Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/663

 

 

 

 

 

 

  2023           6            29                                         2023/ШЦТ/663                   

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

Улсын яллагч Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч С.Н  , түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт С гийн Н д холбогдох эрүүгийн 2209024331902 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н   нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн орчимд автобусаар зорчиж байхдаа Ц.А тай хөгшин настай хүнд суудал тавьж өгсөнгүй хэмээн маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд ...шүүгдэгч С.Н нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн орчимд автобусаар зорчиж байхдаа Ц.А тай хөгшин настай хүнд суудал тавьж өгсөнгүй хэмээн маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Ц.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 19 цагийн орчим Хархорин захын урд талын буудпаас Шар хадны чиглэлийн Ч-48 дугаартай автобусны голын эгнээний сандал дээр суугаад унтаад явж байсан. Тэгээд би хаана явж байгаагаа мэдэхгүй, харахад нэг настай эгч тэр эмээд сандлаа өгчих гэж хэлсэн ч тэр эмээ миний сандал дээр суугаад би босох зай байхгүй юм чинь гэж бодоод юм хэлээгүй сандлаасаа босоогүй чихэвчээ зүүсэн. Тэгээд дуу солих хооронд намайг олон хүний дунд хэлж байсан ба үг хэлэх бүртээ миний баруун гарыг цүнхээрээ цохиод байсан. Би тэр эгчид хандаж би мөнгөө төлөөд явж байгаа, энэнд арчаагүй хамаагүй гэж хэлээд чихэвчээ дахиад зүүтэл намайг хэл амаар доромжилсоор байсан. Миний хажууд явж байсан эгч намайг яах юм, хэрэггүй гэж хэлж байсан. Тэр эгч буух гэж байгаа юм шиг хойшоо нэг алхаад миний толгой руу баруун гараараа эхлээд нэг удаа цохиж зодсон. Миний толгой руу цохих үед би босож ирээд та яагаад байгаа юм бэ гэхэд намайг үсдээд доошоо дарж автобусны шалан дээр унагааж, миний зүүн хөлийн гуя руу 2-3 удаа, мөн зүүн хөлийн өвдөгний доод руу 1 удаа өшиглөсөн. С.Н   намайг үсдэж доош нь дарж цохиж зодсоны улмаас миний тархи доргисон. Тэр эгч үсдэх гэж байгаад намайг самардсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12614 дугаартай “...Ц.А гийн биед тархи доргилт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих үйлчлэлээр, 2022.09.12-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/,

 

Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагт Ц.А гийн биед үзлэг хийж гэмтлийн зэргийг тогтоосон. Ц.А гийн биед баруун нүдний ухархай өвдөнө, гар хөл үе үе татна гэсэн зовуурьтай, мэдрэлийн үзлэгт нүдний алимны чичирхийлэлт, хөндлөн босоо чиглэлд илэрсэн, дагзны булчингийн хөшингө хоёр хуруу байсан. Дээрх зовуурь, мэдрэлийн үзлэгийг үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэг тогтоосон. Тархи доргилт гэмтлийг заавал толгой, КТГ шинжилгээгээр тодруулна гэсэн зүйл байхгүй. Мэдрэлийн үзлэгээр тогтоож болно. ... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/,

 

Шүүгдэгч С.Н  гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Миний бие гэм буруугаа хүлээж байгаа байдлыг харгалзаж, мөн хохирогчийн зүй бус харилцаа, үйлдэл байсныг болон анх удаа тохиолдлын журмаар үүссэн нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн  59-60 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч С.Н   нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч С.Н   нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн орчимд автобусаар зорчиж байхдаа Ц.А тай хөгшин настай хүнд суудал тавьж өгсөнгүй хэмээн маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Н  , түүний өмгөөлөгч Н.Болормаа нар нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12614 дугаар дүгнэлтээр хохирогч Ц.А гийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.Н  гийн хохирогч Ц.А гийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Н  г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.А гийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч С.Н  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Н  г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Н  гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 70 дугаар тал/, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 71-73 дугаар тал/, өсвөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-ийн 74-75 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч С.Н  д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  

Шүүхээс шүүгдэгч С.Н  д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х  овогт С гийн Н г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Н  г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

3. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Н  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТСАЙХАН