Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2020/00987

 

 

 

 

 

 2020          03           24                                       101/ШШ2020/00987

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Д.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын          05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 3037 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Агаас 25,000,000 төгрөг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.А миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 69 тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шинжээчээр үнэлүүлэхэд 84,459,685 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4/2807 дугаарт мэдэгдэх хуудсыг гардуулсан. Дээрх үл хөдлөх хөрөнгө нийслэлийн А зэрэглэлийн бүсэд байрлалтай, зах зээлийн бодит үнэ 1 м.кв 1,500,000 үнэлгээтэй байхад эд хөрөнгийг 86,459,685 төгрөгөөр үнэлсэн байна. Түүнчлэн уг үл хөдлөх хөрөнгө бодит байдал дээр 72 м.кв талбайтай байхад 39 м.кв талбайгаар тооцож үнэлсэнд гомдолтой байна. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж оролцогч талуудад мэдэгдэн тэмдэглэл хөтөлнө гэж заасныг ноцтой зөрчсөн.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн одоогийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж өмчлөх эрхэд хохирол учруулахуйц нөхцөл байдал бий болсон тус тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/03037 дугаар захирамжаар Д.А-гаас 25,000,000 төгрөгийг гаргуулж Б.Б олгохоор хэрэв төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19070123 тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч Д.А-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийлгэх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-10000 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоотод байрлалтай 00 м.кв 0 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19070123/10 тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19070123/11 дүгээр тогтоолоор хураасан.

Төлбөр хураагдсан хөрөнгөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Д.А шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн, төлбөр авагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан тухайн орон сууцыг 40,000,000 төгрөгөөр үнэлсэн тухай саналаа ирүүлсэн тул 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 70 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор “ С Э” ХХК-ийг томилоход 86,459,685 төгрөгөөр үнэлэгдсэн Үнэлгээг талуудад 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4/2807 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай 3 өрөө орон сууц үл хөдлөхийн гэрчилгээнд 000 м.кв бичигдсэн хэдий ч одоогийн стандартаар 70 м.кв байхад иргэнд илт хохиролтой үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/03037 дугаар захирамжаар Д.Агаас 25,000,000 төгрөгийг гаргуулж Б.Б-д, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 000 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх захирамжийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01843 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19070123 тогтоолоор үүсгэж, Д.Агийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19070123/10 тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19070123/11 дүгээр тогтоолоор хураажээ. /хх-ийн 20-24, 34, 38 дугаар тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж заасны дагуу төлбөр төлөгч төлбөр авагч нар барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 70 дугаар “Шинжээч томилох тухай” тогтмолоор “ С Э” ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгийг 86,459,685 төгрөгөөр үнэлсэн байна./хх-ийн 40-81 дүгээр тал/

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4.-д ”хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах” гэж заажээ.

Хавтас хэрэгт “ С Э” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 тоот “Итгэмжлэл” баримтаар авагджээ. Уг итгэмжлэлд “...... 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тоот тогтоолын дагуу Иргэний хуулийн 177-д заасан дуудлага худалдаанд хөндлөнгийн шинжээч буюу хөрөнгийн үнэлгээний компанийг тогтоол болон бусад бичиг, хөрөнгийн үнэлгээний тайланд төлөөлж гарын үсэг зурах эрхийг хөрөнгийн үнэлгээчин Г.О-т энэхүү итгэмжлэлийг олгож байна.” гэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 70 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “ С Э” ХХК-ийг шинжээчээр томилсон байхад томилогдсон байгууллага туслах шинжээчээр Г.О-ыг ямар гэрээний үндсэн оролцуулсан, шинжээч нь шинэ, хуучин орон сууцны талбайн хэмжээг харьцуулж үнэлсэн зэрэг нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 86,459,685 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 86,459,685 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

  

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ