Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/472

 

    2023        07          05                                   2023/ШЦТ/472

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч Т.Тэмүүлэн нарыг оролцуулан  Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Явуу овгийн Б.Т т холбогдох эрүүгийн 2302002290169 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Явуу овгийн Б.Т , 1998 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...... их сургуулийн 3 дугаар курст суралцдаг, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .......

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т  нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын I жагсаалтад багтсан 1 мл-н хэмжээтэй МОРФИН /Morphine/ гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөрийн эзэмшлийн Lexus GS 450h маркийн ...-... УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, эмчилгээ хийлгэж байгаа. Наркологийн төвд байнга эмчилгээ хийлгэж шинжилгээ өгч байгаа...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Т  нь өөрийн эзэмшлийн Lexus GS 450h маркийн ..-.. УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

- 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын жагсаалтад багтсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

- 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-11 дэх тал/,

- 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

- 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-22 дахь тал/,

- 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 196 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

- Гэрч Г.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сэрэхдээ Т ийн бие нь тааруухан байсан. Тэгээд би Морфин хэрэглэсэн болохоор шартаж байгаа юм болов уу гэж бодсон. Т  бид хоёр 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Т ийн машинд нэг нэг ширхэг Морфин ууж хэрэглэсэн. Т ийг сэрэхээр нь яасан юм бэ гэхэд толгой өвдөөд ядраад байна гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед гэрээс гараад Т ийн гэрт очиж Т  хувцсаа сольсон. Тэгээд бид хоёр гадуур гарахаар болоод Т ийн хамт явж байтал Т  Циркийн хажуу талд нэг айл руу ороод ирье гэж хэлээд Т  машинаас буугаад явсан. Тэгээд 20-30 минутын дараа 1 ширхэг Морфин авч гарч ирсэн. Морфиныг хэнээс яаж авдаг эсэхийг мэдэхгүй байна. Т  миний хажууд 4-5 удаа Морфин хэрэглэж байхыг би өмнө нь харж байсан. ...Циркийн хажуу талд байх айл руу ороод гарч ирэхдээ 1 ширхэг Морфин авч гарч ирээд машин бариад Зайсан руу явж байх замдаа Т  машин барингаа Морфиныг задалж тариурт соруулсан. Тэгээд бөглөрөл дунд ороод зогсож байгаад цагдаад баригдсан. Өмнө нь Т  өөрөө өөртэй миний хажууд 4-5 удаа Морфиныг судсаараа хийж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

- 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 48 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяагийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 1545 дугаартай “...1.2. Шинжилгээнд ирүүлсэн “Г.А  УП02292246 2023.03.21” гэсэн хаягтай шээснээс морфин /morphine/ илэрч байна. “Т  УШ98051758 3.21” гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetamine/, морфин /morphine/ илэрч байна. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ын жагсаалтад, Морфин /morphine/ нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эсийн тухай нэгдсэн конвенц”-ын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 52-55 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Золжаргалын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн 1549 дугаартай “...1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Lexus GS 450h маркийн ..-.. УАТ хураан авсан х/ч Г.Мөнхдаваа 2023.03.21” гэж хаягласан “МОРФИН” гэсэн бичиглэлтэй хоосон сав, 3 мл-ийн шингэнтэй тариур, хагарсан байдалтай бор өнгийн тарианы шил тус бүрээс Морфин /Morphine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын I жагсаалтад багтдаг болно. 3 мл-ийн цус мэт зүйлээр бохирлогдсон тариураас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. 3.4. Шинжилгээнд ирүүлсэн 3 мл-ийн тариурт 1 мл шингэн дээж байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 59-61 дахь тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 334 дугаартай “...Б.Т  нь урд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт, шинж үгүй байна. Б.Т  нь одоо F11.2 Морфины хараат байдалтай байна. Б.Т  нь одоо сэтгэц идэвхт бодис болох F11.2 Морфины хараат байдалтай байна. Б.Т  нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Т  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Т ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Б.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм бурууд дүгнэлт хийж наркологийн төвд сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа зэргийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...№1 гэж дугаарласан Морфин гэсэн бичиглэлтэй хуванцар сав, №2 гэж дугаарласан 3мл-ийн 1 мл шингэнтэй тариур, №3 гэж дугаарласан хагарсан бор өнгийн тарианы шил, №4 гэж дугаарласан 3мл-ийн цус мэт зүйлээр бохирлогдсон тариур...” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг DVD-г хавтаст хэрэгт хавсарган үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Явуу овгийн Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т ийг 1 /нэг/ жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын хяналтад зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, сурч боловсрох, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...№1 гэж дугаарласан Морфин гэсэн бичиглэлтэй хуванцар сав, №2 гэж дугаарласан 3мл-ийн 1 мл шингэнтэй тариур, №3 гэж дугаарласан хагарсан бор өнгийн тарианы шил, №4 гэж дугаарласан 3мл-ийн цус мэт зүйлээр бохирлогдсон тариур...” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг DVD-г хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН