| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2020/00497/И |
| Дугаар | 184/ШШ2020/00873 |
| Огноо | 2020-03-19 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2020/00873
2020 03 19 184/ШШ2020/00873
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот.... тоот хаягт оршин суух, Т- овогт Б-ын Д- /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт байрлах, Б- овогт Л-ын З- /РД:-/-д холбогдох,
3,792,192 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-, хариуцагч Л.З-, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ш-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Д- нь - тоот хаягт байрлах, өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг зар тавьж 2014 оны 03 сараас Л.З-д сарын 600,000 төгрөгөөр, 2 жилийн хугацаатай түрээсэлсэн. Сар бүрийн төлөлт дутуу хийдэг учир байнга утсаар холбогдож, Л.З-гаас нэхдэг байсан. Б.Д- нь өөрөө гадагшаа дотогшоо явдаг ажилтай байсан учраас өөрийн төрсөн дүү болох Б.Д-дорж болон түүний эхнэр Д.Э-эд түрээсийн төлбөрийг Л.З-гаас авч байхыг гуйснаар түрээслэгчтэй Д.Э- харилцаж байсан. Тухайн үед Л.З- нь сар бүрийн түрээсийн төлбөрийг дутуу төлж байгаад 2016 оны 02 сарын 22-ны өдөр очиход нүүсэн байсан. Нүүх үедээ 2015 оны 6 сараас байрны хэрэглээний төлбөр болон СӨХ-ны төлбөр төлөлгүй явсан байсныг Б.Д- өөрөө төлсөн. Ингээд дутуу төлөгдсөн түрээсийн төлбөр 3,210,000 төгрөг, цахилгаан эрчим хүч, усны төлбөр 220,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 362,192 төгрөг, нийт 3,792,192 төгрөг төлөлгүй явсан. Иймд хариуцагч Л.З-гаас 3,792,192 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв. Хариуцагч Л.З- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Б.Д-гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Л.З- би анх 2014 оны 3 сард Д.Э- гэдэг эмэгтэйтэй утсаар холбогдож уулзаад - тоотод байрлах 2 өрөө орон сууцыг түрээслэн суухаар амаар тохиролцсон бөгөөд бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Ингэхдээ ус, дулаан, тогны мөнгийг хөлслөгч би төлөх, СӨХ-ны мөнгийг хөлслүүлэгч өөрөө хариуцахаар тохирсон. Ингээд түрээсийн төлбөрийг Д.Э- гэдэг хүний Голомт банкны дансанд тогтмол шилжүүлж байсан. Нэхэмжлэгч Б.Д- гэдэг хүнийг би огт танихгүй, уулзаж байгаагүй, түүнтэй гэрээ хийгээгүй. Гэрээ байгуулаагүй учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Энэ нь хэргийн материалд авагдсан Д.Э-ийн Голомт банкны дансны хуулгаар нотлогдоно. Би 2014 онд “Цэцгийн долоон од” ХХК-д 1 сарын 400,000-450,000 төгрөгийн цалин авч ажиллаж байсан. Д.Э-тэй анхнаасаа түрээсийн төлбөрийг сар сард нь цалингаасаа төлж байхаар тохиролцсон ба нэг сарын төлбөрийг 450,000 төгрөгөөр тохирсон. Би авч байгаа цалингаасаа илүү мөнгөөр буюу 600,000 төгрөгөөр байр түрээслэх боломжгүй байсан. Ингээд 2014 оны 03 сараас 2016 оны 01 сар хүртэл 22 сарын хугацаанд нэг сарын 450,000 төгрөгөөр тооцож 9,900,000 төгрөг төлөх ёстойгоос би 9,230,000 төгрөг төлж, одоо 670,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Миний бие Б.Д-тай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулаагүй учир түүнд ямар нэгэн хөлс төлөх үүрэг хүлээхгүй. Тиймээс миний хувьд өөрийн хөлслөн суусан хугацааны төлбөрийг Д.Э-эд төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч нь Б.Д- гэдэг хүнийг танихгүй, түүнтэй уулзаж гэрээ байгуулаагүй. 2014 оны 03 сарын 14-ний өдөр Д.Э-тэй уулзаж амаар гэрээ байгуулан 450,000 төгрөгөөр тохирч 2016 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 9,230,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Нийт 450,000 төгрөгөөр тооцож 22 сараар бодоход 9,900,000 төгрөг болж байна. Үүнээс Л.З-гийн төлсөн мөнгийг хасахад зөрүү 670,000 төгрөг гарч байна. Гэхдээ Б.Д-тай бичгээр гэрээ байгуулаагүй учраас мөнгө төлөх үүрэг үүсэхгүй, мөн Б.Д- нь Л.З-гаас шаардах эрхгүй. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсвэл гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан. Тиймээс хариуцагч Л.З- нь нэхэмжлэгч Б.Д-д 3,792,192 төгрөг төлөх үүрэггүй, хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилээр хуульчилсан. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн 2016 оны 03 сарын 15-ны өдрөөс эхэлж тоолоод хэрэгт авагдсан хариуцагчаар оролцвол этгээдийг эрэн сурвалжлуулах тухай 2019 оны 11 сарын 15-ны өдрийн шийдвэр гарсан хугацаа хүртэл тоолоход 2019 оны 03 сарын 15-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Л.З-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 3,792,192 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргав.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нийт дутуу төлөгдсөн түрээсийн төлбөр 3,210,000 төгрөг, цахилгаан эрчим хүч, усны төлбөр 220,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 362,192 төгрөг, нийт 3,792,192 төгрөг төлөгдөөгүй. Иймд хариуцагч Л.З-гаас 3,792,192 төгрөгийг гаргуулж өгнө үү...” хэмээн тайлбарлав.
Хариуцагч Л.З- нь “…Б.Д-тай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулаагүй учир хөлс төлөх үүрэг хүлээхгүй, Д.Э-эд сарын 450,000 төгрөгөөр тооцож 9,230,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” хэмээн маргав.
Баянзүрх дүүргийн - тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, 52,60 м.кв талбайтай, 3 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.Д- 2012 оны 12 сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-- дугаарт бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ. Хариуцагч нь Б.Д-тай гэрээ байгуулаагүй, Д.Э-тэй харилцан тохиролцож орон сууц хөлсөлсөн гэж тайлбарлах боловч дээрх улсын бүртгэлийн гэрчилгээгээр орон сууцны өмчлөгч нь Б.Д- мөн болох нь тогтоогдсон тул түүнийг тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор шаардлага гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ. /хх-31х/
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т “эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд бичгээр гэрээ хийгдээгүй хэдий боловч хариуцагч Л.З- нь Б.Д-гийн өмчлөлийн орон сууцанд 2014 оны 03 сараас 2016 оны 2 сарыг хүртэл амьдран өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж, улмаар хөлс төлж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул эд хөрөнгө хөлслөх гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” хэмээн заасан бөгөөд хариуцагч эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлсийг Д.Э-ийн дансанд шилжүүлж байсан, Б.Д-тай гэрээ байгуулаагүй гэж маргах боловч хуулийн дээрх зохицуулалтаар орон сууц хөлслүүлэгч Б.Д- нь өөрийн төрсөн дүү болох Б.Д-доржийн эхнэр Д.Э-ийг орон сууцны хөлсийг хүлээн авахыг зөвшөөрсөн буюу хөлслүүлэгч ашиг олсон байх тул Л.З-гаас Д.Э-эд төлсөн төлбөрийг хөлслөгч үүргээ гүйцэтгэсэнд тооцно.
Орон сууцыг хөлслөх үнийг нэхэмжлэгч сард 600,000 төгрөгөөр, хариуцагч сард 450,000 төгрөгөөр тохиролцсон гэж маргах бөгөөд хэрэгт авагдсан Д.Э-ийн Голомт банк дахь дансны хуулгаар Л.З- нь 2014 оны 3 сард 590,000 төгрөг, 5 сард 600,000 төгрөг, 6 сард 600,000 төгрөгийг “...байрны түрээсийн төлбөр, Золоогоос орлого...” гүйлгээний утгатайгаар шилжүүлж байсан байх ба энэхүү эхний 3 сарын төлбөрөөс үзэхэд хариуцагчийн “...сард 450,000 төгрөгийн цалинтай тул үүнээс илүүгээр төлбөр төлөх боломжгүй байсан...” гэх тайлбар няцаагдаж байна. Үүнийг үндэслэн орон сууцны 1 сарын хөлсийг 600,000 төгрөг байхаар тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Хариуцагч тухайн орон сууцанд 22 сар суусан гэж, нэхэмжлэгчээс ирүүлсэн хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан тооцооны хүснэгтээр нийт 19 сарын төлбөрөөс 3,210,000 төгрөг төлөөгүй гэж харилцан адилгүй тайлбарлах бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 19 сараар гэрээний төлбөрийг тооцов. /600,000х19=11,400,000/
Хариуцагч Л.З- нь 9,230,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар мөн талууд хэн аль нь маргаагүй тул нийт 19 сарын төлбөр 11,400,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 9,230,000 төгрөгийг хасч тооцоход 2,170,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч мөн орон сууцны хэрэглээний төлбөрт 220,000 төгрөг, СӨХ-ны төлбөрт 362,192 төгрөг тус тус шаардсан бөгөөд хариуцагчийн тайлбараар орон сууцны ус, тог, дулааны төлбөрийг хөлслөгч төлөхөөр, СӨХ-ны төлбөрийг хөлслүүлэгч төлөхөөр тохирсон талаар тайлбарлах бөгөөд нэхэмжлэгч энэхүү шаардлагын тухайд баримтаар нотлоогүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэх нь зүйтэй болно. Хариуцагч орон сууцны хэрэглээний төлбөрийг нүүхээсээ өмнө төлсөн гэж тайлбарлах боловч энэ талаар бичмэл баримтаар нотлоогүй, 2015 оны 6,7,8,9,10,11,12 дугаар сарууд, 2016 оны 1,2 дугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэх нь нэхэмжлэгчийн 2016 оны 3 сарын 16-ны өдөр төлсөн 212,837 төгрөгийн баримттай үнийн дүнгээр тохирч байх тул талуудын тохиролцоог үндэслэн нэхэмжлэгчээс цахилгааны төлбөрт Төрийн банканд тушаасан 212,837 төгрөгийг Л.З-гаас гаргуулж, харин СӨХ-ны төлбөр гэх 362,192 төгрөгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хариуцагчаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзсан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил”, 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар тус тус хуульчилсан бөгөөд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэхээр 2016 оны 5 сард хариуцагч Л.З-гийн оршин суух “Сүхбаатар дүүргийн - тоот” хаягаар харьяалах шүүхэд нь хандаж байсан, мөн 2019 оны 11 сард хариуцагчийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж байж олсон талаар зохигч хэн аль нь тайлбарлах бөгөөд хариуцагч Сүхбаатар дүүрэгт байрлах албан ёсны хаягтаа оршин суудаггүй боловч одоог хүртэл бүртгэлтэй ба зохих ёсоор хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдээгүй талаар тайлбарладаг. Мөн шүүх иргэний хэрэг үүсгэн Цагдаагийн байгууллагын олж тогтоосон гэх Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны хаягаар хариуцагчид удаа дараа зарлан дуудах хуудас хүргүүлэхэд тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон учраас утсаар дуудах ажиллагаа хийхэд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд амьдардаг талаар мэдүүлсэн байдаг. Дээрх байдлаас үзэхэд хариуцагч оршин суух албан ёсны хаягтаа бүртгэлтэй боловч тухайн хаягтаа амьдардаггүй болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна. Тиймээс энэхүү хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагч Л.З-гаас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2,382,837 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,409,355 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу зохигчдод хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.З-гаас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2,382,837 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,409,355 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53,075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ