Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2025/0706

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У

 

Нэхэмжлэгч: “Б х” ХХК

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар албан бичгээр хүргүүлсэн 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт олгох хүсэлтийг шийдвэрлэлгүй, санхүүжилт олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болох 807,577,300 төгрөг, алданги 403,788,650 төгрөг, нийт 1,211,365,950 төгрөгийг нэхэмжлэгч “Б х” ХХК-д олгохыг хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0501 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, Х.Ч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2025/0223/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б х” ХХК-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар албан бичгээр хүргүүлсэн 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт олгох хүсэлтийг шийдвэрлэлгүй, санхүүжилт олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болох 807,577,300 төгрөг, алданги 403,788,650 төгрөг, нийт 1,211,365,950 төгрөгийг нэхэмжлэгч “Б х” ХХК-д олгохыг хариуцагчид даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0501 дүгээр шийдвэрээр: Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 14 дүгээр зүйлийн 14.8, 14.8.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 37 дугаар зүйлийн 37.3, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 2022 оны 09, 10, 11 дүгээр сар болон 2023 оны 01, 10, 11 дүгээр сард бүрэн олгогдоогүй санхүүжилтийг олгох хүсэлтийг шийдвэрлэлгүй, санхүүжилт олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дурдсан хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болон 272,181,050 төгрөг, түүнд ногдох торгууль болох 27,218,105 төгрөг, нийт 299,399,155 (хоёр зуун ерэн есөн сая гурван зуун ерэн есөн мянга нэг зуун тавин таван) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг, мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн 2024 оны 01, 02 дугаар сард хамаарах нэхэмжлэхийг зохих журмын дагуу хянан үзэж, шаардагдах захиргааны акт гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах гомдлын агуулга:

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Нэхэмжлэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 299,399,155 төгрөгийг ханган шийдвэрлэсэнтэй маргахгүй, түүнийг хүлээн зөвшөөрч байгаа боловч үлдэх хэсэг болох 911,966,795 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна. Хариуцагчаас олгох ёстой санхүүжилт болох 2023 оны 8-12 саруудад хамаарах хугацааны санхүүжилтийг “нэмэлт гэрээ байгуулсан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

3.2. Гэрээний 2.1-т “АР-03/001 дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний нэгдүгээр хавсралтад тусгагдсан тусламж үйлчилгээний төрөл, оношийн хамааралтай бүлгийн код, нэр, үйлдлийн ангилал, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн тул уг гэрээнд өөрчлөлт оруулав” гэж заасан үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болсон үндэслэлийг дурдсан байдаг. Нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан үндсэн гэрээ нь нийт 10 оношийн хамааралтай бүлгээр хийгдсэн бөгөөд тухайн 10 оношийн хамааралтай бүлгийн “ангилагдаагүй бусад” гэсэн оношийн хамааралтай бүлгийн код өөрчлөгдсөн тул ийнхүү нэмэлтээр гэрээ хийж оруулсан байна. Хэрэв бусад оношийн хамааралтай бүлгийн кодыг өөрчилсөнтэй холбоотойгооp тухайн бүлгийн кодуудыг хасахаар талууд тохиролцож, нэмэлт гэрээг байгуулсан бол нэмэлт гэрээний 2.1 дэх хэсэгт “бусад оношийн хамааралтай бүлгийн код хасагдсан тул” гэдэг байдлаар нэмэлт гэрээнд тусгах байсан билээ. Гэвч нэмэлт гэрээнд энэ үндэслэлийг огт дурдаагүй, зөвхөн оношийн хамааралтай бүлгийн код өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэмэлт гэрээ байгуулав гэж заасан байхад шүүхээс “хэрэв талууд бусад 9 тусламж үйлчилгээг хэвээр үргэлжлүүлэх байсан бол гэрээний 1 дүгээр хавсралтын үлдсэн 9 тусламж, үйлчилгээний кодыг бүхэлд нь шинэчлэх байсан” гэх үндэслэлийг ишлэл хэсэгт зааж 9 оношийн бүлгийг хассан гэх агуулгаар тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тухайн гэрээний нэмэлт өөрчлөлт батлагдаж байх үед Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэмэлтээр тухайн хавсралтад заасан тусламж үйлчилгээг үзүүлэхээр тохирч байгаа талаар мэдэгдэж байсан тул нэхэмжлэгчийн зүгээс тус бүх үйлчилгээг өөрчилж байна гэж ойлгох огт баримт, үндэслэл байдаггүй.

Аливаа гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаатай холбоотой гэрээний зүйл заалт, ялангуяа захиргааны байгууллагын зүгээс байгуулж буй гэрээний зүйл заалт хасагдах өөрчлөгдөх тохиолдолд тухайн тохиолдол тус бүрийг заах ёстой юм. Гэтэл дээр дурдсанаар 9 оношийн хамааралтай бүлгийн кодыг үндсэн гэрээнээс хасах тухай огт дурдаагүй байхад шүүх дээрх байдлаар тайлбарлах замаар 2023 оны 8-11 сарын санхүүжилтийн зөрүүг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн буруу гэж үзэж байна.

3.3. Гэтэл Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан бөгөөд утга агуулга ойлгомжгүй тохиолдолд гэрээг тайлбарлах бусад аргуудыг хэрэглэх боломжтой талаар тодорхой зохицуулсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээний хувьд үгийн салаа утгатай, тайлбар шаардагдах үг хэллэг ашигласан зүйл огт байхгүй тул гэрээний үгийн шууд утгыг анхаарч гэрээг тайлбарлах шаардлагатай билээ. Иймд дээр дурдсанчлан сэрээний 2.1 болон 3.2 дахь заалтуудаас үзвэл тухайн гэрээ нь нэмэлт гэрээ байхаас гадна үндсэн гэрээнээс аливаа зүйл заалт, түүний хавсралтаас холбогдох хэсгүүдийг хасах талаар огт зохицуулаагүй гэдгийг давж заалдах журмаар гомдол хянан үзэхдээ анхаарч үзэхийг хүсч байна. Иймд талуудын хооронд нэмэлт гэрээ байгуулагдсан гэх үндэслэлээр 222,926,250 төгрөгийн санхүүжилтийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж тухайн саруудын санхүүжилтийг бүрэн хэмжээгээр олгогдох тохиолдолд тус гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр алдангийг шаардах хууль зүйн үндэслэл бүрдэх тул нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр алдангийг бүрэн олгож, хамт шийдвэрлэж өгнө үү.

3.4. Нэхэмжлэгч нь 2024 оны 01 болон 02 сард нийт 172 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн тул 284,050,000 төгрөгийн санхүүжилт олгохыг хариуцагчаас шаардсан. Гэвч шүүхээс 2024 оны 01, 02 дугаар сард хамаарах хугацааны нэхэмжлэхийг шийдвэрлэлгүй орхигдуулснаараа хариуцагч нь “эс үйлдэхүй” гаргасан байх бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах агуулгаар шийдвэрлэв” гэсэн байна. Гэтэл тухайн саруудад ногдох санхүүжилтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Тодруулбал, шүүхээс 2023 оны 8-11 сарын санхүүжилтийг талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээний хүрээнд нэг хүнд ногдох 250,000 төгрөгөөр тооцон олгох үндэслэлтэй гэж шийдвэрлэж байгаа тохиолдолд тухайн дүнгээр 172 хүнд ногдох санхүүжилтийг тооцож олгох боломжтой.

3.5. Ковидын үед тусламж үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой санхүүжилтийг гаргуулах шаардлагатай холбоотой хэсгийг шийдвэрлэх боломжгүй гэдэг агуулгаар шүүхийн шийдвэрт тусгасан байна. Харин үндэслэлээ “энэхүү эрх зүйн маргаан нь талуудын хооронд байгуулсан АР-03/001 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой бөгөөд энэхүү гэрээ үйлчилж эхлэхээс өмнөх хугацааны буюу 2021 онд хамаарах ковид-19 цар тахлын тусламж, үйлчилгээний хувьд хамааралгүй юм” гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн ковидын тусламж үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой санхүүжилтийг АР-03/001 дугаартай гэрээтэй холбон тайлбарлаж, тус үндэслэлээр шаардаагүй юм. Тодруулбал, ковидтой холбоотой санхүүжилтийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардсан байхад энэ талаар дүгнэлт хийн шийдвэрлэх ёстой байсан ч шүүхээс тус шаардлагыг гэрээтэй холбоогүй гэж үзэн ийнхүү шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн хувьд талуудын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой асуудал болон ковидын санхүүжилт олгоогүй гэх тусдаа асуудлаар нэг хариуцагчид холбогдуулан зэрэг нэхэмжлэл гаргах хууль зүйн боломжтой тул ковидын тусламж үйлчилгээг үзүүлсэнтэй холбоотой 28,420,000 төгрөгийн санхүүжилтийг шаардах, шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд ковидын тусламж үйлчилгээг үзүүлсэнтэй холбоотой 28,420,000 төгрөгийн санхүүжилтийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд хууль бус гэж үзэж байна гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

4.1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу тус газар “Б х” ХХК-ийн С сувилалтай АР-03/001 дугаартай гэрээний хавсралтад заасны дагуу С сувилал нь газар дээр хийгдсэн хяналт, үнэлгээний үр дүнг харгалзан, нэхэмжлэх эрх нээсний дараа уламжлалт ангаах ухааны болон сэргээн засахын нийт 9 оношийн хамааралтай бүлгээр эрүүл мэндийн тусламж тусламж, үйлчилгээг иргэн-даатгуулагчид үзүүлэхээр харилцан тохиролцсон. Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн газар дээрх хяналт шалгалт, үнэлгээний дүнг баталгаажуулахад нэхэмжлэгч нь газар дээрх хяналт хийгдээгүй, нэхэмжлэх эрх нь нээгдээгүй байх үеийн буюу 2022 оны 9, 10, 11 саруудад үзүүлсэн уламжлалт анагаах ухааны болон сэргээн засахын тусламж, үйлчилгээгээр нэхэмжлэлээ ирүүлсэн тул ангилагдаагүй бусад төрлөөр санхүүжилтийг нь олгосон.

4.2. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын 3.1-д Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас худалдан авах тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын төрлүүдийг заасан бөгөөд уг төрөлд 3.1.2-д эрүүл мэндийн байгууллага дээр очиж хийх хяналт, шалгалт байхаар зохицуулсан. “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын 3.2-т “...энэхүү журмын 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.5-д заасан бусад хяналтын төрлүүдийн үр дүнд аливаа төлбөртэй холбоотой шийдвэрийг гаргахгүй” гэж заасан. Энэ нь журамд заасан дээрх чанар, төлбөрийн хяналтын төрлүүдээс “бусад” хяналтын төрлүүдийн үр дүнгээр төлбөртэй холбоотой шийдвэр гаргахгүй байхыг заасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2022 оны 9, 10, 11 саруудын нэхэмжлэлүүд нь газар дээрх хяналт хийгдээгүй байх үед үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэл тул санхүүжилт олгох боломжгүй болно.

4.3. Нэхэмжлэгч С сувилал нь 2023 оны 01 дүгээр сард сэргээн засах болон уламжлалтын 189,431,250 төгрөгийг тусламж, үйлчилгээ үзүүлсэн боловч цахим системийн тохиргооноос шалтгаалж 83,656,250 төгрөгийн нэхэмжлэл илгээгдсэн гэжээ. Шүүхээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын www.health.gov.mn цахим системд хийсэн үзлэгээр программын тохиргооны алдаа илрээгүй болно. Иймд программын тохиргооноос шалтгаалж цахим системээр нэхэмжлэх боломжгүй болж санхүүжилт авч чадаагүй гэдэг нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй 2024 оны 01, 02 дугаар сард цахим системээр илгээсэн нэхэмжлэл байхгүй, үүнийг шүүхийн үзлэгээр тогтоосон. Гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэлээ ирүүлээгүй тул эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгохгүй болно. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар цахим системд ирсэн нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхисон асуудал биш бөгөөд цахим системд огт ирүүлээгүй нэхэмжлэлийн асуудал юм. Цахим системд нэхэмжлэл ирүүлээгүй болохыг шүүх үзлэгээрээ тогтоосон боловч хариуцагч байгууллагыг нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0501 дүгээр шийдвэрээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үгүйсгэсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаснаас гадна шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар албан бичгээр хүргүүлсэн 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт олгох хүсэлтийг шийдвэрлэлгүй, санхүүжилт олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болох 807,577,300 төгрөг, алданги 403,788,650 төгрөг, нийт 1,211,365,950 төгрөгийг нэхэмжлэгч “Б х” ХХК-д олгохыг хариуцагчид даалгах” шаардлага гаргаж маргасан.

4. Ингэхдээ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон “Б х” ХХК-ийн хооронд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан АР-03/001 дугаартай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах тухай гэрээ”, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан АР-03/001-568 дугаартай нэмэлт гэрээгээр зохицуулсан харилцаанд нэг талаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлсэн ч худалдан авагч нь тухайн хөнгөлөлттэй үйлчилгээний санхүүжилтийг бүрэн олгохгүй эс үйлдэхүй гаргасан гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлохоос гадна 2021 онд Ковид-19 цар тахлын үед үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг ч бүрэн олгоогүй гэж маргасан.

5. Хэргийн оролцогчдын тайлбар, маргааны үйл баримтаас үзэхэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах үндсэн болон нэмэлт гэрээний дагуу С сувиллын үзүүлж буй эрүү мэндийн аль тусламж, үйлчилгээг хөнгөлттэй нөхцөлд хамааруулахаас үүдэн, нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2022 оны 9, 10, 11 сар, 2023 оны 1 болон 8, 9, 10, 11 дүгээр сар, 2024 оны 1 ба 2 дугаар сард үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг бүрэн олгоогүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч нь зарим сарын нэхэмжлэхийг гэрээнд заасан харилцах суваг, хэлбэрээр зохих ёсоор ирүүлээгүй гэх үйл баримтын хүрээнд шаардлага ба татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.  

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй”, 38.4-т “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж тус тус заасан.

7. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэргийн оролцогчдын маргаж буй шаардлага, татгалзлын үндэслэл тус бүрд хамаарах нотлох баримтыг шүүх талуудын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны бөгөөд зөрчигдсөн эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Түүнчлэн маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтыг шүүхээс хуульд заасан журмын дагуу цуглуулж, түүнийг шүүх хуралдаанд шинжлэн судалсны үндсэн дээр үнэлэх нь шийдвэр үндэслэл байх хуулийн шаардлагыг тодорхойлох хүчин зүйл болно.

8. Хэрэгт ач холбогдолтой дараах нотлох баримтыг дор дурдсан үндэслэлээр нэмж цуглуулсны үндсэн дээр маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тухайлбал:

8.1. Талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан АР-03/001 дугаартай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах тухай гэрээ”-ний 1.4-т зааснаар тусламж үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээ (хавсралт 1), иргэн-даатгуулагчийн хүсэлтээр үзүүлэх нэмэлт үйлчилгээний талаарх мэдээлэл (хавсралт 2), гэрээ дүгнэхэд харгалзах тусламж, үйлчилгээний тоо болон чанарыг хэмжих шалгуур үзүүлэлт (хавсралт 3), гэрээний талуудын харилцах суваг (хавсралт 4) зэргийг тодорхойлсон баримт нь түүний салшгүй хэсэг байх ажээ.

Нэхэмжлэгчээс үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг олгохоос татгалзсан үндэслэлийн хүрээнд хариуцагч нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын дагуу газар дээрх хяналт шалгалт хийгээгүй байхад тусламж үйлчилгээ үзүүлсэн тул санхүүжилт олгох үндэслэлгүй гэж, харин нэхэмжлэгчээс энэ журмын хүрээнд хэрэгжүүлэх хяналт шалгалтаар төлбөртэй холбоотой шийдвэр гаргахгүй гэх зэргээр маргахаас гадна байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар харилцсан сувгийг харилцан адилгүй тайлбарласан тохиолдол байна.

Гэтэл маргаж буй асуудлын үндэслэл болсон буюу энэ хэсгийн 4-т заасан гэрээний 3 болон 4 дүгээр хавсралтаар баталсан баримтууд хэрэгт авагдаагүй байхад чанарын хэмжилтийн ямар шалгуур үзүүлэлтийг нэхэмжлэгч хангаагүй гэж үзэж, хариуцагч санхүүжилт олгохоос татгалзсан болох, тэр нь хууль тухайн  харилцааг зохицуулсан дүрэм журам, гэрээний нөхцөлд хэрхэн нийцэж байгаа эсэхэд шүүх бодитой дүгнэлт өгөх боломжгүй юм.

Гэрээний хугацаанд дээрх шалгуур үзүүлэлтийн дагуу жил бүр гэрээг дүгнэсэн эсэх, түүгээр ямар нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг тодруулах нь ч маргааны үйл баримтын хүрээнд шаардлага, татгалзлын үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөхөд нотолгооны ач холбогдолтой.

8.2. Мөн нэхэмжлэгчээс “... 2022 оны 9 дүгээр сард үзүүлсэн эрүү мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт болох 64,429,150 төгрөгийг олгоогүй” гэж маргах бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... /үүнээс/ 27.5 сая төгрөгийг төлсөн, хоёр байгууллагын хооронд өглөг, авлагын жагсаалт үйлддэг, гүйлгээний баримт нь хэрэгт байхгүй, шүүх шаардаагүй болохоор гаргаж өгөөгүй” гэж тайлбарлаж байгаа нөхцөлд хариуцагч нь “Б х” ХХК-иас ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын нэхэмжлэхээс уг дүнгээр санхүүжилт олгосон эсэх үйл баримтыг эргэлзээгүй тогтоох нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд зайлшгүй гүйцэтгэвэл зохих ажиллагаа гэж үзлээ.    

8.3. Нэхэмжлэгчээс Ковид-19 цар тахалтай холбогдуулан 2021 онд иргэдэд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг ямар үндэслэлээр энэ хэсгийн 8.1-д заасан гэрээнд хамаарах захиргааны эс үйлдэхүйн хүрээнд хамтатган нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлийг, мөн бие даасан шаардлага гэж үзвэл түүнийг хүлээн авч шийдвэрлэх нөхцөл бүрдсэн эсэхийг ч тодруулж дүгнэх шаардлага байна.   

8.4. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 01/2919 дүгээр албан бичгээр Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нотлох баримт шаардсан боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар байдлаар ирүүлсэн хяналт шалгалтын тэмдэглэлийг шүүх хуралдаанд шинжлэн судалж, нотлох баримтаар үнэлсэн нь нотлох баримт цуглуулж, үнэлэхтэй холбоотой Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалттай нийцээгүй байна. /Хэргийн I хавтасны 235-244, III хавтасны 17 дахь талд/

 9. Дээрх байдлаар хариуцагчаас татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг хэрэгт бүрэн ирүүлээгүй, анхан шатны шүүх тэдгээрийг болон маргааны үйл баримтад хамааралтай бусад нотлох баримтыг шаардан гаргуулаагүй атлаа нотлох баримтын шаардлага хангахгүй баримт бичгийг шинжлэн судалж, үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.  Өөрөөр хэлбэл, ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ажиллагааг дутуу гүйцэтгэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах буюу нотлох баримтыг нөхөн бүрдүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0501 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   Л.ОДБААТАР

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

 

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ