Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/655

 

 

 

 

 

 

 2023           6            28                                         2023/ШЦТ/655      

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Халиунаа,

Улсын яллагч С.Болорзул,

Хохирогч, шүүгдэгч Б.Н  , түүний өмгөөлөгч С.Уламбаяр,

Хохирогч, шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныБ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц   овогт Б ын Н , Ө овогт Д ийн Б  нарт холбогдох эрүүгийн 2209021282016 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н   нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлх плаза" худалдааны төвийн гадна хохирогч Д.Б ыг “Хүүхэд машинаас буулгаж байхад толиндоо харж ухарсангүй” гэх шалтгаанаар харилцан зодсоны улмаас хохирогч Д.Б ы биед зүүн 3, 4-р хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт;

Шүүгдэгч Д.Б  нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлх плаза” худалдааны төвийн гадна хохирогч Б.Н  г “Машин ухрахад саад боллоо” гэх шалтгаанаар харилцан зодолдсоны улмаас хохирогч Б.Н  гийн биед баруун гарын эрхий хурууны алганы ясны толгой хэсгийн зөрүүтэй хугарал, үзүүрийн шивнүүр ясны цууралт, баруун шуунд зулгаралт, баруун гарын алга, тохой, зүүн бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...Шүүгдэгч Б.Н   нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлх плаза" худалдааны төвийн гадна хохирогч Д.Б ыг “Хүүхэд машинаас буулгаж байхад толиндоо харж ухарсангүй” гэх шалтгаанаар харилцан зодсоны улмаас хохирогч Д.Б ы биед зүүн 3, 4-р хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан;

Шүүгдэгч Д.Б  нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлх плаза” худалдааны төвийн гадна хохирогч Б.Н  г “Машин ухрахад саад боллоо” гэх шалтгаанаар харилцан зодолдсоны улмаас хохирогч Б.Н  гийн биед баруун гарын эрхий хурууны алганы ясны толгой хэсгийн зөрүүтэй хугарал, үзүүрийн шивнүүр ясны цууралт, баруун шуунд зулгаралт, баруун гарын алга, тохой, зүүн бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Б.Н  гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлх плазагийн үүдэнд би өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг зогсоолд байршуулчхаад хойд хаалгаа онгойлгоод 2 хүүхэд буулгасан юм. Тэгтэл хажууд зогсож байсан тээврийн хэрэгсэл хөдлөөд арын онгорхой байсан хаалгыг шүргээд хүүхдийг хаалгаар хавчуулах гэж байсан. Тэгэхээр нь би “толиндоо хараач ээ, машины хаалга онгорхой байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл дотор нь зорчиж явсан нэг хүүхэн болон эмгэн нар цонхоо онгойлгоод хэл амаар доромжлоод байхаар нь би машиныг нь гараараа хажуу талын кирло хэсэгт нь цохисон. Тэгэхэд эрэгтэй жолооч нь бууж ирээд түлхэж унагаасан. Намайг янз бүрээр дуудаад байсан. Би босож ирээд тэр хүний гар хэсэгт гараараа 2-3 удаа алгадсан, надаас өндөр хүн байсан би гараас нь дээшээ ч гарахгүй байсан. Тэгтэл тэр хүн машиндаа суугаад би цаашаа явж байхад миний араас эргүү, тэнэг гэх мэтчилэн хэл амаар доромжлоод байхаар нь би эргэж ирээд гараараа машиных нь копудыг цохисон. Тэгтэл тэр 3 хүн бууж ирээд эрэгтэй нь миний баруун гарын эрхий хурууг мушгиж дараад, эмэгтэй нь болохоор гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд цагдаад манай дүү дуудлага өгсөн юм. Миний баруун гарын эрхий хуруу хугарчихсан юм шиг өвдөж байна, мөн мөр лүүгээ дагаж янгинаад, нүүр халуу шатаад  байна. Нүүр лүү гараа атгаж байгаад 2 удаа шанаадсан. Шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй, Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,

-яллагдагчаар өгсөн: ...Ухрахдаа толиндоо хараагүй 1 хүүхдээ буулгасан, 2 дахь хүүхдээ буулгаж байхад ухарч байхдаа машинаараа хаалга мөргөн 2 дахь хүүхдийг хаалгаар машинд хавчсан. Тэгээд сандрахдаа толиндоо хараач гэж орилсноос болж маргаан үүссэн. Тэгж орилсноос болоод Б  гэж хүний дэргэд сууж байсан хүүхэн хэл амаар доромжлохоор нь хажуугаар нь зөрөхдөө машиных нь зүүн урд талын дугуй кирло хоёрын аль нэг рүү нь өшиглөсөн. Гэхдээ машинд нь ямар ч хохирол учруулаагүй. Тэгэхэд үгийн зөрүүгийн машинаасаа бууж ирээд миний мөр лүү түлхээд, толгой хэсэг рүү цохиж авсан. Өндөр том биетэй хүн байсан болохоор наана нь сарвалзаад өнгөрсөн. Тэр хүн машиндаа суухад нь машиных нь урдуур явахдаа копутан дээр нь цохиод цаашаа өнгөрөөд явах гэхэд хоёулаа хэлэх хэлэхгүй муухай үгээр намайг хэлж доромжилсон. Өөр маргалдах шалтгаан бол байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,

 

Д.Б ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: ...2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед Бэлх захын эцэс дээр байдаг эмийн сан руу орж эм авчхаад машиндаа суугаад хөдлөх гэхэд хойд талд цагаан өнгийн Лексус Ар экс загварын машин ирээд зогсчихсон байхаар нь гаръя гэж хэлтэл миний хажуугаар жижиг зайнд чихээд ороод ирсэн. Тэгээд би ухрах гэхэд ард дахиад нэг машин ирээд зогссон. Би хажууд орж ирсэн машин ухрах гэхэд саад болоод байсан тул хойшоо ухрахад 2 хүүхэд буулгаж таарсан. Машинаа урагшаа шахаад зогс гэхэд өөдөөс уурлаад байсан. Тэгээд миний машины хажуугаар гарахдаа зүүн талын урд бупер, кирло хэсэгт өшиглөсөн. Би бууж очоод чи яагаад өшиглөөд байгаа юм гэхэд тэр эмэгтэй миний толгой хэсэгт 4-5 удаа гараараа цохихоор нь би тэр хүүхнийг түлхээд холдуулсан. Би машиндаа суугаад хөдлөх гэхэд тэр хүүхэн миний машины копуд дээр бөмбөрдөж байгаа юм шиг цохисон. Би бууж очиход тэр эмэгтэйг холдуулах гэж оролдтол тэр эмэгтэй над руу дайраад байхаар нь манай эхнэр Отгонтуяа бууж очоод тэр эмэгтэйтэй барилцаад авахаар нь би салгах гэж оролдоход тэр танихгүй эмэгтэй над руу дайраад самардаад байсан. Миний цамцнаас зуураад боох гэхээр нь би гарыг нь тавиулах гээд хурууг нь мушгичихсан юм шиг байгаа юм, би өөрөө сайн мэдэхгүй байна. ...Миний зүрх өвдөөд болохгүй байна, зүрхний харалдаа хавирганд юм хавчуулагдсан юм шиг байна, хөдөлж болохгүй байгаа. Тэр хүүхэн дандаа гараараа цохиж байсан, бас өшиглөж байсан. ...Надад энэ гэмтэл өмнө нь байгаагүй. Тэр хүүхэн машинаас бууж ирээд учир зүггүй нүдсэн. Намайг нүдсэнээс болж энэ гэмтэл учирсан. Тухайн үед над руу дайраад, нүүр нүдгүй хаа хамаагүй цохиод байхаар нь өөрийгөө хамгаалж гараас нь барьж түлхэж холдуулаад явах гэхэд дахиж копут цохиод, шил рүү нулимаад байхаар нь манай эхнэр бууж очсон. Бас дайраад барилцаад авахаар нь би очиж салгаад явах гэхэд зодуулсан гээд машин таглаад цагдаа дуудсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/,

-яллагдагчаар өгсөн: ...Уг нь маргасан юм байхгүй. Би цаанаас хадам хөгшний тогны мөнгө төлөөд эм авчхаад ирэхэд машинаа тавьчихсан байсан. Машинд суух гээд явж байхад намайг машинтайгаа гарах юм уу гэж асуухаар нь би гарна гэж хэлсэн. Тэгээд ертөнцийн зүгээр зүүн талын зогсоолд машин байхгүй байсан учраас тэр зогсоол руу гүйцэт оролгүй миний машины тал бөгсийг хаагаад зогссон. Тэгсэн араас нь дахиад өөр машин миний машиныг хаагаад зогсохоор нь гаръя гэсэн чинь нөгөө машин ухарч өгсөн. Би машиныг ухраад холдонгуут нь машинаа ухраах гэж байхад Н  нь хойд хаалгаа онгойлгож байхыг нь толиндоо хараад зогссон. Тэгтэл наад хүүхэн чинь "хүүхэд буулгаж байхад харахад яадаг юм" гэж ууртай хэлсэн. Тэгээд миний хажуу талын сандал дээр эхнэр суусан байсан болохоор карма руугаа бүтэн ороод зогсоход яадаг юм бэ гэж хэлсэн чинь чадахгүй гэж хэлээд машин руу өшиглөөд цохисноос болж маргасан, өөр маргах шалтгаан байгаагүй, энэнээс болж маргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

 

Гэрч С.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Тэр машины жолооч бууж ирээд эгчийг бариад авсан. Тэгээд машины араар орсон. Машины ард юу болсныг бол би мэдэхгүй байна. Тэгээд эгч тэр хүний өөдөөс сарвалзаад Бэлх плазагийн урд талын шатны тэнд гарч ирсэн. ...Би харсан. Тэр хүн эгчтэй шатны тэнд маргалдаж байхдаа эгчийн гарыг мушгиж байгаа юм шиг болгоод унагасан. Тэгэхээр нь би буугаад очсон юм. Эгчийг хоёр ч удаа унагасан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/,

 

Гэрч Н.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Манай охин бол тэр хүний эсрэг сарвалзаад л байсан. Тэр хүн манай охиноос өндөр биетэй хүн байсан. Тэгэхэд хажуугаас нь тэр хүний эхнэр нь бололтой хүн бас дайраад байсан. Тэр машины жолооч манай охин Н гийн гарыг нь мушгиад, цохиод байсан. Тэгэхэд манай охин Н  “Миний эрхий хуруу хугарчих шиг боллоо" гээд машинд ирсэн. Тэгээд машинаа тэр хүний машины ард нь байрлуулж зогсоод цагдаа дуудсан юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/,

 

Гэрч С.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Манай хүн тэр хүүхнийг машинаасаа холдуулчхаад эргэж ирээд машиндаа суугаад хөдлөх гэхэд тэр хүүхэн ирээд урд талын цонх руу нулимаад, нөгөө аймар үгээрээ хараагаад, цонх луу нүдээд байхаар нь манай хүн дахиж гараад 2 гараас нь барьж түлхэж холдуулсан. Тэгсэн чинь нөгөө машинаа ард тээглүүлж зогсоод цагдаа дуудсан. ...Цагдаа ирэхэд гар гэмтсэн. Энэ ах намайг зодсон, би энэ ахад огт гар хүрээгүй гээд байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 716 дугаартай “...Шинжлүүлэгч Б.Н  гийн биед баруун гарын эрхий хурууны алганы ясны толгой хэсгийн зөрүүтэй хугарал, үзүүрийн шивнүүр ясны цууралт, баруун шуунд зулгаралт, баруун алга, тохой, зүүн бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10838 дугаартай “...Д.Б ы биед зүүн 3, 4 дүгээр хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар тал/,

 

2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-25 дугаар тал/, бичлэг бүхий сиди зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н   мэдүүлэхдээ: ...Та гарах юм уу гэж асуусан, би зогсоолд машинаа тавьсан. Хүүхдүүдээ машинаас буухад сандраад энэ хүнд шаардлага тавьсан. Хөгшин хүмүүс намайг янз бүрээр доромжилсон. Тэр даруйдаа шүүх эмнэлэгт үзүүлсэн... гэснийг;

Шүүгдэгч Д.Б  мэдүүлэхдээ: ...Яллах дүгнэлтэд заасан үйл явдал болсон. Ард машин тагалснаас болсон, өдий насалчаад би эмэгтэй хүний нүүр лүү цохих хүн биш. Энэ бол гүжирдлэг юм. Над руу өшиглөсөн хөлийг нь барьсан, унасан. Цамцнаас хоолой боогоод байхаар нь сандарсан, тавиулах гэж ноцолдсон. Нүүр ам луу нь цохисон зүйл байхгүй... гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Б.Н   нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлх плаза" худалдааны төвийн гадна хохирогч Д.Б ыг “Хүүхэд машинаас буулгаж байхад толиндоо харж ухарсангүй” гэх шалтгаанаар харилцан зодсоны улмаас хохирогч Д.Б ы биед зүүн 3, 4-р хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Б  нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлх плаза” худалдааны төвийн гадна хохирогч Б.Н  г “Машин ухрахад саад боллоо” гэх шалтгаанаар харилцан зодолдсоны улмаас хохирогч Б.Н  гийн биед баруун гарын эрхий хурууны алганы ясны толгой хэсгийн зөрүүтэй хугарал, үзүүрийн шивнүүр ясны цууралт, баруун шуунд зулгаралт, баруун гарын алга, тохой, зүүн бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Н  , Д.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Б.Н  гийн өмгөөлөгч С.Уламбаяраас: ...Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Бусдад төлөх төлбөргүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч Д.Б ы өмгөөлөгч Д.Ганбаатараас: ...Хоёулаа хохирогч болсон байгаа. Харилцан маргааны улмаас гэмтэл учирсан гэж үзэж байгаа. Хохирогч, шүүгдэгч Б.Н   нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж машин байрлуулсанаас маргаан үүсжээ. Бичлэг үзэхэд 1 удаа унаж байгааг харсан. Өшиглөх явцад өөрийгөө хамгаалах зорилгоор хөлнөөс барьсан. Унах явцад гэмтэл учирсан гэж үзэж байна. Д.Б  нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй, хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 716 дугаар дүгнэлтээр хохирогч Б.Н  гийн биед учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл;

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10838 дугаар дүгнэлтээр хохирогч Д.Б ы биед учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Н  , Д.Б  нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бие биеийнхээ эрх чөлөөнд халдан гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Н  , түүний өмгөөлөгч С.Уламбаяр нар нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Д.Б ы өмгөөлөгч Д.Ганбаатараас “...Өшиглөх явцад өөрийгөө хамгаалах зорилгоор хөлнөөс нь барьсан. Унах явцад гэмтэл учирсан гэж үзэж байна. Д.Б  нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй, хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэж мэтгэлцсэн болно.

            Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харуулсан, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий сиди, түүнд үзлэг хийсэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 20-25 дугаар тал/ болон

Гэрч С.Н ийн: ...Тэр машины жолооч бууж ирээд эгчийг бариад авсан. ...Тэр хүн эгчтэй шатны тэнд маргалдаж байхдаа эгчийн гарыг мушгиж байгаа юм шиг болгоод унагасан. ...Эгчийг хоёр ч удаа унагасан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/,

Гэрч Н.О гийн: ...Манай охин бол тэр хүний эсрэг сарвалзаад л байсан. ...Тэр машины жолооч манай охин Н гийн гарыг нь мушгиад, цохиод байсан. Тэгэхэд манай охин Н  “Миний эрхий хуруу хугарчих шиг боллоо" гээд машинд ирсэн. ...цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд үзэхэд шүүгдэгч Д.Б ыг “...өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх...” боломжгүй байна.

            Учир нь шүүгдэгч Д.Б ы үйлдэл нь хэд хэдэн удаагийн идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдын эрх чөлөөнд халдан гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн болно.

            Харин хүмүүс хоорондын харилцаа, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хэрүүл маргаан үүсгэж, эд хөрөнгө, эрүүл мэндэд түрүүлж халдан цохиж байгаа идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Н  , Д.Б  нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Н  , Д.Б  нар нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор хохирол нэхэмжлээгүй тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Н  , Д.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Б.Н  гийн өмгөөлөгч С.Уламбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Б.Н  гийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан. Тэрээр өндөр настай эх, хүүхэдтэйгээ амьдардаг. Иймд торгох ялыг багасгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Д.Б ы өмгөөлөгч Д.Ганбаатар эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Д.Б  бусдаас үзүүлсэн үйлдлийн эсрэг үйлдэл хийсэн. ...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналтай байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Н  , Д.Б  нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд

Шүүгдэгч Б.Н  д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Н  гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 92 дугаар тал/, түүний Хаан банк-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 94-114 дүгээр тал/,

Шүүгдэгч Д.Б ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 116 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 дугаар тал/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 122-123 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 124 дүгээр тал/ зэргээр тэдний хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Н  , Д.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгох ял оноох, торгох ялын хэмжээг шүүгдэгч Б.Н  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр;

Шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр тус тус тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилго, шудрага ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  , Д.Б  нарт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц   овогт Б ын Н , Ө овогт Д ийн Б  нарыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  , Д.Б  нарт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н  , Д.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.БАТСАЙХАН