Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2020/00988

 

 

 

 

 

 

          2020 оны өдөр

     03 сар     26  р                                               184/ШШ2020/00988

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б овогт С.М /РД:/. Хаяг: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Үйлдвэрийн гудамж,  байр, тоот

Хариуцагч: А овогт Т.Ц /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Орбит дугаар гудамж, тоот

Хариуцагч: Б овогт Н.Н /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Тахилт дүгээр гудамж, тоот

Зээлийн гэрээний үүрэгт 28,440,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хануулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч Т.Ц, хариуцагч Н.Н-ийн өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.                                                                                                    

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хариуцагч Т.Ц, Н.Н нар 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлээ төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөг, алданги 10,440,000 төгрөг нийт 28,440,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож, зээлдэгч Т.Цгийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн барьцааны гэрээний дагуу түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Г-220 дугаартай газар, Ү-220 дугаартай хувийн сууц зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Хариуцагч Т.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч С.М-ээс 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Н.Нтай хамтран өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалан 15,000,000 төгрөг зээлсэн. Уг мөнгөний 7,000,000 төгрөгийг Н.Н, 8,000,000 төгрөгийг би өөрөө авсан. С.М, Н.Н нарыг би огт танихгүй өмнө нь уулзаж байгаагүй бөгөөд Н.Н манай нөхөрийн дүү болох н.Мөнхбаяраар дамжуулан С.М-ээс зээл хамтарч авах санал тавьсан боловч манай гэрийнхэн бид нар зөвшөөрөөгүй. Улмаар удаа дараа гуйж байсан ба 2 сарын хугацаатай зээлж авъя тэр хугацааны хүүг би бүгдийг төлнө 2 сарын дотор чөлөөлнө харин хамтарч авсан мөнгөө Н.Н өөртөө хүүгүй цувуулж өгөөрэй гэхэд нь үүнийг нь зөвшөөрч хамтарч зээл авсан. Ингээд зээл авсанаас хойш Н.Н зээл чөлөөлж өгөхгүйгээр барахгүй огт хүү төлөөгүй байсаар энэ асуудал шүүхэд шилжсэн. Н.Н 2019 оны 7 дугаар сарын үед Тахилтад байдаг хашаа байшин дэлгүүрээ зараад явж байхад нь манай нөхөр н.О 4,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Манай нөхөрийн бие өвдөөд байнгын эмчилгээтэй байсан учир төлбөр төлөх боломжгүй байсан. Одоо би хувийн компанид борлуулалтын ажил хийгээд 2-оос 12 насны 4 хүүхэд ар гэр гээд амьдрал хаана ч хүрэлцэхгүй байна. Иймд зээлсэн мөнгөө бөөнөөр нь төлж барагдуулах боломжгүй багаар цувуулж төлмөөр байна. Н.Н анх зээл авахдаа хүү төлөхөд санаа зоволтгүй бүгдийг би даана гэсэн одоо энэ их хүү алданги миний амьдралд ахадсан хүнд ачаа болж байгаа болохоор хүүг заавал төлүүлэх ёстой бол алдангийг багасгаж өгнө үү. 

Хариуцагч Н.Н, түүний өмгөөлөгч С.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц болон миний бие иргэн С.М-ээс 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай нэг сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Ингээд Н.Н би уг зээлээс 7,000,000 төгрөг, Т.Ц 8,000,000 төгрөгийг авч ашигласан. Иймд би өөрийн авсан 7,000,000 төгрөг болон түүний хүүг С.М-т төлөх ёстой гэж үзэж байна. 7,000,000 төгрөгийн 2 сарын хүү 1,400,000 төгрөг болж байх тул 8,400,000 төгрөгийг С.Мт төлөхөөс түүний Хаан банкны 5025256299 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3,850,000 төгрөг, хариуцагч Т.Ц-д 4,000,000 төгрөгийг бэлнээр нийт 8,350,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хэдэн төгрөгийн хүү алданги нэхэж байгаа нь ойлгомжгүй тохирсон хугацааны хүүнээс илүү хүү алданги шаардсан нь үндэслэлгүй, хариуцагч Т.Ц нь намайг С.М-д төлөөрэй гэж өгсөн мөнгийг цааш нь өгөлгүйгээр хугацаа алдсан, зээл хугацаандаа төлөгдөөгүй үйл баримт тодорхой харагдаж байх тул тэдний буруутай үйл ажиллагаанаас миний бие зээлийн алданги төлөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Т.Ц, Н.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,440,000 төгрөг гаруулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь  хариуцагч нарыг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу 15,000,000 төгрөг хүлээн авсан тухайд маргахгүй, харин хүү болон алдангийг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна.

Зохигчид  2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр зээлийн болон  барьцааны гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай,  эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлэн авсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Т.Ц-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит, дугаар гудамж, тоот, эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэлтэй, ... м.кв газар, Ү-220 дугаарт бүртгэлтэй, ... м.кв талбайтай, хувийн сууцыг барьцаалсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-ийн 9-12/

Гэрээнд зээлдэгч, барьцаалуулагчийг төлөөлж хариуцагч Т.Ц, Н.Н нар, зээлдүүлэгч, барьцаалагчийг төлөөлж, нэхэмжлэгч С.М нарын гарын үсгээ зурсан, барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.

Зээлийн гэрээний төлбөрт төлөх зорилгоор хариуцагч Н.Н хариуцагч Т.Ц-д 4,000,000  төгрөг өгсөн, хариуцагч Т.Ц төлөлт хийгээгүй болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч Н.Н нь С.М-ийн Хаан банк дахь 5025256299 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3,850,000 төгрөг төлсөн байх боловч нэхэмжлэгч өөр зээлийн төлбөр гэж тайлбарласан, /хариуцагч Н.Н-тай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгулсан зээлийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн/ мөн зээлийг эргүүлэн төлөх хугацаа болоогүй гэрээ байгуулаад 7 хонож байхад төлбөрийг төлж эхэлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэлээ.   

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нар  бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байх бөгөөд хариуцагч тус бүрийн хүлээх үүргийг дараах байдлаар тодорхойлох боломжтой юм.  

Хариуцагч Н.Н нь үндсэн зээлээс 7,000,000 төгрөг, түүнд ногдох 2 сарын хүү 1,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөгөөс Т.Ц-д өгсөн 4,000,000 төгрөгийг хасч 8,600,000 төгрөг төлөх үүрэгтэй, Хариуцагч Т.Ц үндсэн зээл 8,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,600,000 төгрөг, алданги 4,800,000, нийт 14,400,000 төгрөг, мөн Н.Н-ээс зээлийн төлбөрт өгсөн 4,000,000 төгрөг нэмэгдэж 18,400,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.   

Зохигчид  анзын тухайд гэрээгээр тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсгүүдэд анзын гэрээг бичгээр хийх, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх, алданги нь хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээтэй байхаар зохицуулсан байх тул хуульд нийцүүлэн анзын хэмжээг тогтоов.  

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор заасан ба хариуцагч тус бүрийн төлөх алдангийн хэмжээг  1,000,000 төгрөгөөр багасгах нь зүйтэй гэж үзэв

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар заасан байна.

Иймд хариуцагч Н.Н-ээс 7,600,000 төгрөг, хариуцагч Т.Ц-гээс 17,400,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.М-д олгож, нэхэмжлэлээс 3,440,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд буй үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмаар мэдэгдсэн, хариуцагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хүсэлтийг нь үндэслэн хариуцагчийн эзгүйд, зохигчдын тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                               ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Наас 7,600,000 /долоон сая зургаан зуун мянга/ төгрөг, хариуцагч Т.Ц-гээс 17,400,000 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Мт олгож, нэхэмжлэлээс 3,440,000 /гурван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Т.Ц-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Орбит,... дугаар гудамж, ... тоот, эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэлтэй, ... м.кв газар, Ү-220 дугаарт бүртгэлтэй, 63 м.кв талбайтай, хувийн сууцыг  албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-ээс 136,550 төгрөг, хариуцагч Т.Ц-гээс 244,950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ