Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 167

 

                                   

Г.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Ганбагана,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Т.Багахүү,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/867 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Т.Багахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн түүнд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Гын Э, 1974 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.../;

 

Г.Э нь 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны оршин суугч Ч.Чийг “халаалтаа өгөхгүй байна” гэж хэлснээс болж маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Гын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж, хохирогч Ч.Чийн нэхэмжилсэн 300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

   Шүүгдэгч Г.Э нь гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч эмэгтэйн гарыг нь дриллээр цохиж гэмтээгээгүй. Үүнийг Ч.Ч нь 2019 оны 5 дугаар сард болсон анхан шатны шүүх хуралдаанд удаа дараа мэдүүлсэн байдаг. Мөн 2019 оны 2 дугаар сарын 4-ний орой манай гэрийн хаалгыг цөм өшиглөж гэмтээсний улмаас маргалдаж, Ч.Ч нь аав Чулуундаваатай хамт миний толгой нүүрийг цохиж, зодсон бөгөөд үсийг минь зулгаахад нь зөрүүлж үсийг нь зулгаасан. Ингээд миний бие өвдөж ухаан балартаж унасан. Энэ үед миний нөхөр С.Сүхээ нь ирсэн бөгөөд хохирогч Ч.Чтэй хэрхэн яаж харьцсан болохыг би мэдэхгүй юм. Учир нь, ухаан алдаж унасан байсан бөгөөд удалгүй түргэн тусламж ирж эмчилгээ хийсэн. Цагаан сарын баяр болж байгаа юм байна гээд толгой нүүрэнд учирсан гэмтлээ цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй нь миний буруу боловч тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд толгой доргисон байсан. Энэ гэмтлийн улмаас өнөөдрийг хүртэлх миний толгой өвдөж, юм мартах нь ихэссэн. Үүнийг цагдаагийн байгууллагад намайг анх удаа дуудахад нь хэлсэн боловч миний тэрхүү гомдлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн тухай огт хариу өгөөгүй. Хохирогч Ч.Ч нь цагдаагийн байгууллагад анх очихдоо огт гэмтээгүй гэж байсан атлаа одоо гараас нь цус гартал нь зодсон мэтээр худал ярьж байгааг шүүх анхаарч үзээгүй. Би хохирогчтой маргалдаж, нүүр рүү нь нэг удаа алгадсан нь миний буруу боловч тэр цохисон үйлдэл минь түүний гарыг гэмтээгээгүй юм. Манай нөхөр С.Сүхээ нь түүнтэй маргалдан зууралдахад зүүн гарт нь байсан цагны оосор нь салж унаж байсан тухай надад 2019 оны 7 дугаар сард Солонгосоос ирэх үедээ хэлж байсан. 2019 оны 5 дугаар сард хэргийг мөрдөн байцаалтад буцааснаас хойш цагдаагийн газраас манай нөхөр болон намайг нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Мөн өмгөөлөгчийг дуудаж мэдүүлэг аваагүй, өмгөөлөгч хэргийг танилцуулах хүсэлт, гомдол гаргах эрхийг хааж, бидэнд мэдэгдэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Өмгөөлөгч Т.Багахүү гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх нь зөвхөн хохирогч, гэрчийн зөрүүтэй мэдүүлгийг үндэслэж шийдвэр гаргасан. Шинжээчийн дүгнэлт нь хохирогч Ч.Чийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон нотлох баримт болохоос хэргийн үйл баримт, тухайн гэмтлийг хэн учруулсан болохыг нотолсон баримт биш. Өөрөөр хэлбэл, Г.Э нь хохирогчийн биед учирсан аль гэмтлийг ямар үйлдлээр учруулсан, энэ нь  ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Хохирогч Ч.Ч нь тус хэрэгт нийт 7 удаа өргөдөл, мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл, хохирогч Ч.Ч нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй бөгөөд зүүж байсан цагийг нь Сүхээ эвдэлсэн гэдэг. Ингээд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ болон шүүгч, улсын яллагч, өмгөөлөгчийн асуулт бүрт маш дэлгэрэнгүйгээр Г.Э цохиж гэмтээгээгүй, харин Сүхээ гэж нөхөр нь зүүн гарыг цохиж гэмтээсэн гэж удаа дараа болсон үйл явдлыг мэдүүлсэн. Анхан шатны шүүх түүний энэхүү мэдүүлэг нь урьд өгсөн мэдүүлгээс илтэд зөрүүтэй буюу учирсан гэмтлийг хэн учруулсан болохыг тогтоох шаардлагатай байна гээд хэргийг прокурорт буцаасан боловч 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгчид дахин мэдүүлэг өгөхдөө дахин худал мэдүүлж, Г.Эийг цохисон гэж хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирогчид хуулийн зохицуулалтыг сануулж, гарын үсэг зуруулан мэдүүлэг авсан боловч 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлэг авахдаа энэхүү хуулийн зохицуулалтыг зөрчиж, мэдүүлэг авсан бөгөөд үүний улмаас Эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул түүний өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх түүний энэ олон тогтворгүй худал мэдүүлгүүдээс хууль зөрчсөн мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бусад мэдүүлгийг нь үгүйсгэсэн тухай үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар “Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүрэгтэй бөгөөд Ч.Чулууцэцэгийн аль мэдүүлэг нь үнэн зөв болохыг эцэслэн тогтоох ёстой. Хэдий Г.Э, Ч.Ч нар нь хоорондоо маргалдан үсдэлцэж, бие биеэ нүүр рүү цохисон гэх боловч шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн нүүрэнд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдоогүй байдаг. Харин Н.Сүхээ гэх хүн хохирогчийн зүүн гарыг дриллээр цохисон нөхцөл байдал бодитоор үүссэн бөгөөд Н.Сүхээ гэдэг хүн ч Ч.Чийг цохисон болохоо өмгөөлөгч надад хэлсэн. Иймд анхан шатны шүүх хохирогчийн худал зөрүүтэй мэдүүлэг өгөөд байгаа үйлдлийг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр дүгнэж, хэргийн бодит байдлыг хийсвэр байдлаар, таамаглалд үндэслэж няцааж байгаа нь хууль бус байна. Н.Сүхээ гэж хүн хохирогчийн зүүн гарт гэмтэл учруулаагүй юм бол Ч.Ч нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл 2 дахь хэсэгт зааснаар “... хохирогч нь бусдын гэмт хэрэг үйлдсэн гэж ... шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн...” гэмт хэргийг үйлдсэн болох нь илэрхий байна. Хэрвээ Ч.Ч нь худал мэдүүлэг өгөөгүй гэж үзвэл Г.Э нь бусдын үйлдсэн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг хүлээж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчим зөрчигдөж  байна. Иймд гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулж, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцээгүй, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй юм. Хохирогч Ч.Чийн биед учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг Г.Эийн нөхөр Н.Сүхээ гэгч учруулсан гэж мэдүүлсээр байхад түүнээс мэдүүлэг авах ажиллагаа огт хийгдээгүй. Нэг ч удаа мөрдөгч болон прокурор дуудах хуудас явуулаагүй, түүнийг гадаад улсад байсан гэж нотлох баримт ч байхгүй. Ч.Ч, Ч.Чулуундаваа нарын хууль бус, зүй бус үйлдлийн улмаас Г.Э өөрийн биеийг хамгаалахаас өөр аргагүй байдалд орж эцэст нь өөрөө гэмтэл авсан байтал Ч.Чулуунчимэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцогдож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгчид хавтас хэргийн материалтай танилцахыг мөрдөгч нь мэдэгдэх бөгөөд хэргийн материалтай танилцах боломж нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүний үр дүнд өмгөөлөгч нь шүүгчийн №1087 захирамжид заасан ажиллагаа явагдсан эсэхийг нягталж, цаашид хүсэлт гомдол гаргах эрх нь нээгдэх байсан. Гэтэл мөрдөгч нь хуульд заасан зохицуулалтыг зөрчиж хэрэгт 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хохирогч Ч.Чээс нэг удаа, гэрч Ч.Чулуундаваагаас нэг удаа мэдүүлэг аваад л өөр тодорхой мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүгчийн захирамж, дүүргийн ерөнхий прокурорын тогтоолд заасан ямар ч ажиллагаа явуулалгүй хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Өмгөөлөгчид хэргийн материалыг мөрдөн байцаалтын шатанд танилцуулах хуулийн зохицуулалттай тул мөрдөн байцаалтын шатанд танилцах бололцоог олгож өгнө үү гэж шүүхэд хүсэлт гаргахад хүлээж аваагүй бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөгчид хэргийн материал танилцуулалгүй оролцуулсан. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчид мөрдөгч, прокурор нь хэргийн материалтай танилцахыг огт мэдэгдэлгүй шүүхэд шилжүүлж өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан. Г.Эт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр прокурорт хүргүүлсэн боловч хяналтын прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж шийдвэр гаргасан. Учир нь, хэргийг прокурор нь 14 хоногийн дотор хянаж хэргийг шилжүүлэх ёстой байтал 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон нь үндэслэлгүйгээр хэргийг удаашруулсан явдал болсон. Энэхүү хугацаа хэтрүүлсэн хууль бус үйлдэлтэй холбоотой дээд шатны прокурор хугацаа сунгасан баримт хэрэгт байхгүй. Иймд анхан шатны шүүх нь дээрх байдлаар нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн тогтоогоогүй, шүүхийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалд нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Эт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэргийн талаар хохирогч Ч.Ч, гэрч Чулуундаваа нар мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Г.Э нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. 10 дугаар сарын 3-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “миний нөхөр Ч.Чт ямар нэг байдлаар гар хүрээгүй” гэдэг ба энэ нь шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хохирогч маргаан гарсны дараа шүүх эмнэлэгт үзүүлэхэд учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр “хөнгөн гэмтэл” гэж тогтоогдсон. Шүүгдэгч Г.Э нь түрээслүүлэгчийн үүргээ биелүүлээгүй, түрээслэгчийг шаардлага тавихад баярын өдөр хөөн гаргаж, хаалгыг нь дриллээр эвдэж салгана гэснээс болж гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл үүссэн байдаг. Тухайн хэрэг гарах үед Ч.Чийн нөхөр Сүхээ байгаагүй талаар гэрч, хохирогч, шүүгдэгч аль аль нь мэдүүлдэг тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд, прокурор давж заалдах гомдлыг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээж авсан. Түүнээс өмнө хэргийн оролцогчдоос гомдол гаргасан талаар мэдэгдсэн зүйл байгаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон гэсэн ойлголттой байсан. Шүүгчийн туслахын хариуцлагагүй үйлдлээс болж хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар хэргийг шийдвэрлэсэн шүүгч тайлбар өгсөн. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны оршин суугч Ч.Чийг “халаалтаа өгөхгүй байна” гэж хэлснээс болж маргалдан зодож, түүний эрүүл мэндэд зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйнд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Чийн “...Э нь миний нүүр тус газар 2 удаа цохиод авахаар нь миний эцэг Чулуундаваа “миний охиныг яаж байна” гээд Эийн үснээс зулгаасан. ...Э нь намайг үсдээд авахаар нь зөрүүлээд үсдэлцээд хэсэг ноцолдож байгаад салах гэтэл Э миний нүүр рүү өшиглөсөн. ...” гэх /хх 15-22, 108-109/,

гэрч Ц.Чулуундаваагийн “...Э миний охиныг дриллээр гарыг нь цохиж, үснээс нь зулгааж, бие рүү нь гараараа цохиод байхаар нь би болиулах гэтэл нөхөр Сүхээ нь намайг заамдаж авсан. ...” гэх /хх 110-112/,

шүүгдэгч Г.Эийн “...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Ч.Чийн биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. ...Ч.Чийг 1 удаа алгадсан. ...” гэх /хх 5-6/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “...1. Ч.Чийн биед зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйнд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх 2094 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 31/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Эийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Мөн түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шүүгдэгч Г.Эийн хувийн байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Т.Багахүү нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан “...Мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад шүүх дүгнэлт өгөөгүй. ...шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг хэн үйлдсэн болохыг тогтоогоогүй. ...Сүхээг олох ажиллагаа огт хийгдээгүй. ...мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн материалтай танилцахыг мэдэгдэлгүй шүүхэд шилжүүлсэн. ...прокурор хэргийг 14 хоногийн дотор хянаж хэргийг шүүхэд шилжүүлээгүй. ...” гэх агуулга бүхий гомдлын дагуу хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд, хохирогч Ч.Ч нь 2019 оны 2 дугаар сарын 05, 2019 оны 3 дугаар сарын 15, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тус тус мөрдөн шалгах ажиллагаанд “...Миний биед баруун, зүүн гарын шуу хэсэгт улайж хавдсан, хөхөрсөн байдалтай, нүүрний хацар хэсэг хавдсан. ...Тухайн үед Э нь эхлээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Дараа нь миний үснээс зулгааж, доош дараад нүүр рүү минь нэг удаа хөлөөрөө өшиглөж, гар, хуруу, цээж, бугуйг минь маажиж гэмтэл учруулсан. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. ...Миний биед учирсан гэмтлийг үнэн зөв тодорхойлсон байна. Энэ гэмтлийг Г.Э нь учруулсан. ...” гэсэн мэдүүлгүүд ноцтой зөрүүтэй зүйлгүй, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон, мөн шүүгдэгч Г.Э нь хэргийн материалтай танилцсан болох нь хавтас хэргийн 65 дахь талд хавтас хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлуудыг няцаан үгүйсгэж байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хуульчилсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Г.Эт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолд гаргасан давж заалдах гомдлуудыг хэргийн оролцогч нарт танилцуулалгүй хугацаа алдасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...15 хоногийн дотор ... гардуулан өгнө”, 4 дэх хэсэгт заасан хугацааг тус тус зөрчсөн байх ба шүүгчийн туслах /Г.Оюунцэцэг/-ын хайнга, хариуцлагагүй байдлаас шалтгаалсан байна.

 

Энэ нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд нөлөөлж байгааг онцгойлон анхааруулж байна.

 

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Т.Багахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, харин хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/867 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б овгийн Гын Эийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Т.Багахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ          

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ