Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00088

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/00771 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 924 дүгээр магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй,

Сүү ХК-д холбогдох,

 

19,529,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. *******аас Сүү ХК-д холбогдуулан нийлүүлсэн сүүний төлбөр 19,529,120 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч ...нэхэмжлэгч нь сүү бэлтгэлийн албанд лаборантаар ажиллаж байсан Т.Сарантуяатай нийлж хуйвалдах замаар манай компанид сүү нийлүүлдэг гэрээт болон гэрээт бус малчдыг хууран мэхлэх, заримтай нь үгсэн хуйвалдаж нийлүүлсэн сүүнийхээ тоо хэмжээг зохиомлоор нэмж тооцуулах, хүлээн авсан сүүний төлбөрөөс илүү төлбөр авсан үйлдэл гаргасан байж болзошгүй гэх нөхцөл байдлыг тогтоолгохоор цагдаагийн газарт хүсэлт гаргасан бөгөөд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн прокурорын тогтоол ирүүлсэн тул эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл энэхүү хэргийг шийдвэрлэх боломжгүй учир ИХШХШТХуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/00771 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч******* ХК-иас 19,529,120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 924 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/00771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитоор үнэлж дүгнэсэнгүй гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч *******ын зүгээс хэрэгт нотлох баримтаар өгсөн Ачуулсан сүүг хүлээн авах тухай акт гэх баримтуудыг нь маргаан бүхий нөхцөлтэй байгаа талаар хариуцагчийн зүгээс хариу тайлбартаа тодорхой дурдсан бөгөөд тухайн шийдвэр гаргах үндэслэл болсон баримтуудыг үйлдсэн******* ХК-ийн ажилтнууд нь хуурамч баримт үйлдэж******* ХК-д нийлүүлээгүй сүүг зохиомлоор нийлүүлсэн мэтээр баримт үйлдэж байсан нь илэрч, энэ нөхцөл байдлыг тогтоолгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгчийн ирүүлсэн нотлох баримтыг хүлээн зөвшөөрсөн мэтээр илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж үнэн зөв нь тодорхойгүй, нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй, хэн хэзээ үйлдсэн нь тодорхойгүй баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс өөрийн эрх хэмжээний хүрээнд шаардлагатай нотлох баримтуудыг өгсөн байхаас гадна төрийн байгууллагаас буюу цагдаагийн 3 дугаар хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шүүхэд хүсэлт өгсөн байдаг. Дурдвал *******ыг 2019.12.27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст 180805075 дугаартай хэрэгт нэмж шалгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.01.16-ны өдрийн 184/Ш32020/01079 тоот захирамжаар цагдаагийн 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргын цохолт бүхий******* ХК-ийн өргөдлийн хувь болон *******ыг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа эсэх баримтыг шүүхийн журмаар гаргуулж авсан. Захирамжийн дагуу Цагдаагийн 3 дугаар хэлтсээс 2020.01.22-ны өдрийн 00277 тоот албан бичгээр Тус хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа******* ХК-д холбогдох хэрэг бүртгэлийн 180805075 дугаартай хэргийг мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Номин-Эрдэнэ харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар 2020.01.09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн болно. гэсэн хариу ирсэн. Цагдаагийн 3 дугаар хэлтсээс ирсэн албан бичигт 180805075 дугаартай хэргийг прокурорт шилжүүлсэн тухай тодорхой тусгасан байсан. Улмаар 180805075 дугаартай хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн тул хариуцагчийн хүсэлтээр анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.02.13-ны өдрийн 184/Ш320220/02389 тоот захирамжаар захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулж, холбогдох баримтыг Улсын мөрдөн байцаах газрын Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн дагуу 2020.02.17-ны өдрийн 12/1-867 тоот албан бичиг улсын мөрдөнгөөс ирсэн бөгөөд тус албан бичгээр 2018.11.05-ны өдрийн 180805075 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, *******ыг 180805075 тоот хэрэгт нэмж шалгуулах тухай******* ХК-ийн гаргасан өргөдлийг хуулбарлан хүргүүлсэн байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэлээр Хариуцагчаас нэхэмжлэгч *******ын сүү нийлүүлэхтэй холбоотой асуудлаар эрүүгийн журмаар хэрэг хянагдаж байгаа учир эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэх нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг тайлбарлаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй галаас үнэлсэнгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 2020.02.17-ны өдрийн 12/1/-867 тоот албан бичигт, *******ад холбогдуулан явуулсан мөрдөн шалгах ажиллагаа хэрэг бүртгэлийн хэрэг байхгүй болно. гэснийг иш татан Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх нөхцөл бүрдээгүй гэж дүгнэн, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэн, нотлох баримтуудыг тал бүрээс нь, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлсэнгүй гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг буюу хэрэг бүртгэлийн явцад хийгдэх мөрдөгчийн бие даан явуулах ажиллагааг хэлнэ. Өөрөөр хэлбэл, манай тохиолдолд Улсын мөрдөн байцаах алба нь хэрэг бүртгэлийн явцад хийгдэх мөрдөгчийн бие даан явуулах ажиллагааг хараахан хийгээгүй боловч хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгоно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж заасныг буюу эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн ойлголтыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ. гэж заасны дагуу гомдол мэдээллийг хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа ажиллагааг хэрэг бүртгэлт буюу эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж ойлгоно.

Хариуцагчийн зүгээс *******ыг 2019.12.27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст 180805075 дугаартай хэрэгт нэмж шалгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтийг цагдаагийн 3 дугаар хэлтэс хүлээн авч, улмаар Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд шилжүүлсэн, Мөрдөн байцаах алба нь өргөдлийг хүлээн авч, өргөдлийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн нь нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгааг нотолж байгаагаас гадна хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж ойлгоно.

Гэтэл Улсын мөрдөн байцаах албан нь хариуцагчийн гаргасан өргөдлийг хүлээн авч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа тухай холбогдох нотлох баримтыг буюу албан бичиг хэрэг бүртгэлийн явцад хийгдэх мөрдөгчийн бие даан явуулах ажиллагааг хараахан хийгээгүй, тухай өргөдлийн хуулбарын хамт шүүхэд ирүүлснийг давж заалдах шатны шүүхийн магадлалд хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдээгүй гэж тайлбарлан, тус албан бичгийг иш татан авч Анхан шатны шүүхээс тус хэрэг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх нөхцөл бүрдээгүй гэсэн үндэслэлийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэн, нотлох баримтуудыг тал бүрээс нь, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлсэнгүй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч ************** ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Сүү ХК-тай байгуулсан гэрээний дагуу өөрийн мөнгөөр малчдаас сүү худалдан авч тус байгууллагад чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан сүү тушаасан бөгөөд 2019.02.18-наас 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тушаасан 1,687 литр сүүний үнэ 19.557,450 төгрөгийг янз бүрийн шалтаг хэлээд өгөхгүй байх тул гэрээний дагуу нийлүүлсэн сүүний үнийг гаргуулж өгнө үү.. гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч ******* нь******* ХК-д 2012 оноос жолоочоор ажиллаж байсан, ...тус компанийн******* бэлтгэлийн албанд лаборантаар ажиллаж байсан Т.Сарантуяатай үгсэн хуйвалдаж, нийлүүлсэн сүүний тоо, хэмжээг зохиомлоор нэмж тооцуулах, компанийн бодитоор хүлээн авсан сүүний төлбөрөөс илүү гарган завшсан үйлдэл гаргасан байж болзошгүй нөхцөл байдал 2018, 2019 оны Аудитын шалгалтын явцад тогтоогдсон тул Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргасан байгаа. ...иймд эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэн дуусах хүртэл энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

7. Зохигчийн хооронд 2019.01.04-ний өдөр******* бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, бэлтгэн нийлүүлэгч ******* гэрээнд заасан чанарын шаардлага хангасан, үнээний цэвэр, шинэ сүүг тогтоосон хугацаанд, тогтоосон хэмжээнээс бууруулахгүйгээр, тасралтгүй нийлүүлэх, захиалагч******* ХК нийлүүлсэн сүүг хүлээн авч, үнийг төлөх үүрэг тус тус хүлээжээ.

 

Гэрээний дагуу ******* нэхэмжлэлд дурдсан хугацаанд нийт 1,687 литр сүү нийлүүлсэн, захиалагч дээрх сүүг шалгаж хүлээж авсан боловч үнийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

 

8. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Гэрээний дагуу худалдагч барааг бэлтгэн нийлүүлсэн, худалдан авагч барааг хүлээн авсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д нийцжээ.

 

9. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй, ....Учир нь******* ХК-ийн ажилтнууд хуурамч баримт үйлдэж,******* ХК-д нийлүүлээгүй сүүг зохиомлоор нийлүүлсэн мэтээр баримт үйлдэж байсан нь илэрч, энэ байдлыг тогтоолгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар холбогдох баримт хэрэгт авагдсан байхад энэ талаар дүгнэлт хийсэнгүй, тухайн баримтыг үнэлсэнгүй гэж үзэж байна. ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8.-д заасны дагуу уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.

 

10.1. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Тухайлбал: хэрэгт ...тус компанийн******* бэлтгэлийн лаборантаар ажиллаж байсан С.Цамбажав, Р.Даваадулам, Ц.Нандинцэцэг, С.Оюун-Эрдэнэ нар хуйвалдаж удаа дараагийн үйлдлээр тус компанид сүү нийлүүлдэг гэрээ болон гэрээт бус малчдыг хууран мэхлэх, заримтай нь үгсэн хуйвалдах замаар тэдний нийлүүлсэн сүүний тоо, хэмжээг зохиомлоор нэмж тооцуулах, мөн сүү нийлүүлээгүй иргэдийн нэр дээр сүүний нийлүүлэлтийг зохиомлоор бий болгох замаар компанийн бодитоор хүлээж авсан сүүний төлбөрөөс илүү төлбөр гаргах авч завшсан байж болзошгүй нөхцөл байдлыг шалгуулах...-аар, мөн ...Ч.Төгсчимэг, Т.Сарантуяа, Ууганцэцэг нарыг нэмж шалуулах...-аар, мөн ...******* нь Т.Сарантуяатай үгсэн хуйвалдсан байж болзошгүй... үндэслэлээр******* ХК-ийн СХД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хандсан гаргасан 2018.10.19, 2018.10.30, 2018.12.27-ны өдрүүдийн 04/1990, 04/2049, 04/2077 тоот өргөдөл, хүсэлт, ...Сүү ХК-ийн нэр бүхий ажилчид мөнгө завшсан байна гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн... тухай СХД-ийн Прокурорын газрын 2019.11.05-ны өдрийн 180805075 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Прокурорын тогтоол, ...Сүү ХК-д холбогдох хэрэг бүртгэлтийн 180805075 дугаартай хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар СХД-ийн Прокурорын газарт шилжүүлсэн... тухай Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс ирүүлсэн 00277 тоот, ...*******ад холбогдуулан явуулсан мөрдөн шалгах ажиллагаа хэрэг бүртгэлтийн хэрэгт байхгүй болно гэсэн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 2020.02.17-ны өдрийн 00520 тоотууд тус тус авагдсан байна. /хх-60, 59, 33, 58 дугаар тал/

 

10.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д Энэ хуулийн ...651.1., 65.1.3.-65.1.8., 65.1.10.-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж, 65.1.8.-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулжээ.

 

Дээрх баримтыг анхан шатны шүүх үнэлээд ...хэрэгт авагдсан баримтаар *******ад холбогдуулан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдохгүй байна... гэж дүгнэсэн, давж заалдах шатны шүүхээс ...анхан шатны шүүх уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх нөхцөл байдал бүрдээгүй, ...мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй... гэж тус тус дүгнэжээ.

 

10.3. Хоёр шатны шүүхийн дээрх дүгнэлт нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул ...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй... гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/00771 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 924 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч******* ХК-иас 2020.05.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД