| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2025/0189/3 |
| Дугаар | 221/МА2025/0699 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2025/0699
Э.Эы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Нэхэмжлэгч: Э.Э
Хариуцагч: Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/** дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 663 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б /цахимаар/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Ө.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 128/2025/****
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Э нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/** дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 663 дугаар шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Эаас гаргасан “Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/** дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/** тушаалыг үйлдээгүй, тус тушаалын талаар мэдэхгүй тухай
3.1.1 Тус маргаан бүхий акт нь хариуцагч байгууллагын Дотоод хяналтын хэлтсийн даргын зөрчил шалгасан тухай тэмдэглэл, тус тэмдэглэл дээр үндэслэн хуралдсан 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Ёс үйн дэд хорооны дүгнэлт, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримтууд дээр үндэслэн гарсан бөгөөд дээрх гурван баримт бичигт Э.Эыг Б/** дугаар тушаалыг хуурамчаар үйлдсэн гэх нэг л үндэслэлийн талаар хэлэлцэж, шийдвэр гаргасан болох нь харагддаг. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр дурдсан этгээдүүдийн өгсөн тайлбар болох дуу хураагуурт бичигдсэн ярианд үзлэг хийхэд нэхэмжлэгчийг тус Б/** дугаар тушаалыг үйлдэж байхыг харсан, үзсэн талаар тайлбар гаргасан хүн байхгүй бөгөөд зөвхөн П.А нь энэ талаар тайлбарласан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Э нь шүүхэд гэрчээр мэдүүлсэн бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын шаардлагыг биелүүлэхийн тулд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б/** дугаар тушаалыг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин нэхэмжлэгчийн хувьд тухайн тушаалын талаар маргаан бүхий актыг гаргаж, өөрийг нь ажлаас чөлөөлөх үед мэдсэн бөгөөд түүнийг хуурамчаар үйлдэхэд оролцсон зүйл огт байхгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийг тус тушаалыг үйлдсэн талаар нотлоогүй билээ.
3.2. Нэхэмжлэгчид Нийслэл дэх Төрийн аудитын газрын шаардлагыг мэдээгүй бөгөөд түүнийг нэхэмжлэгчид танилцуулсан талаарх баримт байхгүй тухай
3.2.1 Г.Э, С.У нар нь урамшуулал олгох үеийн байдлаар болон түүнээс хойших хугацаанд сахилгын шийтгэл хүлээсэн зүйл огт байхгүй. Учир нь шийтгэл ногдуулах тухай Б/** дугаар тушаалыг хуурамчаар үйлдсэн, түүнийгээ нэхэмжлэгчид мэдэгдээгүй тул Г.Э, С.У нарыг сахилгын зөрчилтэй байсныг мэдсээр байж тэдэнд урамшуулал олгосон мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Нийслэл дэх Төрийн аудитын газраас “нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооц” гэх агуулга бүхий 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг нэхэмжлэгч мэдээгүй бөгөөд нэхэмжлэгчид тус албан шаардлагыг мэдэгдсэн, түүнд тус албан шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгаж, түүнийгээ нэхэмжлэгчид мэдэгдсэн талаарх баримт байдаггүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад “энэ албан шаардлагын талаар хурал хийсэн, нэхэмжлэгч мэдэж байсан” гэх тайлбарыг гаргадаг боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэлээ нотолж чадаагүй. Мөн тус газрын дарга Г.Баярсайхан тус биелэлтийг хянаж батлан гарын үсэг зурсан байдаг. Гэвч тус биелэлтийн төлөвлөгөөг Э.Эд танилцуулсан зүйл огт байдаггүй бөгөөд тухайн биелэлтийг баталсан цаг хугацааг харах юм бол 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр буюу албан шаардлагын хугацаа дуусах өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс ердөө 2 хоногийн өмнө гарсан байгааг харж болно.
3.2.2 С.Уийн өгсөн мэдүүлгээс үзвэл тэрээр аудитын дүгнэлт, Б/** тушаалыг сүүлд мэдсэн талаар хэлсэн байдаг. Гол нь нэхэмжлэгчийн удирдлага дор ажиллаж байсан этгээд тус Б/** тушаалын талаарх үйл баримтын талаар мэдэж байсан нь тус үйл баримтыг нэхэмжлэгч ч мөн адил мэдэж байх ёстой байсан гэх үндэслэл болохгүй бөгөөд Г.Э нь Төрийн аудитаас ирүүлсэн шаардлагыг хүлээн авч улмаар түүний биелэлтийг хангахын тулд Б/** дугаар тушаалыг үйлдэж байгаа тохиолдолд нууцаар үйлдэж буй тушаалыг нэхэмжлэгч мэдэх боломжгүй. Нэгэнт тус албан шаардлагыг танилцуулаагүй, мэдээгүй тохиолдолд түүний дагуу үйлдэгдэж буй баримт бичгийг ч мөн адил хянах боломжгүй тул нэхэмжлэгчид Б/** дугаар тушаалд хяналт тавих, түүнийг илрүүлэх боломж байсан гэх дүгнэлт нь өрөөсгөл юм. Нэхэмжлэгч нь албан шаардлагыг мэдсэн байлаа ч түүнээс нууцаар тушаал үйлдэж байгаа тохиолдолд илрүүлэх боломжгүй юм.
3.3. Нийслэл дэх Төрийн аудитын газраас ирүүлсэн шаардлагыг хангаж, түүнд хариу хүргүүлэх үүрэгтэй этгээд нь нэхэмжлэгч биш болох тухай
3.3.1 Нэхэмжлэгч тус албан шаардлагын биелэлтийг хангах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийг шүүхээс зааж, түүнийг буруутгасан байдаг. Гэвч нэхэмжлэгч нь түүний биелэлтийг хангах эрх бүхий этгээд биш бөгөөд Аудитын газрын дээрх албан шаардлагын шаардах хэсгийн 1 дэх заалтад “шийтгэл ногдуулж, биелэлтийг ... аудитын газар ирүүлэхийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханд даалгав” гэсэн байх бөгөөд тухайн албан шаардлагын биелэлтийг хариуцах этгээд нь нэхэмжлэгч биш гэдэг нь харагдаж байна. Тухайн аудитын байгууллагатай харилцах системд Г.Э нэвтрэх эрхтэй, түүнд системийн нууц үг, нэвтрэх нэр хадгалагддаг талаар тэрээр мэдүүлсэн нь хэрэгт авагдсан. Үүнээс гадна Г.Эгын өгсөн мэдүүлэгт “... байгууллагын хэмжээнд дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах, хяналт тавих, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж тайлагнах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж ажиллаагүй байна ...” гэх дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй байна.
3.4. Шүүхээс маргаан бүхий актын үндэслэлийг өргөжүүлэн, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан агуулгаар тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тухай
3.4.1 Хурлын тэмдэглэл, дүгнэлт зэргийн агуулгаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчил гаргасан үйлдлийн хувьд Б/** тушаалыг хуурамчаар үйлдсэн байна гэх асуудлыг л хэлэлцэж, энэ үндэслэлээр хянан шалгасан болох нь тодорхой харагдана. Төрийн аудитаас гаргасан албан шаардлагыг нэхэмжлэгч мэдэх үүрэгтэй байсан, түүнд хяналт тавьж биелэлтийг хангах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнийг буруутгаж байгаагүй юм. Нэхэмжлэгчийг Төрийн аудитын албан шаардлагын биелэлтийг хангах үүрэгтэй байсан гэж ажлаас халаагүй билээ. Маргаан бүхий актад тусгасан үндэслэлүүд нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/** тушаалыг хуурамчаар үйлдсэн гэх үйлдэлтэй холбоотой үндэслэлүүд биш. Гэвч шүүхээс Б/** дугаар тушаалыг хуурамчаар үйлдсэн гэх нэг зөрчил үйлдсэн мэтээр дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийг тушаал хуурамчаар үйлдсэн гэх нэг л үйл баримтад тулгуурлан гарсан гэдэг нь түүний үндэслэл болсон хурлын тэмдэглэл, дүгнэлт зэргээс тодорхой харагдсаар байхад тус үндэслэл дээр өөрийн санаачилгаар үндэслэл нэмэн хэргийг шийдвэрлэлээ. Угтаа бол нэхэмжлэгчийг буруутгаж буй Б/** дугаар тушаалыг хуурамчаар үйлдсэн гэх зөрчлийг нэхэмжлэгч үйлдээгүй болох нь тогтоогдоогүй тохиолдолд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх учиртай.
3.5. Нэхэмжлэгчийг байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзсэн ч түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй тухай
3.5.1 Шүүхийн шийдвэрийн 15 дугаар талын 27 дахь хэсэгт “... Э.Э нь ... Б/** дугаартай ... хуурамч тушаалыг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна гэж үзлээ” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийг тушаал хуурамчаар үйлдээгүй гэдгийг тогтоосон. Гэсэн атлаа шийдвэрийнхээ 22 дахь хэсэгт “... байгууллагаас гарч буй тушаал, шийдвэрүүдийн төсөлд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, сахилгын зөрчилтэй албан хаагчдад давуу байдал олгож, төрд мөнгөн хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн” гэх зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэлт хийгээд зогсохгүй, тус зөрчилд Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох төрийн албанаас халах шийтгэл ногдуулах нь үндэслэлтэй гэж үзсэнд гомдолтой байна.
3.5.2 Хэдийгээр нэхэмжлэгч нь дээрх зөрчлийг гаргаагүй гэдгийг боломжит бүхий л арга хэрэгслээр нотолсон боловч шүүхээс тус тайлбар, үндэслэлийг хүлээж аваагүй. Хэрэв нэхэмжлэгч нь байгууллагаас гарч буй тушаал, шийдвэрт хяналт тавих үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон гэж үзэхэд тус зөрчилд төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэлгүй. Шүүхээс нэхэмжлэгчийг өөрийн мэдээгүй албан шаардлагынхаа биелэлтийг хангах, түүнд хяналт тавих үүрэгтэй байсан гэж буруутгаж, тус үйлдэлд нь төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах нь зөрчлийн шинж байдалд яагаад хамгийн хүнд шийтгэл ногдуулсан нь зөв талаараа дүгнэлт огт хийгээгүй байна. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргаж буй гомдлын энэхүү үндэслэл нь нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал огт биш бөгөөд шүүх хэрэв зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн тохиолдолд түүнд ногдох хариуцлагын хэлбэрийг үндэслэлтэй дүгнэх ёстой агуулгаар тайлбарлаж буй үндэслэл юм.
3.6. Нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан бодит шалтгаан, үндэслэлийн тухай
3.6.1 Хэдийгээр маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/** дугаар тушаалд хэд хэдэн үндэслэлийг зааж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байдаг ч түүнийг ажлаас халсан бодит шалтгаан үндэслэл нь өөр юм. Тодруулбал хариуцагч байгууллагын дарга Б.Одбаяр нь нэхэмжлэгчийг ажлаас халахаас өмнө “өргөдлөө өгөх юу болсон бэ, сурах эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар өргөдлөө өгөөд гар, 8 жил болсон хангалттай биз дээ” гэх зэргээр нэхэмжлэгчийн вайбэр хаяг руу бичиж ажлаас хууль бусаар чөлөөлөхөөр оролдож байсан бөгөөд нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхаж, түүнийг халах үндэслэл байхгүй байсан учраас өөрийнх нь хүсэлтээр ажлаас гаргахаар хууль бус үйлдэл хийж байсан билээ. Нэхэмжлэгчийн хувьд вайбэр зурвасыг шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгч байсан бөгөөд тус үйл баримтын талаар нэхэмжлэлдээ тодорхой тусгасан. Харин хариуцагчийн зүгээс дээрх үйл баримттай холбоотой татгалзсан, түүнийг эс зөвшөөрсөн тайлбар шүүхэд өгч ирүүлж байгаагүй нь тус үйл явдал болсон гэдгийг хүлээн зөвшөөрсний илрэл юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус зурвас үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хангаагүй боловч шүүгчийн зүгээс хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтаар үнэлэх эсэхээ өөрөө шийдвэрлэнэ гэж тайлбарлаж байсан. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангах агуулгаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэлгүй, Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Э.Эаас Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/** дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Маргаан бүхий Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Эыг “... байгууллагаас гарч буй тушаал, шийдвэрүүдийн төсөлд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, тайлагнах, төсвийн шууд захирагчийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, төрийн албаны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлэх замаар төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдох бичиг баримт үйлдсэн, ашигласан, устгасан, мөн сахилгын зөрчилтэй албан хаагчдад давуу байдал олгож, төрд мөнгөн хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн, хууль бус үйлдлээ санаатайгаар нуун дарагдуулсан ...” гэх үндэслэлүүдээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна.
2.3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Э.Э нь албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 2-т “Байгууллагын хэмжээнд дээд газрын тогтоолын шийдвэрийн биелэлтийг хангах, хяналт тавих, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж тайлагнах” гэж, 2 дугаар зорилтын 1-д “Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллах” үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж ажиллаагүй байна ... хариуцагчаас нэхэмжлэгч Э.Эыг “байгууллагаас гарч буй тушаал шийдвэрүүдийн төсөлд хяналт тавих, архив албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, сахилгын зөрчилтэй албан хаагчдад давуу байдал олгож, төрд мөнгөн хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн” зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй ...” гэж тус тус дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2.4. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж тус тус заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д /захиргааны үйл ажиллагаа нь/ “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”-ыг; мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоохыг заасан бөгөөд хариуцагчийн зүгээс маргаан бүхий тушаалын үндэслэл, бодит нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон байдлыг баримтаар нотлох үүрэгтэй.
2.5. Нэхэмжлэгч Э.Э нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан “... хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагын санхүү, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, дотоод ажлыг удирдан зохион байгуулах, мэргэшил арга зүйгээр хангах, олон нийтэд мэдээлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцах, Төрийн албаны тухай хууль болон салбарын холбогдох хууль тогтоомж, тогтоолын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, тайлагнах, Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хэрэгжилтийг хангуулах, тайлагнах, Байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, тайлагнах, Хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлж, нэгжийн үйл ажиллагааг хурдан зохион байгуулах, хяналт тавих” зэрэг чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байхаар тусгасан.
2.6. Гэтэл маргаан бүхий Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2025 оны Б/** дугаар тушаалаар “... байгууллагаас гарч буй тушаал, шийдвэрүүдийн төсөлд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, тайлагнах, төсвийн шууд захирагчийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, төрийн албаны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулахдаа нэхэмжлэгчийн “... санхүүгийн үйл ажиллагаанд орсон аудитын тайлантай танилцаагүй ... тушаал, шийдвэрт гарын үсэг зурдаггүй ...” гэх зэрэг тайлбаруудыг нь харгалзан үзэлгүйгээр шууд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь учир дутагдалтай болжээ.
2.7. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;” тохиолдолд төрийн албан хаагчийг төрийн албанаас халахаар заасан. Уг хуулийн удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хоёр буюу түүнээс дээш хангалтгүй биелүүлсэн нь зохих ёсоор нотлогдож, тогтоогдсон байхыг шаарддаг.
2.8. Тухайн нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийг “байгууллагаас гарч буй тушаал шийдвэрүүдийн төсөлд хяналт тавих, ...санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, сахилгын зөрчилтэй албан хаагчдад давуу байдал олгож,” зэрэг үйлдлийг шүүх зөвтгөхгүй хэдий ч хариуцагчаас энэхүү зөрчилд буюу нэг удаагийн байгууллагаас гарч буй тушаал шийдвэрт хяналт тавих үүргээ биелүүлээгүй үйлдэлд нь “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, гаргасан зөрчилд нь сахилгын арга хэмжээ тохироогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч нь байгууллагаас гарч буй тушаал шийдвэрт хяналт тавих үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон гэж үзсэн байсан ч тус зөрчилд нь төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй ...” гэх гомдол үндэслэлтэй байна.
2.9. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгчийн дээрх үйлдэлд нь шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзах байтал ийнхүү ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн энэ заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэж заасантай нийцэхгүй байна.
Энд хэрэг авагдсан үйл баримтыг дүгнэвэл: Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Э, С.У нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалыг аудитын цахим мэдээллийн нэгдсэн системээр хүргүүлсэн боловч өнгөн хувьд хийлгүйгээр түүний оронд Нийслэлийн Замын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” Б/** дугаар тушаалыг хадгалсан. Дээрх Б/** дугаар тушаалаар Г.Э, С.У нарт сахилгын шийтгэл ногдуулсан боловч Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Урамшуулал олгох тухай” А/45 дугаар тушаалын төсөлд санал авах хуудсанд нэхэмжлэгчийг “саналгүй” гэж гарын үсэг зурсныг үндэслэн буруутгасан байна.
2.10. Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Э, С.У, П.А нарыг гэрчээр асуухад Нийслэлийн Замын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Э, С.У нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалыг Г.Э үйлдсэн, мөн “удирдлагын зүгээс ээлжийн амралтгүй ажиллаж байсан учир улирлын урамшууллыг Г.Эд олгох нь зүйтэй гэж амаар тохиролцсон” гэж Г.Э нь өөрөө болон С.У нар мэдүүлдэг бол, харин П.А нь “Э.Э шууд үүрэг өгөөд хажууд зогсож байсан” гэх зэргээр зөрүүтэй мэдүүлснээс үзвэл нэхэмжлэгч Э.Эыг дээрх тушаалыг хуурамчаар үйлдсэн гэж шууд буруутгах боломжгүй төдийгүй төрийн албаны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль бус үйлдлээ санаатайгаар нуун дарагдуулсан гэх үйлдлүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн тухайн этгээдүүдэд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, шийдвэрийг хадгалах үүрэг нэхэмжлэгчид үүсэхгүй төдийгүй дээрх үйлдлүүдийг ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад этгээдүүд хариуцан ажилладаг байхад тэдний үйл ажиллагаанд хяналт тавиагүй гэдгээр зөвхөн нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан нь ойлгомжгүй.
2.11. Хавтаст хэрэгт хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Одбаяр болон нэхэмжлэгч Э.Э нарын хоорондын харилцсан зурвас авагдсан байх бөгөөд Б.О нь “... сурах, эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар өргөдлөө өг ... зүгээр л өргөдлөө өгчих” гэж удаа дараа түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас гарахыг шаардаж байсан болох нь харагдаж байх ба энэ нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгааг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна.
2.12. Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”, 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах”, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
2.13. Харин нэхэмжлэгчийн дурдагдсан зөрчилд захиргааны байгууллага хууль, журамд заасны дагуу тохирсон арга хэмжээ авах эрхэд энэхүү магадлал саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 663 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 123 дугаар зүйлийн 123.3, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Эы Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/** дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Э.Эыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА