Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 166

 

Х.Лд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

хохирогч Д.Өын өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч Х.Лгийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/1875 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 3 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Х.Лд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Хын Л, 1995 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, металист инженер мэргэжилтэй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “...”-ын сургуулийн авто зам барилгын ангийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 82 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 2 жилийн хорих ял болгон дүйцүүлэн хасаж, уг хорих ялыг хорих 429 дүгээр ангид эдэлж байгаад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 16 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан;

Х.Л нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний орой 21 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 70 дугаар байрны  хойд талд байрлах ... авто угаалгын газарт “...” Банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн “Тоёота Акуа” загварын ...УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дүгээр зүйлд заасан “Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах чиг үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас угаалгын газарт ажилтан Д.Өыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Хын Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Лг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэргийн улмаас Х.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Л нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Ө ажилгүй байсан хугацааны зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

               Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Х.Лд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өдөрт хэдэн цагаар хийлгэхийг дурдаж өгөөгүй байгаа нь шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Д.Өын өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд “Тусгайлан гаргах саналгүй.” гэв.

            Шүүгдэгч Х.Лгийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нарийвчлан заасан байхад шүүх шийтгэх тогтоолд заавал тусгах ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүрээнд, автомашин угаалгын газарт болсон хэрэгт жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, ухрах үйлдэл хийхдээ бусдад хохирол учруулсан гэж яллаж байгаа нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч хохирогчид хохирол төлбөр гэж 1.500.000 төгрөг төлсөн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Х.Л нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний орой 21.50 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 70 дугаар байрны  хойд талд байрлах ... авто угаалгын газраас гарахаар “Тоёота Акуа” загварын ...УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дүгээр зүйлд заасан “Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах чиг үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас угаалгын газарт ажилтан Д.Өыг автомашинаар мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Өын “...Машинаа угааж өгчихөөд байж байтал нөгөө жолооч ухрах үйлдэл хийхдээ их хурдтай ирээд намайг мөргөсөн. Тухайн үед би “зогсооч” гэж хэлэхэд зогсоох арга хэмжээ авалгүй намайг ирж мөргөсөн. Тэгээд сонсохгүй байгаа юм байх гэж бодоод дахиад орилтол дахиад машинтай хамт хавчуулсан. ...” гэх /хх 13-15/,

иргэний хариуцагч З.Даваажаргалын “...Ухарч байхад нь Ө хойно нь зогсож байсан. Гэтэл Л харахгүй мөргөчихсөн. Угаалгасан машин цантсан байсан. ...” гэх /хх 37-39/,

Шүүх эмнэлгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “...1. Д.Өын биед баруун өвдөгний жийргэвч мөгөөрсний урагдал, урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал, суналт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 3. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх 126 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 52/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Лг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Өыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн түүний хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, түүнийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь шүүгдэгч Х.Лгийн хувийн байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Прокурор Д.Агар “...шүүгдэгч Х.Лд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өдөрт хэдэн цагийн ажил хийлгэхийг дурдаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах” тухай прокурорын эсэргүүцэл бичжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх хугацаа нь амралтын өдөр болон үндсэн ажил, хичээлээс чөлөөтэй өдөр 4 цагаас ихгүй, ажлын өдөр ажил болон хичээлээс чөлөөтэй үед 2 цаг, эсхүл өөрөө зөвшөөрсөн тохиолдолд ажлын өдөр ажил болон хичээлийн дараа 4 цагаас ихгүй, 7 хоногт 10 цагаас багагүй байна” гэж нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх хугацааг нарийвчлан зохицуулсан байх тул, хуульд зааснаар хийгдэх ял эдлүүлэх ажиллагааг шүүх шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заах шаардлагагүй.  

Иймд прокурор Д.Агарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/1875 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 3 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ