| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0842/з |
| Дугаар | 221/МА2025/0716 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0716
“Т н х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б
Нэхэмжлэгч: “Т н х” ХХК
Хариуцагч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо
Гуравдагч этгээд: “О с н а а у г” ОНӨААТҮГ
Нэхэмжлэлийн шаардлага: “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 80, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0522 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Г.Н
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Э.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0842/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т н х” ХХК-аас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд холбогдуулан, “Т н х” ХХК-ийн хэрэглэгчдийг шилжүүлэх зохицуулалт хийх талаар гаргасан хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0522 дугаар шийдвэрээр: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.13, 10 дугаар зүйлийн 10.1.5, 10.1.12, 14 дүгээр зүйлийн 14.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т н х” ХХК-ийн гаргасан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 80, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх шийдвэртээ “... хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компанид хэрэглэгчдээс удаа дараа өргөдөл, гомдол гаргаж байсан, тэдгээрийн хооронд маргаан үүссэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэхүү хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо нь өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж, маргаан бүхий тогтоолуудаар нэхэмжлэгчийн хариуцдаг хэрэглэгчдийг шилжүүлсэн нь хуульд нийцжээ. Хэдийгээр нэхэмжлэгч талаас өргөдөл, гомдол давхардсан тоогоор ирсэн, гомдлууд нь бодитой тоо биш бөгөөд үндэслэлгүй байсан гэж тайлбарлах боловч нэгэнт хэрэглэгчдээс өргөдөл, гомдол ирсэн, хангагч болон хэрэглэгчдийн хооронд маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүхээс уг өргөдөл, гомдлыг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөхөөргүй, хуульд зааснаар уг маргааныг шийдвэрлэх эрх хэмжээг Зохицуулах хороонд олгосон, Хороо нь гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэхээр байх тул энэ талаарх тайлбарыг хүлээн аваагүй болно” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Зохицуулах хорооны 2022 оны 164 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй, учир нь уг заалт нь ерөнхий заалт бөгөөд уг заалтыг хэрэгжүүлж ажиллаж ирсэн. Бид хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн ажиллаж, уг заалтыг хэрэгжүүлж ирсэн.
3.2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд ирсэн гэх хэрэглэгчдийн гомдол хүсэлт нь ямар гомдол, хүсэлт болох нь тодорхойгүй. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл олгодог байгууллага, тусгай зөвшөөрөл олгосон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагынхаа эрх ашиг сонирхлыг ижил тэгш анхаарч ажиллах ёстой байтал хорооноос олгосон “Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх” манай тусгай зөвшөөрөл цуцлагдаагүй, хүчингүй болоогүй, өнөөдрийг хүртэл хүчинтэй үйлчилж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг зөрчиж, хэрэглэгчдийг нь хууль зөрчиж шилжүүлж байгаа нь хуульд нийцэхгүй. Хуульд тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан байруудыг бусдад шилжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй, тусгай зөвшөөрөл нь хавсралттайгаа хүчинтэй байдаг бөгөөд хариуцагч байгууллага нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд үндэслэлгүйгээр халдсан болно.
3.3. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд ирсэн гэх хэрэглэгчдийн гомдол хүсэлт нь ямар гомдол, хүсэлт болох нь тодорхойгүй бөгөөд хариуцагч нь өмнө нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон нэр бүхий СӨХ-ны гомдлоор манай байгууллагад олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хурлаар хэлэлцсэн байдаг, уг хурлаар манай компанийг хууль зөрсөн гэж дүгнээгүй, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаагүй гэж дүгнээгүй бөгөөд манайд зөрчил тогтоогоогүй, хэрэглэгчдийн гомдлын дагуу манайд зөрчил тогтоогоогүй, хэрэглэгчдийн гомдол нь үндэслэлтэй гэж огт тогтоогоогүй хэрнээ хэрэглэгчдээс гомдол ирсэн гэсэн шалтгаанаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд халдаж, хэрэглэгчдийг шилжүүлсэн.
3.4. Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүрэн эрхийг заасан, 4.2.1.1-д зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа эрхлэх үндсэн эрхтэй бөгөөд тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг эрхлэх үндсэн эрхтэй. Хариуцагч байгууллага ны тусгай зөвшөөрлөөр олгогдсон үйл ажиллагаа явуулах байруудыг тусгай зөвшөөрөл хүчинтэй байхад хууль бусаар гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндсэн эрхийг зөрчсөн болно. Эрчим хүчний зохицуулах хорооноос олгодог “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах” тусгай зөвшөөрөл цуцлагдсан нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос олгосон Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд цэвэр, бохир усаар хангах үйл ажиллагаа явуулдаг компанийн хэрэглэгчдийг шилжүүлэх үндэслэл болохгүй. Хоёр байгууллагаас олгодог дээр дурдсан тусгай зөвшөөрлүүд нь өөр өөр, тусдаа өөр төрлийн үйл ажиллагааг зохицуулдаг.
3.5. Нэхэмжлэгч тал эрхээ хамгаалах, шүүхэд шударгаар мэтгэлцэх үүднээс өөрсдийн зүгээс шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн боловч шүүхээс нотлох баримт шинжлэх үед манай өгсөн нотлох баримт байгаагүй, тэгээд судлах боломжгүй гээд нотлох баримт шинжлэн судлах ажиллагааг дуусгасан, гэтэл дараа нь шүүх дээр очиход манай нотлох баримт хавтастайгаа байсан, шүүх хурлын бэлтгэл дутуу хангаж, манай нотлох баримттай хавтсыг шүүх хурлын танхимд авч орж ирээгүйгээс нотлох баримт шинжлэх ажиллагаа дутуу явагдаж, улмаар манай эрх ашиг зөрчигдсөн, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн болно.
3.6. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, маргааны үйл баримтыг буруу дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой талаас нь бүрэн судалж, дүгнэж чадаагүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0522 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.3. нотлох баримт гаргаж өгөх, …”, 98 дугаар зүйлийн 98.2-т “Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 99 дүгээр зүйлийн 99.1-д “Шүүх хуралдаан даргалагч … цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судлах, үзлэг хийх, бусад нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтооно”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл, цахим нотлох баримтыг шүүх хуралдаанд уншин сонсгож, эд мөрийн баримтыг танилцуулна”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж тус тус заасан.
4. Хуулийн эдгээр зохицуулалтыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, хэргийн оролцогч шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, түүнийг шүүх хуралдаанд шинжлэн судлуулах зэргээр шаардлага ба татгалзлын үндэслэлээ нотлох, шүүх гагцхүү хуралдаанаар шинжлэн судалсан, хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг харьцуулан үнэлж хэргийг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих мэтгэлцэх зарчимтай уялдах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ зарчмыг хэрэгжүүлж, хэргийн оролцогчийн эрхийг хангасан тохиолдолд сая шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан эсэхийг дүгнэх нөхцөл бүрдэнэ.
5. “Т н х” ХХК-ийн хувьд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд холбогдуулан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 80, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлд холбогдуулж, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 204 хуудас бичгийн нотлох баримтыг шүүхэд хүргүүлж, хэрэгт хавсаргасан болох нь тэдгээрийг хүлээн авсан талаарх анхан шатны шүүхийн бүртгэлээр тодорхойлогдоно.
6. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч “... шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэх үед манай өгсөн [дээрх] нотлох баримт байгаагүй, тэгээд судлах боломжгүй гээд нотлох баримт шинжлэх ажиллагааг дуусгасан, гэтэл дараа нь шүүхэд очиход хавтастайгаа байсан, манай өгсөн нотлох баримттай хавтсыг шүүх хурлын танхимд авч ороогүйгээс нотлох баримт шинжлэх ажиллагаа дутуу явагдаж, улмаар манай эрх ашиг зөрчигдсөн” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “Даргалагч: хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.[дараа нь] Нэхэмжлэгчийн төлөөлөгч: 238 талд албан бичгийг уншиж, зарим нь алга, албан бичиг, СӨХ-нуудын гомдол, зохицуулах хорооноос ирүүлсэн шийдвэрүүд задгай байсан, одоо алга гэв” гэж тусгасан бол нэхэмжлэгчийн гаргаж өгсөн эдгээр бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсан эсэх талаар дэлгэрэнгүй тусгаагүй, улмаар тухайн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ тэдгээр баримтыг үнэлсэн эсэх, эсхүл нотлох баримтаас хассан, хуульд заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчид буцаан өгсөн талаар ямар нэг дүгнэлт, үндэслэл бичээгүй байна. /Хэргийн III хавтасны 129-130, 154-159 дэх талд/
8. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, анхан шатны шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг харьцуулан үзэхэд, энэ хэсгийн 5-д заасан буюу нэхэмжлэгчээс гаргаж, хэрэгт хавсаргасан “Нотлох баримт” гэх 1 хавтастай (202 хуудас хүртэл дугаарласан) баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй гэх үйл баримт тогтоогдлоо.
9. Зүй нь тэдгээр баримт бичгүүд хуульд заасан нотлох баримтын шаардлагыг ямар хэмжээгээр хангасан эсэхээс үл хамааран, давхардсан буюу шаардлага хангахгүй баримтыг буцаан өгөх, нотлох баримтаас хасах, хэрэгт ач холбогдолтой буюу хамааралтай, хуульд заасан шаардлага хангасан хэсгийг нь нотлох баримтаар шинжлэн судлах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж, энэ хүрээнд хэргийн оролцогчийн эрхийг хангахад чиглэсэн шүүхээс зайлшгүй гүйцэтгэвэл зохих ажиллаагаа байдаг.
10. Шаардлага ба татгалзлын үндэслэлээ нотлох, эсрэг талын үндэслэлийг няцаах нь мэтгэлцэх зарчмын агуулга бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримт бүрийг шинжлэн судлах нь шүүхээс энэхүү зарчмыг хэрэгжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж буйг тодорхойлох нэг хэлбэр болно.
Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг хасах, буцаан өгөх эсэхийг шийдвэрлээгүй, тэдгээрийг бүхэлд нь шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй нь шүүхийн өмнө эрх тэгш байх нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан гэж дүгнэх үндэслэл болох учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.
11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгож үнэлэх эсэхээс үл хамааран, анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журамд нийцэх тул давж заалдах шатны журмаар хэргийг хянан хэлэлцэх үед уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий учраас хүлээн авах нь зүйтэй.
12. Үүнээс гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргаас 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 01/795 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Л.С, Э.П, Б.Э нарт олгосон итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.2-т заасан төлөөлүүлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох итгэмжлэлд түүний эдлэх “эрх, үүргийг тусгайлан заасан байх” шаардлагыг хангаагүй ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар тодорхой агуулгыг тусгаагүй байна. /Хэргийн III хавтасны 59-60 дахь талд/
Гуравдагч этгээдийг төлөөлөн оролцож буй нэр бүхий эдгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан аль эрхийг олгох талаар тусгайлан зааж, итгэмжлэлийг хуульд нийцүүлэн авах шаардлагатай болохыг тэмдэглэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах буюу нотлох баримтыг шинжлэн судлах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0522 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ