Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1016

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00365 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г” ХХК,

Хариуцагч:“ҮЦТХТ” ХХК,

Хариуцагч: О.Ж нарт тус тус холбогдох,

 

2003 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 37/20 тоот захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “Таван толгой” ХК-ийн 51.084 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Д.Б-ын дансанд буцаан байршуулахыг “Г” ХХК-д даалгах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Б-

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Чинбаатар

Хариуцагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч: У.Анхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Г” ХХК-д 31-912 тоот дансандаа “Таван толгой” ХК-ийн 516 ширхэг хувьцаатай байсан. Хувьцааны мэдээллээ авахаар 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хандахад миний хувьцаа 2003 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Г” ХХК-иар дамжин, итгэмжлэлийн үндсэн дээр зарагдсан байсан. Уг итгэмжлэлийг 2003 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн нотариатч О.Жы баталснаар Ж.Бурмаа гэх хүн зарсан гэсэн хариу өгсөн.

Би нотариатч О.Жтай 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уулзахад “миний ажлын алдаа болсон байна, 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 516 ширхэг хувьцааг таны дансанд буцаан төвлөрүүлж өгнө” гэж эвлэрлийн гэрээ байгуулсан.

Ж.Бурмаа нь тухайн үед “Лог” брокер диллерийн компанид диллер хийдэг байсан бөгөөд Д.Б-ын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт үйлдсэн.

Иймд 2003 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 37/20 тоот захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Д.Б-ийн хууль ёсны эзэмшлийн “Таван толгой” ХК-ийн 51.600 ширхэг хувьцаанаас О.Ж 516 ширхэг хувьцааны үнийг төлсөн тул 51 084 ширхэг хувьцааг Д.Б-ын 31-912 тоот дансанд буцаан байршуулахыг “Г” ХХК-д даалгаж өгнө үү.

О.Ж, “ҮЦТХТ” ХХК-ийг хамтран хариуцагчаар татсанаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус брокер, диллерийн компанийн харилцагч байсан бөгөөд 2003 оны 08 дугаар сарын 15-ны 37/20 тоот захиалгын гэрээгээр “Таван толгой” ХК-ийн 516 ширхэг хувьцааг тус бүрийг нь 10 төгрөгөөр худалдах захиалгыг өгсөн. “Г” ХХК нь 2003 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Дундговь аймгийн нотариатч О.Жы баталсан Д.Б-оос Ж.Бурмаад олгосон бүрэн итгэмжлэлийг үндэслэн 2003 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бурмаагийн захиалгаар нэхэмжлэгч Д.Б-ын дансанд байсан “Таван толгой” ХХК-ийн 516 ширхэг хувьцааг “Гуашин” ХХК-д арилжаалсан байдаг.

“Г” ХХК-ийн зүгээс О.Ж нотариатчийн баталсан итгэмжлэл нь хууль бус итгэмжлэл гэдгийг тухайн үед мэдээгүй, мэдэх ямар ч боломжгүй байсан, нөгөө талаар төрөөс эрх бүхий зөвшөөрөл авсан Нотариатчийн гэрчилчилсэн итгэмжлэлийг манай брокер диллерийн компани шалгах эрх бүхий субьект нь биш болно. Нэгэнт албан ёсны нотариатын тамга тэмдэгтэй итгэмжлэлээр Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бурмаа нь манай компанид хандан нэхэмжлэгч Д.Б-ын эзэмшиж буй “Таван толгой” ХК-ийн хувьцааг арилжаалах даалгавар өгч байгаа тохиолдолд манай компани даалгаврыг биелүүлэх үүрэгтэй байдаг.

Нотариатч О.Жы хийсэн нотариатын үйлдэл нь хууль бус гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн нь биднийг үүрэг хүлээх хууль зүйн үр дагаварыг үүсгэхгүй юм.

Мөн гэрч Л.Өлзий-Отгоны мэдүүлэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлгийг харьцуулан үзвэл нэхэмжлэгч нь тухайн 516 ширхэг хувьцаа зарагдсан болохыг мэдэж байсан байна.

Иймд “Г” ХХК-д холбогдуулан гаргасан Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Нотариатын үйлдэл буруу гэж үзээд итгэмжлэлийг хүчигүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Харин хувьцаа хувьцаа буцааж байршуулахыг зөвшөөрөхгүй. Тухайн үедээ хувьцаа зарагдсаныг Д.Б- мэдсэн. Хувьцааны үнэ 70 000 төгрөгийг н.Өлзий-Отгон дүү Д.Батнасанд нь өгсөн байсан гэжээ.

 

Хариуцагч “ҮЦТХТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б- нь 2003 оны 08 дугаар сарын 15-ны өдөр арилжааны 26 дугаар хэлцлээр “Таван толгой” ХК-ийн 516 ширхэг хувьцааг “Гуашин” ХХК-д зарсан байна. “Гуашин” ХХК нь өөрийн төвлөрсөн хадгаламж дахь хувьцаагаа 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар хэлцэл, мөн оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 9 дүгээр хэлцэл болон 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр хэлцлээр тус тус худалдсан нь харилцагчийн дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байгаа.

Нотариатч О.Ж нь хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9, 56.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Г” ХХК-д холбогдуулан гаргасан захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, “Таван толгой” ХК-ийн 51 084 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Д.Б-ын дансанд буцаан байршуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч О.Ж, “ҮЦТХТ” ХХК-нд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2 885 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох 37/20 гэсэн дугаартай захиалгийн гэрээнд Ж.Бурмаа гарын үсэг зураагүй хэн нь үл мэдэгдэх таталсан гарын үсэг байгаа нь Ж.Бурмаа уг захиалгын гэрээг гардан байгуулаагүй, өөрөө очиж захиалга өгсөн нь эргэлзээтэй байна.

Ж.Бурмаа 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө уг арилжаанд Ж.Бурмаа өөрөө оролцоогүй, уг захиалгын гэрээний захиалга өгсөн харилцагч гэдэг дээр би гарын үсэг зураагүй гэдгийг өөрөө батлан хэлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаатарт Ж.Бурмаа 2016 оны 10 дугаар сарын 16-нд мэйл ирүүлсэн, түүнд уг захиалгийн гэрээг би байгуулаагүй захиалга өгсөн харилцагч гэдэг дээр зурсан гарын үсэг Ж.Бурмаа миний гарын үсэг биш гэдгийг тайлбарласан байтал шүүх хавтаст хэрэгт байгаа дээрх нотлох баримтуудыг харгалзан үзээгүй, "Г" ХХК-ийн төлөөлөгчийн хууль, дүрэмд үндэслээгүй зөвхөн өөрийн буруу үйл ажиллагааг халхавчилсан худал тайлбарт үндэслэн хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

"ҮЦТХТ" ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга гэдэг нь тодорхой хугацаанд тухайн харилцагчын дансанд орсон орлого, гарсан зарлага, эцсийн үлдэгдэл төлсөн шимтгэл зэргийг тоогоор илэрхийлсэн баримт бөгөөд харилцагч Ж.Бурмаа зөвшөөрсөн, хувьцааг арилжах захиалга өгсөн гэсэн баримт нотолгоо биш юм. "Таван толгой" ХК-ийн 516 хувьцааг зарах эрхийг 00207 тоот итгэмжлэхээр Ж.Бурмаад олгосон байлаа ч гэсэн Ж.Бурмаа хувьцааг заавал захиалга огч зарсан байх албагүй. Өөрөөр хэлбэл 37/20тоот захиалгын гэрээг Ж.Бурмаа гардан байгуулаагүй, гарын үсэг зураагүй, хуурамч баримт бүрдүүлэн Ж.Бурмаагийн нэрийг барьж хувьцааг арилжаанд оруулсан байж болохоор байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нухацтай авч үзэн хууль, дүрэм, журмын хүрээнд үнэлж дүгнэлгүй гагцхүү "Г" ХХК-ийн тайлбарт үндэслэн хэргийн бодит байдлыг буруугаар ойлгон хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Шүүх Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т зааснаар үнэт цаасны хорооны 2003 оны 33-р тоттоолоор батлагдсан "Харилцагчийн захиалгийг хүлээн авах биелүүлэх тухай журам"-ын 1.5-д заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь шууд холбоогүй дүрэм, журмыг хэрэглэсэн.

"Таван толгой" ХК-ийн 516 хувьцааг "Г" ХХК хууль бусаар арилжах ажиллагааг хууль ёсны болгон харагдуулахын тулд 00207 тоот нотариатын итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн, хуйвилдаанд Ж.Бурмаа оролцсон болох нь Ж.Бурмаагийн өөрийнх нь мэдүүлгээс харагддаг. Ж.Бурмаа хувьцааны мөнгийг тараасан гэдэг нь бол хууль бус юм. Хувьцааны мөнгө нь харилцагчын дансанд ордог. Миний өмчлөлийн 516 хувьцааны зарагдсан мөнгө 5160 төгрөг миний дансанд орсон нь дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдоно. Уг хувьцааны мөнгийг би өнөө болтол аваагүй байгаа. Би хувьцаагаа 70 000 төгрөгөөр зараад мөнгийг нь авсан гэж хүлээн зөвшөөрөхгүй.

Ж.Бурмаа болон Л.Өлзий-Отгон нарын шүүхэд өгсөн дээрх мэдүүлгүүд нь захиалгын гэрээг “Г" ХХК-тай Ж.Бурмаа байгуулсан гэх баримт нотолгоо биш.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ үнэт цаасны арилжаанд оролцогчид "Таван толгой" ХК-ийн 516 хувьцааг арилжаалахдаа Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, тогтоомжыг болон 37/20 тоот захиалгын гэрээ нь тухайн үед мөрдөгдөж байсан заавар, журам зөрчсөн эсэхийг тогтоолгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хангалттай нотлогдож байхад зөрчигдсөн эрхийг нь үл тоосон шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “Г” ХХК, “ҮЦТХТ” ХХК, О.Ж нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг удаа дараа өөрчилсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “ҮЦТХТ” ХХК болон О.Ж нарт холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч “Г” ХХК-д холбогдох 2003 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 37/20 тоот захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “Таван толгой” ХК-ийн 51.084 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Д.Б-ын дансанд буцаан байршуулахыг даалгуулах тухай гэж нэхэмжлэлээ эцсийн байдлаар гаргажээ.

Иймд анхан шатны шүүх хариуцагч “ҮЦТХТ” ХХК болон О.Ж нарт холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч “Гендекс” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргасан.

 

Д.Б- нь 2003 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар “Таван толгой” ХК-ийн 516 ширхэг хувьцааг өмчлөх эрхтэй байсан нь баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

Д.Б-оос нь Ж,Бурмаад 2003 оны 08 дугаар сарын 05-ны өдөр итгэмжлэл олгосон гэх бичгийн баримт хэрэгт авагдсан байх ба уг итгэмжлэлийг нотариатч О.Ж гэрчилсэн, итгэмжлэлээр Д.Б- нь өөрийн өмчлөлийн дээрхи 516 ширхэг хувьцааг худалдах, ҮЦК-нд холболтын данс нээлгэх, ногдол ашгийг нь авч байх, мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх, хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох бүрэн эрхийг олгохоор тодорхойлжээ. 

 

Уг итгэмжлэлд төлөөлүүлэгч талд Д.Б-ын нэрийг бичсэн боловч гарын үсэг хэсэгт Д.Батнасан, төрсөн дүү гэсэн тэмдэглэл үйлдснээс үзвэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан төлөөлүүлэгч гарын үсэг зурах зохицуулалтыг зөрчсөн тул мөн хуулийн 64.3 дахь хэсэгт зааснаар итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна. Хариуцагч О.Ж нотариатын үйлдэл хийсэн, итгэмжлэлийн талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг маргаагүй.

 

Ж.Бурмаа болон “Г” ХХК-ийн хооронд 2003 оны 08 дугаар сарын 05-ны өдөр захиалгын гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Д.Б-ын өмчлөлийн 516 ширхэг хувьцаа арилжаалагдсан талаар талууд маргаагүй. Харин уг гэрээг Ж.Бурмаа нь зохих этгээдийн буюу өмчлөгч Д.Б-ын зөвшөөрөлгүйгээр байгуулагдсан нь итгэмжлэл хүчин төгөлдөр бус байдлаар тогтоогдож байна. Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус юм. 

 

Дээрх үндэслэлээр итгэмжлэл болон түүний үндсэн дээр хийгдсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус байгаа хэдий ч итгэмжлэгдсэн төлөөлүүлэгч болох нь Д.Б- нь “Таван толгой” ХХК-ийн 516 ширхэг хувьцааны үнэ болох 70 000 төгрөгийг 2003 онд “Лог” ХХК-ийн захирал Л.Өлзий-Отгоноос авснаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тэрээр хүчин төгөлдөр бус хэлцлийг хожим хүлээн зөвшөөрсөнөөр гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Түүнээс гадна хувьцааны үнэд 70 000 төгрөгийг хүлээн авснаас хойш 8 жилийн дараа 2011 онд Л.Өлзий-Отгонд буцаан өгөхөөр хүсэл зоригийг илэрхийлснийг хүлээн зөвшөөрч хүчин төгөлдөр болсон хэлцлийг үгүйсгэх үндэслэл болохгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь нийт 10 удаа нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрчлөх, нэмэгдүүлэх, тодруулах зэргээр шүүхэд тайлбар гаргаж байсан ба 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тайлбараас бусад тохиолдолд хариуцагч “Г” ХХК-ийг Үнэт цаасны хорооны тогтоол, журам, Үнэт цаасны тухай хуулийг зөрчснийг тогтоолгохыг хүссэн агуулгаар нэхэмжлэл гаргаагүй байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа “Г” ХХК-ийг дээр дурдсан тогтоол, журам, хууль зөрчснийг тогтоолгох гэж тодорхойлсон боловч түүнээс хойш 4 удаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчлөх, нэмэгдүүлэхдээ энэ үндэслэлийг  дэмжээгүй, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбарлаагүй тул түүний нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар буюу түүний тодорхойлсон хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчимтай. /1 хх 1, 1хх 70, 1 хх 104-106, 1хх 208, 2 хх 113, 2 хх 247, 3 хх 48, 3 хх 50, 3 хх 88, 3 хх 93, 3хх 179, 3 хх 195-197 дахь тал/

 

Захиалгын гэрээг Ж.Бурмаа нь “Г” ХХК-тай байгуулсан, итгэмжлэлийг нотариатч гэрчилсэн байдлаас нотариатын үйлдэлийн хүчин төгөлдөр байдлыг шалгах үүргийг “Г” ХХК хүлээхгүй тул Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3, Үнэт цаасны хорооны 2003 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Харилцагчийн захиалгыг хүлээн авах, биелүүлэх журам”-ын 1.5-д заасан “захиалгын гэрээг итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулж болно” гэж заасныг “Г” ХХК зөрчөөгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2 331 320 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                              Ч.ЦЭНД

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА