Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Батхишиг

хохирогч Л.Сергей, түүний өмгөөлөгч Х.Даваахүү /№ 0158/,

шүүгдэгч Б.Даваадорж, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /№ 0690/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Болор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөр-Очир овогт Борхүүгийн Даваадоржид холбогдох 201324001002 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3 ах эгчийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-эхийн 10-1947 тоотод оршин суух хаягтай /одоо Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо аргалантын 237 тоотод амьдардаг/, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Төмөр-Очир овогт Борхүүгийн Даваадорж /РД-ЧС85021911/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Б.Даваадорж нь 2013 оны 9 дүгээр сарын 19-нөөс 2013 оны 9 дүгээр сарын 20-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Дэнжийн мянгын цагаан байрны зүүн талын замд Хьюндай Аванте маркийн 42-92 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа явган зорчигч Л.Сергейг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулж осол гаргаад, осол гарсан газрыг санаатай орхиж явсан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлээгүй байх, орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Даваадорж мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Сергей мэдүүлэхдээ: 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би хичээлээ тарчихаад Их дэлгүүрийн хажууд байх 24 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байгаад гэр рүүгээ харих болоод сургуулиар дайрсан. Намайг сургуулиас гарахад 23 цаг 47 минут болж байсан. Би Баянбүрдээс ангийнхаа хүүхдээс салаад явсан. Би мөнгөгүй болохоор гэр рүүгээ алхаж явж байсан. Би өөрийнхөө мөргүүлсэн цэгийг санаж байгаа. Би мөргүүлсэн гэдгээ мэдээгүй дөнгөж ухаан ороод байж байхад байцаагч Чинзориг ирээд ийм зүйл болсон гэж надад хэлээд тухайн өдөр юу болсон талаар надаас асуусан. Би ухаан орохдоо юу болсон талаар юу ч мэдэхгүй байсан. Би юу ч мэдэхгүй, санахгүй байна гэж хэлсэн. Үүний дараа 1-2 удаа уулзаад шүүх хурал болсон. Би явган хүний замаар алхаж байсан. Машины шарвах дуу сонсогдож, эргэж харах гэж байснаа л санаж байна. Мөн эмнэлэгт сэрснээ л санаж байна. Би өөр зүйл санахгүй байна. Би цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байна гэв.

 

Хохирогч Л.Сергейн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр өдрийн талаар юу ч мэдэхгүй байна. Санах гэж зөндөө үзсэн ...Би Баянбүрдээсээ 7-н буудал чиглэлтэй замын хажуу талаар алхаад явган хүний замаар явж байсан. Би Даваадоржид гомдол байхгүй харин үлдэгдэл 600.000 төгрөгөө гаргуулаад авчихмаар байна. Би Даваадоржид гомдол гаргаагүй гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 9-10х, 223х, 2хх-ийн 54х/

 

Гэрч М.Мөнхшүрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2013 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20 шилжих шөнө жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед гэмтлийн эмнэлгээс дуудлага ирсэний дагуу очиж үзэхэд тархи гавлын тасагт хэвтэж байхаар нь уулзахад ухаангүй, мэдүүлэг өгөх чадваргүй байхаар нь хувцсанд нь үзлэг хийсэн. Тэгэхэд оюутны үнэмлэх гарч ирсэн. Тэрний дагуу гэрийн хаягийг нь шалгаад цагдаагаар гэрийн хаяг руу нь очиж үзүүлэхэд ээж нь байсан. Тэгээд ар гэрт нь мэдэгдсэн. Ингээд эмчээс асуухад эрүүл, одоогоор ухаангүй гэхээр гэмтлийн цагдаагаас асуухад 103-р ирсэн. Тэгсэнээ гэмтлийн цагдаа хүчит шонхорын орчим нэг жолооч хүн мөргөсөн, хохирогчоо хайгаад байгаа. Тэрийг анхаараарай гэхээр Замын цагдаа руу залгаж ярихад наад хүнтэй холбоотой жолоочтой үзлэг хийж байна. Чи наанаа хойшлуулашгүй ажиллагаа хийж бай гэсэн. Тэгээд материалаа шилжүүлсэн. Би гэмтэлд хүлээж байхад Сергейн найз нь гээд нүдний шилтэй залуу байсан. Тэр залууд удахгүй замын цагдаа ирнэ. Сергей машинд мөргүүлсэн юм шиг байна. Ар гэрийнхэнг ирж Замын цагдаа нартай уулзаарай гэж хэлээд явсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 12х/

 

Гэрч Г.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2013 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-ны шилжих шөнө замын цагдаагийн газар мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байхад шөнийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн шөнийн эргүүлийн байцаагч 15 аар гарч байсан ахлахдэслэгч Содномбаяр надруу залгаад дэнжийн мянгын цагаан байрны орчим хүн мөргөсөн. Тэгээд хүнээ олоогүй айж сандраад ирлээ гэсэн нэг залуу байна. Энийг яах бэ гэхээр нь надруу явуулчих машин нь хаана байгаа юм гэж асуутал гадаа байна гэсэн. Тэгэхээр нь явуулчих гэсэн тэгээд хэсэг минутын дараа бичиг баримтаа бариад Даваадорж гэсэн залуу ирсэн. Тэгэхээр нь дэнжийн мянгад зам тээврийн осолын эзэнгүй хэрэг гарсан талаар тодруулж асуухад дуудлага байхгүй байсан. Тэгэхээр нь жолоочийг нь хүлээж бай осол хийсэн талаараа бичээд сууж бай гээд хүлээлгэсэн. Тэгтэл үүрийн 07 цагийн орчим гэмтлийн эмнэлэгээс дуудлага ирсэн. Тэгээд үзсэн чинь нөгөө хохирогч мөн юм шиг байхаар нь үзлэг хийлгүүлээд 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн рапортанд оруулсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 13х/

 

Гэрч М.Содномбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2013 оны 9 дүгээр сарын 19-нөөс 9 дүгээр сарын 20-д шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 00 цагийн орчим Даваадорж гэгч залуу орж ирээд би хүн мөргөчихлөө тэгээд хайгаад олдохгүй болохоор шууд хүрээд ирлээ гэсний дагуу АТ-1 руу залгаж Дэнжийн мянгийн орчим хүн мөргүүлсэн жолооч нь хэргийн газраас зугтаасан талаар дуудлага хүлээн авагч а/ч Баттулгатай холбогдож асуухад шүүгээд дуудлага орж ирээгүй байна. Наад жолоочоо бүртгэж аваад Замын цагдаагийн газарлуу явуулчих гэсний дагуу уг жолоочийг замын цагдаагийн газарлуу явуулсан болно...” гэх мэдүүлэг /1хх-ийн 14х/

 

Гэрч К.Гүлгаймын мөрдөн байцаалтад өгсөн:“...2013 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 06 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо 39 дүгээр сургууль, Хүчит шонхор захын орчим ухаангүй согтуу зодуулсан гэх дуудлага төвөөс утсаар авсан. Тэрний дагуу очиход Дэнжийн мянгын цагаан байрны зүүн талын уулзварын урд талд явган хүний зам дээр нэг залуу хэвтэж байсан хажууд нь хөдөлгөөнт эргүүлийн цагдаа байсан тэгээд юу болсон талаар асуухад зодуулсан юм шиг байна юм ярьж чадахгүй өөрийгөө Сергей гэсэн гэхээр нь үзлэг хийж яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлээд гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Өгөх явцад асуултанд хариулаагүй, ямар нэгэн зовиур хэлээгүй, биеэс нь архины нившэрсэн үнэр үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 15х/

 

Гэрч Г.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:“...2013 оны 9 дүгээр сарын 19-ний орой уулзана гэж ярьж байсан. Тэгсэн шөнө надруу залгаад би хүн мөргөсөн. Нөгөө хүнээ хайгаад олсонгүй. Цагдаагийн байгууллага дээр цуг очъё гээд Урлан бүтээхийн тэндээс авсан. Тэгээд шууд Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасаг орсон. Тэндээс замын цагдаа орох гэсэн чинь Даваа барьж чадахгүй салганаад байна гэхээр нь машинаа үлдээгээд Замын цагдаа руу таксигаар явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 19х/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12431 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэд: 1. С.Сергейн биед баруун талын дух, зулайн тархины эдийн гүн дэх цус хуралт, тархины 2 талын хажуугийн болон 3,4-р ховдол дахь цус харвалт, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархи дарагдал, зүүн дунд чөмөгт ясны дунд 1/3-ийн зөрүүтэй ил хугарал, зүүн ухархайн дотор хана, хажуу хана, гайморын хөндийн хажуу хананы хугарал, эрүүнд няцарсан шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зулайн хуйх, дух, зүүн дээд зовхи, баруун шилбэнд зулгаралт бүхийгэмтэл тогтоогдлоо...ГЗТЖ-ийн 3.1.3, 3.1.20-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 21х/

 

Техникийн шинжээчийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 909 тоот дүгнэлтэд: “...Хьюндай Аванте маркийн 42-92 УНХ улсын дугаартай жолооч Б.Даваадорж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээн: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.

Явган зорчигч С.Сергей нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан "Явган зорчигч нь явган хүний гарц ба гарамаар зам хөндлөн гарна. Явган зорчигч нь явган хүний гарц ба гарам байхгүй бол замын хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй..." гэсэн дүгнэлт /1хх-ийн 91-93х/

 

Техникийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №94 дугаар шинжээчийн дүгнэлтэд: Техникийн шинжээч д/ч Ганзоригийн 2013-12-08-ны өдөр гаргасан №676 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2-р хариултанд Хавтаст хэргийн материалаас үзэхэд хохирогч Сергейгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоосон нотлох баримт байхгүй байна.

2. 2014-02-14-ний өдрийн №909 дугаартай Б.Баатархүү, А.Намжилдорж, Н.Шинэбаатар нарын 1-р хариултанд Хавтаст хэргийн материалаас үзэхэд МУ-ын ЗХД-ийн 2.5./б/ заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.

3.2015-04-03-ны өдрийн №195 дугаартай Р.Мөнхбаяр, Б.Ганзориг, Э.Энхболд Б.Ариунболд, Н.Ганбаатар нарын гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

4.Х.Аванте маркийн 42-92 УНХ улсын дугаартай автомашины жолооч Б.Даваадорж нь МУ-ын ЗХД-ийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн сэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. б/Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх" гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

5.Явган зорчигч С.Сергей нь МУ-ын ЗХД-ийн 3.4. "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх /2хх-ийн 57х /

 

Яллагдагч Б.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: 2013 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-ны шилжих шөнө Эх нялхасаас гараад гэрлүүгээ харих санаатай ганцаараа Хьюндай Аванте маркийн 42-92 УНХ дугаарын автомашин жолоодон Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн цагаан байр өнгөрөөд урдаасаа хойшоо чиглэлтэй 2 дугаар эгнээгээр 50 орчим км/ц цагийн хурдтай явж байтал өөдөөс ирж байсан машин миний өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн тэхээр нь бага зэрэг тоормос гишгээд баруун гар тийш дараад 1 дүгээр эгнээрүү ортол гэнэт ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Тэр хүнийг хараад улам тоормосоо гишгэтэл машины баруун урд хэсгээр мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-38х/

                  

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 39х, 2хх-ийн 113х/ Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1хх-ийн 1х/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-ийн 5х/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 8х/, 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 676 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 25х/, Б.Даваадоржийн тайлбар /1хх-ийн 32х/,  гэрч С.Оюунболд /1хх-ийн 72х/, Б.Мягмардорж /1хх-ийн 74х/, Э.Аззаяа /1хх-ийн 79х/, Б.Энхжаргал /1хх-ийн 80х/, Ж.Мягмаржав /1хх-ийн 230х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шинжлэх ухаан технологийн их сургууль механик, тээврийн сургуулийн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2/58 дугаартай албан бичиг /1хх-ийн 224х/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 236-238х/, хохирогч Л.Сергейд хэргийн мтериал танилцуулсан тухай баримт /1хх-ийн 68х, 245х, 2хх-ийн 25х/, хохиролын баримтууд /1хх-ийн 115-160х/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /1хх-ийн 180х/, хохирогч Л.Сергейг дахин байцаасан тэмдэглэл, хүсэлт /1хх-ийн 242-243х, 2хх-ийн 54х/, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал, Эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /1хх-ийн 247-248х, 2хх-ийн 26х, 2хх-ийн 34-35х, 66х, 69х/, Тээврийн прокурорын газрын материал хүргүүлэх тухай албан бичиг /2хх-ийн 1х/, хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх тухай прокурорын тогтоол /2хх-ийн 2х/, хохирогчийн бичгээр гаргасан гомдол /2хх-ийн 45х/ зэрэг болно.

                  

Шүүгдэгч Б.Даваадорж нь 2013 оны 9 дүгээр сарын 19-нөөс 2013 оны 9 дүгээр сарын 20-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Дэнжийн мянгын” цагаан байрны зүүн талын замд “Хьюндай Аванте” маркийн 42-92 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа явган зорчигч Л.Сергейг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулж осол гаргаад, улмаар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлээгүй байх, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /1хх-ийн 36-38х/ өгсөн мэдүүлгүүд, хохирогч Л.Сергейн шүүхийн хэлэцүүлэг болон мөрдөн байцаалтад /1хх-ийн 9-10х, 2хх-ийн 54х/ өгсөн мэдүүлгүүд, гэрч М.Мөнхшүр /1хх-ийн 12х/, Г.Баттулга /1хх-ийн 13х/, М.Содномбаяр /1хх-ийн 14х/, К.Гүлгайм /1хх-ийн 15х/, Г.Оюунгэрэл /1хх-ийн 19х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12431 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлт /хх-ийн 21х/, Техникийн шинжээчийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 909 тоот дүгнэлт /1хх-ийн 91-93х/, 5 бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №94 дүгнэлт /2-р хх-ийн 57х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Б.Даваадорж нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа осол гаргаж, улмаар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5а, 6.3-д заасны дагуу үүргээ биелүүлэлгүй, уг заалтуудыг зөрчиж осол гарсан газрыг санаатай орхин явсныхаа дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн болох нь тогтоогдож байна. Б.Даваадорж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол улсын хууль, дүрэм, журмын дагуу холбогдох сургалтанд сууж, жолоодох болон МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн сорилын шалгалт өгч тэнцэж авсан гэж ойлгоно. Иймд Б.Даваадоржийг осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Л.Сергейн гэм хорын талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “өнөөдрийг хүртэл хийгдсэн эмчилгэний болон бусад гарсан зардалд нийт 15.000.000 төгрөгийг шүүгдэгчээс хүлээн авсан. Харин цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул гаргах зардлаа шүүгдэгчээс гаргуулж авна. ” гэж мэдүүлж байна. Иймд шүүгдэгч Б.Даваадоржийг шүүхийн шийтгэх тогтоол гарах үед бусдад учруулсан гэм хорын хохиролын зардлыг бүрэн төлж барагдуулсан гэж шүүх үзэв. Харин хохирогч Л.Сергейн энэ хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Б.Даваадоржийн 2013 оны 9 дүгээр сарын 19-нөөс 2013 оны 9 дүгээр сарын 20-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсын анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх ба Б.Даваадорж нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэлд маргаж байх тул түүнийг гэм буруугаа хүлээхгүй байна гэж үзэн дээрх өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд хамруулан шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлэв.

 

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйл заалтуудыг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Төмөр-Очир овогт Борхүүгийн Даваадоржийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Б.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Б.Даваадорж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Л.Сергейн энэ хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Даваадоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.БАТГЭРЭЛ