Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 134/ШШ2020/00063

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ПК-д холбогдох 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 580 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч,

Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өнөржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     Нэхэмжлэгч Х.А миний биеийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Бага, дунд боловсрлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг тус тус үндэслэн Говьсүмбэр аймаг дахь ПК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/105 дугаар тушаалаар Монгол хэлний дадлагажигч багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд, миний биеийг ПК-ийн монгол хэлний дадлагажигч багшийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 580 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

            Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь ПК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Нэхэмжлэгч Х.А нь 2018 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод ШУТИС-д суралцахаар хүсэлт гарган 2 сарын чөлөө авсан байдаг. Гэвч сууж байгаа тухайгаа ямар нэгэн тайлбар хэлэхгүй байсан тул НД-ийн мэргэжилтэн Д.М-т үүрэг өгсөний дагуу тухайн сургуультай холбоо барихад, сургуулийн албан тоот ашиглан, хуурамч албан бичиг үйлдсэн тухай майл болон албан тоот ирсэн байдаг. Х.А энэ асуудлаа 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурал дээр тайлбарлахдаа би захирлыг нь эзгүйд нарийн бичгээс нь авсан, хуурамч бичиг баримт үйлдсэн нь үнэн гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд захирлын зөвлөл ярилцаад Х.А-д итгэл үзүүлэн сургалтанд хамрагдаж багш болоход нь тэтгэмжтэй явуулах талаар шийдвэр гаргаж, 11 сарын хугацаатай ажилд авсан байдаг. Харин Х.А нь уг хугацаанд ямар нэгэн сургалтанд хамрагдаагүй бөгөөд 2019 оны 03 дугаар сард Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, 2019 оны 10 дугаар сарын 29-нд Монгол Улсын боловсролын их сургуулиас тус тус дунд болон ахлах ангийн хүүхдүүдэд монгол хэлний багшаар багшлах шаардлага хангахгүй, зөвхөн бага анги буюу 1-5 дугаар ангид л хичээл заах эрхтэй гэсэн бичиг ирсэн тул Х.А-д байрны багшаар ажиллах саналыг ХН-ийн ажилтан Д.М удаа дараа биечлэн уулзаж, хэлэхэд орохгүй гэсэн тул 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/105 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. Мөн Х.А нь намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтаар ажлаас чөлөөлсөн бол 2 сарын тэтгэмж олгоно уу гэсэн хүсэлт гаргасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1 168 228 төгрөг олгосон байна.

            Иймд, Х.А нь байгууллагын 2 дахь удаагаа итгэлийг алдан хуурч байгаа тул багш хүн, төрийн албан хаагчид байх ерөнхий шаардлага болох үнэнч байх, мөн сурсан бакалаврын диплом нь манай сургуулийн оюутан суралцагчдад хичээл заах эрхгүй бөгөөд хэрэв заалгасан тохиолдолд насанд хүрээгүй хүүхдийн боловсролд муугаар нөлөө үзүүлэх магадлалтай тул Х.А-гийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрхгүй байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч Х.А нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

            “... Одоо урьд нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор болох 580 000 төгрөг дээр шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговорыг нэмж гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагтай холбоотойгоор шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Х.А-гийн дадлагажигч багшийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 580 000 төгрөг дээр шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул захирлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/105 тоот тушаалыг хэвээр үлдээж өгнө үү.

Жич: хариу тайлбар гаргах 14 хоног шаардлагагүй болно гэжээ.

 

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Аг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.8, Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгон Говьсүмбэр аймаг дахь ПК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/105 дугаар тушаалаар Монгол хэлний дадлагажигч багш үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Ингэхдээ Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийг удирдлага болгосон нь ойлгомжгүй. Ямар хууль тогтоомжийг ямар үндэслэлээр удирдлага болгосон нь мөн ойлгомжгүй. Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр түүнээс дээш зэрэгтэй эсхүл удирдлагын албаны дадлагатай мэргэжлийн өндөр зэрэглэлийн багшлах эрхтэй гэсэн зүйл байдаг. Үүнээс Х.А-гийн хувьд хэд хэдэн зэрэгцсэн шаардлагын аль нэгийг хангасан байхад  багшлах эрхтэй байсан. Х.А нь бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүн. Яг ажлаас халах үндэслэл нь мэргэжлийн бус хүнийг хуулийн шаардлагад нийцүүлэн ажиллах гэсэн нь нийцэж байна гэж харсан байх. Мөн уг хуульд тухайн хүний боловсролын мэргэжил шаардлагыг харахад мэргэжлийн бус хүн гэх хуулийн шаардлагад нийцэхгүй. Мэргэжлийн боловсролын тухай хуулиар хүнийг ажлаас халах нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тухайн хүний хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой. Үүнийгээ хариуцагч тал тодорхой болгож тайлбарлах ёстой. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцлахад хариуцагч талын гаргасан тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталсан ч тэр нь ойлгомжгүй. Дээд шүүхийн тогтоолын 33 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтална гэсэн байдаг ч энэ маргааны тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дугаар зүйлүүдийг заавал баримтлах ёстой. Нэхэмжлэгч Х.А нь Говьсүмбэр аймаг дахь ПК-д хүсэлт гаргасан байдаг. Түүнд хэрэв намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар ажлаас халсан гэж байгаа бол тэтгэмжийг олгоно уу? гэж хэлсэн байдаг. Хариуцагч талын гаргасан тайлбараас харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил мэргэжлийн шаардлага хангахгүй, бага ангийн багш, дунд ангийн багш биш, Монгол хэл, Уран зохиолын багш биш, мэргэжлийн дагуу сураагүй, суралцангаа дотуур байрны жижүүр, багш болох гэсэн зүйлүүд тусгагдсан байдаг. Ажил мэргэжилтэй холбоотой буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажил мэргэжлийн шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан гэж үзсэн. Ийм тохиолдолд тушаалд мөн хуулийн 40 дүгээр зүйлийг заавал барих ёстой байсан. Мөн тушаалын үндэслэл нь тодорхой байх ёстой. Би яагаад ажлаас халагдсан талаараа ойлгосон байх ёстой. Мэргэжлийн боловсролын тухай хуулийн шаардлагад нийцүүлсэн байх ёстой гэсэн ч ямар шаардлагад хэрхэн нийцүүлэх ёстой талаараа дурдаагүй. Мөн хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл байгуулсан байсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхад хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаагүй мөн бага ангийн багш хүн Монгол хэл бичгийн багш хийж чадна гэсэн ажил олгогчийн субъектив санаа харагддаг. Зохих ёсны комиссын шийдвэр, тогтоох ёстой үндэслэлүүдийг тогтоогоогүй байдаг. Үүнээс дүгнэхэд энэ хүн ажил мэргэжилдээ тэнцэхгүй, мэргэжлийн шаардлагыг хангахгүй байсан бол ийм, ийм үндэслэлээр ингэсэн гэдэг мэргэжлийн комиссын шийдвэр гараагүй тул уг тушаалыг хуульд нийцээгүй гэж үзсэн. Мөн ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол ийм үндэслэлээр халах болсон талаараа 1 сарын өмнө хөдөлмөрийн гэрээ байгуулагчид мэдэгдэх ёстой  байхад мэдэгдээгүй. Нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй байдаг. Мөн хуульд дадлагажигч гэдгийг дээд тал нь 3 сар гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгчийг 3 сараас хэтэрч 9 сар болсон байхад дадлагажигч гэж үзсэн байдаг. Хариуцагч талаас багшлах шаардлага хангаагүй, бага ангийн багшийн мэргэжилтэй гэсэн зүйлтэй уялдуулан нотлох баримтыг гаргаж өгсөн байдаг. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 30-нд Боловсролын их сургуулиас Говьсүмбэр аймаг дахь Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн тодорхойлолтод тухайн хичээлээр мэргэшсэн тул уг хичээлийг заах бүрэн боломжтойг тодорхойлсон. Үүний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас ПК-ийн захиралд тухайн хичээлээр тусгайлан мэргэшсэн тул заах боломжтой гэсэн тодорхойлолтыг хүргүүлсэн байхад хувийн субъектив санаагаар асуудалд хандаж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч өөрөө би болохгүй бол өөрөө суръя гээд Идэр дээд сургуульд хүсэлт гаргаж мэргэшил дээшлүүлж байгаа. Үүнийхээ төлбөрийг төлсөн байхад хууль бус шийдвэр, тушаал гаргаж, ажлаас нь чөлөөлж  болохгүй. Энэ хүн өөрөө суралцагчийн эрх ашиг зөрчигдсөн буюу нэхэмжлэгч ажлаа хийх чадахгүй нь зохих байдлаар нотлогдсон бол тэр нь ажлаас халах үндэслэл болж болно. Гэтэл нэхэмжлэгчийн энэ байдал нь тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү? гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Мөн Улсын Дээд Шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд зааснаар ажил мэргэжилдээ тэнцэхгүй байна гэдэг үндэслэлээр ажил олгогч тухайн ажилтныг ажлаас нь халж болохгүй гэдгийг тайлбарласан байдаг. Ажил олгогч өөрийн үзэмжээр асуудалд хандаж анхнаасаа бүх бичиг баримтыг нь шалгаж ажилд авдаг. Анхнаасаа ажилд аваад ажиллуулж байгаад ажилдаа гаршсаны дараа тохирохгүй, таарахгүй гэж болохгүй. Магистр болон бакалаврын дипломд энэ хүний ажил мэргэжилтэй холбоотой бүх зүйл тодорхой харагдана. Тиймээс ийм байдлаар хэн нэгнийг хохироож болохгүй гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн сурсан Монгол Улсын Боловсролын Их сургуулиас 2019 оны 11 дүгээр сарын 29-нд ирүүлсэн Х.А-д олгосон Бага боловсролын багшаар диплом нь Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангид багшлах эрхтэй болно. Тодорхойлолт бичсэн сургалтын хөтөлбөрийн багшийн хөгжлийн дарга М гэсэн тодорхойлолт ирсэн. Харин Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн тодорхойлолт нь Боловсролын Их сургуулиас ер нь багшлах эрхтэй гэсэн үүднээс ирүүлсэн байх. Бид багшлах эрхтэй ч та цаашдаа суралцах эрхтэй, өөрийгөө хөгжүүлэх эрхтэй гэхэд суралцахгүй байсан учир Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын тодорхойлолт болон Боловсролын Их сургуулиас ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн цаашдаа уг ажилд ажиллаж болохгүй юм байна. Тиймээс байрны жижүүр багшийн орон тоог санал болгоход өөрөө жижүүр багш болохгүй гээд ажлаас чөлөөлөгдсөн гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Х.А нь Говьсүмбэр аймаг дахь ПК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин  гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчаас ... Х.А-д итгэл үзүүлэн сургалтанд хамрагдаж багш болоход нь тэтгэмжтэй явуулах талаар шийдвэр гаргаж, 11 сарын хугацаатай ажилд авсан, харин Х.А ямар нэгэн сургалтанд хамрагдаагүй, холбогдох байгууллагуудаас Х.А-г 1-5 дугаар ангид хичээл заах эрхтэй гэсэн бичиг ирүүлсэн байх тул байрны багш, жижүүрээр ажиллах саналыг удаа дараа хэлж байсан ... хэмээн маргана. 

Говьсүмбэр аймаг дахь ПК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар Х.А-г хүний нөөцийн албан тушаалаас чөлөөлж, монгол хэлний дадлагажигч багшийн албан тушаалд томилж,

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/105 дугаар тушаалаар Х.А-г Мэргэжлийн боловсролын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн мэргэжлийн дагуу сурах, дотуур байрны багш, жижүүрийн албан тушаалыг санал болгосон боловч эс зөвшөөрсөн гэж үзэж, Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна,

Бага боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д Бага боловсролыг 5, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жилд тус тус эзэмшүүлнэ гэж заасныг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгчээс “... Надад байрны багш, жижүүрийн ажлыг санал болгоогүй, би мэргэжлээ дээшлүүлэх талаар байгууллагынхаа Үйлдвэрчний эвлэлд албан ёсоор бичгээр мэдэгдэж байсан, би дээд боловсролтой, магистрын зэрэгтэй, миний үндсэн мэргэжил багш, мэргэшил бага боловсролын багш ...” гэж тайлбарлана.

1. Говьсүмбэр аймаг дахь ПК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/105 дугаар тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажилтныг ажлаас халсан үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй байна.  

Тодруулбал, хариуцагчаас Х.А-г холбогдох байгууллагуудаас 1-5 дугаар ангид хичээл заах эрхтэй гэсэн бичиг ирүүлсэн тул бакалаврын диплом нь манай сургуулийн оюутан, суралцагчдад хичээллэх эрхгүй, хүүхдийн боловсролд муугаар нөлөөлнө хэмээн тайлбарлах боловч ажилтны энэ байдлын талаар тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэр,  аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, үүргээ биелүүлээгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эзэмшсэн боловсрол, мэргэжлийн байдал нь  ажил олгогчоос ажилтныг боловсрол, мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч нь 40.1.1, 40.1.2-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ..., мөн хуулийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байвал нэг сарын өмнө мэдэгдэхээр заасан бөгөөд ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зурж, баталгаажуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Х.А-гийн ажилгүй байсан хугацааны цалинд 1 871 800 төгрөг гаргуулна гэж шүүх хуралдаанд тодруулж тайлбарласан болно.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилсэнийг түүнийг ажлаас чөлөөлсөн буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах буюу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцов.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-гийн А-д зааснаар тооцож, нэг сард үндсэн цалин 584 114 төгрөг авч байсан болох нь түүний цалингийн картаар /хх-57/ тогтоогдож байна.

Ажилгүй байсан хугацааг тооцвол: Үүнд:  2020 оны 12 дугаар сард ажлын 15 хоног, 01 дүгээр сард ажлын 22 хоног, 02 дугаар сард 17 хоног, 03 дугаар сард 12 хоног, нийт ажлын 66  хоног, үндсэн цалин 584 114:21.5=27 168 төгрөг, 1 хоногийн цалин болох 27 168х66 хоног=1 793 088 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 78 712 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.  

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба харин хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 871 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 44 899 төгрөг, нийт 115 099 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.А-г Говьсүмбэр аймаг дахь ПК-ийн Монгол хэлний дадлагажигч багшийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Говьсүмбэр аймаг дахь ПК-оос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 793 088 / нэг сая долоон зуун ерэн гурван мянга наян найман/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 78 712 /далан найман мянга долоон зуун арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Х.А-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймаг дахь ПК-д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 115 099 /нэг зуун арван таван мянга ерэн есөн/ төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЦОГЗОЛМАА