Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00087

 

 

Ж.Ганзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2020/00142 дугаар шийдвэр,

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 213/МА2020/00005 дугаар магадлалтай,

 

Ж.Ганзулын нэхэмжлэлтэй,

Ж.Хүрэлбаатард холбогдох,

 

11,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

 

1. Нэхэмжлэгч Ж.Ганзулаас Ж.Хүрэлбаатарт холбогдуулан барилгын 2 баганат өргүүр буюу подъёмны үнэ 8,500,000 төгрөг, НӨАТатварын 850,000 төгрөг, подъём түрээсэлсэн 4 сарын түрээсийн төлбөр 2,600,000 төгрөг, нийт 11,950,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь ...подъёмыг хэрэглэхийн тулд Ж.Ганзулд 800,000 төгрөгийг урьдчилан өгсөн, подъёмыг 2 сар ашиглаад буцаагаад өгсөн бөгөөд түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг өгсөн. Подъёмны эд анги муудсан байсан учраас 400,000 гаруй төгрөгөөр засч ажилдаа ашигласан. ...Талуудын хооронд үүссэн харилцааг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2020/00142 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 298 дугаар зүйлийн 498.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Хүрэлбаатараас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ганзулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,950,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

3. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 213/МА2020/00005 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2020/00142 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ...298 дугаар зүйлийн 498.1-д... гэснийг ...298 дугаар зүйлийн 298.1-д... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хариуцагчийн зүгээс маргааны зүйл болох эд хөрөнгийг 2 сар ашиглаж, ашигласан хугацааны хөлс 2 сая төгрөгийг төлсөн болохоо нотолсон. Мөн шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар зохицуулсан байдаг. Нэхэмжлэгчийн шаардах эрх 2015.11.24-ний өдрөөс үүсч, 2018.11.24-ний өдөр дуусгавар болсон, харин шүүх нэхэмжлэлийг 2018.12.28-ны өдөр хүлээн авсан байдаг. Үүнээс үзвэл Иргэний хуулийн 75.2.1-д заасан хугацаа дуусгавар болсон байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч Ж.Ганзул хариуцагч Ж.Хүрэлбаатарт холбогдуулан түрээсийн төлбөр, түрээсэлсэн хөрөнгийн эд ангийг дутааснаас дахин ашиглаагүй тул тухайн хөрөнгийн үнэ, НӨАТатвар, нийт 11,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд эд анги дутааснаас 3,400,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон үндэслэлээр хариуцагчаас түрээсийн төлбөр, хохиролд нийт 7,100,000 төгрөгийг нэхэмжилнэ гэснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад хуулийн заалтыг буруу бичсэн техникийн алдааг засч, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч нь 2015.08.24-нд барилгын 2 баганат өргүүр буюу подъёомыг 4 сарын хугацаатай түрээслэхээр авч явсан, түрээсийн төлбөрт 600,000 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй, 2016.01 сард надад хэлэлгүй буулгаад явсан байсан. ...ингээд үзэхэд өргүүрийн удирдлага, краны хүндрүүлэгч комоороо, бүх боолтууд байхгүй байсан. ....үүнээс болж 3,400,000 төгрөгийн хохирол учирсан тул түрээсийн төлбөрт 2,600,000, хохирол 3,400,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн татвар 850,000 төгрөг, шинжээчийн үнэлгээний хөлс 250,000 төгрөг нийт 7,100,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарласан,

 

Хариуцагч: ...Ж.Ганзулаас подъёом түрээсэлж ажилдаа хэрэглэсэн талаар би хожим мэдсэн, мотор нь хуучирч муудсан, тросс тасрах аюултай болсон байсныг 400,000 төгрөгөөр засч, 2 сарын хугацаа хүрэхгүй үгүйтэй ашигласан байсан, түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн, барилга хариуцсан ажилтан 2,5 сар болоод подъёомыг эргүүлэн өгсөн байсан. ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

8. Зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 287 дугаар зүйлийг 287.1. дэх заалтад нийцжээ.

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээнэ, хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны туршид гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх, хөлслөгч нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй, хөлслүүлэгч нь эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр ...гэрээ дуусгавар болсноос хойш 6 сарын дотор нэхэмжлэл гаргах эрхтэй гэж Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 288 дугаар зүйлийн 288.1., 289 дүгээр зүйлийн 289.1.5., 298 дугаар зүйлийн 298.1.-д тус тус зохицуулсан.

 

Анхан шатны шүүх ...зохигчид 4 сарын хугацаагаар эд хөрөнгө хөлслөхөөр, нэг сарын төлбөрт 800,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон, хариуцагч нь түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдсон тул үлдэх төлбөрийг гаргуулна, харин эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой хохирол нэхэмжилсэн шаардлага баримтаар нотлогдоогүй, тухайлбал, хэн аль нь эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, хүлээн авсныг нотолсон баримтгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн эд хөрөнгийн доголдолтой холбоотой гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгө ашигласны төлбөрт 2,000,000 төгрөгийг /800,000х4 сар-1,200,000/ хариуцагчаас гаргуулахаар, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг шийдвэрлэхэд баримталсан хуулийн заалтыг буруу бичсэн алдаа гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийн зүйл заалтыг буруу бичсэн техникийн алдааг шийдвэрт өөрчлөлт оруулах замаар засч, зөвтгөсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцсэн байна.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...маргааны зүйл болсон 2 баганат өргөгчийг 2 сар 10 хоногийн хугацаанд хэрэглэсэн, 2,000,000 төгрөг төлсөн болохоо нотолсон, ...нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаа 2015.11.24-нд үүсч, 2018.11.24-нд дууссан, нэхэмжлэлийг 2018.12.28-ны өдөр гаргаснаас үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан хугацаа дуусгавар болсон байна, ...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу... гэжээ.

 

9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Барилгын 2 баганат өргүүр буюу подъёомыг 2015.08 сард хүлээн авсан талаар хариуцагч маргаагүй, харин 2016.01 сард буцааж өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч зөвшөөрөөгүй боловч өргүүрийг 2 сар ашиглаад буцааж өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хэдийг хүлээлгэж өгснөө баримтаар нотлоогүй тул эд хөрөнгийг 4 сарын хугацаагаар түрээсэлсэн гэж үзсэн, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Мөн хариуцагч нь эд хөрөнгө ашигласны хөлсөнд 2,000,000 төгрөгийг төлснөө нотолсон гэх боловч шүүх түүний Хаан банкнаас шилжүүлсэн 400,000 төгрөгийн гүйлгээний баримт, гэрч Б.Раднаасэдийн ...Ж.Хүрэлбаатар нь Ганзүү эмнэлэгт очиж Ж.Ганзулд 800,000 төгрөг өгөхөөр явахад та хамт явсан уу гэсэн асуултад явсан, Ж.Хүрэлбаатар ах бид хоёр машинаар хамт очиж, Ж.Ганзулд подъёомны түрээсийн мөнгийг өгөхөөр Ж.Хүрэлбаатар ах орж, би машинд үлдсэн... гэх мэдүүлгийг тус тус үндэслэн эд хөрөнгө ашигласны хөлсөнд хариуцагч нь 1,200,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул буруутгах үндэслэлгүй, иймд нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

9.2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.

 

Зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацааг гурван жилээр тооцно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ...подъёомыг 2016.01 дүгээр сард надад хэлэлгүй, хүлээлгэж өгөлгүйгээр хашаанд буулгасан байсан... гэх тайлбарыг үгүйсгэсэн үндэслэл, тайлбараа баримтаар нотлоогүй тул эд хөрөнгө хүлээлгэн өгсөн хугацааг 2016.01 дүгээр сар гэж тооцох бөгөөд нэхэмжлэгч нь 2018.12.26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 213/МА2020/00005 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатараас 2020.04.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД