Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Б.Б-, О.Ц-

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал

Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Б-, О.Ц- нарт холбогдох эрүүгийн 201614000568 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, халх, эрэгтэй, ** настай, тусгай дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ** багийн ** тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Х овогт Б-ийн Б- /РД: /

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, халх, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ** багийн ** тоотод оршин суудаг, Энержи катринг ХХК-ийн цайны газарт жолооч ажилтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Т овогт О-ийн Ц- /РД: хх000000/

Шүүгдэгч Б.Б- нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутагт байрлах Дэнж төвд О.Ц-той маргалдан харилцан зодолдож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч О.Ц- нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутагт байрлах Дэнж төвд Б.Б-той маргалдан харилцан зодолдож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ц- бид 2 маргалдаж харилцан зодолдсон. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Хохиролд 1.200.000 төгрөг төлсөн байгаа. Бид эвлэрсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлэг,

 -Шүүгдэгч О.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 11-ний орой бааранд найзтайгаа ороод харилцан зодолдсон. Миний хувьд Б-ийн толгой руу цохиж гэмтэл учруулсан хэрэгтээ гэмшиж байна. Одоо хохирол төлөгдөж дууссан. Гомдол саналгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хувьд толгойдоо хөнгөн гэмтэл авсан. Нүүр шархалсан. Хохирол нэхэмжлэхгүй. Гомдол саналгүй. Бид эвлэрсэн гэсэн мэдүүлэг, -Хохирогч О.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний нүүр хавдаж нүдний доод талын яс 8.6 мм-ийн зөрүүтэй цөмөрч хугарсан байсан. Одоо хохирол төлөгдөж дууссан. Гомдол саналгүй гэсэн мэдүүлэг,

-Гэрч Д.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 12 сарын 11-ний өдөр намайг Хулс төвөөс гарах гээд явж байтал Б- залгаад жаахан юм ярьж сууя гэхээр нь Дэнж төвд ирээд 1 шил архи аваад сууж байсан. Тухайн үед бид хоёр эрүүл байсан хажуугийн ширээнд нэлээн согтуу 4 залуу архи ууж байсан. Би архи ууж байхдаа Б-ийг босоод бүжиглэе гээд босоод бүжиглэж байтал Ц- ирээд бид хоёрын дундуур ирээд тэврээд авсан. Би түүний гарыг тавиулах гэхэд тавихгүй чанга бариад байсан. Б- уурлаад тавь гээд тавиулсан. ...удалгүй намайг бие засчихаад эргээд ороод ирэхэд Ц- ирээд Б-ийг нүүр лүү нь цохиод цус гоожуулсан байсан. Тэгээд салгаад холдуулахад дахиад барьцалдаж аваад цохиод байсан. Тэгтэл тэр хоёр гарч учраа олно гээд хамт гарсан бөгөөд араас нь гарахад тэр хоёр баарны шат дээр барьцалдаж аваад хамтдаа өнхөрөөд унасан гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,

Гэрч Ц.Т-ийн өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед Ц- манайд ганцаараа ирээд ганц юм ууя чи машин бариад өгчих гэсэн. ...Дэнж төвд 20 цагийн үед очсон байх. Бид нарыг 21 цагийн үед сууж байхад Б- гэх залуу хажуудаа нэг хүүхний хамт сууж байсан. Би гадаа гарчихаад орж ирэхэд Ц-, Б- 2 баарны ширээн дээр юм ярьж байсан. Тэгснээ гэнэт Б-, Ц- хоёр барьцалдаж маргалдаад эхлэхээр нь би салгасан. Б-, Ц-ид уучлаарай гэж хэлээд тэр хоёр гар бариад гарсан. Би араас нь 5-6 минутын дараа гарч ирэхэд Ц- замын хашлага түшээд суучихсан нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон Б-ийн шанаа уруул нь хавдчихсан цус гарчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,

-Гэрч Ц.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дэнж төвд ажлаа хийж байгаад дээшээ гарч ирэхэд Д- надад сая бааранд архи ууж байсан хүмүүс хоорондоо зодолдоод цагдаа нар ирээд аваад явлаа гэсэн. Би бааранд архи ууж байсан хүмүүсийг хараагүй гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,

-Гэрч Т.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би Дэнж багийн нутагт байрлах Дэнж буудлыг хариуцсан решепшнээр ажиллаж байхад 4 эрэгтэй нэг ширээнд, 1 эмэгтэй, 1 эрэгтэй хоёр нэг ширээнд сууж байсан. Би буудалд өрөөгөө хүлээлгэж өгөөд буцаад ирэхэд тэр хүмүүс хоорондоо зодолдсон Ц- гэх залуугийн нүүр царай хавдаад цус болчихсон байсан гэсэн мэдүүлэг /хх 17ху/,

-Гэрч Н.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дэнж багийн нутагт байрлах Дэнж төвд барменаар ажиллаж байхад Ц-, Б- гэх хоёр хүн архи ууж сууж байгаад хоорондоо маргалдаад Ц- нь Б-ийг ганц нэг цохиод хоорондоо барьцалдаж аваад хамт байсан хүмүүс нь салгасан. Тэгээд удалгүй Ц- нь нүүр ам нь хавдаад цус болчихсон орж ирсэн гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,

-Орхон аймгийн ШША-ны шинжээчийн 06 дугаартай дүгнэлтэнд: 3. 1. О.Ц-ийн биед тархины эдийн 1-р зэргийн няцрал, баруун нүдний ухархайн дотор ба доод хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд шарх үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний дээд зовхинд үүссэн шарх нь мэс заслын оёдол хийгдсэн тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийн тогтоох боломжгүй. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 20-21 ху/,

-Орхон аймгийн ШША-ны шинжээчийн 09 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Б-ийн биед тархи доргилт, нүүр, цээжинд зулгаралт үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нэг цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. 4.Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 25-26 ху/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42-43 ху/

-О.Ц-ийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 31-35 ху/

-Б.Б-ийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 36-40 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгч Б.Б-, О.Ц- нар нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутагт байрлах Дэнж төвд хоорондоо маргалдан харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-, О.Ц- нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Ч- /хх 15 ху/, Ц.Т- /хх 14 ху/, Ц.Ц- /хх 16 ху/, Т.Д- /хх 17ху/, Н.А- /хх 18 ху/ нарын мэдүүлгүүд, О.Ц-ийн биед тархины эдийн 1-р зэргийн няцрал, баруун нүдний ухархайн дотор ба доод хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд шарх үүссэнийг тогтоосон шинжээчийн 06 дугаартай дүгнэлт /хх 20-21 ху/, Б.Б-ийн биед тархи доргилт, нүүр, цээжинд зулгаралт үүссэнийг тогтоосон шинжээчийн 09 дугаартай дүгнэлт /хх 25-26 ху/, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Ц-, Б.Б- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэвч шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн хохирогч нь сайн дураараа эвлэрсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шүүхэд ирүүлсэн тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Ц-, Б.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хотгойд овогт Бизьяагийн Б-, Тайж овогт О-ийн Ц- нарыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Б.Б-, О.Ц- нарт холбодох эрүүгийн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА