| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2020/00423/И |
| Дугаар | 184/ШШ2020/00891 |
| Огноо | 2020-03-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2020/00891
2020 03 20 184/ШШ2020/00891
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* 6 гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатарт хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байр хаягт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Чинзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Үүлэнсолонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ******* дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.******* 2019 оны 11 сарын 13-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний талаархи 4/*******578 тоот мэдэгдлийг хүлээн авч танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэл гаргасан ба энэхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2019 оны 11 сарын *******-ны өдрийн тоот шүүгчийн захирамж гарсан юм. Тус захирамжид: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авсанаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж хуульчилсны дагуу нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт гомдол гарган, гомдлыг хангахаас татгалзсан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Г.******* миний бие 2018 оны 03 сарын 12-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 4/4118 тоот мэдэгдэлд заасан үнэлгээнд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг хангахгүй гэсэн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2016 оны 04 сарын *******-ны өдрийн 184/ШШ2018/01033 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарган, 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 1454 тоот магадлалаар үнэлгээ хүчингүй болсон юм.
Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин үнэлгээ гарган шинжээч миний эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гйүцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу 204 701 000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү үнэлгээ нь м.кв-аар бодоход газартайгаа хамтдаа 319 132 төгрөг болж байгаа нь зах зээлийн бодит үнэлгээтэй нийцэхгүй байна. Иймд тус үнэлгээ нь эд хөрөгийг үнэгүйдүүлж мөн шинжээчийн үнэлгээнд байр болон газрыг яаж үнэлсэн тухай тодорхой бус холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд зөрчилтэй гэж үзэхээр байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Г.******* миний өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээг зах зээл дэхь бодит үнэ ханшаас хамаагүй багаар үнэлж миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг маань зөрчиж, намайг ихээхэн хохирол амсах байдалд шууд хүргэж байна.
Миний байшин 7 давхар барилгын даац бүхий суурьтай, 80 м-ийн гүний худагтай, 380 вт-ийн цахилгааны холболттой, халаалт сантехникийн бүрэн шийдэл хийгдсэн, халуун хүйтэн устай тохилог орон сууцнаас ялгагдах зүйлгүй харин ч гадна тохижилт зай талбайгаараа давуу талтай. Миний байшин нь сайн чанарын материалаар баригдсан цутгамал карказтай, одоогийн зах зээлийн бодит үнэлгээгээр материалын орц, хийцийн үнийг хамгийн багаар батлагдсан үнээр тооцож үзэхэд 1м.кв нь 2.130 000 төгрөг, дээр нь газрын үнэ нэмэгдээд 800 000 000 төгрөг болно. Иймээс дээрхи үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын *******-ны өдрийн 1847/ШШ2017/0017 дугаартай шийдвэр /захирамж/-ийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Г.*******ийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* 6-******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201017671 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болоон Г-2201003868 тоот гэрчилгээтэй 0.7 м.кв газрын үнэлгээг хүчингүйд тооцон шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Үүлэнсолонго, Ш. нар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 107 дугаартай захирамжаар Г.*******ээс 75 000 000 төгрөгийг гаргуулж Ашид түвшин ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Г.*******ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017671 дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* 6 дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах 244 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201003868 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн зориулалтын газрын хамт битүүмжилж, хураасан.
Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага, худалдааны анхны үнэлгээг тогтооохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр талагч Г.******* 1 500 000 000 төгрөгийн үнийн санал гарган бичгээр ирүүлж, төлбөр авагч Ашид түвшин ББСБ хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хүсэлт ирүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасныг үндэслэн хөндлөнгийн шинжээчээр Баянмодот ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээг 204 701 000 төгрөгөөр тогтоосон байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худладах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу үнэлгээчний тогтоосон 204 701 000 төгрөгийн 70 хувиар буюу 143 290 700 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй тул мөн хуулийн 177 дугаар зйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 204 701 000 төгрөгийн 50 хувь болох 102 350 500 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон байна.
Төлбөр төлөгч Г.*******т хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 4/*******578 албан бичгээр мэдэгдэж гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баталгаажуулж авсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Г.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж эд хөрөнгийг зах зээлийн бодит үнээс багаар үнэлсэн, шинжээчийн үнэлгээ тодорхой бус гэж,
Хариуцагч татгалзлаа дэмжиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тус тус тайлбар гаргажээ.
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын *******-ны өдрийн 184/ШЗ2017/00107 дугаар шүүгчийн захирамжаар /хх-41-42/ өргөдөл гаргагч Ашидтүвшин ББСБ ХХК нь нэмэгдүүлсэн хүүгээ ******* 000 000 төгрөгөөр багасгаж, тайлбар гаргагч Г.******* нь 75 000 000 төгрөгийг өргөдөл гаргагчид төлж барагдуулахаар харилцсан тохиролцсон талуудын эвлэрлийг баталгаажуулжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ГХ2017/01145 дугаар гүйцэтгэх хуудсыг /хх-40/ үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 17271419 дүгээр тогтоолоор /хх-43/ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх /хх-46, 49, 50, 55, 60/, эд хөрөнгө битүүмжлэх /хх-53-54/, хураах /хх-58-59/, хөрөнгө үнэлэх шинжээч томилох /хх-64/ зэрэг ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгээр зохицуулсан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Г.******* шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан эсэх талаар маргаагүй, хөрөнгийн үнэлгээний Баянмодот ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №2019/АОС/02 дугаар хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаарддаг.
Хөрөнгийн үнэлгээний тайланг /хх-67-75/ шинжлэн судлахад Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авагдаагүй, улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй буюу Баянмодот ХХК ямар үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тогтоогдохгүй байна. Мөн харьцуулах хөрөнгө гэх /хх-73/ СХД-ийн Зүүнсалаанд 700 м.кв газар, 400 м.кв үл хөдлөх хөрөнгийн хамт 160,0 сая төгрөг, СХД-ийн Зүүнсалаанд 500 м.кв газар, 370 м.кв үл хөдлөх хөрөнгийн хамт 185,0 сая төгрөг,-ийн эх сурвалж дурдагдаагүй, барилгын нийт талбайн хэмжээ 409,11 м.кв гэсэн нь Өлзий-Иш ХХК-ийн зураг төсөл дэх талбайн хэмжээ 444.69 мкв гэсэнтэй тохирохгүй байна. Дээрхээс дүгнэхэд хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн хугацаа, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл тусгагдаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч Г.*******ийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* 6 гудамж, ******* тоот хаягт байрлах 240 мкв талбайтай хувийн сууц, Г-2201003868 дугаарт бүртгэлтэй 700 мкв талбай бүхий гэр бүлийн зориулалттай газрыг үнэлсэн Баянмодот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШЗ2020/01219 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР