Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 168

 

 

 

 

 

 

  2020             2              6                                         2020/ДШМ/168

 

Д.Жд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Д.Жы өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.Жд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Дийн Ж, 1974 оны 12 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Тээвэр удирдлага, зохион байгуулалт мэргэжилтэй, “...” ХНН зорчигчийн вагон депод цэвэрлэгээ, зэхэлтийн цехэд мастер ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Д.Ж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “...” худалдааны төвийн зүүн урд замд 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд “Honda Insight” загварын ...УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байрлуулсан “Тоёота Приус” загварын ...УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, улмаар тээврийн хэрэгслийнхээ дугуйг солих гэж байсан явган зорчигч Б.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Жы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Дийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Д.Жы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Жд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Жы тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, Д.Жы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 2,809,300 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 900,000 төгрөг тус тус төлөгдсөн, хохирогч цаашид гарах эмчилгээ, асаргаа сувилгаа, бусад зайлшгүй гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ж гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би зам тээврийн осол гарган хохирогч Бын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл, гаргасан гэм буруугаа мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад бүрэн хүлээсэн. Үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээж, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Миний бие нөхөр Ганбат 8-24 насны гурван хүүхдийн хамт амьдардаг. Монголын төмөр замын вагон депод цехийн мастераар 30 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа. Анхан шатны шүүх хурлын дараа миний ар гэрийхэн хохирогч Бод хохирлын төлбарт 5,000,000 төгрөг төлж өөрийн санхүүгийн боломж чадал чинээгээрээ хохирол барагдуулсан. Миний анх удаа болгоомжгүйгээр зам тээврийн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлсөн байдлыг харгалзан үзэж, хорих ялыг тэнсэх ялаар өөрчилж өгөхийг хүсье. ...” гэжээ.

Хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарын 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн тайлбарт: “...Хохирогч Б.Б би эмчилгээний зардалд анхан шатны шүүх хуралдаан болоход бүгд 2.809.300 төгрөг авсан байсан. Өнөөдөр нөхөр Ганбатаас нь нэмж 5.000.000 төгрөгийг цаашдын эмчилгээний зардалд нэмж авлаа. Тус мөнгөөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохгүй. Д.Жд одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хувийг байдлыг харгалзан тэнсэхийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Жы ар гэр хохирогч Б.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохиролд 2,809,300 төгрөг 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж, хохирол учирсны үр дагавар хор уршигт 5,000,000 төгрөг нийт 7,809,300 төгрөгийг төлж шүүхийн шийтгэх тогтоолд заасан нөхцөл байдал арилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийг баримтлан, шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг, ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдсэн гэм буруугийн байдал, түүний хавтас хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Д.Жд шүүхээс оногдуулсан хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа гэм хор, хор уршгийг харгалзаж үзсэн. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байдаг. Элэгний няцрал, ходоодны задрал гээд нөхөн сэргээгдэх боломжгүй гэмтэл учирсан. Энэ хор уршиг арилаагүй гэж үзэж шүүгдэгч Д.Жд хорих ял оногдуулсан. Хохирогч болон өмгөөлөгчийн гаргасан тайлбарт тусгайлан гарах санал байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Д.Ж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “...” худалдааны төвийн зүүн урд замд 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 15.30 цагийн орчимд “Honda Insight” загварын ...УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байрлуулан “Тоёота Приус” загварын ...УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйг солих гэж байсан явган зорчигч Б.Быг автомашинаар мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бын “...Данхраад аваад данхраадаж тонгойгоод зогсож байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. ...” гэх /хх 20-21/,

гэрч Ц.Эрдэнэбаатарын “...тухайн үед зам дээр саарал өнгийн машин зогсож байгааг харсан. Тэр машиныг шүргэсэн гэж бодсон. Машинаас буугаад хартал манай машины хойд талд зам дээр нэг хүн хэвтэж байсан. Тэр үед явган зорчигч мөргүүлсэн гэж мэдсэн...” гэх /хх 31/,

гэрч Ш.Лхагвабаярын “...Би унтаж явсан. Нэг мэдэхэд түс тас гээд чимээ гарсан. Машинаас буугаад хартал осол болсон байсан. 1 хүн мөргүүлсэн. Тоёота Приус загварын машин эвдэрсэн харагдсан. ...” гэх /хх 38/,

Шүүгдэгч Д.Жы “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх /хх 77-78/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “...1. Б.Бын биед нарийн гэдэсний чамархай, ходоодны бага махиа хэсгийн задрал, хэвлийн хөндийн цусан хураа, элэгний эдийн няцрал, баруун бөөрний эдийн няцрал, хоёр уушгины ар хэсгийн уушгины няцрал, хоёр талын плеврийн хөндийд шингэн хуралдалт, бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун, зүүн ацетабулын дотор ирмэгээс доош суудал яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун, зүүн талын суудал ясны дээд салааны хугарал, дээд зүүн 5 дугаар шүдний булгарал, дээд баруун 1, 2, дээд зүүн 1, 2 дугаар шүдний сулрал, зүүн тохой, баруун ташаа, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх 9648 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх 47/,

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...1. H.INSIGHT маркийн ...УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д овогтой Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Баасанжаргал овогтой Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэх техникийн шинжээчийн дүгнэлт /хх 64/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Д.Жыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүний Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчлан тогтоожээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг холбогдсон шүүгдэгч Д.Жы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал болон хохирогч Б.Бод нийт 7.809.300 төгрөгийг төлж, хохирлыг барагдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр хуульд зааснаар тэнсэж, энэ талаар гаргасан шүүгдэгч Д.Ж болон түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Б.Бын “Д.Жд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэхийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасныг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тодорхой үүргийг хүлээлгэж болохоор хуульчилсан бөгөөд хохирогч Б.Бын хувьд гэмт хэргийн улмаас амь насанд аюултай хүнд гэмтлийг авсан, цаашид эмчилгээний зохих зардлууд гарах зэргийг харгалзан шүүгдэгч Д.Жд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авч байх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Дийн Жы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, түүнийг хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Жд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Жд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Шүүгдэгч Дийн Ж/РД:.../ энэ хэрэгт 35 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                  Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                  Ц. ОЧ