Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 171

 

Б.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар магадлалтай, 1739001290074 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Д-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ. 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Д-ыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Д гаргасан гомдолдоо “Б.Д миний бие бусдын эд хөрөнгө хулгайлж 367,200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн. Ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд надаас өөр ажил хийдэг хүн байхгүй, хөлсөөр хийж амьдрал ахуйгаа залгуулдаг. Эхнэр Г бие муутай, зүрхний цоорхойтой 90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдаж саажилттай, хэвтрийн байдалтай тул хүний асрамжид байгаа. Охин А одоо 11 сартай, эхээс төрөхдөө дутуу төрж биеийн байдал муу, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй тул эмч нар нарийн шулуун гэдэсний хагалгаанд яаралтай орох шаардлагатайгаас гадна хөхөөрөө биш угжаар хооллодог. Миний ар гэрийн байдал ийм учир би өөрөө л хөдөлж мөнгө олж эхнэр, хүүхдээ асарч халамжилж авч явдаг. Миний ард өрөвдөлтэй хоёр хүн үлдсэн учраас энэ ар гэрийнхээ байдлаар давж заалдах гомдол гаргасан боловч шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй гэж дүгнэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Миний ар гэрийн дээрх нөхцөл байдлыг багийн Засаг дарга, хэргийн хохирогч, багийн маань оршин суугчид ойлгож, учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Би үйлдсэн хэргээ хүлээж зөвшөөрч, гэм буруугаа ойлгож маш их гэмшиж байна. Дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, үнэнч шударгаар амьдарч эхнэр, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж амьдрах тул надад итгэл хүлээлгэхийг хүсч байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, ар гэрийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Арвижих” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан 367,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч Б.Д-од холбогдох хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэхээс өмнө учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Арвижих” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч “Кока кола” ундаа, хиам, тамхи, хүүхдэд зориулсан жимсний шүүс, хүүхдийн живх, гар утас, бэлэн 100,000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Т.О-д 367,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Д-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Харин хэрэг хяналтын журмаар хянан хэлэлцэхээс өмнө шүүгдэгч Б.Д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тухай бичгийг хохирогч Т.О-ын зүгээс шүүхэд ирүүлсэн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал болон хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар урьд нь анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Д-од 1 жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “2 жил 1 сар” гэснийг “1 жил” гэж өөрчлөн, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН