| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0129/З |
| Дугаар | 221/МА2025/0733 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0733
Г.А-гийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Г.А
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд А.Б
Нэхэмжлэлийн шаардлага: "Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 62-р байр, 12 тоот 39 м.кв Ү-2204002823 дугаартай үл хөдлөх хөрөнгөд хамтран өмчлөгчөөр А.Б-г нэмсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0627 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.А
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 128/2025/0129/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.А нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 62-р байр, 12 тоот 39 м.кв Ү-2204002823 дугаартай үл хөдлөх хөрөнгөд хамтран өмчлөгчөөр А.Б-г нэмсэн бүртгэлийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0627 дугаар шийдвэрээр: 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол 62-р байр, 12 тоот 39 м.кв Ү-2204002823 дугаартай үл хөдлөх хөрөнгөд хамтран өмчлөгчөөр А.Б-г /РД:ЧК88030510/ нэмсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нь давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгч Г.А-гаас дээрх бүртгэлийг эс зөвшөөрч, хамтран өмчлөгчөөс зөвшөөрөл авах байтал бусад өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хамтран өмчлөгч нэмж бүртгэсэн гэж маргасан. Маргаан бүхий бүртгэл нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн тул цаг хугацааны хувьд энэхүү маргаанд хэрэглэвэл зохих хууль нь 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль барих нь зүйтэй гэж үзэж байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасныг баримтлан гэрчилгээг хүчингүй болгох нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Өвлөх эрхийн гэрчилгээг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2011 оны 38 дугаар тушаалын 5.5-д өв залгамжлах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ: өвлөх эрхийн гэрчилгээ эх хувь, нас барсныг нотолсон баримт /нас барсны гэрчилгээний хуулбар, нас барсны лавлагаа/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувь хавсарган авна гэж заасны дагуу эдгээр нотлох баримтаас өөр нотлох баримт шаардахгүй. Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2025/0627 дугаартай захирамжид Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг баримталсан нь үндэслэлгүй байна. Өвлөх эрхийн бүртгэлд 19.2-т заасан зөвшөөрлийг огт шаардахгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2025/0627 дугаартай захирамжийн тогтоох хэсэгт: "2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Агийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол 62-р байр 12 тоот, 39 м.кв, Ү-2204002823 дугаартай үл хөдлөх хөрөнгөд хамтран өмчлөгчөөр А.Б-г нэмсэн бүртгэлийг хүчингүй болгосугай." гэсэн хэсгийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч Г.А-гаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 62-р байр, 12 тоот 39 м.кв Ү-2204002823 дугаартай үл хөдлөх хөрөнгөд хамтран өмчлөгчөөр А.Б-г нэмсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, маргаан бүхий Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 62 дугаар байрны 12 тоотод байршилтай 39 м.кв талбай, 3 өрөө, Ү-2204002823 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.А, Д.Лх, Г.Г нарыг бүртгэж 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.[1]
2.3. Г.Г нь 2006 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нас барж,[2] ээж Д.Лх болон түүний нагац дүү болох А.Х нар нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхээс татгалзаж А.Б-д шилжүүлэх хүсэлтээ Баянзүрх дүүргийн тойргийн нотариатад гаргаж,[3] А.Б нь өвлөх хүсэлт[4] гаргасны дагуу тус өдрөө 05 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.[5]
2.4. Улмаар 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдөөр Г.А, А.Б, Д.Лх нарыг бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ[6] олгожээ.
2.5. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх”, 19.1.З-д “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдөх”, 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэж тус тус заасан.
2.6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.5-д “Өв залгамжлах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ нотариатаас олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ, үйлчилгээний хураамж тушаасан баримт зэргийг үндэслэн бүртгэнэ.” гэж заасан байна.
2.7. Нэхэмжлэгч Г.А-д ногдох хэсгийн өмчлөх эрх шилжээгүй буюу тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Г.Гансүрэнд ногдох хэсэг А.Б рүү шилжсэн энэ тохиолдолд анхан шатны шүүхээс “...эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэний зөвшөөрлийг заавал авсан байх...Г.А-гаас хуулийн дээр дурдсан заалтад заасан нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг бичгээр аваагүй” гэж дүгнэсэн нь буруу байна.
2.8. Мөн нэхэмжлэгч Г.А нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Б-г нэмж бүртгэсэн бүртгэлийг эс зөвшөөрч “...өвлөгчөөр бүртгэгдэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр нэрээ оруулсан А-ийн Б /ЧК88030510/ гэгч этгээд нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заагдсан өвлөгч биш, шилжүүлсэн гэх Г.Г, А.Х нар нь мөн 520.1.1-д заагдсан өвлөгч нар биш бөгөөд 528-р зүйлд заагдсанаар 520.1.1-д заагдсан өвлөгч өвөө хүлээн авсан байхад 520.1.1-д заагдсан өвлөгч нарын зөвшөөрөлгүйгээр улсын бүртгэл хийсэн үйлдэл нь хууль бус бөгөөд иргэн Г.А, Д.Лх нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна...” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, ийнхүү шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
2.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахтай холбоотой нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэдэг.
2.10. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд “...захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянана гэж ойлгоно. Харин нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллага (захиргаа)-д холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар маргаж байгаа боловч тухайн маргааныг шийдвэрлэхийн тулд эхэлж иргэний маргааныг хянан шийдвэрлэх шаардлагатай болох нь илэрхий тодорхой байгаа тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино.” гэж тайлбарлажээ.
2.11. Энэхүү маргааны хувьд захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гагцхүү өвлөх эрхийн гэрчилгээнд үндэслэн А.Б-г үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэнтэй холбоотой буюу уг бүртгэлийн маргаан үүсэх үндсэн шалтгаан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт хууль тогтоомжид зааснаар иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна.
2.12. Тодруулбал, нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллага (захиргаа)-д холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар маргаж байгаа боловч, мөн өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 85 дугаар тогтоолоор “...зээ хүү А.Б...бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй" гэх агуулгаар шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, хуурамч буюу бүрдэл дутуу мэдүүлгийг үндэслэж улсын бүртгэл хийсэн гэж захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбогдуулж маргаж байгаа энэ тохиолдолд иргэний эрх зүйн шинжтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн маргаан гэж шууд дүгнэх боломжгүй...” гэж үзэн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх боловч хэрэгт авагдсан баримтууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд тухайн маргааныг хянан шийдвэрлэхийн тулд иргэний маргаан буюу өв залгамжлалын асуудлыг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0627 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэгч Г.А-гаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 62-р байр, 12 тоот 39 м.кв Ү-2204002823 дугаартай үл хөдлөх хөрөнгөд хамтран өмчлөгчөөр А.Б-г нэмсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА