Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 304

 

С.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0215 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0388 дугаар магадлалтай, С.Н-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0215 дугаар шийдвэрээр 1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Насанжаргалыг урьд эрхэлж байсан Зураг, төсөв хяналтын хэлтсийн зураг, төсөв хийцийн инженерийн албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан С.Н-д 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1 601 779 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0388 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0215 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Н-ыг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 3 дахь заалтын дугаарыг 2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Би ажил олгогчийн хууль зөрчсөн шийдвэрийн улмаас төрийн албанаас чөлөөлөгдөж, эрхэлсэн ажилгүй болж, төрсний дараах амралт дууссан, 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилгүй байсан тул шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаанд олговор нэхэмжилсэн юм. Гэтэл үүнийг ажлаас халсан хууль зөрчсөн шийдвэрийн улмаас олгосон ажилгүйдлийн тэтгэмжтэй нэг адил ойлголт мэт авч үзсэнийг ойлгохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 11 болон 69 дүгээр зүйлийг яагаад надад хамаарахгүй гэж үзээд байгаа юм. Миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгал өдийг хүртэл төлөгдөөгүй байна. Тиймээс миний бие нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг жирэмсний амралт авснаас хойш төлөх ёстой гэж үзэж байна. Учир нь би халагдсанаа амаржсаныхаа дараа мэдсэн ба хүндэтгэх шалтгаанаар гэрээс гарах боломжгүй байсан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарласан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасны дагуу жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглох хязгаарлалт, “жирэмсний болон амаржсаны амралт”-тай байсан хугацаанд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, энэ асуудлаар үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалтын дагуу шийдвэрлэнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглох”-оор заасан, хариуцагч “бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан, өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр жирэмсэн байсан С.Н-ыг төрийн албанаас чөлөөлсөн нь хуулийн уг зохицуулалтад нийцээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг анхан шатны шүүх зөв дүгнэж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах, “дүйцэхүйц” албан тушаалд томилохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэсэгчлэн өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд С.Н нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хуулиар тогтоосон жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралттай байсан, уг хугацааг дуусмагц ажилдаа эргэн орж цалин хөлс авах эрх нь ажлаас хууль бусаар халагдсаны улмаас хязгаарлагдсан гэх баримт тогтоогдоогүй, иймээс ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах шаардлагыг хангах, энэ хугацааны цалингаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх боломжгүй. Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулгатай  гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0388 магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ