Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00089

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаар шийдвэр,

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Зууннасанд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 6,100,000 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. ******* ХХК-иас*******д холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохиролд 9,012,550 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлээ 6,100,000 төгрөг болгон багасгасан.

 

Хариуцагч нь ...тариан талбайд миний адуу, мал ороогүй, надад олон тооны адуу байхгүй. ...нэхэмжлэгчээс хэнийх нь мэдэгдэхгүй 100 гаран адууг минийх гэж хэлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

 

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаар шийдвэрээр: ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, ...хариуцагч*******гийн адуу тариалангийн талбайд орж хохирол учруулсан нь баримтаар тогтоогдоогүй, хохирлын акт үйл баримт болохоос өмнө гарсан нь илт үндэслэлгүй... гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч*******д холбогдох тариалангийн талбайд учруулсан гэм хорын хохирол 6,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар магадлалаар: ...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна... гэж дүгнэн, Сэлэнгэ аймаг Сайхан дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 40.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

4.1. Магадлалын хянавал хэсэгт ...100 орчим тооны адууг манай ажилчид хашсан бөгөөд түүнийг 3 морьтой хүн ирж хашааг эвдэн гаргаж авч явахдаа тус компанийн хашаанд байсан даага алдагдсан, тус даага нь хариуцагчийн адуунд байсан тул*******г даага хулгайлсан гэсэн... гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдсан үйл баримтыг буруу бичсэн байна. Тус сумын цагдаагийн хэлтэст гэрчээр мэдүүлэг өгсөн компанийн манаач Ц.Батбаяр нарын мэдүүлэг хэрэгт авагдсан ба 100 орчим тооны адууг хашсаны дараа өдрийн үд орчим Зуунтаа, Сайхнаа нар ирээд манай адуу мөн байна, адуугаа авъя гэхэд нь учруулсан хохирлоо төлөөд ав гэхэд шөнө нь ирээд хулгайлаад аваад явсан гэх нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан. Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2019.06.28-ны өдрийн 5/44 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор иргэн*******гийн 100 орчим тооны адуу хашигдсан үйл баримтыг тогтоосон нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан.

4.2. Хариуцагч******* өөрийнх нь адуу биш гэдгийг нотолсон ямар ч нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байхад зөвхөн түүний тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг орхигдуулан шийдвэрлэсэн. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч*******д холбогдуулан гэм хорын хохиролд 6,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

8. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

8.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2018.09.01-ээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт байрлах нэхэмжлэгчийн 1,000 га газар тариалангийн талбайд хариуцагчийн маллаж байсан 100 тооны адуу орж, 6.5 га талбайн улаан буудай идэж, сүйтгэснээс 9,012,550 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын актаар тогтоогдсон боловч хэрэг шүүхэд хянагдах явцад хохирлын тооцоог шинэ аргачлалаар тооцоход 6,100,000 төгрөг гэж тогтоосон тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн хэмжээг багасгаж байна, ...хариуцагчийн гэм буруутай нь тогтоогдсон... гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...надад 100 тооны адуу байхгүй, манай адуу тариан талбайд орж хэчнээн хэмжээний талбай сүйтгэж, хохирол учруулсныг надад үзүүлж, харуулсан зүйл байхгүй, хохирлын акт танилцуулаагүй, акт тавихдаа намайг байлцуулаагүй, ...намайг тариан талбай руу адуугаа оруулсан гэж гүтгэж, хохирол нэхэмжилж байгаад гомдолтой байна, ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

8.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иймд гэм хор учруулсан этгээдийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ тогтоогдсон, уг үйлдэл, учирсан гэм хор хоёр хоорондоо шалтгаант холбоотой тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ.

 

9. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл бүхий баримтаар нотлоогүй, хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгчид хохирол учирсан нь баримтаар тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хууль, Тариалангийн тухай хууль, холбогдох журам, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Тухайлбал, Малчид тариаланчдын зохицлыг хангах журмын 4.3.-т ...тариалангийн талбайд мал орж хохирол учруулсан бол малын тоо, зүс, ээмэг, тамга, малын мөр, таримал ургамлыг сүйтгэсэн байдлыг фото зураг, видео камераар баталгаажуулж баримтжуулна гэж, 3.2.4.-т ...хохирлыг сумын комисс тухайн ....мал, тэжээвэр амьтдын эздийг байлцуулан тогтоож баталгаажуулна... гэж, Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэгчид учирсан хохирлыг тооцох тухай аргачлалын 3.5-д ...ажлын хэсгийн төлөөлөл нь хохиролд учирсан талбайн хэмжээ, талбайд орсон мал, тэжээвэр амьтны тоо, талбайн түүхийн дэвтэр, газар тариалангийн эрчимжүүлэлт /үр, бордоо, хашаа, ургамал хамгааллын бодис/ зэрэг хохирол тооцоход шаардлагатай мэдээллийг газар дээр нь шалгаж баримтжуулалт хийнэ гэсэн заалтын дагуу хохирлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Таримал ургамлын хохирлын акт нь нэхэмжлэгчид хохирол учрахаас өмнө үйлдэгдсэн огноотой байх бөгөөд огноо засвартай байгаа нь тухайн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...хариуцагчийн гэм буруутайг нотолсон гэрч Ц.Батбаярын мэдүүлэг, Прокурорын 5/44 дугаартай тогтоол, баримт хэрэгт авагдсан байхад шүүх тэдгээр баримтыг үнэлээгүй орхигдуулсан, ...зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын 2019.06.28-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол нь ******* ХХК-ийн хашаанаас улаан хээр зүсмийн охин даага алдагдсан хэргийг шалгасантай холбоотой байх бөгөөд тус хэрэгт нэхэмжлэгчийн тариан талбайд адуу орж хохирол учруулсанд хариуцагч*******г гэм буруутай гэж тогтоогоогүй тул дээрх тогтоолоор*******г буруутгах боломжгүй, түүнчлэн гэрч Ц.Батбаярын ...Зуунай, Машбат гэх 2 хүн хашсан адуунуудыг үзээд манайхны адуу мөн байна, төлбөр мөнгийг нь өгөөд адуугаа авна гэж хэлээд явсан, ...2 хоногийн дараа Зуунай ирж уулзахдаа миний 2 тооны адуу байсан, бусад нь Сайхнаагийн адуу гэж хэлсэн... гэх мэдүүлгээр хариуцагчийн 100 адуу нэхэмжлэгчид хохирол учруулсныг баттай нотолсон гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл бүхий баримтаар нотлох үүрэгтэй тул ...хариуцагч өөрийнх нь адуу биш гэдгийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад шүүх зөвхөн түүний тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн... гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХХК-иас 2020.05.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД