Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг;

Улсын яллагч: П.Даваасүрэн;

Шүүгдэгч: Б.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баасан-Очирын Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн 2016 2502 2912 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ноос ноосон эдлэл урлалын мэргэжилтэй, “Эйм-Си-БЗ” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эх, 2 дүү, хамтран амьдрагч нарын хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын гудамж 27 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Жаргалантын 5 дугаар гудамжны 124 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ХЙ85012217 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баасан-Очирын Мягмарсүрэн.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Б.Мягмарсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний 21 цаг 45 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Онч Сэтгэмж” нэртэй хүүхдийн цэцэрлэгийн 2 дугаар давхарын цонхоор нэвтрэн орж “Dell” маркийн иж бүрэн компьютер, Бэнкү /benq/ брэндийн камерийн дэлгэц, камерийн удирдлагын систем /dvr/, “люмина” /lumina/ брэндийн тень зэрэг эд зүйл хулгайлан хохирогч Ж.Пүрэвсүрэнд 700.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийн үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шүүхээс хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14, 18/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15/, хохирогч Ж.Пүрэвсүрэн /хх-ийн 20-21/, гэрч Б.Даваажав /хх-ийн 22/, Т.Баярмаа /хх-ийн 23/, Д.Нарангэрэл /хх-ийн 24/, Б.Бямбасүрэн /хх-ийн 25/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлнгийн шинжээчийн 7166 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-29/, Б.Мягмарсүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-42/, Б.Мягмарсүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43/, Б.Мягмарсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн,  бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний 21 цаг 45 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг, 7 дугаар хороололд байрлах “Онч Сэтгэмж” нэртэй хүүхдийн цэцэрлэгийн 2 дугаар давхарын цонхоор нэвтрэн орж буюу орон байранд нэвтэрч бусдын бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлахаар завдсан болох нь:

 

хохирогч Ж.Пүрэвсүрэнгийн /хх-ийн 20-21/: “... 2016 оны 12 дугаар сарын 01-нд орой ажил дээрээсээ 19 цагт гэртээ харьсан. Цэцэрлэг дээр манай туслах багш Баярмаа үлдсэн. Баярмаа багш хонож ажилладаг юм. ... 21 цагийн үед манай байгууллагад хулгай орсон талаар над руу ярихаар нь ажил дээр иртэл цагдаа нар хулгайчийг барьчихсан байсан. Цэцэрлэгээс “Dell” маркийн иж бүрэн компьютер, “Бэнкү” брэндийн камерийн дэлгэц, камерийн удирдлагын систем, “люмина” брэндийн тень зэргийг авч явах гээд бөөгнүүлчихсэн байсан. Камерийг салгахдаа залгуурыг нь таслаад эвдчихсэн байсан. Би эд зүйлийнхээ засварын мөнгөө нэхэмжилнэ…” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Даваажавын /хх-ийн 22-23/: “... Би 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Бэлх-111” чиглэлд Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн офицероор, жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Т.Отгонбаярын хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд “ “Онч сэтгэмж” цэцэрлэгийн цонхоор хүн ороод дотороо байна” гэсэн дуудлагын дагуу очоод Т.Отгонбаяраар хаалгыг нь онгойлгуулаад, өрөө баруун талд нь ажиглаж байтал 2 давхарын цонхоор хар куртиктай залуу үсрээд зугтаахаар нь барьж аваад саатуулсан. Тэр залуу Мягмарсүрэн гэх нэртэй этгээд болох нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг,

гэрч Т.Баярмаагийн /хх-ийн 23/: “...Би цэцэрлэг дээрээ хонож байтал 2 давхарын цонхоор хулгайч орж ирэхийг нь мэдээд гарч гүйгээд 23 дугаар байрны жижүүр дээр очиж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

 

Б.Мягмарсүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 40-41/: “...2016 оны 12 дугаар сарын 01-нд ажлынхантайгаа архи уусан юм. ... Нэг хартал би ганцаараа явж байсан. Тэгээд хүүхдийн цэцэрлэгт ороод компьютерийн монитор, процессор, тень, камерийн төхөөрөмж, бас нэг монитор зэрэг эд зүйлийг авах гэж байтал цагдаа нар хаалга онгойлгоод ороод ирсэн. Би цонхоор гараад зугтаж яваад хальтарч унаад баригдчихсан...” гэх мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримтууд /хх-ийн 14, 18/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар батлагдаж, тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

            Прокуророос шүүгдэгч Б.Мягмарсүрэнг “…гэмт хэрэг үйлдэхээр завдсан” хэмээн ерөнхий байдлаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь шунахайн сэдэлтээр мөнгө олох зорилгоор бусдын орон байранд буюу “Онч сэтгэмж” цэцэрлэгийн цонхоор нь нэвтрэн орж, эд зүйлийг нь авч байх явцад цагдаагийн алба хаагч нар дуудлагаар ирснээр түүний үйлдэл зогсож, тэрээр цэцэрлэгийн цонхоор гарч зугтах явцдаа цагдаад баригдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг бүрэн хийгээгүйгээ тухайн этгээд ойлгосон бөгөөд түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол төгсөөгүй завдалт” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь өөрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй гэдгээ мэдэж байгаа бөгөөд цагдаагийн алба хаагч нар “Онч сэтгэмж” цэцэрлэгт орж ирснээр түүний үйлдэл таслан зогсоогдсон, өөрөөр хэлбэл шүүгдэгч хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болоогүй байхад гэмт үйлдэл нь таслан зогсоогдсон байх тул шүүгдэгч Б.Мягмарсүрэнг бусдын бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд прокуророос шүүгдэгч Б.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, зүйлчлэлийг зөвтгөх үндэстэй байна. Ингэж хэргийн зүйлчлэлийг зөвтгөсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй болно.

 

Иймээс шүүгдэгч Б.Мягмарсүрэнг бусдын орон байранд нэвтэрч, 700.000 төгрөгийн эд хөрөнгийг буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мягмарсүрэнд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзсэнээс гадна анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Хохирогч Ж.Пүрэвсүрэн “хохирлоо барагдуулж авсан” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Боржигон овогт Баасан-Очирын Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон зөвтгөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Баасан-Очирын Мягмарсүрэнг орон байранд нэвтэрч бусдын бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэнг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын буюу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мягмарсүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ