Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2025/0734

 

 

 

 

 

 

 

 

                              “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                     захиргааны хэргийн тухай       

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн  

Шүүх бүрэлдэхүүн: 

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа   

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн   

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа    

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х         

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч  “Ш” ХХК  

Хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төв, тус төвийн Тендерийн үнэлгээний хороо  

Гуравдагч этгээд “Г” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зарласан Цэвэрлэгээний материал худалдан авах тендер сонгон шалгаруулалтад "Г" ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаартай шийдвэр, "Г" ХХК-ийн гэрээ байгуулах эрх олгосон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-1/961 дугаартай мэдэгдэл, мөн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Цэвэрлэгээний материал худалдан авах ХӨСҮТ/20250102004 дугаартай тендерийн БХА/25/63 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулж, үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгуулах” тухай       

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0691 дүгээр шийдвэр            

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Х  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, А.Ш

Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А   

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул  

Хэргийн индекс: 128/2025/0699/3    

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч “Ш” ХХК-иас Халдварт өвчин судлалын үндэсний төв, тус төвийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зарласан Цэвэрлэгээний материал худалдан авах тендер сонгон шалгаруулалтад "Г" ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаартай шийдвэр, "Г" ХХК-ийн гэрээ байгуулах эрх олгосон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-1/961 дугаартай мэдэгдэл, мөн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Цэвэрлэгээний материал худалдан авах ХӨСҮТ/20250102004 дугаартай тендерийн БХА/25/63 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулж, үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.         

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0691 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.10, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон түүний Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан "Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зарласан Цэвэрлэгээний материал худалдан авах тендер сонгон шалгаруулалтад "Г" ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаартай шийдвэр, “Г" ХХК-ийн гэрээ байгуулах эрх олгосон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-1/961 дугаартай мэдэгдэл, мөн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Цэвэрлэгээний материал худалдан авах ХӨСҮТ/20250102004 дугаартай тендерийн БХА/25/63 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулж, үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.           

3. Давж заалдах гомдлын агуулга:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х давж заалдах гомдолдоо:       

“...Нэг.Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх нь" хэсэгт "Сангийн яамнаас гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн агуулгаар нэхэмжлэгч компанийн гомдлыг хүлээн аваагүй нь нэхэмжлэгч компанийг урьдчилан шийдвэрлүүлэх хугацаа алдсан гэж үзэхээр байна" гэжээ.  

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д холбогдох гомдлыг ажлын 5 өдрийн дотор гаргахаар заасан ба 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт заасан “нийтээр тэмдэглэх баярын өдөр" байсан тул мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу нийтээр амарсан тул "Ш" ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс ажлын 5 хоногоор тооцож, 2025 оны 06 сарын 18-ны өдөр гомдол гомдлоо гаргасан. Гэвч Сангийн яам үндэслэлгүйгээр "хугацаа өнгөрсөн" шалтгаанаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан ба энэ талаар шүүх хурлын үед тайлбарласаар байхад манай компанийг "урьдчилан шийдвэрлүүлэх хугацаа алдсан" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.   

Хоёр. Мөн "Үндэслэх" хэсэгт "...шаардлага хангасан гэж ирүүлсэн 14688 дээжийн шинжилгээний хариуг "ОБ" ХХК-иас авч ирүүлснийг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй" гэж зөв дүгнэсэн атлаа “бусад компаниудын ирүүлсэн шинжилгээний бичгээс зөрүүтэй, дахин шинжилгээнд хамруулж залруулга хийгдсэн нь тогтоогдож байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан нь хуульд нийцсэн, шаардлагыг нэгэнт хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй" гэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь сонгон шалгаруулалтад оролцсон дөрвөн компаниас гурав нь буюу "Ш" ХХК, "Г" ХХК, "Ф" ХХК-иуд "ОБ" ХХК-ийн хүнсний уутыг санал болгож, шинжилгээний бичиг хүргүүлсэн. “Г" ХХК, "Ф" ХХК-иудын шинжилгээний бичиг нь тендерийн баримт бичигт заасан шаардлага хангахгүй буюу будгийн тогтворжилт нь нэрмэл ус болон хөлсний уусмалд тогтворгүй гэсэн хариутай, "Ш" ХХК-ийн хүргүүлсэн хариу нь "тогтвортой" буюу шаардлага хангасан байсан. Гэтэл Үнэлгээний хороо ийнхүү шаардлага хангасан бичиг ирүүлсэн компанийг “бусдаас өөр" гэсэн үндэслэлээр сэжиглэж, зөвхөн манай компаниас тодруулга авахаар албан тоот ирүүлсэн.

 2. Ийнхүү тодруулга авах үндсэн зорилго нь "нэг өдөр үйлдсэн, адил төрлийн дээжид хийгдсэн шинжилгээний хариу өөр хоорондоо зөрүүтэй байгааг тодруулах" ёстой байтал “цорын ганц шаардлага хангасан" компанийг сонгож, биелэгдэх боломжгүй буюу эх хувийг нь гарган өгөх боломжгүй оролцогчоос шинжилгээний бичгийн эх хувийг шаардаж, эх хувийг гарган өгөөгүй гэх үндэслэлээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдээлэл ирүүлсэн гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг зөвтгөн шийдвэрлэсэн.   

“ОБ" ХХК-ийн бүтээгдэхүүнийг санал болгосон  “Г” ХХК,  “Ф" ХХК-иудын шинжилгээний бичиг нэрмэл ус болон хөлсний уусмалд "тогтворгүй" буюу шаардлага хангахгүй талаар адил байхад "Г" ХХК-ийг ямар үндэслэлээр шалгаруулсан нь ойлгомжгүй, ийнхүү шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар  26.1, 26.9, 26.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс Тендерийн үнэлгээний хороо нь анхнаасаа "ОБ" ХХК-ийн MNS544752005 стандартын 14688 дээжийн дугаар бүхий ОРР уутын хариуг үндэслэн үнэлгээ хийсэн нь алдаатай юм. Тодруулбал, OPP (Oriented Polypropylene) уут болон HD (High-Dens Polyethylene) уут нь материал, гадаад төрх, хэрэглээ, чанарын хувьд ялгаатай. Тухайлбал, 14688 дээжийн дугаар бүхий шинжилгээ нь OPP уутын төрөлд хамаарах ба энэ нь нимгэн, тунгалаг, амархан хугардаг, шаржигнасан материал бүхий уут юм. Харин захиалагчийн зарласан тендерийн баримт бичиг тендер шалгаруулалтын зааварчилгаад заасан 4 төрлийн уут болох эмнэлгийн хар, шар уут, хүнсний тасалдаг уут, хүнсний том, дунд хэмжээний тор нь бүгд 14693 дээжийн дугаар бүхий HD уутын төрөлд хамаарах юм. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо нь анхнаасаа тендер шалгаруулалтын зааварчилгаад заагдаагүй бараа бүтээгдэхүүн болох 14688 дээжийн дугаартай шинжилгээний хариунд үндэслэн үнэлгээ хийсэн нь алдаатай байсан талаар маргадаг. Гэвч энэ талаар огт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Гурав. Шүүхийн шийдвэрт "... Үнэлгээний хорооны...  03 дугаартай шийдвэр, ...4-1/961 дугаартай мэдэгдэл,... гэрээг тус тус хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй нөхцөл байдал бий болсон тул нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж үзсэн. Уг сонгон шалгаруулалт нь нэг жилийн хугацаанд цэвэрлэгээний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөлтэй бөгөөд уг цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд нь өдөр тутамд худалдан авах шаардлагатай, хадгалах хугацаа богино бараа бүтээгдэхүүн биш тул нэгэнт хэрэгжээд дууссан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Энэ нь төрийн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэгч этгээдүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан зарчмыг зөрчиж, сонгон шалгаруулалтыг хуульд нийцүүлэх шаардлагыг санаатайгаар зөрчиж буй үйл ажиллагааг өөгшүүлсэн дүгнэлт гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0691 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.          

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ш” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.         

2. Хэргийн үйл баримтын тухайд:   

2.1. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/73 дугаар тушаалаар[1] байгуулагдсан “Цэвэрлэгээний материал” худалдан авах ажиллагааг зохион байгуулах тендерийн Үнэлгээний хороо нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, тус өдрөө тендер шалгаруулалтыг зарлаж, тендер хүлээн авах эцсийн хугацаа болох 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тендерийг нээхэд “Г” ХХК, “Ш” ХХК, “Ф” ХХК, “Т” ХХК гэсэн 4 оролцогч материалаа ирүүлжээ.

2.2. Үнэлгээний хороо нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж[2] оролцогчдоос ирүүлсэн тендерийг хянан үзэхэд “Г” ХХК, “Ф” ХХК, “Ш” ХХК нар бүгд адилхан “ОБ” ХХК-ийн хүнсний уутыг санал болгож, 24-3004 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнг илгээсэн байна.     

Гэтэл “Г” ХХК болон “Ф” ХХК нарын шинжилгээний дүнгийн дээжийн дугаар 14688, MNS5447:2005 стандартын будгийн тогтворжилт нэрмэл усанд, хөлсний уусмалд адилхан “тогтворгүй” гэсэн төлөвтэй байхад “Ш” ХХК-ийн шинжилгээний дүн нөгөө 2 компаниас зөрүүтэй буюу “тогтвортой” гэсэн төлөвтэй байсан учраас үүнийг тодруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.” гэж заасны дагуу  тус өдрөө буюу 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 4-1/941 дугаартай[3] “...ОБ ХХК-иас ирүүлсэн шинжилгээний бичгийг эх хувиар нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дотор ирүүлнэ үү.” гэх агуулга бүхий албан бичгийг нэхэмжлэгч “Ш” ХХК-д хүргүүлжээ.   

2.3. Үүний дагуу нэхэмжлэгч “Ш” ХХК-иас 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 041 дүгээр албан бичгээр[4] тодруулганы хариуг  ирүүлэхэд Үнэлгээний хорооноос эх хувь биш дахин хуулбар ирүүлсэн гэж үзсэн байна.  

2.4. Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу “Г” ХХК-ийг шалгаруулж, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-1/961 дүгээр албан бичгээр гэрээ байгуулах эрх олгож[5], БХА/25/63 дугаартай тендерийн гэрээ байгуулжээ[6]

2.5. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-1/964 дүгээр албан бичгээр[7] Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх хэсэгт заасны дагуу хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, 56.5.2 дахь хэсэг худал мэдээлэл ирүүлсэн...агуулахын түрээсийн гэрээг ирүүлсэн боловч зураг, танилцуулга ирүүлээгүй...ОБ-ийн хүнсний уут санал болгосон нь шинжилгээний бичгээр шаардлага хангахгүй байна” гэх үндэслэлүүдээр тендерээс татгалзсан талаар “Ш” ХХК-д мэдэгдсэн байна.   

2.6 Тус шийдвэрийг нэхэмжлэгч “Ш” ХХК эс зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргахад 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 02/6175 дугаар албан бичгээр[8] “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн Энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор хүлээн авна." гэж заасан. Хуульд заасан дээрх хугацаа өнгөрсөн байх тул танай гомдлыг хүлээн авах боломжгүй байна.” гэж үзээд хянан хэлэлцэхээс татгалзжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “...агуулахын танилцуулга зургаар ирүүлсэн болох нь тогтоогдож байх тул зураг танилцуулга ирүүлээгүй гэж үзсэн Үнэлгээний хорооны дүгнэлт буруу... хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй хэдий ч бусад компаниудын ирүүлсэн шинжилгээний бичгээс зөрүүтэй, дахин шинжилгээнд хамруулж залруулга хийгдсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан нь хуульд нийцсэн, шаардлагыг нэгэнт хангаагүй...” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.

4. Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичиг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээс үзвэл агуулахын танилцуулга зургийг тендерт ирүүлсэн болох нь тогтоогддог.

5. "Г" ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаартай шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-1/961 дугаартай мэдэгдлийн дараа гарсан “ОБ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/56 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг харгалзан үзээгүй хэмээн шүүхээс хариуцагчийг буруутгах боломжгүй бөгөөд “Г” ХХК болон “Ф” ХХК нарын тендерт ирүүлсэн шинжилгээний дүнгээс зөрүүтэй шинжилгээний бичгийг ”Ш” ХХК ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

6. “Г” ХХК-тай байгуулсан БХА/25/63 дугаартай тендерийн гэрээний дагуу 3 удаагийн нийлүүлэлт хийгдсэн байх ба захиалагчийн тухайд өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэдэг онцгой үйл ажиллагаа явуулдаг тул тухайн тендер шалгаруулалтыг хүчингүй болгох нь эрүүл мэндийн салбарт өндөр эрсдэл үүсгэх эрсдэлтэй...нэгэнт хэрэгжсэн тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгдэхээргүй байна” гэх агуулга бүхий анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.  

7. Тодруулбал, Захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон байхыг шаарддаг бол захиргааны актыг хүчингүй болгуулах болон илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд маргаан бүхий акт нь хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй байхаас гадна нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхыг шаардах бөгөөд шүүхээс шийдвэр гарснаар зөрчигдсөн эрх сэргэх ойлголт юм.

8. Гэтэл нэгэнт хэрэгжсэн маргаан бүхий Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зарласан Цэвэрлэгээний материал худалдан авах тендер сонгон шалгаруулалтад "Г" ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаартай шийдвэр, "Г" ХХК-ийн гэрээ байгуулах эрх олгосон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-1/961 дугаартай мэдэгдэл, мөн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Цэвэрлэгээний материал худалдан авах ХӨСҮТ/20250102004 дугаартай тендерийн БХА/25/63 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгосноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэхэд өндөр эрсдэл үүсэж болзошгүй, мөн “Ш” ХХК-д сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзэхээр байна.

 

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.        

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0691 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.       

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

 

                      ШҮҮГЧ                                              Б.АДЪЯАСҮРЭН 

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] Хавтаст хэргийн 154 дэх тал

[2] Хавтаст хэргийн 168-171 дэх тал

[3] Хавтаст хэргийн 194 дэх тал

[4] Хавтаст хэргийн 193 дахь тал

[5] Хавтаст хэргийн 172-173 хуудас

[6] Хавтаст хэргийн 139-140 хуудас

[7] Хавтаст хэргийн 161-162 хуудас

[8] Хавтаст хэргийн 17 дахь тал