Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/444

 

   2023        06          28                                   2023/ШЦТ/444

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

улсын яллагч Г.Булаг-Ундрал,

шүүгдэгч Д.М /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/

хохирогч Г.Б  нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.М д холбогдох эрүүгийн 2311006020827 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Д.М , 1991 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, .... ХХК-д тогооч ажилтай, ам бүл 5 эхнэр гурван хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо .. дугаар гудамжны ..... тоотод оршин суух /Иргэний үнэмлэхийн хаяг: Чингэлтэй дүүрэг ..... дүгээр хороо ... дугаар гудамж ....тоот/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар .........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, .... дугаар гудамжны задгай тоотод хохирогч Г.Б ын баруун дал, баруун тохой хэсэгт 3 удаа заазуураар зүсэж эрүүл мэндэд нь “...баруун дал, баруун тохой, баруун суганы орчмын зүсэгдэж хатгагдсан шарх...” зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Г.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Д.М Б ийн гэрээс машинаа асаасан хашааны хаалгаар согтуу гараад явж байсан. Намайг харсныхаа дараа хашаанаас доошилж машинаа тавиад, миний араас Г  ахынд ороод ирсэн. Би Г  ахтай юм яриад сууж байсан чинь Д.М орж ирснээ араас хүйтэн юмаар цохисон мөн хавирганы доод хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд би ухаан алдаад сэрхэд цагдаа ирсэн байсан...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.М нь хохирогч Г.Б ын баруун дал, баруун тохой хэсэгт 3 удаа заазуураар зүсэж эрүүл мэндэд нь “...баруун дал, баруун тохой, баруун суганы орчмын зүсэгдэж хатгагдсан шарх...” зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

- Хохирогч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Г  гэх ахынхаа гэрт очих гээд гудамжинд алхаж явтал М  буюу М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай машин дотроо сууж байсан хажуугаар нь гарах гэтэл М  буюу М надтай юу байна гэж мэндлээд М  буюу М нь танай ахынх руу оръё гээд намайг дагуулаад Г  ахын гэр лүү хамт орсон юм.Оронгуутаа намайг цамцнаас заамдаж маргалдаж эхэлсэн тэгэхээр нь би цааш түлхээд хүргэн ах Г  руу очоод уулзаж байтал миний араас заазуураар цохиж 3 удаа цавчсан тэгээд гараад зугтаагаад явчихаар нь би М  буюу М ы араас дагаж явсан. Тэгээд ар нураанаас цус алдаад байхаар нь буцаж Г  ахын гэр лүү ороод байж байтал цагдаа нар ороод ирсэн юм...Эхлээд гараараа миний хоолойг маажсан дараа нь дал хэсэг рүү болон тохой, хавирга орчим руу заазуураар цавчиж цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

- Гэрч П.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо .... дугаар гудамжны 251 тоотод оршин суудаг өөрийнхөө гэрт унтаж байтал 14 цагийн үед байсан байх цагийг нь сайн санахгүй байна. Гэтэл эхлээд Б  манай гэрт орж ирж чанга хашхирч намайг нэрээр дуудсан тэгээд босоод хартал М  буюу М нь гартаа заазуур барьсан хоорондоо муудалцсан байдалтай зогсож байсан. Би уурлаад орноосоо бостол эхлээд М  нь түрүүлж манай гэрээс гарч араас нь Б  манай гурилын элдүүрийг бариад хөөгөөд гарсан хэсэг хугацааны дараа Б  манайд эргэж орж ирээд М  буюу М миний ар нуруу руу заазуурдчихлаа гэхээр нь цагдаа дууд гэж хэлсэн...дээгүүрээ цээж нүцгэн байсан болохоор нуруунаас нь цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

- Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 04 дугаартай “...Г.Б ын биед баруун дал, баруун тохой, баруун суганы орчмын зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир, ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн “...Г.Б  / ШУ98030454/ нь 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд 48.000 /дөчин найман мянган/ төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 16-аас 2023 оны 02 дугаар сарын 27-ны хооронд Цэргийн төв эмнэлэгт 1.345.550 / нэг сая гурван зуун дөчин таван мянга таван зуун тавин/ төгрөг нийт Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.393.550 /нэг сая гурван зуун ерэн гурван мянга таван зуун тавин төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Боржигон овогт Д.М /...../аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 дугаартай дансанд төлөөлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, хохирогч Г.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирлын баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б  нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1.393.550 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гантуяаг тогтоосныг зөвтгөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгон өөрчилж, тус байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр Д.Гантуяаг болгож өөрчлөв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.М нь Эрүүл мэндийн даатгалын санд 1.393.550 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Г.Б  нь эмчилгээ болон бусад зардалд баримтаар 521.137 төгрөг нэхэмжилснээс 237.450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 283.687 төгрөгийг шүүгдэгч Д.Маас гаргуулан хохирогчид олгуулж шийдвэрлэв. Учир нь хохирогч Г.Б ын гаргаж өгсөн баримтаас Цэргийн төв эмнэлгийн №53127.... дугаартай баримт нь хэрэгт авагдсан хохирогчийн өвчний түүх /хх71-72/ “төлөх боломжгүй” гэх тэмдэглэл хийсэн байх бөгөөд уг төлбөрийг төлсөн эсэх нь тодорхойгүй байх тул 237.450 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд 2 /хоёр/ сарын хугацаанд оршин суух хаяг болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоот хаягаас ажил болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Жуулчны гудамж ....... ХХК-ны хооронд зорчихоос бусад зорчих эрхийг хязгаарлаж хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 тус тус зааснаар шүүгдэгч Д.Маас 283.687 /хоёр зуун наян гурван мянга зургаан зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо .. дугаар гудамж ... тоотод оршин суух Г.Б  /РД: /-д олгуулж, нэхэмжлэлээс 237.450 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН