн, гэмт хэрэг үйлдсэнээ ойлгож, ухамсарлаж шүүхийн хэлэлцүүлэгт гэмт бурууд маргаагүй, шүүгдэгч нь нэг нүд нь хараагүй, харааны бэрхшээлтэй зэрэг бусад хувийн байдлуудыг нь харгалзаж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, хутгаар буюу хүйтэн зэвсэг хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу амь насанд аюултай гэмтэл учруулсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 80 хоногийг эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Мөн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

           2. Шүүгдэгч Н.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 6 /сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Бад оногдуулсан 3 /гурав/ жил 6 /сар/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бын цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б нь хохирогч М.Бд 500.000 /таван зуун мянга/ төгрөг хохиролд төлсөн болохыг дурдаж, хохирогч М.Б нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                    ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ

 

                                                    ШҮҮГЧ                         Э.ЧИНГИС