| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2019/05207/и |
| Дугаар | 101/ШШ2020/00975 |
| Огноо | 2020-03-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2020/00975
2020 03 24 101/ШШ2020/00975
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х Х З Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М К” ХХК-д холбогдох
Улаанбаатар хотын кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөр болох 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ч.П, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х Х З Х”/Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар/ Монгол улсад аж ахуй нэгж, иргэд харилцаа холбооны зах зээл үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргаж Харилцаа холбооны тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилладаг байгууллага юм. “М К” ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 852 /Б/ СН 110 тоот Улаанбаатар хотын кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулан Б ангиллын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Гэрээний дагуу “М К” ХХК нь Улаанбаатар хотын кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөрт 2,500,000 төгрөг төлөх төлбөрийн үлдэгдэлтэй байх тул гаргуулж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.
Хариуцагч “М К” ХХК-ийн захирал Ч.Пшүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 онд “ Х Х З Х”-ноос тусгай зөвшөөрөл авсан. Тусгай зөвшөөрөл авахдаа тусгай зөвшөөрлийн хураамжийг төлсөн. Үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажиллагаа хийж байхад тус хорооноос 2015 онд үйл ажиллагаа явуулаагүй гээд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Мөн 2016 оны 3 дугаар сард манай тусгай зөвшөөрлийг цуцалсан. Гэтэл манай байгууллагаас “Х Х З Х” дахин 2,500,000 төгрөгийн төлбөрийг төлөхийг нэхэмжилсэн. Бид тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ түдгэлзүүлсэн учраас үйл ажиллагаа явуулаагүй. Иймд Тусгай зөвшөөрөл эрхлэх журмын дагуу түдгэлзүүлсэн тохиолдолд төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х Х З Х” нь хариуцагч “М К” ХХК-д холбогдуулан Улаанбаатар хотын кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөр болох 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
“Х Х З Х”-ноос Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д тус тус зааснаар Улаанбаатар хотод кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх /Б/ ангиллын 852 /Б/ СН110 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “М К” ХХК-д олгожээ./хх-ийн 5 дугаар тал/
Дээрх зөвшөөрлийн дагуу зохигчид харилцан тохиролцож 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай, 852/Б/СН110 тоот, “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ”-г байгуулсан./хх-ийн 6-9 дүгээр тал/
“М К” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах газрын Голомт банкны ******* дансанд 2,500,000 төгрөгийг “М К” ХХК-иас тусгай зөвшөөрөл 96033563” гэж тушаажээ./хх-ийн 50 дугаар тал /
Хариуцагч “М К” ХХК-ийн Улаанбаатар хотод кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх /Б/ ангиллын 852 /Б/ СН110 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч” Харилцаа холбоо зохицуулах хороо”-ны 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 07/907 дугаартай тогтоолоор үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 07/591 тогтоолоор үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Засгийн газрын сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заахдаа “тухайн этгээдийн албан татвар ногдуулах орлогын 2 хувьтай тэнцүү байна” гэжээ.
Нэхэмжлэгч ““Х Х З Х”” нь хариуцагч “М К” ХХК-д холбогдуулан Улаанбаатар хотын кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөр болох 2,500,000 төгрөг төлөөгүй гэж маргах боловч төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг татвар ногдох орлогынх нь 2 хувьтай тэнцүү хэмжээгээр тогтоосон гэх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн дүн буюу хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг хуульд заасан журмын дагуу тогтоогоогүй нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй үзэв.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Харилцаа холбооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасныг баримтлан “ Х Х З Х”-ны нэхэмжлэлтэй, “М К” ХХК-д холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ