Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 145

 

Б.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/719 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн түүнд холбогдох 19100 1181 0524 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б Д овгийн Бийн С, 1982 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 8 сарын 8-ны өдрийн 269 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг оногдуулсан ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 14 дүгээр гудамжинд согтуугаар иргэн Х.Огийн 275.200 төгрөгийн үнэ бүхий монетон гинжийг хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б Д овогт Бийн Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Сыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Сд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сын цагдан хоригдсон нийт 46 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Б.Сас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Х.О нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өөрт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд үнэн зөв нэг мэдүүлгээ өгч ирсэн. Би хохирогч Х.Огийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр авч явж ломбардад тавьж архи уусан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Улмаар өөрийн гэм буруутай үйлдлээ ойлгон ухамсарлаж, хохирогчид учруулсан хохирол гомдлоо бүрэн барагдуулж, уучлалт гуйсан. Би 2015 онд өөрийн эхнэрээс гэрлэлтээ цуцлуулснаас хойш Хандгайтад 80 настай эцэг, эхийн хамт амьдардаг болсон. Эх маань хөлийн судас бүдүүрлээр 2019 оны 1 дүгээр сард хагалгаанд орж хөл муу болсон. Би эцэг, эх хоёрыгоо асарч, сувилахын хажуугаар гэрээр өмд, цамц оёж зардаг байсан. Надад ах, дүү, эгч нар байдаг боловч тэд нар маань бүгд тусдаа амьдарч ажил хөдөлмөр эрхэлдэг тул тэр бүр эцэг, эхийг маань асраад байх зав чөлөө байдаггүй юм. Миний хувьд энэ хэрэгт холбогдохоос өмнө бусдын адил ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн. Энд хоригдож байх хугацаанд архи ууж хэрэг хийснээс болж эцэг, эх, ах, дүүгээ асар их зовоож байгаагаа сайн ойлгож авлаа. Иймд миний анх удаагаа гэмт хэрэгт холбогдож байгаа, бусдад учруулсан хохирол гомдлыг бүрэн барагдуулж, уучлалт хүсч, өөрт холбогдох хэргийг үнэн зөвөөр хүлээн зөвшөөрсөн, өндөр настай бие муутай эцэг, эхийг минь бодож, харгалзан үзэж надад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь тухайн хэрэг гарах үед хохирогч Х.О, хэрэгт гэрчээр асуугдсан П.Чулуунбаатар нарын хамт архидан согтуурч, улмаар үргэлжлүүлэн архи уух гэсэн хүслээ гүйцэлдүүлэх шунахай зорилго агуулан, хамт архи ууж байсан Х.Огийн согтуурсан байдлыг далимдуулан түүнийг явж байхад нь түлхэн унагахад тэрээр өвдгөөрөө газарт сөхөрч унасан. Улмаар унасан байхад нь хүзүүнд зүүлттэй байсан монетон гинжийг таслан авч, яармаг дахь “Сайн” нэртэй ломбардад гэрч Ө.Есөнтөмөрийн бичиг баримтаар барьцаанд тавьж, 70.000 төгрөг авч, түүгээрээ үргэлжлүүлэн архидан согтуурсан. Хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бүхий л нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар шалгаж, үнэлэн тогтоох зарчимтай. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Х.О нь тухайн болсон асуудлыг тодорхой санаж байгаа эсэх, мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадсан эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь, хохирогч Х.О нь мөрдөн байцаалтын шатанд хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн нь зөрүүтэй, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь мөн адил зөрүүтэй байна. Үүнд, хохирогч анх цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа “..хажуу талаас цохиж унагаасан, ....миний ээмгийг С, Чука хоёр авсан... “ гэж, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “.. Би нилээн согтсон бөгөөд нэг мэдэхэд Яармагийн 4 дүгээр гудамжинд ухаан орсон, ...С намайг согтсон байхыг ашиглаад хүзүүнд байсан 3.2 грамм монетон гинжийг таслаад авсан. ...Намайг зодож цохисон асуудал байхгүй. Би гинжээ өгөхгүй гэж зууралдахдаа газарт унасан юм. Тэгэхдээ зүүн хөлөө гэмтээсэн юм шиг байна...” гэж, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “...Араас ирээд намайг түлхэхээр нь би хашаа налаад өвдөглөөд суусан. ... хүзүүнд зүүж байсан зүүлтийг маань таслаад авсан. Тэгснээ зүүн гар талын ядам хуруунд зүүсэн байсан шаргал өнгийн монетон бөгжийг авах гээд татаж чангааж үзсэн. ... Чулуунбаатар миний гарыг барьсан эсэхийг сайн санахгүй байна....” гэж, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “...Унах үед С миний зүүн гарын ядам хуруунд байсан монетон бөгжийг авах гээд хуруунаас татсан. Тэгэх үед би бөгжөө өгөхгүй гээд өөдөөс нь эсэргүүцсэн, газраас босч өндийх гэтэл С миний хүзүүнд байсан монетон гинжийг татаж, тасалж аваад явсан...” гэж мэдүүлдэг. Ингэж мэдүүлэхдээ нэг бол гэмтэл аваагүй, авсан, тасраад ухаан орсон, болсон асуудлыг санахгүй байна, болсон асуудлыг санаж байна, Чулуунбаатар гар барьж байсан, Чулуунбаатар хараад зогсож байсан, түлхээд унахад бэртсэн, зууралдаад унахад бэртсэн, цохиж унагаасан, цохиж унагаагүй, эхлээд гинж авсан дараа нь бөгж авах гэж оролдсон, бөгж авах гэж оролдоод гинжийг авсан, ээмэг авсан гэх зэргээр удаа  дараа зөрүүтэй мэдүүлж, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байхад шүүх эдгээр мэдүүлгүүдээс алийг шийдвэрийн үндэслэл болгосноо тогтоолдоо заагаагүй байна. Дээрх мэдүүлгүүдээс хохирогч Х.О нь болсон асуудлыг тодорхой сайн санахгүй байгаа нь илэрхий байна. Гэрч П.Чулуунбаатар мөрдөн байцаалтын шатанд хэлэхдээ “... Алхаад явж байхад араас Б.С гүйгээд ирэхээр нь “яасан бэ” гэхэд зүгээр ийшээ явъя гээд дагуулаад явсан...” гэж мэдүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн биед үүссэн гэмтлийг тогтоосон болохоос хэн учруулсан, яаж учруулсан бэ гэдгийг нотлон тогтоохгүй, түүнчлэн уг шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Од учирсан гэмтэл нь хэзээ учирсан, хэзээ учрах боломжтой гэдгийг тогтоогоогүй байхад хохирогч Х.Ог 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр уг гэмтлийг авсан гэж өөрийн үзэмжээр шийдэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж тодорхой заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад заасныг зөрчсөн буюу шинжээчийн дүгнэлтэд гэмтэл хэзээ учирсан болохыг тогтоогоогүй нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, хохирогч Х.Огийн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа  бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Түүнчлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тодорхой заасан. Дээрх нотлох баримт, үндэслэл тайлбар, хууль хэрэглээний зохицуулалтаас дүгнэвэл миний үйлчлүүлэгч Б.С нь 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Х.Огийн 3.2 грамм монетон гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч Б.С нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон хууль зүйн хувьд, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудад зааснаар үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож өгнө үү. ...” гэв. 

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хохирогч О нь анх цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн үеэс эхлэн “...түлхүүлэн өвдөглөж унасан. Хуруунд байсан бөгжийг нь авах гэж татаад байсан. ...” гэж тогтвортой мэдүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байх тул түүний мэдүүлгийг давхар нотолж байна. Тус гэмтлийг хэн учруулсан болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотолж, тодруулсан. Мөн тус гэмт хэрэг нь хүч хэрэглэснээр, эсхүл хүч хэрэглэхээр довтолсноор төгсдөг шинжтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 5 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 14 дүгээр гудамжинд согтуугаар иргэн Х.Огийн 275.200 төгрөгийн үнэ бүхий монетон гинжийг хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Огийн “...Уг хоёр эрэгтэйтэй хамт авсан архиа уучхаад явах гэхэд өөрийгөө Сергео гэх эрэгтэй нь миний хүзүүнд байсан 3.2 граммын зууван хээтэй юм шиг хэлбэртэй монетон гинжийг таслаад аваад явсан. ...Би гинжийг өгөхгүй гэж нилээн зууралдсан. ...” гэх /хх 7-9, 36/,

гэрч П.Чулуунбаатарын өгсөн: “...Тэгсэн чинь Яармагийн эцэс дээр байдаг нэг ломбард руу яваад очихоор нь би араас нь дагаад орсон. Ямар нэртэй ломбард байсныг мэдэхгүй байна. Би согтсон байсан болохоор дагаад л яваад байсан. ...Сүүлд нь сонсоход С Оюунаа эгчийн гинжийг нь авсан гэсэн...” гэх /хх 13/

гэрч Ө.Есөнтөмөрийн өгсөн: “...Уулзаад мэндлээд, юм яриад зогсож байхад С ах “бичиг баримт байна уу” гэхээр нь “байна” гэсэн чинь “ахад нь зүүлт байгаа, ломбардад тавиад өгөөч, бид хоёр бичиг баримтгүй байна” гэж хэлээд “Сайн” нэртэй ломбардад 70.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...С ах гинжээ хаанаас авсан эсэх тухай надад юу ч яриагүй, би ч асуугаагүй, өөрийнх нь гинж юм байх гэж бодсон. ...харин тэр хоёрын өөр хүнтэй хамт архи уугаад гинж авсан гэдэг асуудлыг сүүлд мэдсэн...” гэх /хх 14/

Б.Сын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд байж байгаад Оюунаа эгчийг газарт сууж байхад нь татаж босгох үедээ хүзүүнд нь зүүлттэй байсан шаргал өнгийн монетон гинжийг татаад, таслаад авсан. Тэгээд Оюунаа эгч гинжийг өг гэхэд нь би мэдэхгүй гэж хэлээд авч яваад ломбардад 70.000 төгрөгөөр Есөнтөмөрийн бичиг баримтаар тавьсан. ...” гэх /хх 109/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “1. Х.Огийн биед зүүн өвдөгт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх  6181 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 16/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ХУ2-19-299 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “... 3.2 грамм монетон гинж нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар 275.200 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Х.Огийн алдагдсан эд зүйлсийн үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан, дүгнэлт /хх 18-19/, эд зүйл хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /40-41/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хохирогч Х.О мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлэг өгөхдөө “Сергео /Б.С/ миний гинжийг таслаад авсан. Би өгөхгүй гэж нэлээн зууралдсан... Би эсэргүүцээд дийлээгүй... Д.С намайг түлхэж унагаасан. Миний монетон бөгжийг авах гээд хуруунаас татсан. Тэр үед нь би бөгжөө өгөхгүй гэж өөдөөс нь эсэргүүцэж, газраас босч өндийх гэтэл Д.С миний хүзүүнд байсан гинжийг тасалж аваад явчихсан...” гэж хэргийн талаар ямар нэгэн зөрүүгүй, тогтвортой мэдүүлж байсан бөгөөд түүнийг шүүгдэгч Д.С нь хохирогчийн эд зүйлсийг авахаар түлхэн унагаасан, улмаар эсэргүүцлийг нь хүч хэрэглэн дарж, монетон гинжийг нь тасдаж авсан болох нь нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн түүний бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд тухайн зүйлд зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан “...хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/719 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С болон түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ