Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 929

 

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00929

 

 

“Ш” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/00373 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ш” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.О-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардал 950 340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэм хорын хохиролд 2 114 159 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ж.Энхтуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Наранцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ундрал

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Отгонбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 17 дугаар хороо 41 дүгээр байрны сууц өмчлөгчид нь 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, “Өсөх удам” СӨХ-г өөрчлөн байгуулах шийдвэр гарган, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хуулийн дагуу үүрэг нь “Ш” СӨХ-д шилжсэн.

Тус байрын 70 тоотод оршин суух Б.О- нь 2012 оны 1 дүгээр сараас 2017 оны 07 дугаар сар хүртэлх СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. Засвар үйлчилгээнд 3 480 төгрөг, жижүүрт 2 000 төгрөг, цэвэрлэгээнд 2 500 төгрөг, цахилгаан шатанд 4 500 төгрөг, баримт шимтгэлд 100 төгрөг, бусад зардалд 400 төгрөг, нийт 1 сарын сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 12 980 төгрөг төлдөг. Иймд хариуцагчаас СӨХ-ны төлбөрт 946 340 төгрөг, нотариатын зардалд 4 000 төгрөг, нийт 950 340 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай сууц өмчлөгчдийн холбоо нь 2017 оны 4 сараас хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд байрны дээврийн талаар мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр тухайн байр нь ашиглалтанд орсноос хойш 36 жил болсон учраас ашиглалтын хугацаа хэтэрсэн засвар үйлчилгээг хийх шаардлагатай гэсэн. Холбогдох байгууллагуудад хандаж манай байрны 1, 2 дугаар орцны засвар улсын төсвөөр хийгдсэн байсан тул улсаас мөнгө авах боломжгүй байсан. Тиймээс “Тусгал трэйд” ХХК-тай гэрээ байгуулж нөхөөс хийж засварласан. Яг энэ айлын дээд талд ус тогтдог хэсэг байсан. Тийм учраас манай холбоо нь энэ хүнд учирсан хохирлыг сууц өмчлөгчдийн холбооны хуримтлалаас төлөх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” СӨХ өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан “Өсөх-Удам” СӨХ-той 2011 оноос хойш хоорондоо шүүхээр маргалдаж байсан. Тус маргаан нь шийдэгдээгүй, чухам аль холбоо нь албан ёсны гэдэг нь мэдэгдэхгүй байсан учраас тухайн үеийн төлбөрийг аль холбооны дансанд төлөх ёстойг мэдэхгүйн улмаас төлөөгүй. Мөн сууц өмчлөгчдийн холбоо нь үүрэгт ажлаа гүйцэтгээгүйгээс шалтгаалан байрны дээврээс ус дусч гэм хор учирсан учраас төлбөрийг төлөөгүй. Мөн төлбөрийг тогтоосон удирдах зөвлөлийн тогтоол байхгүй.

 “Ш” СӨХ нь үүргээ гүйцэтгэж засвар үйлчилгээг хийж гүйцэтгээгүйн улмаас манай байрны дээврээс ус гоожиж, эд хөрөнгөд 1 884 159 төгрөгийн хохирол учирсан. Тухайн дээвэр, тухайн байранд учирсан хохирлын талаар үнэлгээ хийлгэсэн ба ажлын хөлсөнд 230 000 төгрөг төлсөн. Иймд СӨХ-оос нийт 2 114 159 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.О-аас 509 020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 441 320 төгрөгт холбогдох хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27 358 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 780 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж. хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 15 921 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Шинэ-Эхлэл 41” СӨХ-д 509 020 төгрөг төлж, доголдолтой, шаардлага хангахгүй СӨХ-ны үйл ажиллагаанаас болж 2 114 159 төгрөгийн гэм хор учирсан байхад хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Хариуцагч талын нэхэмжлэл 2012 оны 01 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сар хүртэлх төлбөр 860 180 байх ёстой байтал 950 340 төгрөгөөр тооцон 90 160 төгрөгийн зөрүүтэй шийдвэрлэсэн. “Шинэ-Эхлэл 41” СӨХ буруу дүнгээр нэхэмжилснээ шүүх хурлын явцад тайлбарлан хэлсээр байтал буруу дүнгээс тооцон шийдвэрлэсэн.

“Итгэл эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний мэдэгдлийг буруугаар ойлгон шүүх хурлын явцад бүрэн эхээр нь нотлох баримтаар өгөөгүй боловч 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дээврээс ус алдаж байх үеийн зураг, 2016 оны 5 дугаар сард оршин суугчдын шаардлагаар Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт дээврээс ус алдсаны улмаас учирсан бодит байдлыг тогтоосон акт, Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан байтал дээврийн ус алдалтыг зогсоогоогүйн улмаас дахин 2016 оны 8 дугаар сард дээврээс борооны ус алдаж, тухайн үеийн зургийг СӨХ-д мэдэгдэн өгч байсан өргөдлийн хамт, тухайн үед ус алдсанаа хүлээн зөвшөөрөн дээврийг зассан гэх баримт нотолгоонуудаар дээврээс ус алдан гэм хор учирсан байхад бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Сөрөг нэхэмжлэхийн шаардлага нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүрэгтэй хамааралгүй бөгөөд доголдолтой, шаардлага хангахгүй үйл ажиллагаа эрхэлсэн “Шинэ-Эхлэл 41” СӨХ нь цаг алдалгүй дээврийн ус алдалтыг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас болж миний амьдарч буй орон сууцны орчны аюулгүй байдал, эрүүл ахуй алдагдан доорх гэм хор учраад байна.

Таазны эмульс шарлаж хуурч ховхорсон, зочны өрөө, унтлагын өрөө, гал тогоо, коридор хэсгүүдийн обой зарим хэсгээрээ шарлаж хөндийрсөн, дээврийн ус гоожсоны улмаас үүдний хэсгийн унтраалга болон гэрлийн цахилгаан холболтын далд монтаж гэмтсэн, гал тогооны, унтлагын өрөөний ханын разетканы далд монтажид гэмтэл гарсан, цахилгааны тоолууран дахь гал хамгаалагчууд гэмтэж дахин ашиглагдах боломжгүй болсон. Уг хохирлыг арилгахад ажлын хөлсний зардал 896 899 төгрөг, материалын зардал 578 500 төгрөг, тээврийн зардал 50 000 төгрөг, бусад шууд зардал /Ажлын хөлсний 40% / 358 760 төгрөг, хохирлын үнэлгээний ажлын хөлсний төлбөр 230 000 төгрөг төлсөн. Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-д заасан эд хөрөнгөнд Орон сууцны тухай хуулийн 14.1-ийн заалтыг зөрчиж олон жилийн турш дээврээс ус алдан манай байранд гэм хор учруулсан тул Зөрчлийн тухай хуулийн 12.4.3-ийн заалтыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/00373 дугаар шийдвэрийг давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Ш” СӨХ нь хариуцагч Б.О-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, завсар үйлчилгээний холбогдох зардалд 950 340 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэм хорын хохиролд 2 114 159 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 70 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2012 оны 1 сараас хойш орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг төлөөгүй үйл баримтын хувьд талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Б.О- нь эд хөрөнгийн ашиглалт, завсар үйлчилгээний зардлыг нэхэмжлэгч “Ш” СӨХ-д төлөх үүрэгтэй байна.

 

2012 оны 1 сараас хойш СӨХ-ны төлбөрт сарын 12 980 төгрөгөөр төлөгдөж байсан талаар тарифын хэмжээг тогтоосон баримт байхгүй байгаа ч хариуцагч нь энэ талаар маргаагүй байна. Иймд “Ш”СӨХ-ны удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоол болон түүний хавсралтыг анхан шатны шүүх үнэлж 2017 оны 07 дугаар сар хүртэл 12 980 төгрөгийн хэмжээгээр төлбөрийг тогтоосон нь зөв гэж үзнэ. 

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар хязгаарлаж 2014 оны 7 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар хүртэлх 3 жил буюу 36 сарын дундын эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний холбогдох зардлыг 509 020 төгрөгөөр тодорхойлон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

 

            Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02-07-092/695 тоот дүгнэлтээр 41 дүгээр байрны 70 тоотод дээврээс ус нэвчин орж, хана таазны гадаргуу бохирдож талаарх үйл баримт тогтоогдож байна. Энэ тохиолдолд гэм хорын хохирлын хэмжээг нотлох үүрэг нь хариуцагчид ногдох юм.

 

Хариуцагч нь “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангийн зөвхөн нүүр хуудсыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.О- нь дээврээс ус алдсанаас болж эд хөрөнгөд 1 884 159 төгрөгийн хохирол учирсан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 48 дугаар зүйлд зааснаар хариуцагч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй бол баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэнд холбогдуулж, ямар шаардлага гаргасан байгааг дутуу бичснийг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/00373 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь” гэснийг “Ш” СӨХ-оос гэм хорын хохиролд 2 114 159 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.О-ы сөрөг нэхэмжлэлийг тус тус” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 48 777 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА