| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 186/2019/0660/Э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | прокурор Б.Сод-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 146
Ц.Эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сод-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЗ/1688 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Ц.Эд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Цын Э, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ... тоотод түр оршин суудаг гэх, /РД:.../,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаартай зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-396 тоотод оршин суух Б.Чинзоригийн монгол гэрт нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч компьютерын дэлгэц, гар, маус, зөөврийн компьютер зэрэг эд зүйл хулгайлж 198.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 62-0967 тоотод оршин суух Л.Нямхүүгийн өвлийн сууцны цонхоор нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлж, 103.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Ц.Эийн хувьд шүүхээс өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн шалгалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй, түүнчлэн энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул дээрх ажиллагааг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Б.Сод-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Э нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, Ц.Эийг сүүлд илэрсэн гэх үйлдлүүдэд нь гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар...” хэд хэдэн шийтгэх тогтоолын ялуудыг нэмж нэгтгэх боломжтой юм. Тодруулбал, Ц.Эийн ял шийтгүүлсэн болон одоо шалгагдаж байгаа үйлдлүүдийг нэгтгэснээр хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх ямар нэг өөрчлөлт орох үндэслэлгүй бөгөөд нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргүүдийг нэгтгэж шалгах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЗ/1688 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан шатны шүүх хуралдаанд оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах хууль зүйн үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах” тухай 41 дүгээр бүлэгт заасан ба үүнээс өөрөөр нэгэнт хүчин төгөлдөр болсон шийдвэрийг дахин шалгах хууль зүйн боломжгүй.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ.
Тодруулбал, Ц.Эийн хувьд ял шийтгүүлсэн болон одоо шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг нэгтгэснээр түүний урьд ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл хөнгөрч, эсхүл хүндэрч өөрчлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд прокурор Б.Сод-Эрдэнийн “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ц.Эд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЗ/1688 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Эд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Ц.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ