Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 927

 

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00927

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/00595 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.У, Л.Б- нарт холбогдох,

 

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Б.Батсайханы хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, хариуцагч Л.Б-аас гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрын үнээс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Оюундэлгэр

Хариуцагч: Л.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүү Б.Батсайхантай 2007 оноос хойш Төв аймгийн 6 дугаар баг 41 дүгээр байранд цуг амьдарч байсан. Хүү Б.Батсайхан нь Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 20 дугаар хороо Улаан эрэг 1-37 тоотод байршилтай 700 м.кв газрыг өмчилж байсан. Миний хүү Б.Батсайхан нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт ажлаар явж байгаад зуурдаар нас барсан.

Би 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн нотариатч н.Наранцэцэгт хандан өөрт болон Л.Б- ач охин Б.Азжаргал нарт ногдох хэсэгт өв нээлгэх хүсэлт гаргасан ба тухайн үед газрын гэрчилгээ байхгүй байсан тул зөвхөн орон сууцыг бүртгүүлж, өвийн санд бүртгүүлсэн. Харин газрын гэрчилгээр авчирч бүртгүүлэн өвлөх эрхээ нээлгэж болно гэж хэлсэн.

Талийгаач Б.Батсайхантай хамт амьдарч байсан Л.Б- нь 2016 оны 08 сард газрын гэрчилгээг гэрээс нь хулгайлаад аваад явсан. Л.Б- нь газрын гэрчилгээг авч зугтаасаар байгаад 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Л.Б- нь өмчлөх эрхийг шилжүүлэн авсан талаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн УЛсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 8/751 тоот албан бичгээр мэдсэн.

Нотариатч Г.У нь өв хүлээн авах хүсэлт гаргаагүй, нотариатчдын танхимын санд бүртгүүлээгүй байхад өвлөх эрхийн гэрчилгээ нээж олгосон нь хууль зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн тойргийн 336 дугаартай нотариатч Г.Уийн гэрчилсэн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай хууль бус өвлөх эрхийн гэрчилгээний үр дагавраар Л.Б- нь талийгаач Б.Батсайханы өмчлөлд байсан газрын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч газар өмчлөх эрхийг гэрчилгээг авч улмаар бусдад худалдсан байна.

Иймд Л.Б-д олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улаан эрэг 1 дүгээр гудамж, 37 тоотод байрлах газрын хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох, ногдох хувийг Л.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Талийгаач Б.Батсайхан нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан. Өв нээгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд Д.Б- нь хүсэлт гаргаагүй. Өв нээгдсэнээс хойш 1 жил 10 хоногийн дараа талийгаачийн хууль ёсны гэр бүл гэх Л.Б- өвийн материалыг хуулийн дагуу бүртгүүлж ирсэн бөгөөд түүнд 2016 оны 10 дугаар сарын 05-нд 59 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь үнэн гэжээ.

 

Хариуцагч Л.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Б.Батсайхантай 2004 онд гэр бүл болж, нас барах хүртэл нь 11 жилийн турш хамт амьдарсан. Бид гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2005 онд охин Б.Азжаргал төрсөн. Төв аймгийн Зуун мод сумын 41-1-9 тоот хаягт байрлах 3 өрөө байр миний нэр дээр байдаг. Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гацууртын Улаан эрэг 37 тоотод байрлах 700 м.кв газрын 2009 онд гэр бүлийн хамт хэрэгцээний зориулалтаар С.Нансал гэх хүнээс худалдан авч байсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг 2012 онд анх миний бие Л.Б- нэр дээр авч байсан.

2013 онд нөхөр Б.Батсайхан банкнаас зээл авах шаардлагаар газар эзэмшигчийн нэрийг талийгаачийн нэр дээр шилжүүлсэн. Хадам ээж Д.Б- намайг 2009 онд нөхрөөсөө салж явсан мэт ярьж байгаа явдал нь худал юм. Хэдийгээр талийгаачийн албан ёсны хаяг нь Төв аймаг, 6 дугаар баг, 41-1-9 тоотод бүртгэлтэй байдаг боловч амьдрал дээрээ бид Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хорооны Гацууртын Улаан эрэг 37 тоотод талийгаачийг нас барахаас сүүлийн 4 жилийн хугацаанд амьдарч байсан. Талийгаачийн ах дүүс нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гацууртын Улаан эрэг 37 тоот газрыг охин бид хоёрын нэр дээр шилжүүлж өгөхөөр ярилцсаныг манай ээж, ах дүүс гэрчилнэ.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519, 528 дугаар зүйлийн 528.1, 528.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Ут холбогдох 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, хариуцагч Л.Б-д холбогдох Б.Батсайханы хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, хариуцагч Л.Б-аас Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улаан эрэг 1 дүгээр гудамж, 37 тоотод орших улсын бүртгэлийн Г-2204024422 дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрын үнээс ногдох хэсэг болох 12 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тавигдаагүй шаардлагыг бичсэн.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн байна. Хэрэгт байгаа 000353923 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 700 м.кв газрын өмчлөлийн гэрчилгээ бөгөөд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэнд газар, хашаа байгаа талаар бичсэн байгаа бөгөөд хүн амьдрах зориулалттай байшин барилга бичигдээгүй, иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт авагдаагүй байхад талийгаачийг Баянзүрх дүүрэгт оршин сууж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт талийгаачийн нас барсаны гэрчилгээ, Төв аймгийн Зуун мод сумын Засаг даргын тодорхойлолт, түүний ээжтэйгээ хамт амьдарч байсан өмчлөлийнх нь Төв аймаг дахь орон сууцны гэрчилгээ зэрэг нотлох баримтууд нь тайлийгаачийн хамгийн сүүлд оршин сууж байсан газрыг тодорхойлж байхад анхан шатны шүүх үнэн зөв бодит эргэлзээгүй нотлох баримтыг үнэлээгүй нь шийдвэрийг алдаатай гаргахад хүргэсэн.

Шийдвэрт "Хариуцагч Г.У Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг буруутгах үндэслэлгүй" гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 531.1.1-д "...өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад гаргана. Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д "Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газрыг өв нээгдсэн газар гэнэ" гэж заасны дагуу Л.Б- нь нас барагч Б.Батсайханы сүүлчийн оршин сууж байсан газар болох Төв аймгийн нотариатад өвлөх эрхийн хүсэлтээ гаргах ёстой байсан болохоос биш Баянзүрх дүүргийн тойргийн нотариатад хүсэлт гаргах ёсгүй байсан.

Б.Батсайхан агсны хамгийн сүүлд оршин сууж байсан газрыг түүний өмчлөлийн 000353923 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, Батчулууны өргөдөл, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт зэргийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэхээргүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь алдаатай дүгнэлт болсон байна.

Хариуцагч Л.Б- нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлийнхөө ард талд "Тухайн газрыг надаас өөр хүн өмчлөхөөр бол ногдох хэсгийг өгөхийг татгалзахгүй” гэж бичсэнээс үзэхэд тэрээр хууль бусаар өв хүлээн авч байгаагаа мэдэж байжээ. Мөн нотариатч Г.У ч өөр хууль ёсны өвлөгч байгаа талаар асууж байсан болоод ингэж бичүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Б-ыг Төв аймгийн нотариатаар өв залгамжлалын гэрчилгээг нээлгээгүй болохыг аймгийн нотариатчдаас 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр лавлагаа авч мэдсэн бөгөөд Монголын нотариатын танхимд хүсэлт тавьж байж Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Уээр өвлөх эрхийн гэрчилгээг бичүүлснийг Баянзүрх дүүргийн газрын албаны 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 8/751 тоот албан бичгийг нотариатын танхимд ирүүлснээр мэдэж харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан.

Энэ байдлаас үзэхэд Д.Б- нь газрын гэрчилгээ байхгүй байсан учраас түүнийг өвлөн авах хүсэлтийг нотариатад тавих боломжгүй байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Р.Уранчимэг, Л.Б- нарт холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Б.Батсайханы хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, хариуцагч Л.Б-аас гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрын үнээс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Л.Б- нь Б.Батсайхантай 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, тэдний дундаас охин Б.Азжаргал 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум, 6-р баг, 41 дүгээр байрны 1 дүгээр орцны 09 тоот хаягт байршилтай 37 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Б- бүртгэгдсэн, 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээгээр Л.Б- нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улаан эрэг 1 гудамж, 37 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газар өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б.Батсайхан нь газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн талаарх үйл баримтууд нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 54 дэх тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх 55 дахь тал/, эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 6 дахь тал/, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 49 дэх тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна. 

 

            Гэрлэгчид гэрлэлт цуцлуулаагүй тул гэрлэлт хүчин төгөлдөр ба энэ хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хэний нэр дээр байгаагаас үл хамааран дээрх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарахаар заажээ. Өвлүүлэгч Б.Батсайхан нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн ба мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасан өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгөд нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улаан эрэг 1 гудамж, 37 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газар өмчлөх эрх, Төв аймгийн Зуунмод сум, 6-р баг, 41 дүгээр байрны 1 дүгээр орцны 09 тоот хаягт байршилтай 37 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц хамаарч байна.

 

            Дээрх эд хөрөнгүүдээс талуудын маргаж буй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улаан эрэг 1 гудамж, 37 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрын хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нас барагчийн эх Б.Батдулам, эхнэр Л.Б-, охин Б.Азжаргал нар гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Нэхэмжлэгчийг хууль ёсны өвлөгч болохыг хуулиар тогтоосон байх тул шүүх өв залгамжлагчаар тогтоох шаардлагагүй юм.

           

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт өвлүүлэгчтэй хамт амьдраагүй бусад өв залгамжлагч нар өв нээгдсэнээс хойш өв хүлээн авах хүсэлтээ гаргах бөгөөд нэхэмжлэгч Д.Б- нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн нотариатч Ч.Наранцэцэгт өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтэд зөвхөн Төв аймгийн Зуунмод сум, 6-р баг, 41 дүгээр байрны 1 дүгээр орцны 09 тоот хаягт байршилтай 37 м.кв талбай бүхий орон сууцны өвлөх хэсгийг гаргуулахаар бичигдсэн, маргааны зүйл болох газартай холбоотойгоор хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанд гаргасан хүсэлтэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улаан эрэг 1 гудамж, 37 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрын талаар гаргаагүй тул уг өвөөс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Нотариатч Г.У нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Л.Б-ы өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг үндэслэн Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2 дахь хэсэгт зааснаар 59 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байх ба өв нээгдэх газрын харьяаллын талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Харин шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт Б.Батсайханыг 2015 онд нас барсан байхад 2017 он хүртэл хамт амьдарч байсан гэж бичсэн нь буруу байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн регистрийн дугаарыг буруу бичсэн байгааг залруулав.

 

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/19120 дугаар захирамжаар “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулжээ. Уг шинжээчийн зардлыг анхан шатны шүүх хуваарилаагүй нь буруу байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс 75 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж оруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/00595 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт “/НЭ71082619/” гэснийг “/НЭ56111763/” гэж өөрчилж,

2 дахь заалтаар “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс 75 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-аас нөхөн гаргуулж шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-д олгосугай.” гэж нэмж, 2 дахь заалтыг “3” гэж, 3 дахь заалтыг “4” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 285 400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА